Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Гэрлэсэн эмэгтэйчүүд жирэмслэхээс сэргийлэх зорилгоор умайн ерөндөг тавиулбал Библийн зарчимд харшлах уу?

Гэрч хосууд ерөндгийн талаар нарийвчлан судалж, Библийн зарчмуудыг нухацтай бодох шаардлагатай. Ингэвэл зөв шийдвэр гаргаж Бурхны өмнө сэтгэл амар явна.

Дэлхий дээр хоёрхон хүн (Үерийн дараа найман хүн) байх үед Ехова: «Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн бол» хэмээн айлджээ (Эх. 1:28; 9:1). Энэ тушаал Христийн дагалдагчдад хамаатай гэж Библид байдаггүй. Тиймд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх эсэхээ, мөн хэзээ хүүхэдтэй болохоо Гэрч хосууд өөрсдөө шийднэ. Ямар хүчин зүйлүүдийг бодолцох хэрэгтэй вэ?

Христийн дагалдагчид жирэмслэлтээс сэргийлэх ямар арга хэрэглэхээ Библийн зарчимд үндэслэн шийдэх ёстой. Тэд үр хөндүүлэхээс татгалздаг. Сайн дураараа үр хөндүүлэх нь амийг эрхэмлэ гэсэн Библийн зарчимтай зөрчилддөг. Учир нь үр хөндөх нь хэвийн төрөх байсан хүүхдийн амийг тасалж байгаа хэрэг юм (Ег. 20:13; 21:22, 23; Дуу. 139:16; Иер. 1:5). Тэгвэл ерөндөг тавиулж болох уу?

Энэ талаар «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1979 оны 5 дугаар сарын 15-ны дугаарын 30, 31-р хуудсанд нийтэлсэн. Тухайн үед өргөн хэрэглэдэг байсан ерөндөг нь умайд тавьдаг хуванцар хэрэгсэл байв. Ерөндгийн үйлчлэх механизм бүрэн тодорхой болоогүйг уг өгүүлэлд тэмдэглэжээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр, тийм ерөндөг нь эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж үр тогтоход саад болдог байна. Үр тогтоогүй бол шинэ хүн бий болоогүй гэсэн үг.

Гэхдээ л үр тогтсон тохиолдол гарчээ. Бүрэлдэж тогтсон өндгөн эс умайн гуурсанд (умайн гадуурх жирэмслэлт) байрлаж хөгжих нь бий. Эсвэл умайд орчихдог. Ийм тохиолдолд ерөндөг саад болдог учраас үр тогтсон өндгөн эс умайн хананд бэхлэгдэж чадахгүй. Улмаар жирэмслэлт хэвийн явагдах аргагүй болно. Өөрөөр хэлбэл үр хөндсөнтэй адил юм. Уг өгүүллийн төгсгөлд «Амийг ариун гэж үзэхтэй холбоотой Библийн зарчмыг баримталдаг Гэрч хүн ерөндөг тавиулах эсэхээ шийдэхдээ бүх мэдээллийг нухацтай авч үзэх ёстой» гэж дүгнэжээ (Дуу. 36:9).

Уг өгүүлэл 1979 онд нийтлэгдсэнээс хойш шинжлэх ухаан болон анагаах ухааны салбарт олон үйл явдал болсон.

Эдүгээ зэс агуулсан, даавар агуулсан гэсэн хоёр төрлийн ерөндгийг түгээмэл хэрэглэж байна. Зэс агуулсан ерөндөг АНУ-д 1988 он гэхэд өргөн хэрэглээ болсон байв. Харин даавар агуулсан ерөндөг 2001 онд зах зээлд нэвтэрсэн. Энэ хоёр төрлийн ерөндөг ямар онцлогтой вэ?

Зэс агуулсан: Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж үр тогтоход ерөндөг саад болдог гэж дээр өгүүлсэн. Түүнээс гадна агуулагдаж буй зэс нь эр бэлгийн эсийг хордуулж алдаг. * Мөн умайн ханыг өөрчилдөг байна.

Даавар агуулсан: Ийм төрлийн ерөндөг нь голдуу жирэмслэлтээс сэргийлэх эмэнд байдагтай төстэй дааврыг агуулдаг. Даавартай ерөндөг нь умайн дотор даавар ялгаруулдаг. Тэр даавар нь зарим эмэгтэйн өндгөн эс гадагшлахыг зогсоодог. Хэрвээ өндгөн эс гадагшлахгүй бол үр тогтохгүй нь ойлгомжтой. Ийм ерөндөгт агуулагддаг дааврын нөлөөгөөр умайн салст бүрхэвч нимгэрдэг. * Түүнчлэн умайн хүзүүний салиаг өтгөрүүлэн эр бэлгийн эсүүд умайд нэвтрэхэд саад болдог.

Дээр хэлсэнчлэн, аль ч төрлийн ерөндөг умайн салст бүрхэвчийг өөрчилдөг. Гэхдээ өндгөн эс гадагшилж эр бэлгийн эстэй нийлээд үр тогтвол яах вэ? Умай руу орлоо ч хананд нь бэхлэгдэж чадахгүй. Ийнхүү жирэмслэх явц эхний шатандаа дуусгавар болно. Гэхдээ ийм тохиолдол маш ховор байдаг. Жирэмслэлтээс сэргийлэх эм уухад бас заримдаа ингэдэг.

Тийм учраас зэсэн эсвэл даавар агуулсан ерөндөг үр тогтоохгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ судалгаанаас харахад эдгээр ерөндгийг тавиулсан эмэгтэйчүүдийн ихэнх нь жирэмсэлдэггүй.

Ерөндгийг судалж буй Гэрч хосууд тухайн орон нутагт олдоцтой ерөндөг хэрэглэх талаар, мөн эхнэрт нь ямар ашиг тустай, ямар эрсдэл гарч болохыг мэргэжлийн эмчээс асууж зөвлөлдөх нь зүйтэй. Харин чухам яахыг тань гуравдагч этгээд, тэр бүү хэл эмч ч шийдэхгүй (Ром 14:12; Гал. 6:4, 5). Энэ нь зөвхөн та хоёрын шийдэх ёстой асуудал юм. Бурхныг баярлуулахыг, мөн хожим нь өөрсдийгөө буруутгахгүй байхыг зорилгоо болгоорой (1 Тимот 1:18, 19; 2 Тимот 1:3-тай тус тус харьцуулаарай).

^ Английн Үндэсний Эрүүл Мэндийн Албанаас гаргасан зөвлөмжид «Ерөндөгт агуулагдах зэсний хэмжээ их байх тусам 99%-аас дээш үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл жилд 100 эмэгтэй тутмын 1 нь л жирэмсэлдэг. Ерөндөгт агуулагдах зэсний хэмжээ бага байх тусам үр дүн нь багасдаг» гэжээ.

^ Даавартай ерөндгийн нөлөөгөөр умайн салст бүрхэвч нимгэрдэг. Тиймээс даавартай ерөндөг тавиулахыг сарын тэмдэг нь их хэмжээгээр ирдэг гэрлэсэн болон гэрлээгүй эмэгтэйчүүдэд зөвлөдөг юм.