Skip to content

Гарчиг руу орох

Эцэг эхчүүд ээ, «мэргэн ухаантай болж, ... аврагдахад» нь хүүхдэдээ туслаарай

Эцэг эхчүүд ээ, «мэргэн ухаантай болж, ... аврагдахад» нь хүүхдэдээ туслаарай

«Ариун судруудыг багаасаа мэдэх болсон. Үүний үрээр мэргэн ухаантай болж, ... аврагдана» (2 ТИМ. 3:15).

ДУУ: 1, 41

1, 2. Зарим эцэг эх яагаад санаа зовдог вэ?

 МЯНГА мянган хүн Библи судлаад Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртдэг. Гэрч айлд өсөж өндийгөөд амьдралын хамгийн сайн замыг сонгосон залуус олон бий (Дуу. 1:1–3). Хэрэв та хүүхэдтэй бол баптисм хүртэх өдрийг нь хүсэн хүлээдэг биз ээ (3 Ёохан 4-тэй харьцуулаарай).

2 Гэхдээ танд санаа зовох юм байдаг байх. Зарим хүүхэд баптисм хүртчихээд дараа нь Бурхны тогтоосон хэм хэмжээ зөв эсэхэд эргэлздэг. Үнэний замаас гарах нь ч цөөнгүй. Тийм учраас та: «Хүүхэд маань үнэний зам дээр гарлаа ч дараа нь зангаа хувиргаад Еховаг анхных шигээ хайрлахаа больчих вий» гэж санаа зовдог байж болох юм. Нэгдүгээр зууны Эфэс дэх хурлын гишүүд шиг болж мэднэ. Есүс тэдний тухай «Чи анх хайрлаж байсан шигээ хайрлахаа больсон» гэж хэлсэн байдаг (Илч. 2:4). Тийм юм үзэхгүйн тулд яах вэ? «Өсөж», «аврагдахад» нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? (1 Петр 2:2). Тимотын жишээг авч үзье.

«АРИУН СУДРУУДЫГ ... МЭДЭХ БОЛСОН»

3. а) Тимот хэрхэн Христийн дагалдагч болсон бэ? б) Паул ямар 3 зүйлийг онцолсон бэ?

3 Элч Паулыг Лустрт анх МЭ 47 онд очих үеэр Тимот Есүсийн сургаалыг сонссон бололтой. Тэр үед Тимот өсвөр насны хүү байсан ч сурснаа амьдралдаа хэрэгжүүлжээ. Тэгээд хоёр жилийн дараа Паултай хамт аялах болсон. Түүнээс хойш 16 жилийн дараа Паул Тимотод «Чи заалгаж сурсан болон итгэдэг болсон зүйлээ санаж, баримталж бай. Учир нь чи хэнээс сурснаа мэддэг шүү дээ. Бас ариун судруудыг [Еврей Судрыг] багаасаа мэдэх болсон. Үүний үрээр мэргэн ухаантай болж, Христ Есүст итгэдгийнхээ ачаар аврагдана» гэж бичжээ (2 Тим. 3:14, 15). Паул Тимотын талаар юү гэж бичсэнийг анхаараарай. 1) Ариун судруудыг мэддэг, 2) сурсан зүйлдээ итгэдэг, 3) мэргэн ухаантай болж, Христ Есүст итгэдгийнхээ ачаар аврагдана гэжээ.

4. Та Библи судлахад зориулсан ямар материал ашиглан хүүхдэдээ заадаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 Та Христийн дагалдагч учраас ариун судрууд буюу Еврей, Грек Судрыг хүүхэд маань мэддэг болоосой гэж хүсдэг байх. Бүр жаахан хүүхэд ч Библид гардаг хүмүүс, үйл явдлын талаар үндсэн мэдлэгтэй болж чадна. Еховагийн байгууллага маш олон тооны ном, товхимол, видео зэргийг эцэг эхчүүдэд зориулан гаргасан. Тэр бүхнийг ашиглан хүүхдэдээ тусалж болно. Харин аль нь танай хэлээр гарсан бэ? Еховатай дотно болоход Библийн мэдлэг чухал гэдгийг санаарай.

«ИТГЭДЭГ БОЛСОН»

5. а) Тимот юунд итгэдэг байсан бэ? б) Тимот Есүсийн тухай сайн мэдээнд итгэдэг болсон нь юунаас харагддаг вэ?

5 Ариун судруудын тухай мэдлэг үнэхээр чухал. Гэхдээ Библид гардаг хүмүүс, үйл явдлыг л мэддэг байх нь учир дутагдалтай. Заалгасан зүйл нь үнэн гэдэгт Тимот «итгэдэг болсон» шүү дээ. Тэрээр Еврей Судрыг хар багаасаа мэддэг байсан. Хожим нь Есүс бол Мессиа гэдэгт бат итгэдэг болжээ. Өөрөөр хэлбэл мэдлэгийн үндсэн дээр итгэдэг болсон. Тимот сайн мэдээнд бат итгэдэг байсан учраас баптисм хүртэж, Паултай хамт миссионероор үйлчлэх болжээ.

6. Бурхны Үгнээс сурсан зүйлдээ итгэдэг болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

6 Тимотынх шиг итгэлтэй болоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ? Нэгдүгээрт, тэвчээртэй байгаарай. Ганцхан шөнийн дотор итгэдэг болчихгүй биз дээ? Бас таны итгэдэг зүйлд хүүхэд тань хар аяндаа итгэдэг болохгүй нь лав. Библийн сургаалд итгэдэг болохын тулд хүү юм уу охин тань «оюун ухаанаа дайчлах» ёстой (Ром 12:1-ийг уншина). Үүнд эцэг эхчүүд та нар чухал үүрэгтэй. Ялангуяа асуултынхаа хариуг олоход нь та нар л туслах ёстой. Жишээ авъя.

7, 8. а) Нэгэн аав охиноо хэрхэн сургадаг вэ? б) Хүүхдэдээ тэвчээртэй хандах үе танд байсан уу?

7 Тоомас гэдэг аав 11 настай охинтой. Тэрээр: «Охин маань надаас “Ехова эволюцийн тусламжаар дэлхий дээр амьдрал бий болгосон юм биш үү?”, “Бид улс орноо өөд нь татахын тулд нийгмийн ажилд, жишээлбэл сонгуульд яагаад оролцдоггүй юм бэ?” гэх мэтээр асуудаг. Заримдаа би хоосон сургаал айлдахгүйн тулд хэлээ хазаад өнгөрдөг. Тэгээд ч зөвхөн сургаал сонсоод итгэчихдэг юм биш, баримт нотолгоонуудыг мэдэж авах хэрэгтэй биз дээ» гэжээ.

8 Хүүхдийг сургахад тэвчээр хэрэгтэйг Тоомас мэддэг. Үнэндээ Бурхны үйлчлэгч бүрд тэвчээр хэрэгтэй шүү дээ (Кол. 3:12). Охиныхоо итгэлийг батжуулахын тулд олон удаа ярилцаж багагүй цаг зав гаргах хэрэгтэйгээ Тоомас ойлгожээ. Библиэс сурсан зүйлийг нь эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэхийг хичээдэг байна. Тэрээр: «Охин маань Библиэс мэдэж авсан зүйлдээ, ялангуяа чухал чухал сургаалд үнэхээр итгэдэг үү, ойлгодог уу гэдгийг эхнэр бид хоёр мэдэх гэж хичээдэг. Асуулт асуухад нь би баярладаг. Харин юу ч асуухгүй, шууд итгэвэл миний санаа зовно» гэж ярьсан.

9. Бурхны Үгэнд итгэдэг болоход нь хүүхдэдээ туслахын тулд яах хэрэгтэй вэ?

9 Эцэг эх нь зааж сургахдаа тэвчээртэй байдаг бол хүүхэд яваандаа «үнэн хэчнээн өргөн, урт, өндөр, гүн болохыг» ойлгодог (Эф. 3:18). Хүүхдийнхээ нас, чадварт тохируулж заах хэрэгтэй. Тэд заалгасан зүйлдээ итгэдэг болбол багш, сурагчдын өмнө итгэж үнэмшдэг зүйлийнхээ талаар ярьж үзэл бодлоо хамгаалж чаддаг болно (1 Петр 3:15). Жишээ нь үхлийн талаар танай хүүхэд Библид үндэслэн тайлбарлаж чадах уу? Библид үндэслэсэн тайлбарыг ойлгодог уу? * Бурхны Үгэнд итгэдэг болоход нь туслахын тулд ихээхэн тэвчих хэрэг гардаг ч дараа нь та харамсахгүй (Д.хууль 6:6, 7).

10. Хүүхдэд зааж сургахын тулд өөр яах ёстой вэ?

10 Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдөө үлгэр дуурайл болох нь маш чухал. «Ехова оршин байдаг бөгөөд намайг хайрладаг гэдэгт би итгэдэг үү? Тогтоосон хэм хэмжээ нь зөв гэдэгт би итгэдэг үү? Яагаад итгэдгээ би хүүхдүүддээ ярьдаг уу? Еховад үнэхээр хайртайг минь тэд мэдэх үү?». Стефани гэдэг эмэгтэй гурван охиноо бүр бага байхаас нь дээрх асуултыг өөрөөсөө асууж иржээ. «Би өөрөө итгэдэггүй бол хүүхдүүд маань итгэдэг болно гэж хүлээх нь утгагүй шүү дээ» гэж тэрээр ярьсан юм.

«МЭРГЭН УХААНТАЙ БОЛЖ, ... АВРАГДАНА»

11, 12. Мэргэн ухаан гэж юү вэ? Мэргэн ухаантай эсэх нь наснаас шалтгаалахгүй гэхийн учир юү вэ?

11 Тимот 1) Судрын тухай мэдлэгтэй, 2) сурч мэдсэн зүйлдээ итгэдэг байсныг ярилцлаа. Тэгвэл Паул Тимотыг ариун судруудын үрээр «мэргэн ухаантай болж, ... аврагдана» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?

12 «Судрыг ойлгох нь» нэвтэрхий толийн 2-р ботид тайлбарласнаар, Библид байдаг мэргэн ухаан гэдэгт «асуудлыг амжилттай шийдэх, аюулаас зайлах буюу сэрэмжлэх, зорилгоо биелүүлэх эсвэл бусдад зөвлөхийн тулд мэдлэг, ойлголтоо ашиглах чадвар» ордог. Өөрөөр хэлбэл «мунхаг биш байна гэсэн үг». Библид «Мунхаг байдал хүүхдийн зүрхэнд уяастай байдаг» гэжээ (Сур. 22:15). Тэгэхээр мунхаг биш, мэргэн байх нь төлөвшсөний нэг шинж юм. Бурхны үйлчлэгчийн төлөвшсөн эсэхийг насаар нь биш, харин Еховагаас эмээдэг үү, хууль тушаалыг нь дагах хүсэлтэй юү гэдгээр тодорхойлж мэддэг (Дуулал 111:10-ыг уншина).

13. Охид хөвгүүд ямар байвал мэргэн ухаантай гэсэн үг вэ?

13 Хэрэв Бурханд үйлчилдэг охид хөвгүүд төлөвшсөн бол үе тэнгийнхний дарамт шахалт, өөрийнхөө хүсэл сонирхолд автахгүй, «янз бүрийн номлолын салхинд туугдаж, давалгаанд шидэгдэхгүй» (Эф. 4:14). Харин «оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурсан байдаг» (Евр. 5:14). Тэд эцэг эх юм уу том хүн байхгүй үед ч зөв шийдвэр гаргадаг. Энэ нь төлөвшихийг хичээдгийн шинж юм (Флп. 2:12). Аврагдахад ийм мэргэн ухаан зайлшгүй хэрэгтэй (Сургаалт үгс 24:14-ийг уншина). Мэргэн ухаантай болоход нь хүүхдэд хэрхэн туслах вэ? Юуны өмнө, таны эрхэмлэдэг зүйлийг мэддэг эсэхийг нь магадлаарай. Библийн зарчмын дагуу амьдрахыг хичээдгээ үг яриа, үйл хэргээрээ харуулаарай (Ром 2:21–23).

Эцэг эхчүүд цаг үргэлж зүтгэлтэй байх нь яагаад чухал бэ? (14–18-р догол мөрийг үзээрэй)

14, 15. а) Баптисм хүртэхийг хүсэж буй охид хөвгүүд юуг нухацтай бодох хэрэгтэй вэ? б) Дуулгавартай байхын ач тусыг бодоход нь хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

14 Гэхдээ буруу зөвийг хүүхдэдээ хэлээд өнгөрөх нь хангалтгүй. Дараах асуултуудыг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүрэхэд нь туслаарай. «Сэтгэл татагдмаар юмыг Библид яагаад хориглосон байдаг вэ? Библийн зарчим дандаа тустай байдагт чи яагаад итгэдэг вэ?» (Ис. 48:17, 18).

15 Хүүхэд тань баптисм хүртэхийг хүсэж байгаа бол үүнтэй холбогдон ямар үүрэг хариуцлага оногддогийг нухацтай бодоход нь туслаарай. «Христийн дагалдагч ямар үүрэгтэй вэ? Ач тус нь юү вэ? Хэцүү юм нь юү вэ? Энэ хоёрыг харьцуулбал ач тус нь илүү гэхийн учир юү вэ?» (Марк 10:29, 30). Эдгээр асуултыг баптисм хүртсэний дараа биш, харин өмнө нь нухацтай бодох нь туйлын чухал байдаг. Дуулгавартай байвал ямар ивээл хүртэх, дуулгаваргүй байвал ямар хохирол амсахыг эргэцүүлэн бодоход нь хүүхдэдээ тусалбал Библийн зарчим дандаа ашигтай гэдэгт улам бүр итгэх нь дамжиггүй (Д.хууль 30:19, 20).

БАПТИСМ ХҮРТСЭН ХҮҮХДИЙН ИТГЭЛ СОРИГДВОЛ

16. Баптисм хүртсэн хүүхэд нь зарим сургаалд эргэлзэж эхэлбэл эцэг эх нь яах хэрэгтэй вэ?

16 Тэгвэл хүүхэд тань баптисм хүртсэнийхээ дараа зарим сургаалд эргэлзэж эхэлбэл яах вэ? Жишээлбэл таны хүү юм уу охины сэтгэл ертөнцийн юманд татагдаж болох юм. Эсвэл Библийн зарчмын дагуу амьдрах нь мэргэн ухаантайн шинж гэдэгт эргэлздэг болж магадгүй (Дуу. 73:1–3, 12, 13). Ийм үед эцэг эх хүүхэдтэйгээ яаж харьцаж байгаа нь Еховад цаашдаа үйлчлэх үү, үгүй юү гэдгээ шийдэхэд нь нөлөөлж болох юм. Нас нь бага уу, шилжилтийн насанд хүрсэн үү, аль нь ч байсан хүүхэдтэйгээ битгий үзэлцээрэй. Хайрлан халамжилж, тусалж дэмжихийг зорилгоо болгоорой.

17, 18. Хүүхэд нь эргэлзэж байвал эцэг эх нь хэрхэн туслах вэ?

17 Баптисм хүртсэн хүүхэд Еховад өөрийгөө зориулж тангараг өргөсөн нь мэдээж. Тэд Бурхныг хайрлаж, хүсэл тааллыг нь бүхнээс дээгүүр тавихаа амласан (Марк 12:30-ийг уншина). Ехова үүнийг маш чухал гэж үздэг. Бид ч тэгж үзэх учиртай (Ном. 5:4, 5). Үүнийг хүүхдэдээ сануулаарай. Гэхдээ эхлээд, Еховагийн байгууллагаас эцэг эхчүүдэд зориулан гаргасан материалуудыг уншиж судлаарай. Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэнэ гэдэг нь хариуцлага ихтэй боловч ивээлтэй алхам гэдгийг цагийг нь олоод хайрын сэтгэлээр хэлж байгаарай.

18 «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номны I дэвтрийн «Эцэг эхчүүдийн асуулт» гэсэн хавсралтад ашигтай зөвлөгөө бий. Жишээлбэл тэнд «Хүүхэд маань үнэнээс нүүрээ буруулж байна гэж яаран бүү дүгнээрэй. Асуудлын гол нь өөр зүйлд байж болох шүү дээ» гэж бичжээ. Үе тэнгийнхэндээ дарамтлуулдаг эсвэл ганцаарддаг байж магадгүй. Бас бусад хүүхэд Еховад сайн үйлчилж байхад би чадахгүй байна гэж боддог байж болох юм. Уг хавсралтад цааш нь бичихдээ, иймэрхүү асуудлууд Библийн үнэнтэй холбоогүй бөгөөд яг одоо тулгараад байгаа тэр асуудал үнэний дагуу амьдрахад нь саад болдог байж магадгүй гэж тайлбарлажээ. Тэгээд тийм хүүхдэд яаж туслах талаар зөвлөгөө өгсөн байна («Questions Young People Ask—Answers That Work», Volume 1).

19. «Мэргэн ухаантай болж, ... аврагдахад» нь эцэг эхчүүд үр хүүхдэдээ хэрхэн туслах вэ?

19 Эцэг эхчүүд «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэх» хариуцлагатай даалгавар авсан завшаантай хүмүүс (Эф. 6:4). Библид юү гэж байдгийг хүүхдэдээ заагаад зогсохгүй сурсан зүйлдээ итгэдэг болоход нь туслах хэрэгтэйг энэ өгүүллээр үзлээ. Хүүхдийн итгэл бат байх тусам Еховад өөрийгөө зориулъя, бүхий л зүрх сэтгэлээрээ үйлчилье гэсэн оргилуун хүсэлтэй болно. Еховагийн Үг, агуу хүч болон эцэг эхчүүд та бүхний хичээл зүтгэлийн үрээр хүүхэд тань «мэргэн ухаантай болж, ... аврагдах» болтугай.

^ «Библийн сургаалыг зөв ойлгох нь» гэдэг судлах материалыг ашиглавал хүүхэд ч, том хүн ч Библийн сургаалыг ойлгож, тайлбарлаж чаддаг болно. Үүнийг jw.org саитаас олон хэлээр унших боломжтой. БИБЛИЙН СУРГААЛ > БИБЛИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ гэж орно уу.