«Ах минь амилна гэдгийг би мэднэ»
«Анд ... маань унтжээ. Харин би түүнийг сэрээхээр очно» (ЁОХ. 11:11).
ДУУ: 54, 154
1. Марта юунд итгэдэг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
ЕСҮСИЙН дотны найз, шавь Марта гашуудаж байлаа. Ах Лазар нь нас баржээ. Мартаг тайвшруулах юм байсан болов уу? Байсан. Есүс түүнд «Ах чинь амилна» гэж амлав. Марта уй гашуугаа бүрмөсөн мартаж чадаагүй ч Есүсийн амлалтад итгэж байлаа. Тийм учраас «Үхсэн хүмүүс эцсийн өдөр амилахад ах минь амилна гэдгийг би мэднэ» гэж хариулсан (Ёох. 11:20–24). Ийм явдал ирээдүйд болно гэдгийг мэдэж байв. Тэгтэл Есүс гайхамшиг үйлдэж Лазарыг яг тэр өдөр амилуулжээ.
2. Яагаад Марта шиг итгэлтэй байх хэрэгтэй вэ?
2 Ехова Есүс хоёрын хэн нэгэн нь яг одоо ийм гайхамшиг үйлдэнэ гэж бид боддоггүй. Гэхдээ хайртай хүн тань ирээдүйд амилна гэдэгт та Марта шиг итгэдэг үү? Та хайртай ханиа, элбэрэлт аав ээжийгээ, өвөө эмээгээ алдсан байж болох юм. Эсвэл хүүхдээ алдаад гашуудаж байна уу? Тэвэрч, ярилцаж, цуг инээхийг маш их хүсэж байгаа байх. Гэхдээ та: «Хайртай хүн минь амилна гэдгийг би мэднэ» гэж Марта шиг итгэл төгс хэлж чадна. Ямар учраас гэдгийг Христийн дагалдагч бүр эргэцүүлж бодох нь сайн.
3, 4. Есүс юү хийсэн бэ? Энэ тухай сонсоод Марта юунд улам бат итгэсэн бэ?
3 Есүс Галил мужийн Найн хотын бэлэвсэн эмэгтэйн хүүг амилуулсан билээ. Марта Иерусалимын ойролцоо амьдардаг байсан учраас энэ явдлыг нүдээрээ үзээгүй биз ээ. Харин сонссон байх. Есүс бас Яирын охиныг амилуулсан. Гэрт байсан хүмүүс «охин нас барсныг мэдэж байжээ». Гэлээ ч Есүс охины гараас барьж «Охин минь, бос!» гэв. Охин тэр даруй босжээ (Лук 7:11–17; 8:41, 42, 49–55). Есүс өвчтэй хүнийг эдгээж чадна гэдгийг Марта ч, дүү Мариа нь ч мэддэг байв. Тийм учраас тэд: «Хажууд маань Есүс байсан бол Лазар ах үхэхгүй байх байсан» гэж боджээ. Харин Есүсийн дотны найз нэгэнт нас барчихсан тул Марта одоо яах бол? Лазарыг ирээдүйд, «эцсийн өдөр» амилна гэж хэлснийг анхаараарай. Яагаад тийм их итгэлтэй хэлсэн бэ? Ирээдүйд хайртай хүмүүс тань амилна гэдэгт та яагаад итгэх хэрэгтэй вэ?
4 Нас барагсад амилна гэдэгт итгэх бүрэн үндэс бий. Заримыг нь авч үзье. Амилахтай холбоотой огт бодож байгаагүй зүйлээ та Бурхны Үгнээс олж мэдэхлээрээ хайртай хүмүүстэйгээ дахин уулзана гэдэгтээ улам бүр итгэх биз ээ.
НАЙДВАР ТӨРҮҮЛЭМ ЯВДЛУУД
5. Лазарыг амилна гэдэгт Марта яагаад итгэлтэй байсан бэ?
5 Марта: «Ах минь амилна гэж найдаж байна» гэж хэлээгүйг анхаараарай. Харин «Би мэднэ» гэсэн. Яагаад ийм итгэлтэй хэлсэн бэ? Эрт үед хүн амилж байсныг мэддэг байжээ. Бүр бага байхдаа гэртээ, синагогт заалгасан нь лавтай. Сударт тэмдэглэгдсэн тэдгээр тохиолдлын гурвыг энэ өгүүллээр ярилцъя.
6. Марта ямар гайхамшгийн тухай мэддэг байсан бэ?
6 Үхсэн хүнийг амилуулсан анхны тохиолдол зөнч Елиагийн үед болжээ. Бурхан түүнийг гайхамшиг үйлдэх чадвартай болгосон. Фойникийн Зарефат хэмээх боомт хотод амьдардаг ядуу бэлэвсэн эмэгтэй, зөнч Елиад найрсаг ханджээ. Тэгэхэд нь Бурхан гайхамшиг үйлдсэн. Тос, гурил нь дуусаагүй учраас тэр эмэгтэй хүүтэйгээ эсэн мэнд үлджээ (Х.дээд 17:8–16). Хожим нь хүү өвдөж нас барав. Елиа хүрч ирээд хүүгийн цогцост хүрч «Бурхан ЭЗЭН, энэ хүүгийн амийг буцаан өгөөч» гэж залбирсан. Бурхан залбиралд нь хариулж хүүг амилуулжээ (Хаадын дээд 17:17–24-ийг уншина). Энэ гайхмаар түүхийг Марта мэддэг байсан нь эргэлзээгүй.
7, 8. а) Елиша уй гашууд автсан эмэгтэйг хэрхэн тайвшруулсан бэ? б) Елиша гайхамшиг үйлдсэнээс Еховагийн талаар юу мэдэж болох вэ?
7 Елиагийн залгамжлагч Елиша бас үхсэн хүнийг амилуулсан нь Сударт бичигдсэн хоёр дахь тохиолдол юм. Шунемд амьдардаг израйл эмэгтэй, Елишаг онцгой их хүндэтгэн дайлдаг байжээ. Хүүсэр энэ эмэгтэй болон нас ахисан нөхрийг нь Бурхан шагнаж хүүхэдтэй болгож өгөв. Гэтэл хэдэн жилийн дараа хүү нь нас баржээ. Тэр эхийн элэг зүрх хэчнээн их өмөрч байсныг төсөөлөхөд түвэггүй. Тэрээр нөхөртөө хэлээд 30 километрийн цаана орших Кармел ууланд байгаа Елишатай уулзахаар явжээ. Зөнч Елиша Гехази гэдэг туслахаа Шунем рүү явуулав. Туслах нь хүүг амилуулж чадсангүй. Тэгэхээр нь зөнч Елиша, хүүгийн эхийг даган гэрт нь очив (Х.дэд 4:8–31).
8 Елиша тэр хүүгийн цогцосны хажууд очиж Бурханд залбирлаа. Тэгтэл гайхамшиг болов! Хүүгээ амилахыг харсан эхийн сэтгэл баяр хөөрөөр дүүрчээ (Хаадын дэд 4:32–37-г уншина). Тэрээр Ханнагийн залбирлыг санасан ч байж болох юм. Хүүсэр байсан Ханна Еховагийн ивээлээр хүүтэй болсондоо баярлан «ЭЗЭН ... Үхэгсдийн оронд унагадаг, бас босгодог» хэмээн залбирсан байдаг (1 Сам. 2:6). Бурхан Шунем хотод амьдардаг эмэгтэйн хүүг амилуулснаараа нас барагсдыг амилуулах чадвартайгаа баталсан.
9. Үхсэн хүн амилсан тухай Библид тэмдэглэгдсэн гурав дахь тохиолдлыг ярина уу.
9 Бас нэгэн гайхмаар үйл явдал Елишагаас хойш болжээ. Тэрээр 50 гаруй жил зөнчөөр үйлчилсний эцэст «үхэлд хүргэхээр өвчтэй болж» нас барсан. Түүнээс хойш олон жил өнгөрчээ. Нэгэн удаа израйлчууд нас барсан хүнийг оршуулах гэж байгаад дээрэмчдийг олж харав. Тэгээд амиа аврахын тулд нөгөө цогцсоо Елишагийн булш руу чулуудчихаад зугтжээ. Тэгтэл тэр цогцос «Елишагийн яснуудад хүрмэгц амь орон сэргэж, хөл дээрээ босов» гэж Библид байдаг (Х.дэд 13:14, 20, 21). Үхсэн хүн амилсан тухай эдгээр түүх Мартад хэрхэн нөлөөлснийг бод доо! Бурхан үхлийг захирах хүчтэй нь тодорхой. Та бас эдгээрийг эргэцүүлэн бодвол Бурхны хүч хязгааргүй гэдэгт итгэх нь дамжиггүй.
НЭГДҮГЭЭР ЗУУНД БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ
10. Петр ямар гайхамшиг үйлдсэн бэ?
10 Бурхны I зууны үнэнч үйлчлэгчид нас барсан хүнийг амилуулж байсан тохиолдлуудыг Грек Сударт бичсэн байдаг. Есүс Найн хотын ойролцоо, бас Яирын гэрт хүн амилуулж байсныг бид ярилцсан билээ. Элч Петр Доркас (Табита) гэдэг дагалдагч эмэгтэйг амилуулсан. Тэрээр Доркасын цогцсыг тавьсан өрөөнд орж залбирсны дараа «Табита, бос» гэв. Доркас тэр даруй амилахад Петр итгэл нэгтнүүдэд нь «түүнийг амьд сэрүүнээр даатгав». Итгэхээс өөр аргагүй явдал байсан учраас «олон хүн Эзэнд итгэжээ». Шинэ дагалдагчид Есүсийн тухай сайн мэдээ тарааж, Ехова нас барагсдыг амилуулах чадвартайг хүн болгонд хэлэх боломжтой болсон (Үйлс 9:36–42).
11. Лук эмч ямар дүгнэлт хийсэн бэ? Дараа нь болсон явдал хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?
11 Бас өөр хүн амилсныг нүдээр үзсэн хүмүүс байсан. Элч Паул одоогийн Туркийн баруун хойд хэсэгт байдаг Трой хотод байхдаа нэгэн байшингийн дээд давхрын өрөөнд болсон цуглаанд оролцжээ. Тэгээд шөнө дунд хүртэл ярив. Цонхны тавцан дээр суугаад сонсож байсан Ютух гэгч залуу нойрондоо дийлдэн гурван давхраас уначихав. Эмч хүний хувьд Лук Ютухыг анх үзээд үхсэнийг нь баталсан биз ээ. Ютух унаж бэртээд ухаан алдсан юм биш, харин бүр нас барчихсан байлаа! Паул доош бууж цогцсыг тэврээд «Хүү амьд байна» гэж хэлэхэд хүн болгон гайхсан нь лавтай. Нүдээр үзсэн хүмүүст энэ явдал хүчтэй нөлөөлсөн. Залуу нас барсан ч дараа нь амилсныг мэдээд тэд «ихэд баярлажээ» (Үйлс 20:7–12).
БАТ НАЙДВАР
12, 13. Нас барагсад амилсан түүхийг судалбал ямар асуултуудыг бодож үзэх хэрэгтэй болох вэ?
12 Дээр дурдсан тохиолдлуудыг эргэцүүлэн бодвол та бас Мартагийнх шиг бат итгэлтэй болох учиртай. Бидэнд амь өгсөн Бурхан нас барагсдыг амилуулна гэдэгт итгэж болно. Ехова тодорхой цаг үед гайхамшиг үйлдэж байсан. Тэр үед нас барсан хүмүүс амилахыг Бурхны үнэнч үйлчлэгчид, тухайлбал Елиа Есүс Петр нар нүдээрээ үзсэн билээ. Тэгвэл гайхамшиг үйлдэхээ больсон цаг үед нас барсан хүн амилах болов уу? Ехова нас барагсдыг ирээдүйд амилуулна гэдэгт итгэж болох уу? Бурхны үнэнч үйлчлэгчид: «Үхсэн хүмүүс эцсийн өдөр амилахад ах минь амилна гэдгийг би мэднэ» гэж Марта шиг итгэлтэй хэлж чадах уу? Марта яагаад итгэж чадсан бэ? Та яавал итгэх вэ?
13 Нас барагсдыг ирээдүйд амилуулна гэдгийг Еховагийн үнэнч үйлчлэгчид мэддэг байсан. Библид гардаг олон үйл явдал үүнийг баталдаг. Заримыг нь авч үзье.
14. Абрахамд тохиолдсон явдлаас юү мэдэж болох вэ?
14 Бурхан Абрахамд юү хэлснийг бод доо. Абрахам он удаан жил хүсэн хүлээсэн, өв залгамжлах ганц хүү Исаакаа яах ёстой болсон бэ? Ехова: «Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа ... шатаалт тахил болгон өргө» гэжээ (Эх. 22:2). Энэ тушаалыг сонсоод Абрахам яасан бол? Үр удмаар нь дамжуулан бүх үндэстнийг ивээнэ гэж Ехова амласан билээ (Эх. 13:14–16; 18:18; Ром 4:17, 18). Бас «Исаакаас төрсөн нь л чиний үр удам» гэж хэлсэн (Эх. 21:12). Хэрвээ Исаакийг тахил болгочихвол Еховагийн амлалт хэрхэн биелэх болж байна вэ? Үүнийг Паул, Бурхны агуу хүчээр удирдуулан тайлбарлажээ. Бурхан Исаакийг амилуулж чадна гэдэгт Абрахам итгэж байсан гэжээ (Еврей 11:17–19-ийг уншина). Гэхдээ Абрахам Исаакийг хэдхэн цагийн дотор эсвэл нэг өдөр, нэг 7 хоногийн дараа амилна гэж бодоогүй. Хүү нь хэзээ амилахыг мэдэхгүй байсан ч Ехова амилуулна гэдэгт итгэж байв.
15. Иов юунд итгэж байсан бэ?
15 Нас барагсад ирээдүйд амилахыг Иов бас мэдэж байсан. Модыг тайрахад дахин нахиалж шинээр ургадаг. Харин хүн бол үүнтэй адилгүй гэдгийг тэрээр мэддэг байв (Иов 14:7–12; 19:25–27). Хүн үхвэл булшнаасаа босож ирээд дахин амьдарна гэж үгүй (2 Сам. 12:23; Дуу. 89:48). Гэхдээ Бурхан амилуулж чадна. Ехова өөрийг нь мартахгүй гэдэгт Иов итгэж байсан (Иов 14:13–15-ыг уншина). Гагцхүү амилуулах цаг нь хэзээ вэ гэдгийг мэдээгүй. Гэхдээ л амийг бий болгосон Бүтээгч өөрийг нь мартахгүй бөгөөд амилуулна гэдэгт итгэл төгс байлаа.
16. Тэнгэрийн элч Даниелыг хэрхэн урамшуулсан бэ?
16 Өөр нэгэн үнэнч хүн буюу Даниелын тухай бодоод үзье. Насаараа үнэнч үйлчилсэн түүнийг Бурхан дэмжиж тэтгэдэг байв. Нэгэн удаа тэнгэрийн элч хүрч ирээд Даниелыг «Ихэд хүндлэгддэг хүн ээ» гээд «Амар амгалан чамд байг», «Зоригтой болтугай!» хэмээн зоригжуулсан (Дан. 9:22, 23; 10:11, 18, 19).
17, 18. Ехова Даниелд юү гэж амласан бэ?
17 Бараг 100 насалж хадан гэр нь ойртсон Даниел тэр үед ирээдүйнхээ тухай бодсон байх. Даниел амилах уу? Амилна! «Даниел» номны төгсгөлд Бурхны амлалт байдаг. «Чиний хувьд гэвэл, өөрийнхөө замаар эцэс хүртэл яв. Тэгвэл чи амгаланд орно» гэжээ (Дан. 12:13). Хүн үхэхээрээ амардаг бөгөөд «Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй» гэдгийг Даниел мэддэг байсан. Өөрөө ч удахгүй тийшээ очих гэж байлаа (Ном. 9:10). Гэхдээ ингээд л амьдрал дуусчихна гэсэн үг биш байв. Ехова гайхалтай ирээдүй амлажээ.
18 Тэнгэрийн элч цааш нь «Цаг үеийн эцэст хувиа хүртэхээр дахин босох болно» гэж Даниелд хэлсэн. Гэхдээ төдийд өдийд гэж тодорхой хугацаа хэлээгүй. Даниел үхээд амрах гэж байлаа. Харин «Хувиа хүртэхээр дахин босох болно» гэдэг үгийг сонсоод ирээдүйд амилна гэдгээ ойлгожээ. Энэ явдал «цаг үеийн эцэст» буюу нас бараад олон жил өнгөрсний дараа болох ажээ.
19, 20. а) Энэ өгүүллээр үзсэн зүйл Мартагийн хэлсэн үгтэй ямар холбоотой вэ? б) Дараагийн өгүүллээр юү үзэх вэ?
19 «Үхсэн хүмүүс эцсийн өдөр амилахад» ах Лазар нь бас амилна гэдэгт итгэх хангалттай шалтгаан Мартад байсан. Даниелд өгсөн Бурхны амлалт болон Мартагийн бат итгэл өнөөгийн бидний итгэлийг бэхжүүлдэг. Нас барагсад амилах нь гарцаагүй!
20 Эрт цагт нас барсан хүн амилж байсан тухай үзлээ. Үхсэн хүмүүс ирээдүйд амилна гэдгийг тэдгээр явдал баталдаг. Бурхны үнэнч үйлчлэгчид үүнд итгэлтэй байсныг бас ярилцлаа. Үхэгсдийг амилуулна гэсэн Бурхны амлалт олон жилийн дараа биелдгийг батлах баримт байна уу? Байгаа бол бид хайртай хүнтэйгээ дахин уулзах тэр мөчийг бүр ч их хүсэн хүлээх нь ойлгомжтой. Тэр цаг хэзээ болох вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултыг ярилцъя.