Skip to content

Гарчиг руу орох

Жорж Роолстон, Артур Вийлис нар машиныхаа радиаторыг усаар дүүргэж байна, Хойд Нутаг Дэвсгэр, 1933 он

МАНАЙ АРХИВААС

«Явахын аргагүй хүнд бэрх, хүрч очихын аргагүй хол зам гэж үгүй»

«Явахын аргагүй хүнд бэрх, хүрч очихын аргагүй хол зам гэж үгүй»

1937 ОНЫ 3 дугаар сарын 26. Аяншиж ядарсан хоёр эр тоос шороонд дарагдсан машинаараа Австралийн Сиднейн зүг алгуурхан явна. Жилийн өмнө энэ хотоос гарч явснаас хойш 19 300 километр зам туулж Австрали тивийн алс бөглүү нутгууд руу бартаат замаар аялжээ. Тэд хайгуулчид ч биш, адал явдалд дурлагчид ч биш ээ. Австралийн өргөн уудам хөдөө нутагт Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг хүргэхээр эрс шулуудсан идэвх зүтгэлтэй эхлэгчдийн хоёр нь Артур Вийлис, Бийл Ноолэндс нар байлаа.

Австралид амьдардаг цөөхөн хэдэн Библи Судлаач * 1920-оод оны сүүл хүртэл голдуу далайн эрэг хавийн хот тосгод, түүний ойр орчмоор дэлгэрүүлжээ. Австралийн хөдөө нь төв хэсэгтээ орших цөлөрхөг нутаг юм. Хэмжээгээрээ Монгол Улсын нутаг дэвсгэрээс бараг 4 дахин том. Тэнд цөөхөн хүн амьдарна. Гэлээ ч Есүсийн дагалдагчид «дэлхийн хязгаар хүртэл» Багшийгаа гэрчлэх ёстой учраас Австралийн тэр бөглүү нутагт ч дэлгэрүүлэх хэрэгтэйгээ тэд ойлгож байлаа (Үйлс 1:8). Гэхдээ ийм нүсэр ажлыг яаж барах юм бол? Хичээл зүтгэл гаргавал Ехова ивээнэ гэдэгт ах дүү нар маань бүрэн итгэж байсан учраас чадах бүхнээ хийхээр шийджээ.

ЭХЛЭГЧИД ЗАМ ГАРГАСАН НЬ

Квийнслэнд болон Зүүн Австрали дахь хурлууд хөдөө дэлгэрүүлэхийн тулд 1929 онд сайтар тоноглосон, мотортой тэрэг зохион бүтээжээ. Тэргээ эвдэрвэл засчихдаг, хүнд нөхцөлд дасан зохицож чаддаг эхлэгчид сайн мэдээ хүрч байгаагүй олон газар очжээ.

Машин авах чадалгүй эхлэгчид дугуйгаар хөдөө явдаг байв. Тухайлбал Бээнэт Брикл 1932 онд 23 настайдаа Квийнслэндийн Рокхээмптон хотоос гарч Австралийн хойд хэсгийн алс бөглүү газраар 5 сар дэлгэрүүлэх аялал хийжээ. Дугуйн дээрээ хөнжил, хувцас, хоол хүнс, их хэмжээний ном гээд нүсэр ачаа ачсан байлаа. Дугуй нь хагарсан ч шантралгүй, Еховад найдаад урагшилсаар байв. Хүмүүс хатаж үхдэг байсан газраар дугуйгаа түрэн 320 километр зам явжээ. Брикл түүнээс хойш 30 гаруй жил дугуй, мотоцикл, машинаар Австралийг хөндлөн гулд туулсан гэдэг. Тэрээр нутгийн уугуул хүмүүст дэлгэрүүлэх үүдийг нээж, шинэ хурлуудыг байгуулалцаж явсан түүхтэй. Хөдөө нутгийнхан Бриклийг сайн мэддэг бөгөөд ихэд хүндэлдэг байжээ.

БЭРХШЭЭЛИЙГ ДАВСАН НЬ

Австрали нь хүн амын нягтрал багатай улсуудын нэг юм. Ялангуяа хөдөө нутаг хүн цөөтэй. Гэлээ ч Еховагийн үйлчлэгчид хамгийн алс бөглүү нутагт амьдардаг хүмүүсийг хайж олох хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг.

Стьюарт Кээлти, Вийлям Тооринтон нарын эхлэгчид чухамдаа ийм хүсэл зорилго өвөрлөн 1933 онд тус улсын зүрх нь болсон Аалис Спрингс хотод дэлгэрүүлэхээр элсэн манхан ихтэй Сиймпсоны цөлийг жижиг машинаар туулж очжээ. Машин нь эвдэрч, орхиод явахаас өөр аргагүй болоход Кээлти модон хөлтэй хэр нь аяллаа үргэлжлүүлжээ. Энэ удаа тэмээгээр явсан байна. Эхлэгчдийн зүтгэл талаар болсонгүй. Тэд төмөр замын хамгийн захын Вийлям Крик гэдэг өртөөнд байдаг зочид буудлын эзэнтэй тааралджээ. Чарлз Бээрнхарт гэдэг тэр хүн дараа нь Гэрч болж зочид буудлаа зараад хамгийн хуурай, хамгийн бөглүү нутагт ганцаараа 15 жил эхлэгчээр үйлчилжээ.

Артур Вийлис Австралийн хөдөө нутгаар дэлгэрүүлэх аялалд бэлдэж байна, Баруун Австралийн Перт хот, 1936 он

Янз бүрийн бэрхшээл саад тулгардаг учраас анхны эхлэгчид зоригтой, тууштай байх шаардлагатай байв. Өгүүллийн эхэнд дурдсан Артур Вийлис, Бийл Ноолэндс хоёр Австралийн хөдөөгүүр дэлгэрүүлэх аялал хийж явахдаа 32 километр замыг хоёр 7 хоног туулсан удаатай. Учир нь аадар бороо асгасны улмаас цөл тэр чигээрээ шавран далай болсон ажээ. Заримдаа аагим халуунд хөлсөндөө норж, эцэж ядарсан ч өргөн уудам элсэн манхан дундуур машинаа түрж, хад чулуу ихтэй хөндийг туулж, элсэрхэг ёроолтой гол гаталдаг байв. Машин нь байсхийгээд л эвдэрчихнэ. Тэгэх тоолонд хамгийн ойрын хот суурин руу явган юм уу дугуйгаар хэд хоног явж очоод сэлбэг иртэл хэдэн 7 хоног хүлээнэ. Энэ мэтээр саад тотгор мундахгүй ч тэд хэзээд өөдрөг байдаг байв. Артур Вийлис «Алтан үе» сэтгүүлд өмнө нь гарч байсан үгнээс санаа авч «Еховагийн Гэрчүүдийн хувьд явахын аргагүй хүнд бэрх, хүрч очихын аргагүй хол зам гэж үгүй» хэмээн хэлжээ.

Олон жил эхлэгчээр үйлчилсэн Чарлз Хээрис хөдөөгийн хол, бэрх замыг туулснаар Еховатай улам дотно болсон тухайгаа ярьжээ. Тэрээр цааш нь «Хөрөнгө багатай цомхон амьдрал хамгийн сайхан. Есүс эзгүй хээр хонож байсан юм чинь шаардлага гарвал бид ч бас тэгэх ёстой» гэсэн юм. Эхлэгчдийн дунд ийм хүмүүс олон бий. Эцэж цуцахыг мэддэггүй тэр хүмүүсийн ачаар сайн мэдээ Австрали тивийн өнцөг булан бүрд хүрч, Бурхны Хаанчлалын талд зогсох хүний тоо улам бүр нэмэгдэж байна.

^ д/м 4 Библи Судлаачид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг нэртэй болсон (Ис. 43:10).