Тэд сайн дураараа үйлчилдэг—Туркт
I ЗУУНЫ Христийн дагалдагчид Хаанчлалын тухай мэдээг аль болох олон хүнд хүргэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргажээ (Мат. 24:14). Зарим нь гадаадад очиж дэлгэрүүлдэг байв. Жишээ нь, элч Паул миссионерын аялал хийхдээ одоогийн Туркийн нутгаар явж олон хүнд дэлгэрүүлж байжээ. * Түүнээс хойш 2 000 орчим жилийн дараа буюу 2014 онд сайн мэдээ дэлгэрүүлэх тусгай аяныг Туркт дахин зохион байгуулсан юм. Яагаад? Энэ аянд ямар хүмүүс оролцсон бэ?
«ЭНД ЮУ БОЛЖ БАЙГАА ЮМ БЭ?»
Туркт эдүгээ 2 800 гаруй дэлгэрүүлэгч бий. Харин Туркийн хүн ам 79 сая. Өөрөөр хэлбэл 1 дэлгэрүүлэгчид ойролцоогоор 28 000 хүн оногддог. Тэгэхээр маш цөөхөн хүнд л сайн мэдээ хүрсэн гэсэн үг. Тусгай аяныг зохион байгуулсан зорилго нь сайн мэдээг богино хугацаанд аль болох олон хүнд хүргэх явдал байлаа. Турк хэлтэй 550 орчим хүн бусад улс орноос ирж орон нутгийн итгэл нэгтнүүдтэйгээ хамт уг аянд оролцжээ. Ямар амжилт гаргасан бэ?
Сайн мэдээг олон хүнд дуулгасан. Стамбулд байдаг нэг хурлынхан: «Хүмүүс биднийг хараад “Энд тусгай чуулган болж байгаа юм уу? Еховагийн Гэрчүүд хаа сайгүй байх юм аа!” гэж ярьж байсан» хэмээн бичжээ. Измир хотод байдаг нэг хурлаас ирсэн захидалд «Таксины зогсоол дээр ажилладаг эрэгтэй: “Энд юу болж байгаа юм бэ? Та нар ч эрчимтэй ажиллаж байна шүү!” гэж хурлын ахлагчид хэлсэн» хэмээн бичсэн байна. Дэлгэрүүлэх аян олны анхаарлыг татжээ.
Гадаадаас ирж оролцсон Гэрчүүд дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрсэн. Даниас ирсэн Стийфн: «Еховагийн тухай огт дуулаагүй хүмүүстэй өдөр болгон тааралдаж байсан. Еховагийн нэрийг мэдүүлэх шиг л болсон доо» гэсэн юм. Францын Шон-Давид: «Ихэнх хүн Еховагийн Гэрчүүдийг мэддэггүй юм билээ. Айлаар дэлгэрүүлж байхдаа бараг бүх хүнтэй ярилцаж, видео үзүүлж, хэвлэл өгсөн. Ганцхан гудамжаар явахад л нэлээн хэдэн цаг болж байсан. Үнэхээр гайхалтай!» хэмээн бичжээ.
Аянд оролцсон 550 дэлгэрүүлэгч 14 хоногийн дотор 60 мянга орчим хэвлэл тараасан. Энэ аяны үрээр маш олон хүн сайн мэдээг сонссон.
Улам идэвхтэй дэлгэрүүлдэг болсон. Тусгай аян Туркийн ах дүү нарын урмыг сэргээжээ. Олон хүн бүрэн цагаар үйлчилье гэж боддог болсон байна. Аян зохиогдсоноос хойших 12 сарын хугацаанд байнгын эхлэгчдийн тоо 24 хувиар өсжээ.
Хилийн чанадаас ирж оролцсон хүмүүст энэ аян ямар ач тустай байсныг сонирхъё. Германд амьдардаг Шийрин гэдэг эмэгтэй: «Туркийн ах дүү нар албан бусаар дэлгэрүүлэхдээ гарамгай юм билээ. Би их ичимхий болохоор албан бусаар дэлгэрүүлж чаддаггүй байсан. Гэхдээ чаддаггүй байсан юмаа чаддаг болоход минь тусгай аян, ах дүү нарын үлгэр дуурайл, залбирал тус болсон. Бүр метрон дотор дэлгэрүүлж, танилцуулга тараасан. Одоо би өмнөх шигээ биш болсон» гэж бичжээ.
Германы Ёоханнэс: «Туркийн ах дүү нар аль болох олон хүнд үнэнийг мэдүүлэхийг маш их хүсдэг. Боломж бүрийг алдалгүй дэлгэрүүлдэг. Би Германд буцаж очоод ийм л болъё гэж бодсон. Бодсоноор болж байна. Одоо урьдынхаасаа олон хүнд дэлгэрүүлж байгаа» гэсэн юм.
«Энэ аян надад маш хүчтэй нөлөөлсөн. Илүү зоригтой болсон, Еховад илүү их найддаг болсон» гэж Францын Зэйнээп ярьж байна.
Дэлгэрүүлэгчид дотно болцгоосон. Газар газрын итгэл нэгтнүүд маань бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй байсныг мартахын аргагүй. Дээр дурдсан Шон-Давид: «Бид зочломтгой ах дүү нарынхаа хайрыг “амсаж үзсэн”. Биднийг найз нөхөд, гэр бүлийнхээ хүмүүс шиг үзэж гэртээ байлгасан. Олон улсын ах дүүгийн барилдлагад нэгдсэн гэдгээ би мэддэг байсан л даа. Манай ном хэвлэл дээр зөндөө л бичсэн байдаг. Гэхдээ өөрийн биеэр анх удаа амсаж үзсэн. Еховагийн үйлчлэгч гэдгээрээ бахархах сэтгэл төрж, ийм гайхалтай завшаан өгсөн Еховадаа талархсан» гэв.
Францад амьдардаг Клээр: «Дани, Франц, Германаас ирсэн ч бай, Туркт амьдардаг ч бай, бид бүгдээрээ нэг гэр бүлийнхэн. Бурхан улс орнуудын хилийн шугамыг том баллуураар арилгасан юм шиг л санагдсан» гэж ярьжээ.
Францаас ирсэн Стээфэни: «Биднийг нэгтгэж байгаа зүйл бол хэл соёл биш, харин Еховаг гэсэн хайр гэдгийг энэ тусгай аян ойлгуулсан» хэмээн нэмж хэлэв.
ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГСӨӨР
Гадаадаас ирж аянд оролцсон олон хүн дэлгэрүүлэх ажилд туслахын тулд Туркт нүүж очихоор төлөвлөж байна. Цөөн хэд нь аль хэдийн нүүгээд оччихсон. Хэрэгцээ ихтэй газар ирж хувь нэмрээ оруулж буй тэдэндээ талархаад баршгүй.
Туркт байдаг 25 дэлгэрүүлэгчтэй алслагдсан бүлэг олон жил ганцхан ахлагчтай байжээ. 2015 онд тэр бүлэгт туслахаар Герман, Нидерландаас 6 хүн ирэхэд ямар их баяр хөөр болсон нь ойлгомжтой!
ХАЛУУН ЦЭГ
Туркт туслахаар нүүж ирсэн хүмүүст эндхийн амьдрал ямар санагддаг бол? Үнэнийг хэлэхэд заримдаа амаргүй байдаг гэнэ. Гэлээ ч их ивээл хүртдэг ажээ. Зарим хүний яриаг сонирхъё.
Эхнэртэйгээ Испаниас нүүж ирсэн Федерико 41-тэй. Тэрээр: «Санаа тавиад байхаар эд хогшилгүй учраас илүү чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаг» гэсэн юм. Ингэж үйлчлэхийг бусдадаа уриалмаар байна уу гэж асуухад «Тэгэлгүй яах вэ!» гээд «Еховаг мэддэг болоход нь хүмүүст туслахаар гадаад руу нүүнэ гэдэг бол өөрийгөө Еховад бүрэн даатгаж байгаа хэрэг. Ехова урьд өмнөхөөсөө ч илүү санаа тавьж байгааг та мэдэрнэ» гэсэн юм.
«Халуун цэг дээр үйлчлэх ямар гоё гэж санана! Маш олон хүнд хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг дуулгадаг. Хүлээж аваад баярлаж байгаа хүмүүсийг харахлаараа би өөрөө баярладаг» гэж эхнэртэйгээ хамт Нидерландаас ирсэн, 57 настай Рүүди ярилаа.
Гэргийтэйгээ хамт Германаас нүүж ирсэн Саша одоо 42 настай. Тэрээр: «Би дэлгэрүүлэх болгондоо үнэнийг анх удаа сонсож байгаа хүмүүстэй таардаг. Тийм хүмүүст Еховаг танилцуулах шиг таатай юм байхгүй» гэв.
Японоос нөхөртэйгөө ирсэн 36 настай Ацко: «Би өмнө нь Хармагедон хурдан ирээсэй гэж боддог байсан. Харин Туркт ирснээсээ хойш, одоо болтол тэвчиж байгаад нь Еховад талархдаг болсон. Яаж удирдан чиглүүлж байгааг нь харах тусам Еховатай илүү дотносохыг хүсдэг болсон» гэжээ.
Оросоос ирсэн 31-тэй Алиса: «Би энд ирж үйлчлээд Ехова сайн гэдгийг амсаж байна» гэв (Дуу. 34:8). Тэгээд цааш нь «Ехова бол миний Эцэг төдийгүй дотны минь Найз. Би энд янз бүрийн л юм үзэж байна. Тэгэх бүрдээ Найзтайгаа илүү сайн танилцаж байна. Амьдрал минь жаргалтай мөч, сонирхолтой явдал, ивээл хишгээр баян болсон!» хэмээн ярьсан юм.
«ТАЛБАЙГ ХАРАГТУН»
Туркт тусгай аян зохион байгуулснаар маш олон хүн сайн мэдээ сонссон. Гэхдээ сайн мэдээ хүрээгүй газар нутаг бүр ч их байна. Туркт нүүж очсон дэлгэрүүлэгчид Еховагийн тухай огт дуулаагүй хүмүүстэй өдөр бүр тааралддаг. Та ийм газар үйлчлэхийг хүсдэг үү? Тэгвэл бид танд «Хараагаа дээшлүүлж, талбайг харагтун. Учир нь талбай цайрч хураалтанд бэлэн болжээ» хэмээн уриалж байна (Иох. 4:35). Та «хураалтанд бэлэн болсон» талбайд очиж туслах боломжтой юу? Тийм бол зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай бүхнийг одооноос хийж эхлээрэй. Нэг зүйлийг батлан хэлье. Хэрэв та үйлчлэлээ өргөжүүлэн сайн мэдээг «дэлхийн хязгаар хүртэл» түгээх ажилд оролцвол юутай ч харьцуулшгүй их ивээл хүртэнэ! (Үйлс 1:8).
^ д/м 2 «Бурхны Үгийг судлах хөтөч» гарын авлагын 17-р хэсэгт байгаа газрын зургийг үзнэ үү.