Skip to content

Гарчиг руу орох

Үнэнч байвал Бурхны сайшаалыг хүлээнэ

Үнэнч байвал Бурхны сайшаалыг хүлээнэ

«Итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа» (ЕВР. 6:12).

ДУУ: 3, 54

1, 2. Иефта болон түүний охинд ямар асуудал тулгарсан бэ?

ЗАЛУУ бүсгүй түгших хэрэггүй боллоо. Аав нь дайнаас эсэн мэнд буцаж иржээ. Охин аавыгаа угтахаар гүйн гарав. Дайснаа дарсанд нь бөөн баяр. Харин аав нь охинтойгоо хамт дуулж бүжиглэсэнгүй. Дайны тоосонд дарагдсан хувцсаа урж «Хөөрхий охин минь! Чи надад асар их гуниг авчирлаа» гээд уйлав. Тэгээд охиндоо хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг нь үгүй хийх нэг үг хэллээ. Гэтэл охин нь бодож тээнэгэлзэлгүй аавдаа сайхан хариу өгч, Еховад амласнаа биелүүлэхийг ятгав. Хэчнээн бат итгэлтэйг, хэлсэн үг нь гэрчилнэ. Ехова юу ч хий гэсэн, өөрийнх нь сайн сайхны төлөө хэлдэг гэдэгт итгэдэг ажээ (Шүү. 11:34–37). Шийдвэрийг нь дуртайяа дэмжиж байгаа бат итгэлтэй охиноороо аав нь бахархаж байлаа. Охиныг нь Ехова сайшаана гэдгийг мэдэж байсан учраас тэр шүү дээ.

2 Иефта болон охин нь Еховад бүрэн итгэж найдан, хийхэд амаргүй зүйлийг ч үнэнчээр хийдэг байв. Тэдний хувьд Бурхны сайшаалыг хүлээх нь юугаа ч золиослохоос илүү чухал байсан.

3. Иефта болон түүний охины үзүүлсэн жишээ бидэнд ямар ач тустай вэ?

3 Еховад үргэлж үнэнч байх нь тийм ч амархан биш ээ. Бид «итгэлийн төлөө тэмцэх» шаардлагатай (Иуда 3). Үүний тулд Иефта болон түүний охинд ямар бэрхшээл тулгарч байсан, бэрхшээлээ хэрхэн давж Еховад үнэнч хэвээрээ байсныг нь ярилцъя.

ЕРТӨНЦИЙН НӨЛӨӨНД АВТАЛГҮЙ ҮНЭНЧ БАЙХ НЬ

4, 5. а) Израильчуудыг Амласан газар луу орох үед Ехова ямар тушаал өгсөн бэ? б) Дуулал 106-д бичсэнээр израиль үндэстэн дуулгаваргүй болоод ямар үр дагавар амссан бэ?

4 Еховад үнэнч бус болбол ямар гашуун үр дагавар амсдагийг Иефта болон түүний охин өдөр бүр санадаг байсан биз ээ. Гурван зуу орчим жилийн өмнө өвөг дээдэс нь харь үндэстнүүдийг Амласан газраас устгах тушаал авчээ (Д.хууль 7:1–4). Гэвч Еховагийн тушаалыг дагаагүй. Үүний гайгаар канаанчуудын хуурамч бурхдыг шүтэж, ёс журамгүй амьдардаг болсон израильчууд олон байсан (Дуулал 106:34–39-ийг уншина).

5 Ийнхүү дуулгаваргүй загнасан тэд Бурхны сайшаалыг алджээ. Ехова тэднийг дайснуудаас нь хамгаалахаа больсон (Шүү. 2:1–3, 11–15; Дуу. 106:40–43). Бурхнаас эмээдэг гэр бүлүүд тэр хүнд үед үнэнч байх гэж хэчнээн их тэмцэж байсан бол оо! Тийм хүмүүсийн тоонд Иефта болон түүний охин, мөн Елкана Ханна Самуел нарын үнэнч хүмүүс орж байсныг Библид тэмдэглэжээ. Тэд Еховагийн сайшаалыг хүлээхээр эргэлт буцалтгүй шийдсэн ажээ (1 Сам. 1:20–28; 2:26).

6. Бидний эргэн тойронд ямар үзэл бодолтой хүмүүс байдаг вэ? Бид яах ёстой вэ?

6 Канаанчууд садар самуун явдлыг өөгшүүлж, хүчирхийллийг дэвэргэж, эд хөрөнгийг чухалчилдаг байсан. Өнөөдөр тэдэн шиг хүмүүс хаа сайгүй байна. Ехова ард түмнээ тийм хүмүүсийн муу нөлөөнд автахаас хамгаалж сэрэмжлүүлэг өгдөг. Эртний израильчуудын алдаанаас ямар сургамж авах вэ? (1 Кор. 10:6–11). Бид канаанчуудынх шиг үзэл бодлыг өөрөөсөө ул мөргүй арилгахын тулд хамаг чадлаараа хичээх ёстой (Ром 12:2). Та хичээдэг үү?

ГОМДОЖ ГУТАРСАН Ч ҮНЭНЧ БАЙХ НЬ

7. а) Дүү нар болон элэг нэгтнүүд нь Иефтад хэрхэн хандсан бэ? б) Иефта хариуд нь юу хийсэн бэ?

7 Иефтагийн үеийн израильчууд Еховад дуулгаваргүй байсны гайгаар филистчүүд, аммончуудад боолчлогджээ (Шүү. 10:7, 8). Иефта дайсны дарлалаас гадна дүү нар болон Израилийн удирдагчдаас болоод зовж байв. Эцэг нэгтэй дүү нар нь атаархаж, үзэн ядсандаа нутгаасаа хөөж, ууган хүүгийн эрхийг нь хүчээр булаан авчээ (Шүү. 11:1–3). Гэхдээ энэ бүхнээс болоод Иефтагийн зан авир эвдрээгүй. Харин ч Израилийн удирдагчдыг тусламж гуйгаад ирэхэд нь дуртайяа тусалсан (Шүү. 11:4–11). Бурхны үйлчлэгчийн ёсоор биеэ авч явахад нь Иефтад юу нөлөөлсөн бэ?

8, 9. а) Иефта Мосегийн хуулийн ямар зарчмыг удирдлага болгосон байж болох вэ? б) Иефтагийн хувьд хамгийн чухал зүйл юу байсан бэ?

8 Иефта эрэлхэг дайчин байгаад зогсохгүй Израилийн түүх, Мосегийн хуулийн талаар гаргууд мэдлэгтэй хүн байв. Бурхан ард түмэндээ хэрхэн хандаж ирснийг сайтар судлан, зөв буруугийн хэм хэмжээг мэдэж авчээ (Шүү. 11:12–27). Энэ мэдлэгээ амьдралдаа хэрэглэн зөв шийдвэр гаргадаг байсан. Нэг нэгэндээ уурлаж хорсох бус, харин бие биеэ хайрлахыг Ехова ард түмнээсээ хүсдэгийг Иефта сайн ойлгодог байжээ. Түүнээс гадна бусдад, тэр байтугай дайсандаа ч сайхан сэтгэлээр хандахыг Мосегийн хуулиас сурчээ (Египетээс гарсан нь 23:5; Левит 19:17, 18-ыг уншина).

9 Иосеф нарын үнэнч хүмүүсийн жишээ Иефтад тус болсон байх. Ах нар нь үзэн ядсан ч Иосеф тэдэнд энэрэнгүй сэтгэл гаргасныг нь бодоод сургамж авсан биз ээ (Эх. 37:4; 45:4, 5). Иефта энэ жишээг эргэцүүлэн бодоод Еховаг баярлуулах зүйл хийхээр шийдсэн болов уу. Дүү нартаа голдоо ортлоо гомдсон нь мэдээж. Тэглээ гээд Еховад болон ард түмэнд нь үйлчлэхээ болиогүй (Шүү. 11:9). Иефтагийн хувьд Еховагийн нэрийг хамгаалах нь хувийн асуудлаас ч илүү чухал байв. Еховад үнэнч байхаар эргэлт буцалтгүй шийдсэн учир өөрөө ч, израильчууд ч ивээл хүртжээ (Евр. 11:32, 33).

10. Бурхны тогтоосон хэм хэмжээг баримтлах нь ямар ач тустай вэ?

10 Иефтагийн жишээнээс юу сурч болох вэ? Итгэл нэгтэн маань биднийг гомдоох юм уу эвгүй харьцаж болох юм. Үүнээс болоод цуглаанд явах, Еховад үйлчлэхээ болих, хурлынхнаасаа хөндийрөх ёсгүй. Иефтаг дуурайн Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталъя. Ингэвэл тэр хэцүү үеийг давж, бусдад сайн жишээ болно (Ром 12:20, 21; Кол. 3:13).

БАТ ИТГЭЛТЭЙ ХҮН ЮУГАА Ч ЗОЛИОСЛОХОД БЭЛЭН БАЙДАГ

11, 12. Иефта юу гэж тангарагласан бэ? Энэ нь юу гэсэн үг байсан бэ?

11 Иефта израильчуудыг аммончуудаас чөлөөлөхийн тулд Бурхнаас тусламж авах хэрэгтэйгээ мэдэж байлаа. Тэр: «Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх ... түүнийг шатаалт тахил болгон өргөнө» хэмээн Еховад амлажээ (Шүү. 11:30, 31). «Шатаалт тахил болгон өргөнө» гэснийг юу гэж ойлгох вэ?

12 Хүнийг тахил болгох нь Еховад жигшүүртэй зүйл юм. Тиймээс Иефта хэн нэгнийг үнэхээр тахил болгон өргөх гээгүй нь тодорхой байна (Д.хууль 18:9, 10). Мосегийн хуульд зааснаар шатаалт тахилыг бүхлээр нь Еховад өгдөг байсныг бодож үзвэл Иефта тэр хүнийг мөргөлийн асарт насаар нь үйлчлүүлнэ гэсэн утгаар хэлсэн ажээ. Ехова Иефтагийн амлалтыг сонсоод дайснаа дарахад нь тусалсан (Шүү. 11:32, 33). Бурханд «шатаалт тахил» болгон өргөх тэр хүн нь хэн байх бол?

13, 14. Шүүгчид 11:35-д байдаг Иефтагийн үгнээс итгэлийнх нь талаар юу мэдэж болох вэ?

13 Энэ өгүүллийн эхэнд дурдсан дүр зургийг саная. Иефтаг дайнаас буцаж ирэхэд хамгийн түрүүнд угтан гарч ирсэн хүн бол газар дээрх ганц охин нь байлаа! Одоо Иефта амласандаа хүрэх болов уу? Охиноо бүх насаар нь асарт үйлчлүүлэхээр өгөх болов уу?

14 Иефта зөв шийдвэр гаргахын тулд энэ удаа ч бас Бурхны тогтоосон хэм хэмжээг бодсон нь лавтай. Египетээс гарсан нь 23:19-т бичсэн зааврыг санасан байж болох юм. Ехова Бурхандаа хамгийн сайныгаа өгөх ёстой гэж тэнд байдаг. Түүнчлэн «Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, ... тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой» гэсэн заалт Мосегийн хуульд бий (Тоол. 30:2). Яг тэр үед амьдарч байсан үнэнч Ханнагийн адилаар Иефта амласандаа хүрэх ёстой болжээ. Энэ нь Иефтагийн болон охиных нь ирээдүйд нөлөөлнө гэсэн үг байлаа. Түүний охин удам залгаж Израильд нэрийг нь үлдээх ганц хүүхэд нь байв (Шүү. 11:34). Гэлээ ч «Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй» гэж хэлснийг нь Шүүгчид 11:35-д тэмдэглэн үлдээжээ. Иефта Еховад үнэнч байсан учраас сайшаалыг нь хүлээж, ивээлийг нь хүртэхийн тулд ийм үнэтэй зүйлээ золиосолсон юм. Та бас тэгдэг үү?

15. Гэрчүүд ямар тангараг өргөсөн бэ? Яавал амласандаа хүрэх вэ?

15 Бид Еховад өөрсдийгөө зориулахдаа хүсэл таалалд нь нийцэх зүйлийг ямар ч нөхцөлд биелүүлэхээ амласан билээ. Амласандаа хүрэхийн тулд тодорхой зүйлээ золиослох хэрэгтэй болдог. Жишээ нь, хүсэхгүй юмыг маань хий гэвэл яах вэ? Айдсаа ялж, хэчнээн хэцүү байсан ч Бурханд дуулгавартай байвал амласандаа хүрдэг найдвартай хүн болно. Тэгээд золиосолсноосоо илүү их ивээл хүртэнэ (Мал. 3:10). Тэгвэл Иефтагийн охин яасан бэ?

Иефта болон түүний охин шиг бат итгэлтэйгээ хэрхэн харуулах вэ? (16, 17-р догол мөрийг үзээрэй)

16. Аавынхаа үгийг Иефтагийн охин хэрхэн хүлээн авсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

16 Иефтагийн тангараг Ханнагийнхаас өөр байлаа. Ханна өөрийн хүү Самуелыг назир болгон мөргөлийн асарт үйлчлүүлэхээ амлажээ (1 Сам. 1:11). Назир хүн гэрлэж, үр хүүхэдтэй болж болдог байв. Харин Иефтагийн охин тэр чигээрээ «шатаалт тахил» болох учраас ээж байх, эхнэр байхын жаргалыг үзэхгүй (Шүү. 11:37–40). Дайнд ялалт байгуулсан Израилийн удирдагчийн охин учир хамгийн сайн хүнтэй суух ирээдүй түүнд байсан. Гэтэл одоо, мөргөлийн асарт үйлчлэхээр болжээ. Залуу бүсгүй яах бол? Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болгодог нь түүний хэлсэн үгнээс харагддаг. Тэрээр: «Эцэг минь, та ЭЗЭНд ам алдсан билээ. ... Хэлснийхээ дагуу надад үйлдэгтүн!» гэлээ (Шүү. 11:36). Жинхэнэ шүтлэгийг дэмжихийн тулд нөхөр, хүүхэдтэй болох жам ёсны хүслээ орхижээ. Бид Иефтагийн охиныг хэрхэн дуурайх вэ?

17. а) Иефта болон түүний охин шиг бат итгэлтэй гэдгээ хэрхэн харуулах вэ? б) Өөрийнхөө эрх ашгийг хойш тавихад Еврей 6:10–12-т бичсэн үг хэрхэн туслах вэ?

17 Мянга мянган Гэрч залуучууд юунд ч сатааралгүй Ехова Бурхандаа үйлчлэхийн тулд хүнтэй суух юм уу хүүхэдтэй болох хүслээ хойш нь тавьдаг. Өндөр настай Гэрчүүд бас үр хүүхэд, ач гучдаа зориулах цагаа золиослоод Бурхны байгууллагын барилгын ажилд оролцох юм уу Сайн мэдээ тунхаглагчийн сургуульд сурч, дэлгэрүүлэгч хэрэгтэй газар очиж үйлчилдэг. Зарим хүн Дурсах цуглааны улиралд болдог аянд оролцохын тулд хувийн эрх ашгаа хойш нь тавьдаг. Бүх зүрх сэтгэлээ зориулан ийнхүү үйлчлэхэд Ехова маш их баярладаг. Тийм хүмүүсийн хийсэн бүхнийг, өөрийг нь гэсэн хайрыг хэзээ ч мартахгүй (Еврей 6:10–12-ыг уншина). Та Еховад одоогийнхоосоо илүү үйлчлэхийн тулд өөр юугаа золиосолж чадах вэ?

СУРГАМЖ

18, 19. Иефта болон түүний охины түүхээс та юу мэдэж авсан бэ? Тэднийг хэрхэн дуурайх вэ?

18 Иефтагийн амьдралын зам дардан байгаагүй. Гэхдээ ямар ч шийдвэр гаргасан Еховагаар удирдуулдаг байсан. Эргэн тойрныхоо хүмүүсийн нөлөөнд автаагүй. Бусад хүн шударга бус хандаж гомдоож байсан ч Бурханд үнэнч байх шийдвэрээсээ огт няцаагүй. Өөрөө ч, охин нь ч хувийн эрх ашгаа хойш тавьсан учир Ехова ивээж, цэвэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлэх ажилдаа тэднийг оролцуулжээ. Хүмүүс Бурхны тогтоосон хэм хэмжээг баримтлахаа больсон тэр үед ч Иефта охинтойгоо хамт Еховад үнэнч байсан.

19 Библид «Итгэл ба тэвчээрээр амлалтуудыг өвлөдөг хүмүүсийг дуурайгсад байцгаа» гэсэн уриалга бий (Евр. 6:12). Иефта болон түүний охиныг дуурайцгаая. Бид үнэнч байвал Еховагийнхаа ивээлийг хүртэж, сайшаалыг нь хүлээнэ.