Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүд ээ, «аврагдахын тулд ... улам их хичээж мэрийгээрэй»

Охид хөвгүүд ээ, «аврагдахын тулд ... улам их хичээж мэрийгээрэй»

«Та нар дуулгавартай байсан. ... Аврагдахын тулд Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийгээрэй» (ФЛП. 2:12).

ДУУ: 41, 11

1. Баптисм хүртэх нь яагаад чухал бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

 ЖИЛ бүр мянга мянган суралцагч баптисм хүртдэг. Тэдний дунд хүүхэд залуус олон байдаг. Зарим нь өсвөр насных, зарим нь түүнээс ч бага насныхан. Гэрч айлд өссөн хүүхдүүд ч бий. Хэрвээ чи баптисм хүртсэн тэр хүүхдүүдийн нэг бол их сайн байна. Аврагдаж, мөнх амьдаръя гэвэл баптисм хүртэх зайлшгүй шаардлагатай шүү дээ (Мат. 28:19, 20; 1 Петр 3:21).

2. Еховад өөрийгөө зориулахаас яагаад айх хэрэггүй вэ?

2 Баптисм хүртвэл янз бүрийн ивээл хүртэх боломж бүрдэхийн зэрэгцээ хариуцлага нэмэгдэнэ. Яагаад? Чи баптисм хүртсэн өдрөө «Та урьд үйлдэж байсан нүглээ Есүсийн золих тахилын үндсэн дээр гэмшиж, Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхээр түүнд өөрийгөө зориулсан уу?» гэсэн асуултад «Тийм» гэж хариулсан шүү дээ. Чи Еховаг хайрлаж, хүсэл тааллыг нь бүхнээс дээгүүр тавихаа амласан. Ийнхүү өөрийгөө зориулснаа батлан харуулж баптисм хүртсэн. Энэ чухал амлалтыг өгсөндөө хэзээ ч харамсах хэрэггүй. Яагаад гэвэл чи өөрийгөө Еховад даатгасан. Хэрэв чи Еховаг мэддэггүй байсан бол Сатанаар удирдуулах байсан. Сатан чамайг аврагдаасай гэж ерөөсөө хүсэхгүй. Харин өөрийнх нь талд орж Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжихээс татгалзан, мөнх амьдрах найдваргүй болоход чинь баярлах нь дамжиггүй.

3. Өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь яагаад завшаантай хэрэг вэ?

3 Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэн чамд ямар завшаан олдсоныг бодоод үз дээ. Одоо чи бүх амь амьдралаа Еховад өгсөн болохоор «ЭЗЭН миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» гэж итгэл төгс хэлж чадна (Дуу. 118:6). Бурхны талд орж, сайшаалыг нь хүлээхээс илүү агуу завшаан гэж байхгүй.

ЗӨВХӨН ЧАМААС ШАЛТГААЛНА

4, 5. а) Аврагдах эсэх нь яагаад хувь хүнээс шалтгаалах вэ? б) Томчууд, хүүхдүүдэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

4 Еховатай тогтоосон харьцаагаа эцэг эхээс өвлөж авдаг эд хөрөнгө шиг бүү бодоорой. Хэдийгээр чи одоо аав ээжтэйгээ хамт амьдардаг ч аврагдахын тулд чи өөрөө л Еховатай дотно байх ёстой. Үүнийг санаж явах нь их чухал. Яагаад? Хойшид ямар сорилт тулгарахыг урьдчилан таах аргагүй шүү дээ. Чи бага байхдаа баптисм хүртсэн үү? Тэгвэл томрохын хэрээр чамд шилжилтийн насны янз бүрийн өөрчлөлт гарч, шинэ шинэ бэрхшээл тулгарна. «Ер нь жаахан хүүхэд сургууль дээрээ төрсөн өдрийн бялуугүй хоцорлоо гээд Еховагийн Гэрч байх хэцүү гэж боддоггүй. Харин том болоод секс хийх хүсэл нэмэгдэхээр Еховагийн хуулийг чанд сахих нь хамгийн зөв гэдэгт бат итгэх шаардлагатай болдог» гэж өсвөр насны охин ярьсан юм.

5 Залуу хүмүүст шинэ бэрхшээл тулгарах нь зүйн хэрэг. Тэр бүү хэл, томчууд хүртэл баптисм хүртсэнээсээ хойш огт бодож байгаагүй сорилттой тулгардаг. Жишээ нь гэр бүл, эрүүл мэнд, ажил албатай холбоотой сорилт байж болох юм. Ер нь хэдэн ч настай бай, Еховад үнэнч эсэх нь янз бүрээр соригдох нь зайлшгүй (Яак. 1:12–14).

6. а) Ямар нэгэн болзол тавилгүйгээр Еховад үнэнч байхаа амлана гэж яахыг хэлдэг вэ? б) Чи Филиппой 4:11–13-ыг уншаад юу ойлгосон бэ?

6 Үргэлж үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ? Ямар нэгэн болзол тавилгүйгээр Еховад үнэнч байна гэж амласнаа хэзээд санаж яваарай. Өөрөөр хэлбэл, чи орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэнд үүрд үйлчилнэ, эцэг эх, найз нөхөд чинь үйлчлэхээ болилоо ч тэдний араас явахгүй гэж амласан (Дуу. 27:10). Ямар ч үед амлалтаа биелүүлэхэд туслахыг Еховагаас гуйж байгаарай (Филиппой 4:11–13-ыг уншина).

7. «Аврагдахын тулд Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийгээрэй» гэдэг нь юү гэсэн үг вэ?

7 Ехова чамтай найз байхыг хүсдэг. Анд нөхрийн энэ харьцаагаа нандигная, аврагдъя гэвэл маш их хичээх хэрэгтэй. Филиппой 2:12-т «Аврагдахын тулд Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийгээрэй» гэж байдаг. Тэгэхээр ямар ч бэрхшээл тулгарсан Еховатай дотно байж, үнэнч үйлчлэхийн тулд яах ёстойгоо нухацтай бодох нь чухал байх нь ээ. Би чадна гэж өөртөө бүү эрдээрэй. Бурханд он удаан жил үйлчилсэн хүн ч замаасаа гарчихдаг шүү дээ. Аврагдахын тулд чухам юү хийх хэрэгтэй вэ?

БИБЛИ СУДЛАХ НЬ ЧУХАЛ

8. Яахыг бие дааж судлах гэх вэ? Энэ нь яагаад чухал бэ?

8 Еховагийн найз байхын тулд яриаг нь сонсох хэрэгтэй. Бас түүнтэй ярих хэрэгтэй. Ехова юү хэлж байгааг сонсох гол арга нь Библийг бие дааж судлах юм. Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж, эргэцүүлэн бодохыг бие дааж судлах гэнэ. Гэхдээ энэ нь сургууль дээр шалгалт өгөхийн тулд хичээлээ чээжилдэгтэй адилгүй. Библийг үр бүтээлтэй судлахыг хайгуулын ажлаар хөдөө явж шинэ юм нээхтэй зүйрлэж болно. Еховагийн зан чанарын талаар судалгаа хийж, шинэ шинэ зүйлийг олж мэдээрэй. Тэгвэл чи Еховатай улам дотно болно. Ехова ч чамтай дотносно (Яак. 4:8).

Чи Еховатай байнга харилцан ярилцдаг уу? (8–11-р догол мөрийг үзээрэй)

9. Бие дааж судлахад чинь ямар материал тус болдог вэ?

9 Үр бүтээлтэй судлахад чинь зориулж Еховагийн байгууллага төрөл бүрийн материалыг бэлдэж өгсөн. Жишээлбэл Библид гардаг үйл явдлаас сурч мэдсэнээ хэрэгжүүлье гэвэл jw.org саитын «Өсвөр насныхан» булангийн «Библиэ уншаад төсөөлөөрэй» гэсэн материалыг судлаарай. Бас Библийн сургаалд итгэж, түүнийгээ хүмүүст тайлбарлаж сурахад чинь «Судлах материал» тус болно. Түүнээс гадна «Сэрцгээ!» сэтгүүлийн 2009 оны 4 дүгээр сарын дугаарт нийтлэгдсэн «Залуучуудын асуулт ... Библи унших дуртай болохын тулд яах вэ?» гэсэн өгүүллийг уншиж болно («Young People Ask ... How Can I Make Bible Reading Enjoyable?»). Аврагдъя гэвэл судалж, эргэцүүлэн бодох нь үнэхээр чухал (Дуулал 119:105-ыг уншина).

ЗАЛБИРАЛ АМИН ЧУХАЛ

10. Баптисм хүртсэн хүн яагаад залбирах шаардлагатай вэ?

10 Еховаг сонсох арга нь бие дааж судлах, харин түүнтэй ярих арга нь залбирах юм. Залбирал гэдэг бол утга учиргүй зан үйл ч биш, ажил үйлс бүтээх «амжилтын тарни» ч биш ээ. Бүтээгчтэйгээ шууд ярихыг залбирах гэнэ. Ехова чиний яриаг сонсохыг хүсдэг (Филиппой 4:6-г уншина). Хэрвээ ямар нэгэн юманд санаа зовоод байвал «Ачаагаа ЭЗЭНд даатга» гэсэн Библийн зөвлөгөөг дагаарай (Дуу. 55:22). Энэ зөвлөгөө үнэхээр тустай байдгийг сая сая итгэл нэгт ах эгч нар чинь чамд батлан хэлнэ. Чамд ч бас тустай!

11. Еховад яагаад байнга талархах хэрэгтэй вэ?

11 Гэхдээ зөвхөн тусламж хэрэгтэй үед л залбирах учиргүй. «Үргэлж талархаж бай» гэсэн зөвлөгөө Библид бий (Кол. 3:15). Бэрхшээл тохиолдоход хүртэж буй ивээлээ харж чадахаа болих үе байдаг. Талархууштай зүйлийг, ядаж гурвыг өдөр бүр бодож олохыг хичээгээрэй. Дараа нь энэ гурван зүйлийн төлөө Еховад талархан залбираарай. Абигаил 12 настайдаа баптисм хүртжээ. Тэрээр: «Энэ ертөнцөд бидний талархлыг хэнээс ч илүү хүлээх ёстой нэгэн бол Ехова гэж би боддог. Ехова бидэнд янз бүрийн бэлэг өгдөг. Өгсөн бүхнийх нь төлөө талархах хэрэгтэй» гэсэн юм. Тэгээд цааш нь «“Өөр юу ч бодохгүйгээр, зөвхөн Еховагийн өгсөн юмыг бодоод байвал талархах зүйл тоочихын аргагүй их байна” гэдэг үгийг би дандаа санаж явдаг» гэж ярьжээ.

ХУВИЙН ТУРШЛАГА

12, 13. Ехова сайн гэдгийг амсаж үзсэн туршлагаа ярина уу. Ехова чамд яаж тусалсныг бодох нь яагаад чухал бэ?

12 Хүнд бэрхийг давахад нь Ехова эртний Израйлын хаан Давидад тусалж байсан билээ. Тийм учраас Давид: «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!» хэмээн дуулжээ (Дуу. 34:8). Ехова сайн гэдгийг өөрөө амсаж үзэх хэрэгтэйг энэ зүйлд онцолж байна. Хэрэв чи Библи болон манай байгууллагын ном хэвлэлийг уншиж, цуглаанд явбал, Бурхан хүмүүст хэрхэн тусалдгийг мэдэж авна. Харин чамд яаж туслахыг чи өөрөө үзэх хэрэгтэй. Тэгэхийн тулд Еховатай дотносоорой. Ехова сайн гэдгийг хэрхэн «амсаж үзэх» вэ?

13 Христийн дагалдагч бүр Ехова сайн гэдгийг яг адилхан аргаар амсаж үздэг. Еховатай болон Хүүтэй нь дотно болох уриалга бүх хүнд хамаатай. Есүс: «Намайг илгээсэн Эцэг татахгүй л бол хэн ч намайг дагахгүй» гэжээ (Ёох. 6:44). Энэ үг чамд хамаатай юу? Эсвэл «Ехова аав ээжийг минь татсан. Харин би дагаад л явж байна» гэж боддог уу? Гэхдээ чи Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртсэнээрээ Ехова та хоёрын хооронд онцгой харьцаа тогтсоныг батлан харуулсан шүү дээ. Одоо Ехова чамайг сайн мэднэ. «Хүн Бурхныг хайрладаг бол Бурхан тэр хүнийг мэддэг» гэж Библид байдаг (1 Кор. 8:3). Еховагийн байгууллагын гишүүн болсноо хэзээд эрхэмлэж яваарай.

14, 15. Бат итгэлтэй болоход дэлгэрүүлэх ажил ямар ач холбогдолтой вэ?

14 Ехова сайн гэдгийг амсаж үзэх бас нэг арга бий. Айлаар, гудамжаар дэлгэрүүлэхэд эсвэл сургууль дээрээ итгэл үнэмшлийнхээ тухай ярихад чинь Ехова тусалдаг нь дамжиггүй. Анги, сургууль дээрээ дэлгэрүүлэх нь амаргүй байж болох юм. Яаж хүлээж авахыг мэдэхгүй учраас аймшигтай санагдаж магадгүй. Ялангуяа олны өмнө итгэл үнэмшлээ тайлбарлах нь бүр ч хэцүү. Яах вэ?

15 Нэгдүгээрт, тухайн зүйлд яагаад итгэдэг болсноо бодоорой. Хэрвээ jw.org саитад байдаг материалууд танай хэлээр гарсан бол сайн ашиглаарай. Юунд итгэдэг, яагаад итгэдэг болсон, итгэл үнэмшлээ хүмүүст яаж тайлбарлахаа эргэцүүлж бодоход чинь тэдгээр материал тус болно. Хэрэв чиний итгэл бат бол, бас сайн бэлдсэн бол Еховаг гэрчлэх хүсэлтэй болно (Иер. 20:8, 9).

16. Итгэл үнэмшлийнхээ тухай ярихаас айгаад байвал яах хэрэгтэй вэ?

16 Хэчнээн сайн бэлдсэн ч итгэл үнэмшлийнхээ тухай ярина гэхээр сандраад байж болох юм. Одоо 18-тай Гэрч охин 13-тайдаа баптисм хүртжээ. Тэрээр: «Би юунд итгэдгээ мэддэг ч яаж ярихаа заримдаа мэддэггүй» гэж үнэнээ хэлсэн юм. Энэ саадыг хэрхэн давдаг бол? «Биеэ барихгүй байхыг хичээдэг. Манай ангийнхан хийдэг юмныхаа тухай чөлөөтэй ярьдаг. Би бас тэдэн шиг байх хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор, “Би нэг удаа Библийн хичээл зааж байсан чинь ...” гэх мэтээр ярьдаг. Тэгээд цааш нь хэлье гэсэн юмаа хэлдэг. Библийн тухай яриагүй байхад л хүүхдүүд Библийн хичээлийн тухай сонирхоод заримдаа асуулт асуудаг. Ийм арга хэрэглэх тусам илүү амар болдог. Дараа нь сэтгэл уужирсан байдаг!» гэж энэ охин ярьсан юм.

17. Итгэл үнэмшлийнхээ талаар зоригтой ярихын тулд өөр яах хэрэгтэй вэ?

17 Бусдыг хүндэлж, санаа тавьдаг бол тэд бас чамайг хүндэлж, яриаг чинь сонсох биз ээ. «Хэрвээ би Библийн талаар яривал хүмүүс намайг улаан христчин гээд бодчих байх гэж айдаг байсан» хэмээн багадаа баптисм хүртсэн, одоо 17-той Оливя хэлсэн юм. Хожим нь энэ охин бодлоо өөрчилжээ. Айж буй зүйлийнхээ тухай хэтэрхий их бодохын оронд «Еховагийн Гэрчүүдийн тухай юу ч мэдэхгүй хүүхэд олон байгаа шүү дээ. Тэдний мэдэх Гэрчүүд бол бид. Бид яана, тэд тэгж л хандана. Хэрвээ бид ичимхий, аймхай, итгэл үнэмшлийнхээ тухай ярьж чаддаггүй бол эсвэл ярилаа ч гөлөлзөөд байвал юу болох вэ? Гэрч гэдгээрээ бахархдаггүй юм шиг харагдана. Бат итгэлтэй биш юм байна гэж ойлгоод тэд сонин зан гаргаж магадгүй. Харин тайван, итгэлтэй, жирийн юм ярьж байгаа мэт байвал тэд биднийг хүндэлнэ» гэж боддог болжээ.

АВРАГДАХЫН ТУЛД ҮРГЭЛЖ ХИЧЭЭЖ МЭРИЙГЭЭРЭЙ

18. Аврагдахын тулд яах хэрэгтэй вэ?

18 Аврагдахын тулд хичээж мэрийх нь маш чухал гэдгийг энэ өгүүллээр үзлээ. Хэрвээ чи Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн боддог, залбирдаг, Ехова чамд яаж тусалж ирснийг боддог бол Еховаг Найзаа гэдэгт улам бүр итгэдэг болно. Итгэл чинь бат болохын хэрээр юунд итгэдгээ хүмүүст ярих хүсэл оргилно (Дуулал 73:28-ыг уншина).

19. Аврагдахын тулд яагаад хичээж мэрийх хэрэгтэй вэ?

19 Есүс: «Намайг дагая гэвэл өөрийнхөө төлөө амьдрахаа больж, тарчлаах шонгоо үүрч, намайг үргэлж дага» гэжээ (Мат. 16:24). Есүсийг дагахыг хүссэн хүн бүр Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх шаардлагатай. Энэ нь өнөөдөр ч, Бурхны байгуулах шинэ ертөнцөд ч хүртэх тоолж баршгүй ивээлийн үүдийг нээж байна гэсэн үг. Тиймээс аврагдахын тулд улам бүр хичээж мэрийгээрэй!