Skip to content

Гарчиг руу орох

«Би Бурханд найддаг»

«Би Бурханд найддаг»

«Сүүлчийн Адам тэнгэрийн биетэй болж амь өгдөг болов» (1 КОР. 15:45).

ДУУ: 12, 55

1-3. а) Бидний итгэдэг үндсэн сургаалд юу юу ордог вэ? б) Амилах тухай сургаалыг яагаад чухал гэж хэлж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

 «ТА НАРЫН заадаг үндсэн сургаал юү вэ?» гэж асуувал та юү гэж хариулах вэ? Ехова бол Бүтээгч, Амь өгөгч гэдгийг онцлох нь дамжиггүй. Амиа золиосолсон Есүс Христэд итгэдгээ бас дурдах байх. Дэлхий маань диваажин болж, Бурхны ард түмэн мөнх амьдрах тухай баяр хөөртэй ярих нь зүйн хэрэг. Бас та: «Миний хамгийн их эрхэмлэдэг сургаалын нэг нь нас барагсад амилах тухай юм» гэж ярих уу?

2 Бид агуу их гамшгийг эсэн мэнд давж, дэлхий дээр мөнх амьдарна гэж найддаг. Гэлээ ч үхэгсэд амилна гэдэг нь бидний хувьд их чухал сургаал юм. Яагаад гэдгийг элч Паул тайлбарлан «Хэрэв үхсэн хүн амилахгүй юм бол Христ амилаагүй гэсэн үг» гэж бичжээ. Христ амилаагүй бол Хаан болж захирахгүй, бидний дэлгэрүүлэх ажил ч дэмий хоосон болох байв (1 Коринт 15:12–19-ийг уншина). Нас барсан хүн амилна гэдэг сургаалыг эрс үгүйсгэдэг садукайчуудаас бид ялгаатай. Яагаад гэвэл Есүсийн амилсныг бид мэддэг, итгэдэг. Олны элэг доог боллоо ч амилах тухай сургаалд эргэлздэггүй (Марк 12:18; Үйлс 4:2, 3; 17:32; 23:6–8).

3 «Үхсэн хүн амилах ... тухай сургаал» бол «Христийн тухай үндсэн сургаалын» нэг гэж Паул бичжээ (Евр. 6:1, 2). Тэрээр нас барагсад амилна гэдэгт итгэдгээ онцлон тэмдэглэжээ (Үйлс 24:10, 15, 24, 25). Бид Библи судалж эхлэхдээ л Бурхан үхэгсдийг амилуулна гэдгийг мэдэж авсан. Гэхдээ үүнийг улам нямбай судлах ёстой (Евр. 5:12). Яагаад?

4. Амилахтай холбоотой ямар асуултын хариуг мэдэх хэрэгтэй вэ?

4 Эрт цагт Лазар гэх зэргийн хүмүүс амилсныг ихэнх хүн Библи судалж эхлэхдээ л уншиж мэддэг. Бас нас барагсад ирээдүйд амилна гэдэгт Абрахам Иов Даниел нар итгэдэг байсныг мэдэж авдаг. Гэхдээ «Олон зууны өмнө өгсөн амлалт биелнэ гэсэн баталгаа байна уу? Нас барсан хүмүүс хэзээ амилахыг Библид бичсэн байдаг уу?» гэж асуувал та юү гэж хариулах вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл итгэл бэхэжнэ.

ЗӨГНӨСНӨӨС ХОЙШ ОЛОН ЗУУНЫ ДАРАА АМИЛСАН НЬ

5. Одоо ямар асуултуудын тухай ярилцах вэ?

5 Саяхан нас барсан хүнийг амилж байгаагаар төсөөлөхөд амархан байх (Ёох. 11:11; Үйлс 20:9, 10). Харин хэдэн зууны өмнө нас барсан хүнийг ирээдүйд амилуулна гэсэн амлалтын тухайд юү хэлж болох вэ? Дөнгөж саяхан нас барсан хүнийг ч, аль эрт талийн одсон хүнийг ч амилуулна гэсэн энэхүү эртний амлалтад та итгэж чадах уу? Үнэндээ амилуулах тухай амлалт олон зууны дараа биелсэн билээ. Та ч үүнд итгэсэн. Хэнийг амилуулсан бэ? Энэ нь ирээдүйд биелэх амлалттай ямар холбоотой вэ?

6. 118-р дуулал Есүстэй ямар холбоотой вэ?

6 Нас барсан хүнийг амилуулна гэж олон зууны өмнө зөгнөсөн байдаг. Энэ тухай ярилцъя. Зарим хүн 118-р дууллыг Давид зохиосон гэж үздэг. Уг дуулалд «Өө, ЭЗЭН, бид залбирч байна, авраач. ... ЭЗЭНий нэрээр ирэгч нэгэн ерөөлтэй еэ» гэж байдаг. Есүс нас барахаасаа өмнө, нисан сарын 9-нд Иерусалимд илжиг унаад орж ирдэг. Тэр үед хүмүүс, дээрх үгийг хэлж байсныг та санаж байгаа байх (Дуу. 118:25, 26; Мат. 21:7–9). Тэгвэл ирээдүйд амилах талаар 118-р дуулалд юү гэж байдаг вэ? Энэхүү зөгнөлт дуулалд «Барилгачдын голсон чулуу булангийн тулгуур чулуу болов» гэж бичсэнийг анхаараарай (Дуу. 118:22).

«Барилгачдын голсон» Мессиа (7-р догол мөрийг үзээрэй)

7. Иудейчүүд Есүсийг «голсон» гэдэг нь юү гэсэн үг вэ?

7 «Барилгачид» буюу Иудейн удирдагчид Мессиаг «голсон». Тэд Есүсийг үл тоомсорлож, Христ гэж хүлээн зөвшөөрөөгүй. Түүгээр ч үл барам түүнийг алахыг Пилатаас шаардсан (Лук 23:18–23). Ийнхүү Есүсийн үхлийн буруутан болсон.

Есүс амилж «булангийн гол чулуу» болсон (8, 9-р догол мөрийг үзээрэй)

8. Есүс яавал «булангийн тулгуур чулуу» болох вэ?

8 Иудейчүүд Есүсийг хүлээж авахын оронд алж устгасан юм бол Есүс яаж «булангийн тулгуур чулуу» болох вэ? Энэ зөгнөл Есүсийг амилсан цагт л биелнэ. Үүнийгээ усан үзмийн талбайн эзний тухай ёгт үлгэрээр тодорхой хэлсэн байдаг. Тэр эзний илгээсэн хүмүүсийг тариаланчид гутаан доромжилдог байжээ. Үүнтэй адил, израйлчууд Бурхны илгээсэн зөнчдийг гутаан доромжилж байсан. Ёгт үлгэрт гардаг эзэн өв залгамжлах хайртай ганц хүүгээ хамгийн сүүлд явуулдаг. Тариаланчид хүүг нь хүлээж авсан уу? Үгүй, харин ч алсан. Есүс энэ ёгт үлгэрийг ярьсныхаа дараа Дуулал 118:22-ыг эш татдаг (Лук 20:9–17). Хожим нь «Иерусалимд иудейчүүдийн удирдагчид, ахлагчид, хуулийн багш нар ... бүгдээрээ цуглах» үед элч Петр бас энэ зүйлийг эш татжээ. Тэрээр: «Шонд та нарын хадсан, харин Бурхны амилуулсан Назарын Есүс Христ» гэж ярьсан. Дараа нь «Энэ Есүс бол “Барилгачин та нарт гологдсон ч булангийн гол чулуу болсон нэгэн” юм» хэмээн тодорхой хэлсэн (Үйлс 3:15; 4:5–11; 1 Петр 2:5–7).

9. Дуулал 118:22-т ямар гайхалтай үйл явдлын тухай зөгнөсөн бэ?

9 Тэгэхээр Дуулал 118:22-т хэдэн зуун жилийн дараа болох үйл явдлыг хэлсэн нь тодорхой. Мессиа гологдож, амиа алдах боловч амилж булангийн гол чулуу болох ёстой ажээ. Бид аврагдъя гэвэл амилсан «Есүс Христэд итгэх ёстой бөгөөд өөр аврагч дэлхий дээр байхгүй» (Үйлс 4:12; Эф. 1:20).

10. а) Дуулал 16:10-т юү гэж зөгнөсөн байдаг вэ? б) Дуулал 16:10-т Давидын тухай хэлээгүй гэхийн учир юу вэ?

10 Амилах тухай өөр нэг зөгнөлийг үзье. Энэ зөгнөл бичигдсэн цагаасаа хойш 1 000 гаруй жилийн дараа биелжээ. Тэгэхээр Бурхны амлалт олон зуун жил өнгөрсөн ч биелдэг гэдэгт та улам бүр итгэх биз ээ. Давидын зохиосон 16-р дуулалд «Та миний сэтгэлийг Үхэгсдийн оронд орхихгүй. Та Өөрийн Ариун Нэгэнд ч ялзрахыг зөвшөөрөхгүй» гэж бий (Дуу. 16:10). Давид өөрийгөө хэзээ ч үхэхгүй, хүн төрөлхтний нийтийн булшинд орохгүй гэж хэлээгүй. Тэрээр хөгширч, үхээд «эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд Давидын хотод оршуулагдсан» гэж Бурхны Үгэнд тодорхой бичсэн (Х.дээд 2:1, 10). Тэгвэл Дуулал 16:10-т хэний тухай хэлсэн юм бол?

11. Петр хэзээ Дуулал 16:10-ыг тайлбарласан бэ?

11 Энэ дууллыг бичсэнээс хойш 1 000 гаруй жилийн дараа, Есүсийг нас бараад амилснаас хойш хэдэн 7 хоногийн дараа Петр мянга мянган иудейчүүд болон бусад үндэстний хүмүүст хандан үг хэлэхдээ Дуулал 16:10-ыг тайлбарлажээ (Үйлс 2:29–32-ыг уншина). Давид нас бараад, оршуулагдсаныг тэдэнд сануулсан. Петрийн яриаг сонсож байсан хүмүүс үүнийг мэддэг байв. Давид Мессиаг «ялзрахгүй буюу амилна гэдгийг урьдаас мэдээд хэлсэн» гэж Петрийг ярихад санал зөрсөн хүн гараагүй.

12. Дуулал 16:10 биелсний баталгаа юү вэ? Үүнийг бодож үзвэл бид юунд итгэлтэй байж болох вэ?

12 Петр хэлсэн үгээ батлахдаа Дуулал 110:1-д байдаг Давидын үгийг эш татжээ (Үйлс 2:33–36-г уншина). Ийнхүү Судраар баталж үнэмшилтэй тайлбарласан учраас Есүсийг «Эзэн ба Христ» гэдэгт олон хүн итгэсэн. Есүс амилсан нь Дуулал 16:10 биелсэн хэрэг байсныг тэд ойлгожээ. Хожим нь элч Паул Писидийн Антиох хотод иудейчүүдтэй ярьж байхдаа мөн л Дуулал 16:10-ыг эш татсан. Баримт нотолгоотой ярьж байсан учраас сэтгэл нь хөдөлсөн олон түмэн цааш нь сонсохыг хүсжээ (Үйлс 13:32–37, 42-ыг уншина). Есүсийг амилуулах тухай дээрх зөгнөлүүдийг олон зууны өмнө хэлсэн хэдий ч биелсэн. Үүнийг бодож үзвэл нас барагсад ирээдүйд амилна гэдэгт бид итгэлтэй байж болно.

НАС БАРАГСАД ХЭЗЭЭ АМИЛАХ ВЭ?

13. Амилах талаар зарим хүн юү гэж асууж магадгүй вэ?

13 Нас барагсад амилах тухай зөгнөл олон зуун жил өнгөрсөн ч биелнэ гэдгийг мэдэхлээр сэтгэл сэргэдэг. Гэхдээ зарим хүн: «Хайртай хүнтэйгээ уулзахын тулд удаан хүлээх ёстой болж байна уу? Тэр цаг хэзээ вэ?» гэж асууж магадгүй. Есүс элчүүддээ «Хэзээ юу болохыг тэнгэр дэх Эцэг л шийдэх эрхтэй» гэж хэлж байсан. Мэдэхгүй, мэдэх боломжгүй юм байгааг ийнхүү сануулжээ (Үйлс 1:6, 7; Ёох. 16:12). Гэхдээ нас барагсад хэзээ амилах тухай мэдээлэл бидэнд огт байхгүй гэсэн үг биш юм.

14. Есүсээс өмнө амилсан хүмүүс яасан бэ? Есүс ямар ялгаатай вэ?

14 Нас барсан хүн амилсан олон тохиолдол Библид гардаг. Тэдгээрээс хамгийн чухал нь Есүс амилсан тухай юм. Хэрвээ Есүс амилаагүй бол бидний хэн маань ч хайртай дотны хүнтэйгээ ирээдүйд уулзаж чадахгүй байх байсан. Есүсээс өмнө амилж байсан хүмүүс, тухайлбал Елиа Елиша нарын амилуулсан хүмүүс мөнх амьдраагүй. Тэд дахин үхэж, булшин дотроо ялзарсан. Харин «үхээд амилсан Христ дахиж үхэхгүй бөгөөд үхэл түүнийг захирах эрхгүй». Тэрээр хэзээ ч ялзрахгүйгээр тэнгэрт «үүрд мөнх амьдарна» (Ром 6:9; Илч. 1:5, 18; Кол. 1:18; 1 Петр 3:18).

15. Есүсийг яагаад «анх амилсан» гэсэн бэ?

15 Тэнгэрийн биетэй болж амилах хүмүүсийн анхных нь Есүс юм. Тэрээр ийнхүү амилсан нь маш чухал байв (Үйлс 26:23). Гэхдээ Есүс л ганцаараа тэнгэрийн биетэй болж амилсан юм биш ээ. Элчүүд өөртэй нь хамт тэнгэрээс захирахыг тэрээр батлан хэлсэн (Лук 22:28–30). Тэд ийм шагнал хүртэхийн тулд эхлээд үхэх ёстой. Дараа нь Христ шиг тэнгэрийн биетэй болж амилна. Паул: «Христ амилсан бөгөөд үхсэн хүмүүсийн дундаас анх амилсан нь юм» гэж бичжээ. Цааш нь «Бүгд дэс дараалан амилна. Христ бол анхных нь бөгөөд Христэд хамаатай хүмүүс түүнийг ирчихээд байх үед амилна» гэснээс үзвэл өөр хүмүүс бас тэнгэрт амилах нь тодорхой байна (1 Кор. 15:20, 23).

16. Тэнгэрт амилах цаг хэзээнээс эхэлсэн бэ?

16 Тэнгэрт амилах цаг хэзээ эхлэхийг Паулын хэлсэн үгнээс ерөнхийд нь мэдэж болно. «Түүнийг ирчихээд байх үед» гэсэн. Энэ үе 1914 оноос эхэлснийг Еховагийн Гэрчүүд аль эрт Библид үндэслэн тогтоосон билээ. Есүсийн «ирчихээд байх үе» одоо ч үргэлжилж байгаа бөгөөд Сатаны ертөнцийн төгсгөл тун ойртсон байна.

17, 18. Христийг «ирчихээд байх үед» тослогдогсдын зарим нь яах вэ?

17 Тэнгэрт амилах талаар Библид дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. «Нойрссон хүмүүсийн ирээдүйн тухай мэдэх нь зүйтэй. ... Есүс үхээд амилсан гэдэгт бид итгэдэг. Есүст үнэнч явсаар нойрссон хүмүүсийг Бурхан амилуулж, Есүстэй хамт байлгана гэдэгт ч бид итгэдэг. ... Эзнийг ирэхэд амьд байх зарим маань нойрссон хүмүүсийн өмнө орохгүй. Учир нь Эзэн өөрөө ... тэнгэрээс бууж ирээд, ... тушаал буулгахад нойрссон дагалдагчид эхэлж амилна. Тэр үед амьд байх бид тэдэнтэй хамт байхын тулд үүлэн дундуур явж, Эзэнтэй тэнгэрт уулзана. Тэгээд үргэлж түүнтэй хамт байх юм» гэжээ (1 Тес. 4:13–17).

18 Нас барсан тослогдогсод Христийг «ирчихээд байх үе» эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа амилах ажээ. Агуу их гамшгийн үеэр амьд байх тослогдогсод «үүлэн дундуур явж» тэнгэрт аваачигдана (Мат. 24:31). Энэ нь юү гэсэн үг вэ? Тэд үхэх боловч удаан нойрсохгүй. Харин «сүүлчийн бүрээн дуунаар хормын төдийд, нүд ирмэх зуур ... өөрчлөгдөнө» (1 Кор. 15:51, 52).

19. Ирээдүйд хүмүүс «давуу аргаар амилна» гэдэг нь юү гэсэн үг вэ?

19 Өнөөгийн Гэрчүүдийн ихэнх нь тослогдоогүй хүмүүс юм. Тэнгэрт Христтэй хамт үйлчлэхээр сонгогдоогүй тэд Сатаны бузар муу ертөнцийг устгах «Еховагийн өдрийг» хүлээдэг. Тэр өдөр хэзээ болохыг хэн нь ч мэдэхгүй. Гэхдээ тун дөхсөнийг баримтаас мэддэг (1 Тес. 5:1–3). Нас барсан тослогдоогүй хүмүүс Бурхны шинэ ертөнцөд амилна. Тэд диваажин болсон дэлхийд амилж аажим аажмаар төгс болох бөгөөд дахин хэзээ ч үхэхгүй байх боломжтой. Үхээд амилсан эрт цагийн хүмүүсийг бодвол тэднийг «давуу аргаар амилна» гэж хэлж болно (Евр. 11:35).

20. Ирээдүйд хүмүүс «дэс дараалан амилна» гэж найдах хэрэгтэйн учир юү вэ?

20 Тэнгэрт амилах хүмүүсийн тухай Библид бичихдээ «Бүгд дэс дараалан амилна» гэжээ (1 Кор. 15:23). Иймээс дэлхий дээр амилах хүмүүс ч дэс дараагаараа амилна гэж үзэж болно. Үүнээс үүдээд «Сүүлд нас барсан хүмүүс Христийн Мянган жилийн засаглал эхлэх үед амилах уу? Дотны хүмүүс нь тэднийг угтаж авах уу? Бурхны эртний үнэнч үйлчлэгч бөгөөд чадварлаг удирдагч байсан эрчүүд шинэ ертөнцөд эхний ээлжид амилаад Бурхны ард түмнийг удирдан зохион байгуулах ажилд оролцох уу? Еховад үйлчилж байгаагүй хүмүүс яах вэ? Тэд хэзээ, хаана амилах вэ?» гэх зэргийн асуулт ар араасаа хөвөрч болох юм. Шуудхан хэлэхэд иймэрхүү зүйлийн тухай одоо бодох хэрэг байна уу? Хүлээж байгаад харах нь дээр биш үү? Ехова тэр үед хэрхэн шийдэхийг өөрснөө үзэхлээр хэчнээн их сэтгэл хөдлөх бол оо!

21. Та юунд итгэдэг вэ?

21 Тэр болтол Еховад итгэх итгэлээ улам бүр батжуулцгаая. Нас барсан хүмүүс ой тойнд нь байгаа бөгөөд тэднийг амилуулна гэдгээ Ехова Есүсээр хэлүүлсэн (Ёох. 5:28, 29; 11:23). Ехова үхсэн хүнийг амилуулж чадна гэдгийг Есүс бас батлан хэлэхдээ, Абрахам Исаак Иаков нар «Түүний хувьд ... амьд» гэжээ (Лук 20:37, 38). Хүмүүс «амилна гэж би Бурханд найддаг» хэмээн Паул хэлсэн. Бид ч бас тэгж хэлж чадна (Үйлс 24:15).