Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн нөмөрт хоргоддог уу?

Та Еховагийн нөмөрт хоргоддог уу?

«ЭЗЭН Өөрийн зарц нарын сэтгэлийг авардаг бөгөөд Түүний дотор хоргоддог хэн нь ч буруушаагдахгүй» (ДУУ. 34:22).

ДУУ: 49, 32

1. Бурхны үнэнч үйлчлэгчид яадаг вэ?

«БИ ЯМАР өрөвдөлтэй хүн бэ?» (Ром 7:24). Элч Паул шиг ингэж хэлдэг хүн Бурхны үнэнч үйлчлэгчдийн дунд олон бий. Яагаад? Өвлөж авсан нүглээсээ болоод бид бүгдээрээ зовдог. Еховаг баярлуулах гэсэн хүслээ биелүүлж чадаагүй үедээ гутардаг. Ноцтой нүгэл үйлдчихээд «Ехова намайг хэзээ ч уучлахгүй» гэж боддог хүн ч байдаг.

2. а) Дуулал 34:22-оос юү мэдэж болох вэ? б) Энэ өгүүллээр юү үзэх вэ? ( «Сургамжтай юу эсвэл бэлгэдлийн утгатай юу?» гэсэн хавсралтыг үзээрэй).

2 Гэсэн хэдий ч Еховагийн нөмөрт хоргоддог бол алдаа гаргасандаа хэтэрхий их гутрах хэрэггүйг Библид бичсэн байдаг (Дуулал 34:22-ыг уншина). Еховагийн нөмөрт хоргодно гэж яахыг хэлдэг вэ? Ехова намайг өршөөж энэрээсэй гэж хүсдэг бол юү хийх ёстой вэ? Эдгээр асуултын хариуг мэдэж авахын тулд эртний Израйлд байсан хоргодох хотуудын тухай авч үзье. Мосегийн хуульд хоргодох хотуудын тухай заалт байдаг бөгөөд энэ нь МЭ 33 оны Тавь дахь өдрийн баяраар хүчингүй болсон. Гэхдээ энэ хуулийг Ехова өгснийг санаарай. Тэгэхээр Ехова нүглийг, нүгэл үйлдсэн этгээдийг, гэмшсэн хүнийг юү гэж үздэгийг уг хуулиас мэдэх боломжтой. Эхлээд хоргодох хотуудын зорилго, үүргийн талаар ерөнхийд нь мэдэж авъя.

«ХОРГОДОХ ХОТУУДЫГ ӨӨРСДӨДӨӨ СОНГО»

3. Израйлчууд санаатайгаар хүн алсан этгээдийн хэргийг хэрхэн шийддэг байсан бэ?

3 Хүний аминд хүрсэн бүх үйлдлийг маш ноцтой хэрэг гэж Ехова үздэг. Санаатайгаар хүн алсан этгээд үхэх ёстой. Талийгаачийн хамгийн ойрын эрэгтэй хамаатан «цусан өшөө авагч» болдог байв (Тоол. 35:19). Учир нь гэмт этгээд хохирогчийн амийг өөрийнхөө амиар төлөх ёстой. Хүн алсан этгээдийг нэн даруй устгаснаар Амласан газрыг бузартахаас сэргийлдэг байв. Ехова: «Та нар өөрсдийн байгаа нутгаа бохирдуулах ёсгүй. Учир нь [хүний урссан] цус газрыг бохирдуулдаг» хэмээн айлджээ (Тоол. 35:33, 34).

4. Хүний амийг санамсаргүй хохироосон этгээдийн хэргийг хэрхэн шийддэг байсан бэ?

4 Тэгвэл хүний амь насыг санамсаргүй хохироосон этгээдийг яадаг байсан бэ? Санаатайгаар хүн алаагүй ч гэмгүй хүний амь насыг хохироосон түүнийг гэмт хэрэгтэнд тооцдог байв (Эх. 9:5). Гэхдээ тэр хүнд өршөөл энэрэл үзүүлнэ гэдгээ Ехова хэлжээ. Тиймээс цусан өшөө авагчаас зугтаж, хоргодох зургаан хотын аль нэгэнд очиж тэндээ аюулгүй байх боломжтой байв. Харин тэргүүн тахилчийг нас бартал тэр хотод байх ёстой байжээ (Тоол. 35:15, 28).

5. Хоргодох хотуудаас Еховагийн талаар юү мэдэж авах вэ?

5 Хоргодох хот бий болгох санаачилгыг хүн биш, Ехова Бурхан гаргасан. Ехова: «Израилийн хөвгүүдэд хэл “Хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго”» гэж Иошуад тушаажээ. Израйлчууд хотуудыг сонгомогц Ехова тэдгээрийг ариусган тусгаарлажээ (Иош. 20:1, 2, 7, 8). Хоргодох хотын тухай судлахаар Еховагийн өршөөл энэрлийг улам сайн ойлгодог. Яагаад ингэж хэлж болох вэ? Энэ нь өнөө үед Еховагийн нөмөрт хоргодохтой ямар холбоотой вэ?

«НАСТАНГУУДАД ӨӨРИЙН ХЭРГИЙГ ЯРИХ ... ЁСТОЙ»

6, 7. а) Санамсаргүйгээр хүн алсан эсэхийг хэрхэн тогтоодог байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Зугтаж очсон хүн ахлагчидтай уулзах нь яагаад чухал байсан бэ?

6 Хүний амийг санамсаргүй хохироосон этгээд хоргодох хот руу зугтаж очоод «хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих» ёстой. Настангууд буюу хотын ахлагчид тэр хүнийг найрсгаар угтаж авах учиртай (Иош. 20:4). Хэсэг хугацааны дараа, хэрэг гарсан хотын ахлагчид руу түүнийг явуулах ба тэд хэргийг шүүх ажээ (Тооллого 35:24, 25-ыг уншина). Хүний амь насыг санамсаргүй хохироосон нь тогтоогдвол хоргодох хот руу нь буцаадаг байв.

7 Яагаад ахлагчид оролцдог байсан бэ? Израйлыг цэвэр ариун байлгах, мөн санамсаргүйгээр хүн алсан хүнд Еховагийн өршөөл энэрлийг үзүүлэх зорилготой ажээ. Хэрэв ахлагчид руу очоогүй бол амиа алдах аюултай байсан гэж нэгэн Библи судлаач бичжээ. Тэрээр цааш нь «Бурхны өгсөн боломжийг ашиглаагүйгээс болж амиа алдвал өөрийнх нь буруу болдог байсан» гэж бичсэн. Тухайн хүн амьд үлдэхийн тулд өөрөө хөөцөлдөж тусламж авах ёстой байв. Еховагийн тусгаарлаж өгсөн хотуудын аль нэгэнд очиж хоргодоогүй бол хохирогчийн ойрын хамаатны гарт үрэгдэх байлаа.

8, 9. Ноцтой нүгэл үйлдсэн бол яагаад ахлагчидтай уулзах ёстой вэ?

8 Өнөө үед, ноцтой нүгэл үйлдсэн хүн Еховатай дахин сайн харьцаатай болохын тулд ахлагчидтай уулзах ёстой. Энэ нь яагаад чухал гэж? Нэгдүгээрт, ноцтой нүгэл үйлдсэн хүний хэргийг ахлагчид шийдвэрлэнэ гэж Ехова Үгэндээ бичүүлсэн (Яак. 5:14–16). Хоёрдугаарт, гэмшсэн хүн Бурхны сайшаалыг хүлээж, дахин нүгэл үйлдэхгүй байхад тустай (Гал. 6:1; Евр. 12:11). Гуравдугаарт, ахлагчид бол сургаж бэлтгэгдсэн тусгай үүрэгтэй хүмүүс учраас өөрийгөө буруутган шаналж буй хүнд тусалж чадна. Ехова тэднийг «салхинаас хоргодох газар» гэдэг (Ис. 32:1, 2). Энэ арга хэмжээ Бурхны энэрэнгүй сэтгэлийн илрэл биш гэж үү?

9 Ахлагчдаас тусламж авбал тайвширдгийг Бурхны олон үйлчлэгч биеэрээ амссан байна. Тэдний нэг нь Дээниэл юм. Тэрээр ноцтой нүгэл үйлдсэнийхээ дараа ахлагчидтай уулзалгүй хэдэн сар болжээ. «Хугацаа алдсан болохоор ахлагчид надад туслахаасаа өнгөрсөн л гэж бодсон. Хийсэн хэргийг минь хүн мэдчих вий гэхээс байнга айдаг байв. Еховад залбирах болгондоо хамгийн түрүүнд, хийсэн хэргийнхээ төлөө уучлал гуйдаг байлаа» гэж Дээниэл ярьсан юм. Эцэс сүүлд нь ахлагчдаас тусламж гуйжээ. Тэрээр өнгөрснөө эргэн хараад, «Мэдээж ахлагчид дээр очихоосоо айж байсан. Гэхдээ дараа нь мөрөн дээрээс хүнд ачаа аваад хаячих шиг л болсон. Одоо би Еховад ямар ч саадгүй залбирдаг» хэмээн хэлжээ. Дээниэлийн сэтгэл уужирчээ. Тэрээр саяхан туслах үйлчлэгчээр томилогдсон байна.

«ЭДГЭЭР ХОТУУДЫН НЭГ УРУУ ЗУГТАХ» ЁСТОЙ

10. Санамсаргүйгээр хүн алсан гэмт хэрэгтэн өршөөл хүртье гэвэл яах ёстой байсан бэ?

10 Санамсаргүйгээр хүн алсан гэмт хэрэгтэн өршөөл хүртэхийн тулд хамгийн ойрын хоргодох хот руу зугтаж очих ёстой байв (Иошуа 20:4-ийг уншина). Хотод аль болох хурдан очоод, тэндээсээ гарахгүй байвал амьд үлдэх боломжтой учир хайнга хандаж болохгүй байсан. Олон юмаа золиослох хэрэгтэй. Ажил төрөл, ая тухтай гэр орноо орхино. Бас тэргүүн тахилчийг нас бартал тэр хотоос чөлөөтэй гарч явж болохгүй * (Тоол. 35:25). Ингэх нь ч зүйн хэрэг. Хэрэв тэрээр хотоос гарч явбал хүний амь хөнөөснийгөө юман чинээ бодоогүйтэй адил болох байв. Бас амь насаа алдах аюултай байлаа.

11. Нүглээ гэмшсэн хүн Бурхны өршөөлийг хүртэхийн тулд юү хийх вэ?

11 Гэмшлээ ч зүгээр сууж байгаад Бурхны өршөөлийг хүртэхгүй. Нүгэл үйлдэхээ бүрмөсөн болих хэрэгтэй. Зөвхөн ноцтой нүгэл үйлдэхээ болиод зогсохгүй, ноцтой нүгэлд хүргэдэг ялихгүй жижиг алдаа гаргахаа болино гэсэн үг юм. Коринтод амьдардаг байсан Христийн дагалдагчид гэмшээд юү хийсэн тухай элч Паул бичихдээ «Та нар Бурхны хүслийн дагуу шаналж их хичээл зүтгэл гаргаснаар ямар үр дүнд хүрснээ хар даа. Та нар нэрээ цэвэрлэсэн, муу муухайг үзэн ядсан, Бурхнаас эмээсэн, гэмшихийг чин сэтгэлээсээ хүссэн, идэвх зүтгэл гаргасан, алдаагаа зассан» гэжээ (2 Кор. 7:10, 11). Нүгэл үйлдэхээ болихын тулд чадах бүхнээ хийх нь хайхрамжгүй хандаагүйн шинж юм. Бас хар аяндаа өршөөл хүртэнэ гэж бодоогүйгээ Еховад харуулж байна гэсэн үг.

12. Христийн дагалдагч хүн Бурхны өршөөлийг хойшид ч хүртэхийн тулд яах ёстой вэ?

12 Бурхны өршөөлийг хойшид ч хүртэхийн тулд Христийн дагалдагч хүн яах ёстой вэ? Хийх дуртай ч, тэр нь нүгэл үйлдүүлж болзошгүй зүйл байвал түүнийг бүрмөсөн хаях ёстой (Мат. 18:8, 9). Жишээ нь таны найзууд Еховад таалагддаггүй юм хийж таныг уруу татахыг оролддог бол тэднээс холбоогоо таслах уу? Согтууруулах ундааг тохируулж ууж чаддаггүй бол хэтрүүлж болзошгүй аюулаас зайлсхийх үү? Хэрэв та садар самуун явдалд орооцолдохоос сэрэмжилж явдаг бол ухаан санааг бузарлаж мэдэх кино, вэбсаит, үйл хэргээс хол байдаг уу? Еховадаа үргэлж үнэнч байхын тулд аливаа зүйлээ золиослох нь үр дүнтэй байдгийг санаарай. Еховад гологдох шиг тоогүй юм гэж байх уу? Нөгөө талаар Еховагийн «мөнхийн энэрэл хайрыг» мэдрэх шиг сайхан юм гэж байх уу? (Ис. 54:7, 8).

«ТЭДГЭЭР ХОТУУД ... ХОРГОДОХ ГАЗАР ТАНЬ БОЛОГ»

13. Хоргодох хотод зугтаж ирсэн хүн яагаад аюулгүй, тайван, жаргалтай амьдарч болдог байсныг тайлбарлана уу.

13 Санамсаргүйгээр хүний амь хөнөөсөн этгээд хоргодох хотод очсон бол аврагддаг байв. Ехова: «Тэдгээр хотууд ... хоргодох газар тань болог» гэжээ (Иош. 20:2, 3). Тиймээс хуучин хэргийг нь дахин сөхөж шүүхэд дууддаггүй байв. Бас алуурчны амийг хөнөөхөөр хоргодох хот руу орохыг цусан өшөө авагчид зөвшөөрөөгүй. Тэгэхээр санамсаргүйгээр хүн алсан этгээд амиа алдана гэж айх хэрэггүй. Хотоосоо л гарахгүй бол Ехова түүнийг хамгаалдаг байжээ. Хоргодох хот шорон биш юм. Ажил хийх, бусдад туслах, Еховад тайван үйлчлэх боломжтой байсан. Тэгэхээр жаргалтай, утга учиртай амьдарч болдог байсан хэрэг!

Ехова уучилна гэдэгт итгээрэй (14–16-р догол мөрийг үзээрэй)

14. Гэмшсэн бол юунд итгэлтэй байх хэрэгтэй вэ?

14 Ноцтой нүгэл үйлдээд гэмшсэн зарим Гэрч өөрийгөө буруутгасаар байдаг. Тэр битгий хэл, хийсэн хэргийг минь Ехова хэзээ ч мартахгүй гэж боддог. Та тэдний нэг бол Ехова таныг уучилсан гэдэгт итгээд бүрэн тайвшраарай! Дээр дурдсан Дээниэлд яг ийм явдал тохиолджээ. Ахлагчдын ачаар алдаагаа засаж сэтгэлээ ариусгасныхаа дараа тэрээр: «Би дахин чээж дүүрэн амьсгалдаг болсон. Асуудлаа зөв шийдсэн учраас өөрийгөө буруутгахаа больсон. Ехова уучилсан л бол уучилсан гэсэн үг. Амласан ёсоороо ачааг минь аваад холоо гэгч нь хаясан. Одоо тэр талаар дурсах ч шаардлагагүй болсон» гэжээ. Хоргодох хотод очсон л бол цусан өшөө авагч ирэх вий гэж айх хэрэг байхгүй. Үүнтэй адил, Ехова бидний нүглийг уучилсан л бол хийсэн хэргийг маань дахин сөхөөд шийтгэнэ гэж айх хэрэг байхгүй (Дуулал 103:8–12-ыг уншина).

15, 16. Ехова нүгэлтнүүдийг өршөөнө гэдэгт итгэх ямар шалтгаан байдаг вэ?

15 Ехова өршөөнө гэдэгт итгэх шалтгаан израйлчуудад байсан бол, бидэнд бүр ч их бий. Паул Еховад төгс дуулгавартай байж чадаагүйдээ харамсаж, өөрийгөө «өрөвдөлтэй хүн» гэснийхээ дараа «Бидний Эзэн Есүс Христээр дамжуулан намайг аврах Бурхандаа талархаж байна!» хэмээн дуу алджээ (Ром 7:25). Нүгэлт хүсэлтэйгээ тэмцэж, өмнө нь хийсэн буруу хэрэгтээ гэмшсэн тэрээр Бурхны өршөөлийг Христээр дамжуулан хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байв. Есүс амиа золиосолсон учраас бид сэтгэл өвдөх юмгүй, тайван амгалан байж болно (Евр. 9:13, 14). Тэрээр бидний Тэргүүн тахилч учраас «өөрийнх нь нэрээр Бурханд залбирдаг хүмүүсийг жинхэнэ ёсоор аврах чадалтай бөгөөд тэдний төлөө Бурхнаас тусламж гуйхын тулд мөнхөд оршдог» (Евр. 7:24, 25). Эрт үед израйлчууд тэргүүн тахилчийг хараад Ехова уучилна гэдэгт итгэлтэй байсан. Тэгвэл бид Тэргүүн тахилч Есүсээр дамжуулан «хэрэгтэй цагт өршөөл, нигүүлсэл хүртэнэ» гэдэгтээ бүр ч итгэлтэй байдаг (Евр. 4:15, 16).

16 Еховагийн нөмөрт хоргодъё гэвэл Есүсийн золиост итгэдгээ үйл хэргээрээ батлаарай. Золиосын ач тусыг бүх хүнд хамаатай гэж бодохын оронд надад ач тустай гэж бодоорой (Гал. 2:20, 21). Золиос төлөгдсөн учраас Ехова миний нүглийг уучилна, би мөнх амьдрах ирээдүйтэй болсон гэж итгээрэй. Есүсийн золиос бол надад зориулж өгсөн Еховагийн бэлэг гэдэгт итгээрэй.

17. Та яагаад Еховагийн нөмөрт хоргодохыг хүсдэг вэ?

17 Хоргодох хотууд Еховагийн өршөөл нигүүлслийг тусган харуулдаг. Бурхан ийм арга хэмжээ авснаараа амь бол ариун гэдгийг хэлж өгсөн. Түүгээр ч зогсохгүй ахлагчид нүгэл үйлдсэн хүнд хэрхэн туслах, чин сэтгэлээсээ гэмшинэ гэж яахыг хэлдэг, Ехова уучилна гэдэгт яагаад бүрэн итгэж болохыг ойлгуулсан. Та Еховагийн нөмөрт хоргоддог уу? Хоргодох газар өөр хаана ч байхгүй! (Дуу. 91:1, 2). Ехова шиг шударга, өршөөнгүй болоход хоргодох хотуудын тухай хууль ямар ач холбогдолтойг дараагийн өгүүллээр ярилцъя.

^ д/м 10 Иудейн нэг номонд бичсэнээр, санамсаргүйгээр хүн алсан гэмт хэрэгтэн гэрийнхнээ аваад хоргодох хот руу явдаг байжээ.