Skip to content

Гарчиг руу орох

Хуваагдмал ертөнцөд төвийг сахья

Хуваагдмал ертөнцөд төвийг сахья

«Бурханы юмыг Бурханд өг» (МАТ. 22:21).

ДУУ: 33, 137

1. Бурханд болон албан тушаалтнуудад хэрхэн дуулгавартай байх вэ?

«УДИРДАГЧИД ба эрх баригчдад захирагдаж, дуулгавартай бай» гэсэн тушаал Библид бий. Тэгсэн атлаа «Бид хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой» гэж бичсэн байдаг (Үйлс 5:29; Тит 3:1). Энэ хоёр тушаал хоорондоо зөрчилддөг үү? Үгүй. Эдгээр тушаалыг зөв ойлгож, сахихад тус болох зарчмыг Есүс хэлж өгсөн. Тэрээр: «Цезарийн юмыг Цезарьт, Бурханы юмыг Бурханд өг» гэжээ [1] (Мат. 22:21). Төр засгийн хууль тогтоомжийг сахиж, албаны хүмүүсийг хүндэтгэж, татвар хураамжаа төлдөг маань «Цезарийн юмыг Цезарьт» өгч байгаа хэрэг юм (Ром 13:7). Харин Бурхны хуультай зөрчилдсөн зүйл хийхийг эрх мэдэлтнүүд шаардвал бид эвтэйхэн татгалздаг.

2. Улс төрийн үйл хэрэгт оролцдоггүйгээ хэрхэн харуулах вэ?

2 Улс төрийн үйл хэрэгт төвийг сахих байр суурь баримталдаг маань «Бурханы юмыг Бурханд өгч» байна гэсэн үг (Ис. 2:4). Үйл ажиллагаа явуулахыг Ехова засгийн газруудад зөвшөөрсөн учраас бид тэднийг эсэргүүцдэггүй. Бас эх оронч, үндсэрхэг үзлийг дэвэргэдэггүй (Ром 13:1, 2). Өөрсдийнхөө талд ашигтай хууль гаргуулах, сонгуульд саналаа өгөх, улс төрд оролцох, засгийн газрыг халж солих бодол бидэнд өчүүхэн төдий ч байдаггүй.

3. Яагаад төвийг сахих ёстой вэ?

3 Яагаад төвийг сахих ёстой вэ? Библид хэд хэдэн шалтгаан байдаг. Юуны өмнө бид Бурхны Хүү Есүсийг дуурайдаг учраас «ертөнцийнх биш» байж улс төр, дайн тулаанд оролцдоггүй (Иох. 6:15; 17:16). Түүнээс гадна Бурхны Хаанчлалын үнэнч иргэд учраас төвийг сахидаг. Үнэнч биш бол хүн төрөлхтний бэрхшээлийг зөвхөн Бурхны Хаанчлал шийднэ гэсэн сайн мэдээг нүүр бардам тунхаглаж чадна гэж үү? Хуурамч шашин шүтдэг хүмүүс улс төрд хутгалдан оролцож талцан хуваагддаг бол, бид жинхэнэ шашин шүтдэг учраас төвийг сахиж ах дүүгийн барилдлагаа батжуулдаг (1 Петр 2:17).

4. а) Төвийг сахихад улам хэцүү болно гэдгийг хаанаас мэдэж болох вэ? б) Бид яагаад одооноос бэлдэх ёстой вэ?

4 Улс төрийн үйл хэрэгт оролцохыг шаардаад байдаггүй харьцангуй тайван нутагт та амьдардаг байж болох юм. Гэхдээ Сатаны ертөнцийн төгсгөл ойртохын хэрээр төвийг сахихтай холбоотой асуудал улам хөндөгдөнө. Өнөөгийн нийгэм «эвлэршгүй», «бодлогогүй» хүмүүсээр дүүрсэн учир цаашдаа хэт туйлшрах, талцан хуваагдах явдал газар авах нь дамжиггүй (2 Тим. 3:3, 4). Зарим оронд улс төрийн байдал маш хурдан өөрчлөгдсөн. Гэнэтийн энэ өөрчлөлтөд итгэл нэгтнүүд маань хэдийнээ өртжээ. Тиймээс төвийг сахих байр сууриасаа ямар ч үед няцахгүйн тулд бид одооноос бэлдэх хэрэгтэй. Бэлтгэлгүй байвал барьц алдаж байр сууриасаа няцаж мэднэ. Ямар дөрвөн аргаар бэлдэж болохыг энэ өгүүллээр ярилцъя.

ЕХОВА ХҮНИЙ ЗАСАГЛАЛЫГ ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

5. Ехова хүний засаглалын талаар ямар бодолтой байдаг вэ?

5 Төвийг сахих байр сууриасаа няцахгүй байх нэг арга нь улс төрийн талаар Еховагийнхтай адилхан үзэл бодолтой болох юм. Уг нь Ехова хүнийг нэг нэгнээ захирахаар бүтээгээгүй (Иер. 10:23). Хүний засаглал үндсэрхэг үзлийг дэвэргэж, хүмүүсийг хагалан бутаргадаг. Хамгийн шилдэг удирдагч хүртэл бүх бэрхшээлийг арилгах чадваргүй. Бурхны Хаанчлалыг 1914 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас засгийн газрууд дайсагнах болсон. Тун удахгүй Хаанчлал бүх засгийн газрыг устгана (Дуулал 2:2, 7–9-ийг уншина).

6. Удирдагчид, эрх баригчдад бид хэрхэн хандах ёстой вэ?

6 Засгийн газрууд бидний сайн сайхны төлөөх «Бурханы үйлчлэгч» юм. Тэдний ачаар нийгэм тодорхой хэмжээгээр эмх журамтай, тайван амгалан байдаг учраас Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд бидэнд амар байдаг (Ром 13:3, 4). Тэр байтугай Бурхнаа чөлөөтэй шүтэхэд тустай шийдвэр гаргаасай хэмээн бид эрх баригчдын төлөө залбирах ёстой (1 Тим. 2:1, 2). Эрх ашиг маань хөндөгдсөн тохиолдолд элч Паулын адилаар төр засагт хандах нь бий (Үйлс 25:11). Библид бичсэнээр улс төрийн тогтолцооны цаана Бурхны дайсан Сатан байдаг. Гэлээ ч Сатан улс төрч болгоныг шууд удирддаг гэсэн үг биш юм (Лук 4:5, 6). Тиймээс ямар нэг засгийн газрыг Диавол гар хөлөө болгож байдаг гэсэн ойлголтыг бусдад төрүүлж хэрхэвч болохгүй. Бид «удирдагчид ба эрх баригчдын» хэнийг ч муулах ёсгүй (Тит 3:1, 2).

7. Бид ямар бодолтой байж болохгүй вэ?

7 Улс төрч, улс төрийн нам эвсэл бидний ашиг сонирхлыг боддог ч бай, үгүй ч бай, бид Бурхныхаа талд байдаг учраас тэднийг дэмждэггүй. Тийм үед ямар сорилт тулгарч болох вэ? Жишээ нь, ард түмнийг туйлдуулж, Еховагийн Гэрчүүдийг зовоодог харгис дэглэмийг түлхэн унагахын төлөө бослого хөдөлгөөн өрнөлөө гэж бодъё. Та жагсаалд нь оролцохгүй ч босогчдын зөв, зорилго нь биелээсэй гэж бодох уу? (Еф. 2:2). Бид үг яриа, үйл хэргээрээ төдийгүй сэтгэл зүрхэндээ ч төвийг сахих ёстой.

«БОЛГООМЖТОЙ» БӨГӨӨД «ГЭМГҮЙ» БАЙЯ

8. Төвийг сахих байр суурьтай холбоотой асуудал тулгарахад хэрхэн «болгоомжтой» бөгөөд «гэмгүй» байх вэ?

8 Төвийг сахих байр сууриасаа няцахгүй байх хоёр дахь арга бол ямар нэгэн асуудал гарахад «могой шиг хурц ухаантай [буюу «болгоомжтой», ШЕ], тагтаа шиг гэмгүй байх» юм (Матай 10:16, 17-г уншина). Бид аюулыг урьдчилж мэдээд «болгоомжтой» байдаг. Аюул тулгарахад төвийг сахих байр сууриасаа няцдаггүй учраас «гэмгүй» байдаг. Ямар үед болгоомжтой байх ёстой вэ? Байр сууриасаа няцахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

9. Хүмүүстэй ярихдаа яагаад болгоомжтой байх ёстой вэ?

9 Хүмүүстэй ярих. Яриа маань улс төрийн сэдэв рүү орвол болгоомжтой байх ёстой. Жишээлбэл Хаанчлалын тухай мэдээ хүргэхдээ аль нэг намын бодлого, хэн нэг улс төрчийг магтах юм уу шүүмжлэхээс зайлсхийгээрэй. Нийгмийн тулгамдсан асуудлыг улс төрчид яаж шийдэх хэрэгтэйг ярилцахын оронд Бурхны Хаанчлал тэдгээрийг хэрхэн ул мөргүй арилгахыг Библиэс үзүүлээрэй. Хэрэв хүн ижил хүйстний гэрлэлт, үр хөндөлтийн тухай яривал Библид юу гэж байдгийг хэлж өгөөд, амьдралдаа хэрхэн хэрэгжүүлдгээ тайлбарлаарай. Ямар нэг хуулийг батлах, хүчингүй болгох, өөрчлөх тухай яривал бид тэдний талд ордоггүй, бас үзэл бодлоо тулгадаггүй.

10. Мэдээллийн хөтөлбөр үзэхдээ болгоомжтой байх ёстойн учир юу вэ?

10 Мэдээллийн хөтөлбөр үзэх. Заримдаа нэг талыг баримталсан өрөөсгөл мэдээ цацагддаг. Засгийн газрын мэдэлд байдаг мэдээллийн хэрэгсэл ч бий. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага юм уу тоймч, сэтгүүлчид аль нэг талыг дэмжиж ярьдаг бол тэднийхтэй адилхан үзэлтэй болохгүйн тулд болгоомжтой байгаарай. «Миний сонсох дуртай, үзэл бодол нэгтэй улс төрийн тоймч, сэтгүүлч байдаг бил үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Төвийг сахих байр сууриасаа няцахгүйн тулд улс төрийн асуудлаар аль нэг талыг баримталсан мэдээллээс хол байгаарай. Үзэж сонссон зүйлээ Библид байдаг «эрүүл үгсийн жишээтэй» тохирч байгаа эсэхийг үргэлж шалгаарай (2 Тим. 1:13).

11. Эд хөрөнгө маань чухал санагдвал төвийг сахихад яагаад амаргүй болж мэдэх вэ?

11 Эд хөрөнгөнд дурлах. Мөнгө төгрөг, эд хөрөнгөө маш чухал гэж үзвэл төвийг сахихад амаргүй болно. 1970-аад онд Малавид өрнөсөн хавчлагын үеэр Гэрчүүд намд элсэхээс татгалзсаны улмаас эд хөрөнгөнөөсөө хагацахад хүрчээ. Тав тухтай амьдралдаа хоргодсон Гэрчүүд ч байжээ. Рүт гэдэг Гэрч эмэгтэй: «Бидэнтэй хамт дүрвэсэн хүмүүсийн зарим нь яваандаа намд элсэж гэр орноо буцааж авсан. Яагаад гэвэл тэд дүрвэгсдийн хуарангийн тухгүй амьдралыг тэвчихээ больсон» гэж ярьсан юм. Ихэнх итгэл нэгтэн маань эдийн засгийн хямрал, эд хөрөнгөө алдах зэргийн бэрхшээлийг үл тоон төвийг сахих байр сууриасаа няцдаггүй нь сайшаалтай (Евр. 10:34).

12, 13. а) Ехова хүмүүсийн талаар юу гэж боддог вэ? б) Эх орноороо хэтэрхий бахархдаг болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

12 Бардам зан. Хүмүүс үндэс угсаа, гарал үүсэл, ахуй соёл, нутаг усаараа бахархдаг. Гэхдээ бид хэт туйлширвал Еховагийн таалалд нийцэхгүй. Мэдээж Бурхан биднийг ахуй соёлоо уландаа гишгээсэй гэж хүсдэггүй. Хүмүүс олон янз байдаг учраас ахуй соёлоороо ялгаатай. Энэ нь бидний амьдралыг сонирхолтой болгодог. Гэхдээ Бурхны хувьд бүх хүн адилхан гэдгийг байнга санах хэрэгтэй (Ром 10:12).

13 Бид эх орон, үндэс угсаагаараа бардамнан бахархаж өөрсдийгөө бусдаас илүү гэж хэзээ ч үзэх ёсгүй. Хэрэв ингэдэг бол төвийг сахих байр сууриа чанд баримтлахад амаргүй болно. І зуунд ийм явдал тохиолдож байсан. Христийн зарим дагалдагч өөр үндэс гаралтай итгэл нэгтнүүдээ ялгаварлан гадуурхаж байжээ (Үйлс 6:1). Зүрх сэтгэлд маань ийм буруу хандлага байгаа эсэхийг яаж мэдэх вэ? Жишээлбэл өөр үндэстний итгэл нэгтэн тань зөвлөгөө өгчээ. «Манайхан ингэж л хийдэг» гэж бодоод зөвлөгөөг нь тоохгүй байх уу? «Даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үз» гэсэн Библийн зарчмыг хүн бүр дагах учиртай (Флп. 2:3).

ЕХОВАГААС ТУСЛАМЖ АВААРАЙ

14. Залбирал ямар ач тустай вэ? Үүнийг Библийн ямар жишээ баталдаг вэ?

14 Төвийг сахих байр сууриасаа няцахгүй байх гурав дахь арга бол Еховагаас тусламж авах юм. Ариун сүнс гуйн залбирдаг бол тэвчээртэй байж, биеэ барьж сурна. Төр засгийнхан шударга бус хандахад эдгээр чанар тус болно. Бас төвийг сахих байр сууриасаа ямар үед няцаж болзошгүйгээ мэдэхийн тулд мэргэн ухаан гуйгаарай (Иак. 1:5). Еховад үнэнчээсээ болоод шоронд хоригдох зэргээр шийтгүүлж байгаа бол зоригтой байхад туслахыг гуйн залбираарай. Тэгвэл итгэл үнэмшлээ зоригтой хамгаална, ямар ч хавчлагыг тэвчиж чадна (Үйлс 4:27–31-ийг уншина).

15. Төвийг сахихад Библи хэрхэн туслах вэ? («Бурхны Үг тэднийг зоригжуулсан» гэсэн хавсралтыг үзээрэй).

15 Ехова биднийг Библиэр зоригжуулдаг. Сорилт тулгарах үед төвийг сахих байр сууриасаа няцахгүй байхад туслах Библийн зүйлүүдийг эргэцүүлэн бодоорой. Одоо чээжилчихвэл Библи байхгүй үед ч тус болно. Ирээдүйн талаарх Бурхны амлалтад бат итгэхэд Библи бас тустай. Энэ нь сорилт хавчлагыг тэвчихэд маш чухал (Ром 8:25). Та диваажинд ямар ивээл хүртэхийг тэсэн ядан хүлээдэг вэ? Холбоотой Библийн зүйлүүдийг сонгоод тэр бүх ивээлийг хүртэж байгаагаар төсөөлөөрэй.

ҮНЭНЧ ХҮМҮҮСИЙГ ДУУРАЙГААРАЙ

16, 17. Төвийг сахих байр сууриасаа няцахгүй байхад Бурхны үнэнч үйлчлэгчдийн жишээ ямар ач тустай вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

16 Төвийг сахих байр сууриасаа няцахгүй байх дөрөв дэх арга бол Еховагийн үнэнч үйлчлэгчдээс сурах явдал юм. Зоригтой байж, зөв шийдвэр гаргасныхаа ачаар байр сууриасаа няцаагүй олон хүний жишээ Библид байдаг. Тухайлбал Шадрах Мешах Абед-него гурав Вавилоны засгийн газрыг төлөөлдөг хөрөгт мөргөөгүй (Даниел 3:16–18-ыг уншина). Олон Гэрч тэдний жишээг даган эр зоригтой байж туг далбаанд мөргөдөггүй. Есүс тухайн үеийн улс төр, нийгмийн зөрчил мөргөлдөөнд оролцдоггүй байв. Өөрийнх нь үзүүлсэн жишээ дагалдагчдад нь тус болно гэдгийг мэдэж байсан тэрээр: «Зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан» хэмээн хэлсэн билээ (Иох. 16:33).

17 Бурхны орчин үеийн үйлчлэгчид ч төвийг сахих байр сууриа чанд баримталдаг. Зодуулж жанчуулан, шоронд хоригдож, тэр байтугай итгэл үнэмшлийнхээ төлөө амь насаа алдах нь ч бий. Тэдний жишээ танд тусална. Туркт амьдардаг Бариш: «Франц Райтер гэдэг залуу Гитлерийн армид алба хаахаас татгалзсан учир цаазлагдсан. Еховад ямар их итгэж найддаг байсан нь цаазлагдахынхаа өмнөх орой ээждээ бичсэн захидлаас нь харагддаг. Би ийм сорилттой тулгарвал тэр залуугийн жишээг дагана» гэж ярьсан юм.

18, 19. а) Төвийг сахих байр сууриасаа няцахгүй байхад хурлынхан тань хэрхэн туслах вэ? б) Та яахаар шийдсэн бэ?

18 Бас хурлын итгэл нэгтнүүд тус дэм болдог. Хэрэв танд төвийг сахихад саад болж буй асуудал тулгараад байгаа бол ахлагчдад хэлээрэй. Тэд Библид үндэслэсэн зөвлөгөө өгнө. Хурлынхандаа мэдүүлбэл тэд таныг урамшуулан зоригжуулна. Тэднээр өөрийнхөө төлөө залбируулаарай. Бид бас ах дүүдээ тус дэм болж, тэднийхээ төлөө залбирах ёстой (Мат. 7:12). Шоронд хоригдож буй итгэл нэгтнүүдийнхээ нэрсийн жагсаалтыг jw.org сайтаас үзэж болно (NEWSROOM > LEGAL DEVELOPMENTS “Jehovah’s Witnesses Imprisoned for Their Faith—By Location”). Тэдний нэрийг дурдаад зоригтой, үнэнч байхад нь туслахыг гуйн залбираарай (Еф. 6:19, 20).

19 Төгсгөл ойртохын хэрээр засгийн газрууд Еховагийн үйлчлэгчдийг хавчих нь гарцаагүй. Тиймээс хуваагдмал ертөнцөд төвийг сахих байр сууриа чанд баримтлахын тулд одооноос бэлдэцгээе.

^ [1] (1-р догол мөр) Цезарь гэдгээр Есүс төр засгийг хэлжээ. Тухайн үед хамгийн дээд эрх мэдэлтэй захирагч нь Цезарь байсан.