НАМТАР
Мэргэн хүмүүстэй хамт явах үнэхээр тустай
АМЕРИКИЙН Нэгдсэн Улсын Өмнөд Дакота мужийн Брүүкингс хотын нэгэн жихүүн өглөө байлаа. Хүйтэн өвөл хаяанд ирснийг сануулна. Тийм хүйтэнд бид хэдүүлхнээ халаалт байхгүй малын саравчинд, мал усалдаг онгоцны өмнө дагжин чичирч зогссон гэхлээр та нар лав гайхаж байгаа биз ээ. Онгоцыг хүйтэн усаар дүүргэсэн байсан гээд бод доо! Хувийн амьдралыг минь сонсвол юу болсныг ойлгох байх.
МАНАЙ ГЭР БҮЛ
Би 1936 оны 3 дугаар сарын 7-нд дөрвөн хүүхдийн бага нь болж төрсөн юм. Манайх Өмнөд Дакотын зүүн хэсэгт амьдардаг байлаа. Фермийн ажил манай гэр бүлийн амьдралын нэг чухал хэсэг байсан ч хамгийн чухал нь биш байв. Эцэг эх хоёр минь 1934 онд баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон. Тэд тэнгэрийн Эцэг Еховад өөрсдийгөө зориулсан учраас хүсэл таалалд нь нийцэж амьдрахыг гол зорилгоо болгожээ. Каанди гэдэг манай жижигхэн хуралд эхлээд миний аав Клааренс, дараа нь авга ах Аалфред нөхөрлөлийн үйлчлэгч (ахлагчдын зөвлөлийн зохицуулагч) байв.
Цуглаанд суух, айлуудаар явж Библид байдаг гайхамшигтай ирээдүйн тухай ярих нь манай гэр бүлийн тогтмол хийдэг зүйл байлаа. Эцэг эх маань бидэнд үлгэр жишээ үзүүлж, сайн хүмүүжүүлсэн нь хүүхдүүд бидэнд их хүчтэй нөлөөлсөн юм. Миний эгч Дороти бид хоёр 6-тайдаа дэлгэрүүлэгч болсон. 1943 онд Дэлгэрүүлэгчийн сургууль цуглааны хөтөлбөрт багтахад би энэ сургуульд элссэн.
Чуулган манай гэр бүлийн хувьд амьдралын салшгүй хэсэг байв. Өмнөд Дакотын Сю Фоолс хотноо 1949 онд болсон чуулганы зочин илтгэгч нь Грант Сютер ах байлаа. Би тэр ахын
илтгэлийг одоо ч санаж чадна. «Таны бодсоноос ч ойрхон юм биш биз?» гэсэн сэдэвтэй. Христийн дагалдагч бүр Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглахад амьдралаа бүрэн зориулах хэрэгтэйг онцолсон юм. Үүнийг сонсоод Еховад өөрийгөө зориулах хүсэл төрөв. Дараагийн чуулган Брүүкингст болоход би өгүүллийн эхэнд дурдсан шиг, малын хүйтэн саравчинд 3 хүнтэй хамт баптисм хүртэх гээд зогсож байлаа. Цайрдсан ган онгоц баптисм хүртэх «усан сан» болсон юм. Энэ бол 1949 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байв.Би эхлэгчээр үйлчлэх зорилго тавилаа. Ингээд 1952 оны 1 дүгээр сарын 1-нд 15-тайдаа эхлэгч болов. «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно» гэж Библид байдаг (Сур. 13:20). Эхлэгч болохыг минь дэмжсэн «мэргэн» хүн манай гэр бүлд олон байв. Жүүлиос гэдэг авга ах маань 60 настай байхдаа эхлэгчийн үйлчлэлд миний хамтрагч болж билээ. Бид хоёр насаар хол зөрүүтэй ч дэлгэрүүлэх ажилд цуг явдаг болохоор цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг байв. Амьдралын туршлагатай мэргэн ахаасаа үр ашигтай олон зүйлийг сурсан. Дороти эгч маань дараа нь бас эхлэгч болсон.
ДҮҮРЭГ ХАРИУЦАГЧИД НАДАД САНАА ТАВЬСАН НЬ
Намайг хүүхэд байхад эцэг эх маань дүүрэг хариуцагчдыг эхнэртэй нь урьж гэртээ байлгадаг байв. Надад их тус болсон нэг хос байдаг. Жээси болон Лийн Каантвэл гэдэг юм. Тэр ах эгч хоёр намайг маш их зоригжуулж, надад зориуд санаа тавьдаг байсан болохоор би Бурхны төлөө зүтгэж эхлэгчээр үйлчлэх чин хүсэлтэй болсон. Тэд хөрш хурлуудад үйлчилж байхдаа намайг заримдаа дэлгэрүүлэх ажилд авч явдаг байв. Хэчнээн гоё байж вэ!
Дараа нь Бад Мийлер гэдэг дүүрэг хариуцагч, эхнэр Жоунтайгаа ирсэн юм. Тэр үед 18 хүрсэн надад цэргийн албатай холбоотой асуудал тулгараад байлаа. Есүс дагалдагчдадаа улс төрийн хувьд төвийг сахихыг тушаасан. Гэтэл орон нутгийн цэрэг татлагын комисс тэр тушаалыг зөрчүүлэх ажлыг надад өгөх гэв. Би Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийг хүсэж байлаа (Иох. 15:19). Тийм болохоор шашин шүтлэгийн шалтгаанаар чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг цэрэг татлагын комисст тавьсан байв.
Мийлер ах надтай хамт комисс дээр очих болсонд би их баярлаж билээ. Тэр ах угийн нүүрэмгий, хүнээс айхыг мэддэггүй хүн байв. Бас Библийг сайн мэднэ. Ийм хүнтэй хамт байхлаар зориг орж, өөртөө итгэлтэй болдог юм билээ! Ингээд би 1954 оны зуны сүүлээр цэрэг татлагын комиссын шийдвэрээр шашны номлогч гэсэн ангилалд багтаж цэргээс чөлөөлөгдлөө. Үүний ачаар өөр нэг зорилгодоо хүрэх боломж нээгдсэн.
Энэ үеэр Бетелд үйлчлэх урилга ирэв. Тэр нь Нью-Йорк мужийн Стаатен Аиланд дахь Харуулын цамхгийн ферм байсан юм. Тэнд би 3 жил үйлчлэхдээ олон мэргэн хүнтэй танилцаж, хамт ажиллаад их юм сурсан.
БЕТЕЛД ҮЙЛЧИЛСЭН НЬ
Харуулын цамхгийн ферм бас Дааблю Би Би Аар (WBBR) радио станцтай. Энэ радио станц 1924–1957 онд Еховагийн Гэрчүүдийн мэдэлд байлаа. Фермд 15–20 бетелчин л ажиллана. Ихэнх нь над шиг залуу, туршлагагүй хүмүүс. Бидний дунд Ээлдн Вүүдворт гэдэг тослогдсон, настай ах байв. Үнэхээр мэргэн хүн байлаа. Бидэнд аав шиг л санаа тавина. Үнэний замаар гуйвалгүй явахад маань их тус болсон. Бусдын гаргасан алдаанаас болж янз бүрийн асуудал үүслээ гэхэд Вүүдворт ах: «Ехова ажлаа төгс бус хүмүүсээр хийлгэдэг нь гайхалтай» гэж хэлдэг байв.
Фредрик Фрэнц ахтай цуг байх онцгой завшаан бидэнд тохиосон юм. Мэргэн ухаан, Судрын өргөн мэдлэг нь бид бүгдэд гайхалтай нөлөөлсөн. Фрэнц ах ч хүн бүрд санаа тавина. Манай тогооч Хаари Пийтэрсон ах бас тослогдсон хүн. Жинхэнэ нэрийг нь Паапарзироопүлёс гэнэ. Дуудахад хэцүү болохоор бид овгоор нь дуудна. Пийтэрсон ах Бетелийн ажлаа ч сайн хийнэ, дэлгэрүүлэх ажилдаа ч идэвхтэй оролцоно. Сард хэдэн зуун сэтгүүл тараадаг байв. Библийн талаар маш их мэдлэгтэй болохоор бид янз бүрийн юм асуудаг сан.
«МЭРГЭН» ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУС
Бид фермд тарьсан жимс ногоогоо лаазалдаг байв. Жилд 42 600 литр жимс, ногоог Бетелийн гэр бүлд зориулан лаазална. Би энэ ажилд оролцож байсан тул Ээта Хаат гэдэг үнэхээр мэргэн эгчтэй хамт үйлчлэх завшаан олдсон. Ямар жороор лаазлахыг Ээта эгч хариуцдаг
байв. Тэндхийн Гэрч эмэгтэйчүүд туслахаар ирэхэд Ээта эгч тэднийг зохион байгуулна. Хэдийгээр энэ ажилд хариуцлагатай үүрэг хүлээдэг ч фермийн ахлагч ах нарт их хүндэтгэлтэй хандана. Тэргүүллийн зарчмыг баримтлах талаар ийм сайхан жишээ үзүүлдэг эгч байлаа.Туслахаар ирсэн залуу бүсгүйчүүдийн нэг нь Ээнжела Романо байв. Ээта эгч түүнийг Библийн үнэнтэй танилцуулсан гэдэг. Ингэж би Бетелд байхдаа бас нэг мэргэн хүнтэй учирсан юм даа. Түүнтэйгээ 58 жил хамт явж байна. Ээнжи бид хоёр 1958 оны 4 дүгээр сард гэр бүл болсноосоо хойш хамтдаа янз бүрийн аргаар Еховад үйлчилж явна. Ээнжи маань Еховад хувиршгүй үнэнч учраас энэ бүх хугацаанд бид хоёр үргэлж дотно байж ирлээ. Ямар ч бэрхшээл тулгарсан, би эхнэртээ бүрэн итгэдэг.
МИССИОНЕРЫН ТОМИЛОЛТ БА ЯВУУЛЫН АЖИЛ
Стаатен Аиланд дахь манай радио станцын барилгыг 1957 онд худалдахад би Брүүклин дэх Бетелд түр ажилласан юм. Дараа нь Ээнжи бид хоёр гэрлээд Бетелээс гарч Стаатен Аиландад 3 жил эхлэгчээр үйлчилсэн. Би нэг хэсэг радио станцын шинэ эздийн төлөө ажилласан. Тэр станцыг Дааблю Пи Оү Дааблю (WPOW) гэдэг болсон байв.
Ээнжи бид хоёр хаана ч үйлчлэхэд бэлэн байхын тулд энгийн амьдрахаар шийдлээ. Ингээд 1961 оны эхээр Небраска мужийн Фоолс Ситид тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авав. Удаа ч үгүй байтал Христиан үйлчлэлийн сургуулийн урилга ирлээ. Тэр үед энэ сургууль Нью-Йоркийн Өмнөд Лаансинд 1 сар үргэлжилдэг курс байсан юм. Бид хоёр сургуулиа төгсөөд Небраскад буцаад томилогдоно доо гэж бодож байлаа. Гэтэл Камбожид миссионероор томилоход нүд орой дээрээ гарч билээ! Өмнөд Азийн энэ сайхан оронд анх ирэхэд харагдах, сонсогдох, үнэртэх бүх юм нь бидний үзэж амссанаас тэс ондоо байв. Сайн мэдээг түгээн дэлгэрүүлье гэсэн хүсэл оргилж байлаа.
Гэтэл улс төрийн байдал өөрчлөгдөж бид арга буюу Өмнөд Вьетнам руу нүүлээ. Харамсалтай нь 2 жил ч болоогүй байтал би хүнд өвчтэй болж нутаг буцахаас өөр аргагүй болов. Тэнхэртэл хугацаа хэрэгтэй байсан ч зүгээр болмогцоо бид хоёр бүрэн цагаар үйлчилж эхэлсэн.
1965 оны 3 дугаар сараас явуулын үйлчлэлд томилогдож хурлуудад үйлчилдэг болсон. Ээнжи бид хоёр дүүрэг, мужийн ажлыг 33 жил хийхдээ чуулган зохион байгуулах нүсэр ажилд ч бас оролцож явсан. Миний хувьд чуулган үргэлж онцгой байсан болохоор энэ ажилд хувь нэмрээ оруулж байгаадаа баярладаг байв. Бид хоёр хэдэн жил Нью-Йорк хот орчмоор үйлчлэхдээ Яанки цэнгэлдэх хүрээлэнд нэлээд хэдэн удаа чуулган зохион байгуулах ажилд оролцсон.
БЕТЕЛ БА СУРГУУЛИУД
Олон жил тусгай бүрэн цагийн үйлчлэгч байсан Ээнжи бид хоёрыг сэтгэл хөдөлмөөр бас ярвигтай даалгаврууд хүлээж байлаа. Жишээ нь 1995 онд би Үйлчлэл дээшлүүлэх сургуульд багшлах урилга авав. Гурван жилийн дараа
бид хоёр Бетелд уригдлаа. Тусгай бүрэн цагийн үйлчлэлээ 40 гаруй жилийн өмнө эхэлж байсан тэр газартаа буцаад ирсэндээ бөөн баяр болж билээ. Би нэг хэсэг Үйлчлэлийн хэлтэст ажиллаж, янз бүрийн сургуульд багшилсан. Удирдах Зөвлөл 2007 онд Сургалтын хэлтсийг шинээр байгуулж Бетелд байдаг сургуулиудыг хариуцуулав. Энэ хэлтсийн хариуцагчаар хэдэн жил үйлчлэх завшаан надад олдсон юм.Сүүлийн үед сургуулиудад илэрхий өөрчлөлт ар араасаа гарч байна. Ахлагчийн сургууль 2008 онд нээгдсэн. Түүнээс хойших 2 жил гаруйн хугацаанд 12 000 гаруй ахлагч Паатерсон болон Брүүклиний Бетелд ирж уг сургуульд сурсан. Одоо энэ сургууль янз бүрийн газар байгаа бөгөөд багш нар нь тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс юм. 2010 онд Үйлчлэл дээшлүүлэх сургуулийг Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургууль гэж нэрлэх болж, Христиан хосуудад зориулсан Библийн сургуулийг шинээр байгуулсан.
2015 оны үйлчлэлийн жилээс энэ хоёр сургуулийг нэгтгэж Сайн мэдээ тунхаглагчийн сургууль болголоо. Хосууд, ганц бие эрэгтэй эмэгтэй хүмүүс сурч болно. Салбаруудад ийм сургууль байгуулна гэдгийг дэлхий дахинд буй ах дүү нар маань сонсоод маш их баярласан. Бурхны боловсрол олгох сургуулиуд олон болж байгаа нь хэчнээн сайхан! Эдгээр сургуульд суралцахаар амьдралаа өөрчилсөн хүмүүстэй уулзахлаараа би маш их баярладаг.
Өнгөрсөн амьдралаа эргээд бодохлоор Еховадаа талархдаг. Яагаад гэвэл Ехова намайг малын хүйтэн саравчинд баптисм хүртэхээс ч өмнө мэргэн хүмүүсийг илгээж үнэний замаар явахад минь надад туслуулсан. Тэд янз бүрийн насны, янз бүрийн ахуй соёлтой ч зүрх сэтгэлдээ Еховаг гэсэн чин хайраар бялхсан хүмүүс байсан. Энэ нь үйл хэрэг, хандлагаас нь тодорхой харагддаг байж билээ. Еховагийн байгууллагад хамт алхах мэргэн хүмүүс олон бий. Мэргэн хүмүүстэй хамт явсан минь надад сайн байсан.