Skip to content

Гарчиг руу орох

Ехова ард түмнээ амийн зам руу удирддаг

Ехова ард түмнээ амийн зам руу удирддаг

«Энэ бол зам. Үүгээр алхагтун» (ИС. 30:21).

ДУУ: 32, 48

1, 2. а) Олон хүн ямар сэрэмжлүүлгийг дагаад амь аврагдсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Бурхны ард түмэн ямар сэрэмжлүүлгийг анхаарвал амь аврагдах вэ?

«ЗОГС, ХАР, СОНС». Энэ үг олон хүний амь насыг аварч байна. Хойд Америкт байдаг төмөр замын гармууд дээр ийм бичигтэй том тэмдэг зоогоод 100 гаруй жил өнгөрчээ. Ямар зорилгоор? Замаар яваа машинуудыг төмөр замын гармаар тохиромжгүй үед гараад галт тэргэнд дайруулах вий гэсэндээ тэр ажээ. Уг сэрэмжлүүлгийг дагаад олон хүн аюулгүй өнгөрсөн.

2 Ехова аюулгүйн тэмдгээс илүү сайн сэрэмжлүүлгийг бидэнд өгдөг. Ард түмнийхээ өмнө гарч зогсоод мөнхийн амь руу зааж, тийшээ яваарай, аюулаас хол байгаарай хэмээн сануулдаг гэлтэй. Түүнчлэн Ехова бол хоньдоо аюултай зам дээр гаргахгүйн тулд сэрэмжлүүлэг өгч зөв зүгт залдаг сайн Хоньчин юм (Исаиа 30:20, 21-ийг уншина уу).

ЕХОВА АРД ТҮМНЭЭ УДИРДСААР ИРСЭН

3. Хүн төрөлхтөн яагаад үхэл рүү хөтөлдөг замаар явдаг болсон бэ?

3 Түүхийг үзвэл, Ехова хүмүүст тодорхой удирдамж заавар өгсөөр ирсэн. Жишээлбэл Адам Ева хоёрт өгсөн заавар хүн төрөлхтнийг үүрд мөнх, аз жаргалтай амьдралд хүргэх учиртай байлаа (Эх. 2:15–17). Хайр халамжтай Эцгийнхээ зааврыг дагасан бол зовлон шаналал, үхэл хагацлаас ангид байх байв. Гэвч Ева могойн зөвлөгөөгөөр явж, Адам эхнэрийнхээ үгэнд орсон. Ийнхүү тэнгэрийн Эцгээсээ нүүр буруулжээ. Үүний улмаас хүн төрөлхтөн бүхэлдээ үхлийн замаар явах болсон.

4. а) Усан галавын дараа яагаад нэмэлт заавар өгөх хэрэгтэй болсон бэ? б) Нөхцөл байдал өөрчлөгдөхөд Бурхны үзэл бодол хэрхэн харагдсан бэ?

4 Аврагдахад тус болох зааврыг Ехова Ноагийн үед өгчээ. Усан галавын дараа цусны талаар тодорхой тушаал өгч хориг тавьсан. Яагаад ингэх хэрэгтэй байсан бэ? Нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой. Амьтны махыг хүнсэнд хэрэглэхийг хүмүүст зөвшөөрсөн боловч «амь нь болох цустай нь идэж болохгүй» гэсэн шаардлага тавьсан (Эх. 9:1–4). Бурхан амийг буюу өөрийнхөө юмыг юу гэж үздэгийг энэ тушаалаас мэдэж болно. Бүтээгч, Амь өгөгч учраас амийн талаар хууль дүрэм зохиох бүрэн эрх Еховад бий. Жишээ нь, хүн хүнийхээ амийг хөнөөж болохгүй гэсэн хуулийг гаргасан. Ехова амь ба цусыг ариун гэж үздэг бөгөөд эдгээрийг буруу хэрэглэсэн хэнийг ч болов шийтгэх нь гарцаагүй (Эх. 9:5, 6).

5. Энэ өгүүллээр юу үзэх вэ? Яагаад?

5 Бурхан олон зууны туршид удирдамж заавар хэрхэн өгч ирснийг харуулах хэдэн жишээ үзье. Еховагийн заавраар явж шинэ ертөнцөд очно гэсэн шийдвэрээсээ няцахгүй байхад эдгээр жишээ тус болно.

ШИНЭ ҮНДЭСТЭН, ШИНЭ ЗААВАР

6. Бурхан ард түмэндээ Мосегоор дамжуулан хууль өгөх хэрэгтэй болсны учир юу вэ? Тэд яах ёстой байсан бэ?

6 Биеэ хэрхэн авч явах, Бурхныг хэрхэн шүтэх талаарх тодорхой заавар Мосегийн үеийн израильчуудад хэрэгтэй болжээ. Яагаад? Мөн л нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбоотой. Иаковын үр удам Египетэд 200 гаруй жил дарлагдсан билээ. Тэдний эргэн тойронд үхэгсдийг шүтэх, хиймэл шүтээнд мөргөх, Бурхныг гутаан доромжилсон янз бүрийн зан үйл үйлдэх явдал газар авсан байлаа. Бурхны ард түмнийг Египетээс зугтах үед шинэ заавар хэрэгтэй болжээ. Учир нь тэд цаашид боол биш, харин Еховагийн хуульд захирагддаг эрх чөлөөт үндэстэн болох гэж байлаа. Зарим тайлбар тольд бичсэнээр «хууль» гэсэн утгатай еврей үг нь «залж чиглүүлэх, удирдах, зааварлах» гэдэг үгтэй холбоотой ажээ. Мосегийн хууль израильчуудыг ёс суртахууны доройтол, бусад үндэстний шашны зан үйлээс хамгаалдаг байв. Израиль үндэстэн Бурханд дуулгавартай байсан цагтаа ивээл хүртэж, дуулгаваргүй загнасан үедээ гашуун үр дагавар амсдаг байжээ (Дэд хууль 28:1, 2, 15-ыг уншина уу).

7. а) Ехова ард түмэндээ яагаад заавар өгсөн бэ? б) Мосегийн хууль хэрхэн хамгаалагч болсон бэ?

7 Шинэ заавар өгөх хэрэгтэй болсон өөр нэг шалтгаан бий. Мосегийн хууль израильчуудыг Еховагийн санаа зорилготой холбоотой нэг чухал үйл явдалд бэлдсэн. Мессиа болох Есүс Христ ирэх учиртай байлаа. Израильчууд төгс бус гэдгээ Мосегийн хуулиас тов тодорхой ойлгожээ. Мөн нүглийг нь бүрэн халхлах төгс тахил буюу золиос хэрэгтэйг ухаарсан (Гал. 3:19; Евр. 10:1–10). Түүнээс гадна Мосегийн хууль Мессиаг төрүүлэх удам угсааг хамгаалж, хэзээ ирэхийг нь тодорхой болгожээ. Үнэхээр ч «Христ уруу хандуулах зааварлагч» буюу хамгаалагч болсон юм (Гал. 3:23, 24).

8. Бид ямар учраас Мосегийн хуулийн зарчмыг удирдлага болгох ёстой вэ?

8 Израилийн ард түмэнд өгсөн хуулин дахь удирдамж заавар Христийн дагалдагч бидэнд бас ач тустай. Ямар ач тустай вэ? Бид Мосегийн хуулийг сахидаггүй. Гэхдээ зогсоод, цаадах зарчмыг нь харах хэрэгтэй. Ариун Бурхан Еховагаа шүтэхдээ болон өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх заавар уг хуульд олон бий. Ехова тэдгээрийг Библид бичүүлсэн нь биднийг сурч аваасай, зарчмыг нь мөрдлөг болгоосой, ёс суртахууны өндөр хэм хэмжээг үнэлээсэй гэснийх юм. Есүсийн юу хэлснийг сонс доо. «“Завхайрч болохгүй” гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэжээ. Тэгэхлээр бид завхай явдлаас хол байгаад зогсохгүй, садар самуун явдалд хүргэх юм бодохгүй, хүсэхгүй байх ёстой ажээ (Мат. 5:27, 28).

9. Бурхан яагаад шинэ заавар өгөх хэрэгтэй болсон бэ?

9 Есүсийг Мессиа болон тодорсны дараа Ехова өөр шинэ заавар өгч, санаа зорилгоо илүү тодорхой болгосон. Энэ нь мөн л шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой. МЭ 33 онд Ехова Израиль үндэстнээс нүүр буруулж, Христийн дагалдагчдыг ивээж сайшаах болсон.

БЭЛГЭДЛИЙН ШИНЭ ҮНДЭСТЭНД ӨГСӨН ЗААВАР

10. I зууны Христийн дагалдагчдад яагаад шинэ хууль өгсөн бэ? Израильчуудад өгсөн хуулиас ямар ялгаатай вэ?

10 Нэгдүгээр зуунд Бурхны шинэ ард түмэн шүтлэг мөргөл, биеэ авч явахтай холбоотой шинэ заавар авсан. Тэд шинэ гэрээг мөрдөх болжээ. Мосегийн хуулийг Израиль гэдэг нэг л үндэстэнд өгсөн. Харин бэлгэдлийн Израиль янз бүрийн үндэс гаралтай хүмүүсээс бүрдэх болов. Үнэхээр «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» ажээ (Үйлс 10:34, 35). Амласан газар амьдарч байсан израильчуудыг удирдсан Мосегийн хууль чулуун дээр бичигдсэн байсан. Харин бэлгэдлийн Израилийг удирддаг, зарчимд үндэслэсэн «Христийн хууль» зүрхэнд бичигдсэн. Тиймээс Христийн дагалдагчид хаана ч амьдардаг байсан энэ хууль ач тустай (Гал. 6:2).

11. Есүс ямар хоёр зүйлтэй холбоотой тушаал өгсөн бэ?

11 Бурхан бэлгэдлийн Израильд Хүүгээрээ дамжуулан асар их ач тустай заавар өгсөн. Есүс шинэ гэрээ байгуулахын өмнөхөн хоёр чухал тушаал өгчээ. Нэг нь дэлгэрүүлэх ажилтай холбоотой, нөгөө нь Христийн дагалдагчид биеэ хэрхэн авч явах болон итгэл нэгтнүүддээ хэрхэн хандахтай холбоотой. Энэ хоёр тушаал Бурхны бүх үйлчлэгчид хамаатай учраас тэнгэрт амьдрах ч бай, дэлхийд амьдрах ч бай бүгд дагах учиртай.

12. Дэлгэрүүлэх ажлын юу нь шинэ байсан бэ?

12 Есүс дагалдагчдадаа сайн мэдээ дэлгэрүүлэх ажил даалгасан билээ. Энэ ажлыг шинэ аргаар, өргөн далайцтай хийх учиртай байлаа. Эрт үед бусад үндэстэн Еховад үйлчлэхийн тулд Израильд хүрч ирэх ёстой байсан (Х.дээд 8:41–43). Хожим нь Есүс Матай 28:19, 20-д байдаг тушаалыг өгчээ (Уншина уу). Есүсийн шавь нар бүх хүн рүү «явж» очих ёстой болжээ. Ехова сайн мэдээг дэлхий даяар түгээхийг хүсдэгээ МЭ 33 оны Пентекостын өдөр батлан харуулсан. Тэр өдөр шинээр бий болсон хурлын 120 орчим гишүүн ариун сүнсээр дүүрч, гадаад хэлээр ярих чадвартай болжээ. Тэгээд иудейчүүдэд болон Еховаг шүтдэг үндэстнүүдэд өөрсдийнх нь хэлээр дэлгэрүүлж эхэлсэн (Үйлс 2:4–11). Яваандаа самаричуудад сайн мэдээг хүргэв. Дараа нь МЭ 36 онд хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдэд тунхаглаж эхэлсэн. Дэлгэрүүлэх ажлын талбар иудейчүүд гэдэг жижиг «цөөрмөөс» эхэлж хүн төрөлхтөн гэдэг «далай» болтлоо өргөжин тэлжээ.

13, 14. а) Есүсийн өгсөн тушаал ёсоор бид яах ёстой вэ? б) Есүсийн үлдээсэн жишээнээс юу сурах вэ?

13 Одоо итгэл нэгтнүүддээ хэрхэн хандах талаар авч үзье. Есүс үүнийг «шинэ тушаал» гэсэн (Иохан 13:34, 35-ыг уншина уу). Бид уг тушаал ёсоор бие биедээ өдөр бүр хайраа илэрхийлэхээс гадна ах дүүгийнхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байх ёстой. Мосегийн хуульд ийм тушаал байдаггүй байсан (Мат. 22:39; 1 Иох. 3:16).

14 Өөрийнхөө эрх ашгийг хойш тавин бусдыг хайрлах талаар Есүс гайхалтай жишээ үлдээжээ. Шавь нараа чин сэтгэлээсээ хайрладаг байсан учраас тэднийхээ төлөө амиа дуртайяа зориулсан. Дагалдагчдаа бас ийм байгаасай гэж хүсдэг. Бид итгэл нэгтнүүдийнхээ төлөө хүнд бэрхийг тэвчихэд, тэр байтугай амиа өгөхөд ч бэлэн байх ёстой (1 Тес. 2:8).

ОДОО БА ИРЭЭДҮЙН ЗААВАР

15, 16. Ехова орчин үеийн ард түмнээ хэрхэн удирддаг вэ? Бид одоо ямар нөхцөлд амьдарч байна вэ?

15 Есүс «итгэмжит ухаалаг боолыг» томилсноосоо хойш дагалдагчдадаа «цагт нь хоол ундыг» өгүүлж байна (Мат. 24:45–47). Хоол унд гэдэг нь шинэ шинэ нөхцөл байдалд тохирсон зааврууд юм.

16 Библид бичсэнээр, бид «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаа бөгөөд хэзээ ч болж байгаагүй гай гамшигтай удахгүй нүүр тулна (2 Тим. 3:1; Марк 13:19). Түүнчлэн Сатан болон чөтгөрүүд тэнгэрээс дэлхий рүү хаягдсан учраас хүн төрөлхтний зовлон улам нэмэгдсэн (Илч. 12:9, 12). Бид дэлхийн өнцөг булан бүрд буй янз бүрийн үндэстэнд сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавар авсан бөгөөд үүнийгээ түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй хийж байна!

17, 18. Зааврыг хэрхэн хүлээж авах ёстой вэ?

17 Бурхны байгууллага дэлгэрүүлэх ажилд зориулж олон багаж гаргадаг. Та багажаа сайн ашиглахыг хүсдэг үү? Эдгээр багажийг хэрхэн үр өгөөжтэй ашиглах зааврыг цуглаан дээр анхааралтай сонсдог уу? Энэ зааврыг Бурхан өгч байна гэж үздэг үү?

18 Бурхны ивээлийг үргэлж хүртье гэвэл бид хурлаар дамжиж ирдэг бүх зааврыг анхаарах учиртай. Дуулгавартай байдаг бол Сатаны бузар муу тогтолцоог устгах «агуу их гай гамшгийн» үеэр ч бүх зааврыг дагана (Мат. 24:21). Дэлхий бүхэлдээ Сатаны нөлөөнөөс ангижирч, диваажин болоход бидэнд шинэ заавар хэрэгтэй болно.

Шинэ ертөнцөд хэрхэн амьдрах заавар бүхий номууд диваажинд дэлгэгдэнэ (19, 20-р догол мөрийг үзнэ үү)

19, 20. Ямар номууд дэлгэгдэх вэ? Үр дүн нь юу байх вэ?

19 Мосегийн үеийн израиль үндэстэнд шинэ заавар хэрэгтэй байсан учраас Бурхан хууль өгчээ. Нэгдүгээр зууны дагалдагчид «Христийн хуулийг» сахих шаардлагатай болсон. Үүнтэй адил, шинэ ертөнцөд хэрхэн амьдрах заавар бүхий номууд дэлгэгдэнэ гэж Библид байдаг (Илчлэлт 20:12-ыг уншина уу). Ехова тэр үед хүн төрөлхтнөөс юу хүсэхийг тэдгээр номд тайлбарласан байх биз ээ. Бүх хүн, түүний дотор амилсан хүмүүс тэдгээрийг судлаад Бурхны хүсэл таалал, үзэл бодлыг мэдэж авна. Библийг, мөн шинэ номуудыг улам сайн ойлгож, удирдлага зааврыг нь дагахын хэрээр диваажингийн оршин суугчид бие биеэ хайрлаж хүндлэх нь тодорхой (Ис. 26:9). Хаан Есүс Христийн удирдлага дор бид олон зүйлийг сурч түүнийгээ бусдад заана.

20 «Энэхүү номд бичигдсэн» зааврыг дагадаг хүмүүс мөнх амьдарна. Эцсийн сорилтыг давсан үнэнч хүмүүсийн нэрийг Ехова «амийн номд» үүрд бичиж үлдээнэ. Биднийг ийм л сайхан ирээдүй хүлээж байна! Тиймээс ЗОГСООД Бурхны Үгийг уншиж, ХАРААД утгыг нь ойлгохыг хичээж, СОНСООД Бурхны зааврыг дагах хэрэгтэй. Тэгдэг бол агуу их гай гамшгийг эсэн мэнд давж, мэргэн ухаантай, хайр халамжтай Ехова Бурхныхаа тухай үүрд мөнх сурч мэднэ (Ном. 3:11; Ром 11:33).