Уншигчдын асуулт
Еховагийн Гэрчүүд аюултай этгээдээс өөрийгөө хамгаалах зорилгоор буу гэх мэтийн галт зэвсэг эзэмших нь зөв үү?
Еховагийн Гэрч хүн биеэ хамгаалах аргыг сонгохдоо Библийн зарчмыг баримталдаг. Библийн зарчмуудыг үзвэл Гэрч хүн аюултай этгээдээс өөрийгөө хамгаалах зорилгоор гар буу, ангийн буу гэх мэтийн зэвсэг хэрэглэж болохгүй. Дараах зарчмыг бодоод үзье.
Ехова хүний амийг ариун гэж үздэг. Дуулалч Давид Еховаг «амийн эх булаг» гэсэн байдаг (Дуу. 36:9). Тийм учраас Гэрч хүн өөрийгөө юм уу эд хөрөнгөө хамгаалах боллоо гэхэд хүний амийг хөнөөж цусны буруутан болохгүй байх бүх арга хэмжээг авах ёстой (Д.хууль 22:8; Дуу. 51:14).
Биеэ хамгаалах зорилгоор юу ч хэрэглэсэн, хүний амь насыг хохироож мэдэх юм. Гэхдээ буугаар бол санаатай ч бай, санамсаргүй ч бай хүнийг дор нь хөнөөх аюултай. * Түүнээс гадна дайрч довтолж буй ууртай этгээд галт зэвсэг харвал юу ч хийхээс буцахгүй болдог учраас хэн нэгнийх нь амь эрсдэж мэднэ.
Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө шавь нартаа илд агсахыг тушаахдаа биеэ хамгаал гэх гээгүй (Лук 22:36, 38). Харин зэвсэгтэй этгээдүүдтэй нүүр тулсан ч хүч хэрэглэж болохгүй гэдгийг ойлгуулахыг хүсжээ (Лук 22:52). Петр тэргүүн тахилчийн боол руу дайрч илд хэрэглэхэд Есүс: «Илдээ хуйнд нь хий» гэж тушаадаг. Дараа нь «Илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» хэмээн хэлсэн нь өнөөдөр ч бидний мөрдөх ёстой зарчим юм (Мат. 26:51, 52).
Мика 4:13-ын дагуу Бурхны ард түмэн «илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана». Христийн жинхэнэ дагалдагчид эв эеийг эрхэмлэдгээрээ алдартай. Тэд элч Паулын бичсэн «Хэнд ч хэзээ ч бузар мууг бузар муугаар бүү хариул. ... Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» гэсэн тушаалыг дагадаг (Ром 12:17, 18). Паул янз бүрийн зовлон үзсэн. Бүр «дээрэмчдийн аюултай» ч тулгарч явсан. Гэсэн хэдий ч биеэ хамгаалахын тулд Библийн зарчмыг зөрчиж байсан удаагүй (2 Кор. 11:26). Харин Бурханд найддаг байв. Мөн Библийн мэргэн зөвлөгөөг «тулалдах зэвсгээс ч хүчтэй» гэдэгт итгэж байсан (Ном. 9:18).
Христийн дагалдагчид амийг эд зүйлээс илүү үнэтэй гэж үздэг. Хүний «амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй» (Лук 12:15). Хэрэв зэвсэгтэй дээрэмчинтэй эвээр ярьсан ч дайралтаа зогсоохгүй байвал «Хар санаатай хүнийг бүү эсэргүүц» гэсэн Есүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хүссэн зүйлийг нь өгнө гэсэн үг (Мат. 5:39, 40; Лук 6:29). * Ер нь ийм байдалд орохгүй байх хамгийн сайн арга нь урьдчилан сэргийлэх явдал юм. Эд хөрөнгөөрөө гайхуулдаггүй бол дээрэмчид бидэн рүү довтлох нь юу л бол (1 Иох. 2:16). Еховагийн Гэрчүүд эвийг эрхэмлэдэг хүмүүс гэж олонд танигдах нь бас нэгэн хамгаалалт болдог (Сур. 18:10).
Еховагийн Гэрчүүд бусдыгаа боддог (Ром 14:21). Гэрч хүн аюултай этгээдээс өөрийгөө хамгаалах зорилгоор буу эзэмшдэг бол итгэл нэгтнүүд нь шооконд орж, тэр байтугай үнэний замаас гарч болзошгүй. Тиймээс буу эзэмших хууль ёсны эрхтэй гэж бодож байлаа ч ах дүүгээ гэсэн хайрандаа хөтлөгдөн эрх ашгаа хойш нь тавина (1 Кор. 10:32, 33; 13:4, 5).
Христийн дагалдагчид бусдад үлгэр дуурайл болохыг хүсдэг (2 Кор. 4:2; 1 Петр 5:2, 3). Ахлагчид Библийн үндэстэй зөвлөгөө өгсөн ч тухайн Гэрч бусад хүнээс өөрийгөө хамгаалах зорилгоор буу эзэмшихээ болихгүй бол сайн жишээ үзүүлэхгүй байна гэж үзнэ. Тийм Гэрчид хариуцлагатай үүрэг оноохгүй. Ажлын шаардлагаар галт зэвсэг авч явдаг Гэрчид ч энэ зарчим хамаатай. Тийм учраас өөр ажил хайсан нь дээр.
Гэрч хүн өөрийгөө, гэрийнхнийгээ, эд хөрөнгөө яаж хамгаалах, ямар ажил хийхээ өөрөө шийдэх эрхтэй. Гэхдээ ийм асуудлыг шийдэхдээ Библийн зарчмыг үндэс болгох шаардлагатай. Мэргэн ухаант Бурхан маань бидэнд хайртай учраас баримтлах зарчим өгсөн билээ. Ехова Бурхантай дотно хүн бусдаас өөрийгөө хамгаалах зорилгоор буу эзэмшдэггүй. Бурханд найдан Библийн зарчмыг баримталж явдаг бол мөнхөд айж түгшихгүй амьдардаг болно гэдгээ тэд мэддэг (Дуу. 97:10; Сур. 1:33; 2:6, 7).
^ д/м 3 Гэрч хүн ан агнах, зэрлэг амьтнаас биеэ хамгаалах зорилгоор галт зэвсэг (ангийн буу гэх мэт) эзэмшлээ гэж бодъё. Тэгвэл хэрэглээгүй үедээ цэнэглэхгүй байх шаардлагатай. Бүр задалсан ч болно. Далд хийгээд цоожлох хэрэгтэй. Буу зэвсэг эзэмшихийг хуулиар хориглосон, тодорхой хязгаар тавьсан эсвэл өөр ямар нэгэн дүрэм журамтай бол сахин биелүүлэх шаардлагатай (Ром 13:1).
^ д/м 2 Хүчиндүүлэхээс өөрийгөө хамгаалах талаар «Сэрцгээ!» сэтгүүлийн 1993 оны 3-р сарын 8-ны дугаарт «Яаж урьдчилан сэргийлэх вэ?» («How to Prevent Rape») гэсэн өгүүлэл нийтлэгдсэн (англи).