Skip to content

Гарчиг руу орох

Еховад баяр хөөртэй үйлчлэхэд нь «харийн хүмүүст» тусалъя

Еховад баяр хөөртэй үйлчлэхэд нь «харийн хүмүүст» тусалъя

«ЭЗЭН харийн хүмүүсийг хамгаалдаг» (ДУУ. 146:9).

ДУУ: 3, 25

1, 2. а) Зарим Гэрчид ямар бэрхшээл тулгардаг вэ? б) Ямар асуултуудыг ярилцах вэ?

«МАНАЙ Бүрүндид иргэний дайн гарах үед бид гэр бүлээрээ чуулганд сууж байсан юм. Хүмүүс ийш тийш зугтаж, хаа сайгүй буудалцаан болж байв. Аав ээж 2-оос гадна, ах дүү 11-үүлээ бид хэрэгтэй гэсэн юмаа аваад зугтлаа. Зарим маань 1 600 километр зам туулж Малавид байдаг дүрвэгсдийн хуаранд очсон. Үлдсэн нь харсан зүг рүүгээ явсан» хэмээн Лийеэ гэдэг Гэрч эрэгтэй ярив.

2 Дайн дажин, хавчлага эсэргүүцлийн улмаас орон гэрээсээ дайжсан хүний тоо өнөөдөр 65 саяд хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. * Дүрвэгсдийн дунд мянга мянган итгэл нэгтэн маань бий. Тэдний зарим нь хайртай хүнээсээ хагацаж, эд хөрөнгөнөөсөө салжээ. Өөр ямар бэрхшээл тулгардаг бол? Ямар ч сорилт тулгарсан, Еховад «баяртайгаар үйлчлэхэд» нь тэдэндээ хэрхэн туслах вэ? (Дуу. 100:2). Еховаг мэдэж амжаагүй дүрвэгсдэд сайн мэдээг хэрхэн үр өгөөжтэй тунхаглах вэ?

ДҮРВЭГСДИЙН АМЬДРАЛ

3. Есүс болон дагалдагчид нь яагаад дүрвэсэн бэ?

3 Херод хаан бяцхан Есүсийг алах гэж байгааг тэнгэрийн элч анхааруулахад Иосеф гэр бүлээ аваад Египет рүү дүрвэжээ. Тэднийх Херод хааныг нас бартал тэндээ амьдарсан (Мат. 2:13, 14, 19–21). Есүсийн дагалдагчид хавчлагын улмаас «Иудей болон Самарийн нутгуудад тархав» (Үйлс 8:1). Дагалдагчид нь аргагүйн эрхэнд дүрвэнэ гэдгийг Есүс мэдэж байлаа. Тийм учраас шавь нартаа «Тэд та нарыг энэ хотод хавчвал, өөр хот уруу зугтацгаа» гэжээ (Мат. 10:23). Ямар ч шалтгаанаар бай, орон гэрээ орхиод дүрвэнэ гэдэг хүсэх юм биш ээ.

4, 5. а) Дүрвэж явахад ямар аюул тулгардаг вэ? б) Дүрвэгсдийн хуаранд амьдарч байхад ямар аюул тулгардаг вэ?

4 Дүрвэж явахад ч, дүрвэгсдийн хуаранд байхад ч янз бүрийн аюул тулгардаг. Лийеэгийн дүү Гаад: «Манай гэрийнхэн хэдэн долоо хоногийн турш явган явж, олон зуун цогцосны дэргэдүүр өнгөрсөн. Би тэр үед 12-той байв. Хөл минь хавдаад явж чадахгүй байсан болохоор “Намайг орхи” гэж би хэллээ. Тэгтэл аав намайг босогчдын гарт үлдээхгүй гээд үүрээд явсан. Бид Еховад найдаж, залбирч байсны хүчинд өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Заримдаа замын хажуугаар ургасан манго жимсээр голоо зогооно» гэж ярилаа (Флп. 4:12, 13).

5 Лийеэгийн гэр бүлийнхний ихэнх нь НҮБ-ын дүрвэгсдийн хуаранд нэлээд хэдэн жилийг үдсэн байна. Тэнд ч бас аюул отож байжээ. Одоо дүүрэг хариуцагчаар үйлчилж буй Лийеэ: «Ихэнх хүн ажилгүй. Хов жив ярина, архи ууна, мөрийтэй тоглоно, хулгай хийнэ, завхайрна» гэж ярьсан юм. Гэрчүүд муу нөлөөнд автахгүйн тулд хурлын ажилд идэвхтэй оролцож завгүй байх хэрэгтэй байлаа (Евр. 6:11, 12; 10:24, 25). Олон Гэрч үнэний замаар тууштай явахын төлөө цагаа зөв ашиглан эхлэгчээр үйлчилсэн. Цөлд байсан израильчууд шиг нэг л өдөр дүрвэгсдийн хуарангаас гарна гэдэгтээ итгээд өөдрөг байжээ (2 Кор. 4:18).

ДҮРВЭГСДЭД ХАЙРАА ИЛЭРХИЙЛЬЕ

6, 7. а) Гэрчүүд Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн бие биедээ хэрхэн ханддаг вэ? б) Жишээ хэлнэ үү.

6 Бид Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн бие биедээ, ялангуяа хэцүү бэрхийг амсаж буй нэгэндээ хайраа илэрхийлдэг (1 Иохан 3:17, 18-ыг уншина). I зуунд Иудей дэх Христийн дагалдагчдад өлсгөлөнгийн аюул нүүрлэхэд тэдэнд туслах ажлыг итгэл нэгтнүүд нь зохион байгуулжээ (Үйлс 11:28, 29). Нэг нэгэндээ зочломтгой хандахыг элч Паул Петр нар уриалсан (Ром 12:13; 1 Петр 4:9). Зочилж ирсэн нэгэндээ сайхан сэтгэл гаргах ёстой юм бол амь насанд нь аюул тулгарсан, итгэл үнэмшлээсээ болж хавчигдаж буй ах дүүдээ бүр ч илүү туслах ёстой биз дээ? (Сургаалт үгс 3:27-г уншина). *

7 Саяхан Украины зүүн хэсэгт үймээн самуун, эсэргүүцэл хавчлага гарсны улмаас Еховагийн Гэрчүүд олон мянгаараа дүрвэхэд хүрчээ. Харамсалтай нь зарим Гэрч амь үрэгдсэн. Дүрвэсэн Гэрчүүдийг Украины бусад хэсэг болон Орост амьдардаг итгэл нэгтнүүд нь халуун дотноор угтан авч гэр орондоо байлгав. Ийнхүү улс төрийн үйл хэрэгт оролцолгүй төвийг сахиж энэ «ертөнцийнх биш» гэдгээ баталсан. Үүний зэрэгцээ сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглаж байв (Иох. 15:19; Үйлс 8:4).

ИТГЭЛЭЭ БЭХЖҮҮЛЭХЭД НЬ ТУСАЛЪЯ

8, 9. а) Дүрвэгсдэд ямар бэрхшээл тулгардаг вэ? б) Тэдэнд туслахдаа яагаад тэвчээртэй байх ёстой вэ?

8 Зарим хүн өөр хот руу, зарим нь бүр огт таньж мэдэхгүй улс руу дүрвэдэг. Засгийн газар дүрвэгсдийг хоол хүнс, хувцас хунар, орон байраар хангаж болох юм. Гэсэн хэдий ч бэрхшээл байсаар байна. Жишээ нь идэж сураагүй хоол иднэ. Халуун орноос ирсэн бол хүйтэн сэрүүн уур амьсгалд дасах, хувцас хунараа тохируулж сурах хэрэгтэй. Орчин үеийн цахилгаан хэрэгслийг ашиглаж сурах шаардлагатай ч болж магадгүй.

9 Дүрвэгсдийг шинэ орчинд дасан зохицоход нь туслах зорилгоор засгийн газраас янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэхдээ хэдэн сарын дараагаас дүрвэгсэд өөрсдөө амьдралаа залгуулах хэрэгтэй болдог. Энэ өөрчлөлт нь амаргүй. Нэг дор бүгдийг сурна гээд бод доо! Хэл соёл, хууль дүрэмтэй танилцана. Төлбөр тооцоо хийх, татвар төлөх, сургуульд сурах хэрэгтэй. Бас хүүхдээ хүмүүжүүлнэ. Ийм бэрхшээлийг даван туулж буй итгэл нэгтнүүдээ та хүндэлж, тэвчээртэй хандаж чадах уу? (Флп. 2:3, 4).

10. Дүрвэж ирсэн ах дүүгийнхээ итгэлийг хэрхэн бэхжүүлэх вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

10 Дүрвэж очсон газрынхаа хуралтай холбоо барих гэхлээр эрх баригчид итгэл нэгтнүүдэд маань саад хийх нь бий. Холбоо баривал тусламж үзүүлэхгүй гэж айлгана. Цуглаанд явахад саад болохоор ажил олж өгөөд, татгалзвал оршин суух зөвшөөрөл олгохгүй гэж сүрдүүлнэ. Зарим нь айсандаа тэдний шаардлагыг хүлээж авдаг. Тийм учраас итгэл нэгтнүүдээ дүрвэж ирсэн даруйд нь аль болох хурдан очиж уулзах хэрэгтэй. Тэдэнд санаа тавьж байгаагаа мэдүүлээрэй. Ойлгож өрөвдөн, шаардлагатай тусламж үзүүлдэг бол итгэл нь бэхжих биз ээ (Сур. 12:25; 17:17).

ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЯ

11. а) Дүрвэж ирсэн ах дүүдээ юуны түрүүнд ямар тус хүргэж болох вэ? б) Дүрвэгсэд талархлаа хэрхэн илэрхийлэх хэрэгтэй вэ?

11 Дүрвэж ирсэн ах дүүдээ хоол хүнс, хувцас хунар гээд наад захын хэрэгцээтэй зүйлийг нь өгч туслах хэрэгтэй. * Зангиа гэх мэтийн жаахан бэлэг өгөхөд л тэд баярлана. Нөгөөтээгүүр дүрвэгсэд итгэл нэгтнүүдээсээ илүү юм шаардахын оронд талархлаа илэрхийлэх нь чухал. Ингэвэл өгөхийн жаргал эдэлж буй ах дүүгээ баярлуулна шүү дээ. Харин дандаа л туслуулаад байвал өөрийгөө хүндлэхээ болино, ах дүүтэйгээ эвдрэлцэж ч мэднэ (2 Тес. 3:7–10). Гэхдээ л тэдэнд тусламж хэрэгтэй.

Дүрвэж ирсэн итгэл нэгтэндээ хэрхэн туслах вэ? (11–13-р догол мөрийг үзээрэй)

12, 13. а) Дүрвэгсдэд хэрхэн туслах вэ? б) Жишээ хэлнэ үү.

12 Дүрвэгсдэд туслахад их мөнгөтэй байх албагүй. Харин цаг зав гаргаж анхаарал халамж тавих нь чухал. Нийтийн унаагаар хэрхэн зорчихыг, чанартай, хямд хүнсний бүтээгдэхүүнийг ямар дэлгүүрээс авахыг, ажил хийж мөнгө олоход хэрэг болох багаж хэрэгслийг хаанаас худалдаж авахыг хэлж өгч болно. Хамгийн гол нь шинэ хуралтайгаа нягт хамтран ажилладаг болоход нь туслах хэрэгтэй. Боломжтой бол цуглаанд хүргэж өгвөл сайн. Бас хэсгийнхээ хүмүүст үр өгөөжтэй дэлгэрүүлэх аргыг зааж өгөх нь зүйтэй. Тэгээд хамт дэлгэрүүлээрэй.

13 Өсвөр насны 4 хүүхэд дүрвэж иржээ. Хурлын ахлагчид тэдэнд машин жолоодох, компьютер дээр шивэх, ажлын тодорхойлолт бичих аргыг зааж өгсөн байна. Бас Хаанчлалыг эн тэргүүнд тавихын тулд цагаа яаж хуваарилахыг сургажээ (Гал. 6:10). Удалгүй тэр дөрөв эхлэгч болов. Ахлагчдын зөвлөгөөг дагаж, өөрсдөө хичээсний үрээр ахиц дэвшил гаргаж, Сатаны ертөнцөд уусалгүй үлдэж чаджээ.

14. а) Дүрвэгсэд хорхой хүргэм юуг тэвчих хэрэгтэй вэ? б) Жишээ хэлнэ үү.

14 Эд хөрөнгийг Еховагаас илүү чухал гэж үзэх аюул дүрвэгсдийг ч отож байдаг. Ийм аюулаас хол байхын тулд дарамт шахалт, хорхой хүргэм зүйлийг бусад итгэл нэгтэн шигээ тэвчих хэрэгтэй болдог. * Дээр дурдсан Лийеэгийн аав дүрвэж явахдаа итгэлийн талаар олон зүйлийг хүүхдүүддээ заажээ. Тэд ийн ярьсан юм. «Бидний авч явсан зүйлүүдийг аав минь нэг нэгээр нь хаясан. Тэгээд хоосон цүнх харуулаад инээмсэглэн “Энэ л та нарт хэрэгтэй!” гэж билээ» (1 Тимот 6:8-ыг уншина).

ХАМГИЙН ЧУХАЛ ТУСЛАМЖ

15, 16. а) Еховатай дотно болоход нь б) сэтгэл санааны хэрэгцээгээ хангахад нь дүрвэгсдэд хэрхэн туслах вэ?

15 Дүрвэгсдэд наад захын хэрэгцээтэй зүйл өгөхөөс гадна сэтгэл санааг нь дэмжих, Еховатай дотно байхад нь туслах нь чухал (Мат. 4:4). Ахлагчид эх хэлээр нь гарсан ном хэвлэлийг олж, тэр хэлээр ярьдаг итгэл нэгтнүүдтэй холбож өгөх зэргээр туслах нь зүйтэй. Дүрвэгсэд гэр бүл, нутаг орон, хурлаасаа аргагүйн эрхэнд холдсон шүү дээ. Итгэл нэгтнүүд нь л тэдэнд Еховагийн хайр халамж, өрөвч сэтгэлийг мэдрүүлэх учиртай. Тэгэхгүй бол итгэгч бус хамаатнуудаасаа эсвэл нутгийнхаа хүнээс тусламж гуйж мэднэ (1 Кор. 15:33). Бид дүрвэж ирсэн нэгэндээ элгэмсэг хандаж хурлын маань гишүүн гэсэн сэтгэгдэл төрүүлбэл «харийн хүмүүсийг хамгаалдаг» Ехова Бурхнаа дуурайж байна гэсэн үг (Дуу. 146:9).

16 Есүс хүү эцэг эхтэйгээ хамт нэг хэсэгтээ л хүний нутагт амьдрахаас өөр аргагүй байв. Учир нь эсэргүүцэгчид нь засгийн эрхэнд байсан юм. Дүрвэгсэд бас ийм шалтгаанаар эх орондоо очиж чаддаггүй. Түүнээс гадна зарим хүн буцаж очихыг хүсдэггүй ажээ. Лийеэ: «Ойр дотных нь хүмүүсийг хүчиндэж, амийг нь хөнөөхийг нүдээрээ харсан эцэг эхчүүд тийм аймшигтай газар луу хүүхдүүдээ авч очихыг хүсдэггүй» гэж ярьсан. Тэдэндээ туслахын тулд бид «энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг ... даруу байх» хэрэгтэй (1 Петр 3:8). Эсэргүүцэл хавчлагаас болоод зарим хүн бусдаас хөндийрдөг. Зовлонгоо ярихаас ч ичдэг байж болох юм. Ялангуяа хүүхдийнхээ дэргэд юу ч ярьдаггүй. Та өөрөөсөө ингэж асуугаарай. «Хэрэв би энэ хүний оронд байсан бол хүмүүс надад яаж хандаасай гэж хүсэх бол?» (Мат. 7:12).

ИТГЭГЧ БИШ ДҮРВЭГСДЭД ДЭЛГЭРҮҮЛЬЕ

17. Дүрвэгсэд дэлгэрүүлэх ажлын ачаар хэрхэн тайвширдаг вэ?

17 Манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан улсаас дүрвэж ирсэн иргэд олон байдаг. Хичээл зүтгэлтэй Гэрчүүдийн ачаар мянга мянган дүрвэгч «Хаанчлалын тухай үгийг» анх удаа сонсдог (Мат. 13:19, 23). «Хүнд дарамт үүрсэн» олон хүн манай цуглаанд ирээд сэтгэл нь сэргэж, Бурхан «үнэхээр та нарын дунд» байдаг юм байна гэж хэлдэг (Мат. 11:28–30; 1 Кор. 14:25).

18, 19. Дүрвэгсдэд дэлгэрүүлэхдээ яаж ухаалаг, хэрсүү байх вэ?

18 Дүрвэгсдэд дэлгэрүүлэхдээ ухаалаг, хэрсүү байх хэрэгтэй (Мат. 10:16; Сур. 22:3). Яриаг нь анхааралтай сонсоорой. Улс төрийн талаар битгий ярилцаарай. Салбараас өгсөн заавар болон нутгийн засаг захиргаанаас гаргасан дүрэм журмыг сахиарай. Өөрийгөө болон бусдыг аюултай байдалд оруулах хэрэггүй. Дүрвэгсдийн шашин шүтлэг, үндэсний соёлыг мэдэж аваад хүндэтгэлтэй хандаарай. Жишээ нь эмэгтэйчүүд яаж хувцаслах талаар хатуу зарчимтай хүмүүс байдаг. Тийм хүнд дэлгэрүүлэхдээ эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй байхаар хувцаслаарай.

19 Бид зовлон эдэлж буй хүмүүст, түүний дотор Гэрч биш хүмүүст туслахыг хүсдэг. Энэ нь Есүсийн ёгт үлгэрт гардаг самари хүнийг дуурайж буй хэрэг юм (Лук 10:33–37). Тэдэнд туслах хамгийн гол арга нь сайн мэдээ тунхаглах билээ. Олон дүрвэгсдэд тусалсан нэг ахлагч: «Еховагийн Гэрчүүд гэдгээ тодорхой хэлэх хэрэгтэй. Бид гол нь Бурхантай танилцуулах болохоос бус, эд юмаар туслах зорилгогүй гэдгээ ойлгуулах ёстой. Тэгэхгүй бол зарим хүн ашиг харж магадгүй» гэж ярьжээ.

ҮР ДҮН

20, 21. а) Дүрвэгсдэд хайраа илэрхийлэх нь ямар үр дүнтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

20 «Харийн хүмүүст» хайраа илэрхийлдэг бол сайн үр дүнд хүрнэ. Хавчин гадуурхах явдлаас болоод гэрийнхэн нь Эритрегээс дүрвэсэн тухай нэг Гэрч эмэгтэй ярьсан юм. Дөрвөн хүүхэд нь цөлөөр найм хоног эцэж цуцталаа явсны эцэст Суданд иржээ. Тэрээр: «Итгэл нэгтнүүд маань тэдэнд төрөл садан шигээ хандсан. Хоол хүнс, хувцас хунар өгч, гэр орондоо байлгаж, унаа тэргээр үйлчилсэн. Танихгүй хүнийг шүтлэг нэгтэй гээд халуун дотноор угтан авч гэртээ байлгах хүн Еховагийн Гэрчүүдээс өөр байна уу? Байхгүй!» гэжээ (Иохан 13:35-ыг уншина).

21 Эцэг эхийгээ дагаж ирсэн хүүхдүүдэд ч бас туслах хэрэгтэй. Еховад баяр хөөртэй үйлчлэхэд нь яаж тусалж болохыг дараагийн өгүүллээр үзнэ.

^ д/м 2 Энэ өгүүллээр зэвсэгт мөргөлдөөн, хавчлага, байгалийн гамшгийн улмаас эх орноосоо өөр улс руу эсвэл амьдарч буй газраасаа өөр хот руу дүрвэсэн хүмүүсийн тухай ярилцана. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын мэдээлснээр өнөөдөр дэлхий дахинд «113 хүн тутмын нэг нь» дүрвэжээ.

^ д/м 11 Итгэл нэгтнээ дүрвэж ирсэн даруйд ахлагчид «Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага» («Organized to Do Jehovah’s Will») номны 8-р бүлгийн 30-р догол мөрд буй зааврыг дагах ёстой. Байгууллагын jw.org саитыг ашиглан харьяа салбартаа захидал бичиж нутгийнх нь хуралтай холбоо барина. Үүний зэрэгцээ Еховатай хэр дотныг нь мэдэхийн тулд тэр хүнээс хурлынх нь талаар, дэлгэрүүлэх ажлынх нь талаар эвтэйхэн асууж болно.

^ д/м 14 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 4-р сарын 15-ны дугаарын 17–26-р хуудсанд нийтлэгдсэн «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй», «Зоригтой байгаарай. Ехова танд тусална!» гэсэн өгүүллүүдийг үзээрэй.