Вааран дээрх бичээс
2012 онд хийсэн археологийн малтлагаар 3 000 жилийн настай шавар ваарын хэлтэрхийнүүд олджээ. Археологичдын сонирхлыг нэг зүйл ихээр татав. Ваар нь биш, харин дээрх бичээс нь сонирхолтой байлаа.
Археологичид хэлтэрхийнүүдийг эвлүүлсний дараа эртний канаан бичгийн утгыг сая нэг тайлж уншжээ. Тэнд «Бээда[гийн хүү] Ешбаал Бээн» гэсэн байв. Энэ нэр эртний бичээсүүдээс анх удаа олдсон юм.
Библид Саул хааны хөвгүүдийн нэг болох Ешбаал гэдэг нэр гардаг (Ш.дээд 8:33; 9:39). Малтлагад оролцсон профессор Ёосээф Гаарфийнкэл: «Библид гардаг Ешбаал гэдэг нэр үнэхээр байсныг археологийн олдвор баталж байна. Энэ нэр нь зөвхөн Давид хааны үед хамаарах эд өлгийн зүйлд байгаа нь сонирхолтой» гэж тэмдэглэжээ. Зарим судлаач энэ нэрийг тодорхой нэг цаг үед л хамаатай гэж үздэг. Библид бичсэн нарийн ширийн зүйл археологиор батлагддагийн нэг жишээ энэ юм.
Библид Саулын хүү Ешбаалыг бас Иш-бошет гэдэг (2 Сам. 2:10). Яагаад «баал»-ыг «бошет» гэж бичих болов? Судлаачдын үзэж буйгаар «Хоёрдугаар Самуел» номыг бичигч «Ешбаал» гэж бичихээс зайлсхийсэн бололтой. Учир нь энэ нэр канаанчуудын шүтдэг салхи шуурганы бурхан Баалыг сануулдаг байжээ. Харин «Шастирын дээд» номд Ешбаал гэдэг нэр байдаг.