Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Сорилтыг тэвчвэл ивээл хүртдэг

Сорилтыг тэвчвэл ивээл хүртдэг

«ЖИРЭМСЭН эхнэр, нялх охин 2-оо хаяад явчихдаг яасан харгис хүн бэ! Хэн тэднийг чинь тэжээж, асрах юм бэ? Шашнаасаа л гарчих. Тэгээд харь!» гэж КГБ-гийн офицер загнав. * Хариуд нь би: «Үгүй, би гэр бүлээ хаяагүй. Та нар л намайг баривчилсан! Би яасан юм бэ?» гэлээ. Тэгтэл нөгөө офицер: «Гэрч байснаас өөр хэрэг хийсэн бол хамаагүй дээр байсан юм» гэв.

Энэ яриа 1959 онд Оросын Эрхүү хотын шоронд болсон юм. Миний эхнэр Мария бид хоёр «шударга сайны төлөө зовоход» хэрхэн бэлтгэгдсэн, үнэнч байгаад ямар ивээл хүртсэнээ ярьж өгье (1 Петр 3:13, 14).

Би 1933 онд Украйны баруун хэсэгт байдаг Золотники тосгонд төрсөн. Францад амьдардаг Еховагийн Гэрч нагац эгч маань нөхөртэйгөө 1937 онд манайд ирсэн юм. Явахдаа Харуулын цамхаг Нийгэмлэгээс гаргасан «Засгийн газар», «Аврал» гэдэг ном өгөв. Аав маань Бурханд итгэх талаар маруухан хүн байсан ч тэр номнуудыг уншаад үнэнийг олсноо ойлгожээ. Харамсалтай нь 1939 онд хүнд өвчин туссан. Нас барахаасаа өмнө ээжид «Хүүхдүүддээ [Бурхны тухай] үнэнийг заагаарай» гэж захисан гэдэг.

СИБИРЬ—ДЭЛГЭРҮҮЛЭХ ШИНЭ ХЭСЭГ

Эрх баригчид 1951 оны 4 дүгээр сард ЗХУ-ын баруун хэсэгт амьдардаг Гэрчүүдийг Сибирь лүү цөлж эхлэв. Дүү Григорий, ээж бид гурвыг Украйнаас цөллөө. Галт тэргээр 6 000 километр зам туулсны эцэст Сибирьт байдаг Тулун хотод хүрч очив. Төрсөн ах Богдан маань хоёр 7 хоногийн дараа Ангарскийн ойролцоо байдаг хорих лагерьт хүргэгдсэн. Хөдөлмөрийн лагерьт 25 жил хоригдох ял сонсжээ.

Ээж Григорий бид гурав Тулуны ойр хавийн суурингуудад дэлгэрүүлдэг байлаа. Ингэхдээ авхаалжтай байх хэрэгтэй. Жишээлбэл «Энэ хавьд үхэр зарах хүн байхгүй биз?» гэж асууна. Үхэр зарах хүн олдвол үхэр ямар гайхамшигтай бүтээгдсэнийг хэлнэ. Тэгээд Бүтээгчийн тухай ярьдаг байлаа. Тэр үеийн нэг сонин дээр, Гэрчүүд үхэр асуудаг ч хонь хайдаг гэж бичсэн байсан! Үнэндээ бид хоньтой зүйрлэм хүмүүсийг хайж олдог байв. Харьяа бус энэ хэсгийн зочломтгой, даруу хүмүүстэй Библи судлах сайхан байжээ. Өнөөдөр Тулунд 100 гаруй дэлгэрүүлэгчтэй нэг хурал байгаа.

МАРИЯГИЙН ИТГЭЛ СОРИГДСОН НЬ

Миний эхнэр Мария дэлхийн ІІ дайны дунд үед Украйнд байхдаа үнэнийг мэджээ. Арван наймтай байхад нь КГБ-гийн нэг офицер оролдож амар заяа үзүүлэхээ болив. Бүр хүчиндэхийг завдсан ч Мария эрс эсэргүүцжээ. Нэг өдөр гэртээ иртэл нөгөө эрэгтэй орон дээр нь хэвтэж байх нь тэр. Мария ч гарч зугтав. Офицер уурлаж Гэрч гэдгээр нь далимдуулж шоронд хатаана хэмээн занажээ. Яг хэлснээр нь болж, 1952 онд Марияд 10 жилийн хорих ял оноов. Иосефтой адилхан болчихлоо доо гэж бодсон гэсэн. Иосеф үнэнч байснаасаа болоод шоронд хоригддог шүү дээ (Эх. 39:12, 20). Марияг шүүхийн танхимаас шорон руу авч явсан жолооч: «Битгий ай. Хүмүүс шоронд орж л байдаг юм, гэхдээ нэр бүтэн гардаг юм» гэж хэлжээ. Манай хүн энэ үгэнд их зоригжсон гэдэг.

Мария 1952–1956 онд Оросын Горький (одоогийн Нижний Новгород) хотын ойр байдаг хөдөлмөрийн лагерьт хоригдож байсан. Тэсгим хүйтэнд ч модыг үндсээр нь булгалуулдаг байсан гэсэн. Сүүлдээ бие нь муудаад 1956 онд суллагдаж Тулунд хүрч иржээ.

ЭХНЭР ХҮҮХДЭЭСЭЭ ХОЛ БАЙСАН МИНЬ

Тулунд Гэрч эмэгтэй ирж байгааг би нэг ахаас сонсоод дугуйтайгаа автобусны буудал руу явлаа. Ачаагаа авчрахад нь туслах гэж тэр л дээ. Гэтэл би Марияг анх хараад л дурлачихав. Харин сэтгэлийг нь татах гэж нэлээн юм болж билээ. Бид 1957 онд гэрлэсэн. Жилийн дараа охин Ирина маань төрлөө. Даанч охинтойгоо байх жаргалтай мөч удаан үргэлжилсэнгүй. Намайг Библийн ном хэвлэл хэвлэдэг гээд 1959 онд баривчилж ганцаарчлан хорих байранд хагас жил хорилоо. Тэр хугацаанд үргэлж тайван байхын тулд тасралтгүй залбирч, цуглааны дуу дуулж, суллагдахаараа яаж дэлгэрүүлэхээ ургуулж боддог байв.

Хөдөлмөрийн лагерьт байхдаа, 1962 он

Намайг шоронд байхад мөрдөн байцаагч: «Удахгүй та нарыг оготно шиг л дэвсэлж өгнө дөө!» гэж хашхичив. Тэгэхээр нь би: «Хаант төрийн тухай сайн мэдээ бүх үндэстэнд ЗААВАЛ тунхаглагдана гэж Есүс хэлсэн. Хэн ч зогсоож чадахгүй» гэж хэллээ. Мөрдөн байцаагч аргаа өөрчлөн итгэл үнэмшлээсээ няцахыг ятгаж гарав. Энэ тухай өгүүллийн эхэнд дурдсан билээ. Намайг сүрдүүлээд ч, ятгаад ч нэмэргүй байсан тул Саранск хотын дэргэдэх хөдөлмөрийн лагерьт 7 жил хорихоор болов. Тийшээ явах замдаа хоёр дахь охин Ольгагаа мэндэлснийг дууллаа. Бие биеэсээ хол байсан ч хэн хэн маань Еховадаа үнэнч хэвээрээ байгаа гэж бодоод тайвширдаг байлаа.

Эхнэр Мария, охин Ольга Ирина нар, 1965 он

Тулунаас Саранск хүртэл галт тэргээр ирж очиход 12 хоног хэрэгтэй ч Мария маань жилд нэг удаа намайг эргэж ирдэг байв. Жил бүр шинэ гутал авчирч өгнө. Өсгийд нь «Харуулын цамхаг» сэтгүүлийн шинэ дугааруудыг нуучихна. Нэг удаа онцгой эргэлт ирэв. Мария хоёр охиноо дагуулаад ирсэн юм. Тэдэнтэйгээ уулзаад хамт байхад сэтгэл их хөдөлж билээ!

ШИНЭ ГАЗАР, ШИНЭ БЭРХШЭЭЛ

Би 1966 онд суллагдлаа. Манайх гэр бүлээрээ Хар тэнгисийн ойролцоо байдаг Армавир хот руу нүүв. Тэнд Ярослав, Павел гэдэг хоёр хүү маань төрсөн.

Нэг их удалгүй КГБ-гийнхэн манай гэрт нэгжлэг хийдэг болов. Тэд хаа хамаагүй газраас Библийн ном хэвлэл хайдаг байсан. Бүр үхрийн тэжээл дотроос хүртэл шүү. Нэг удаа хөлсөндөө норсон тэдний хувцас тоос шороо болчихов. Мария тэднийг тушаал биелүүлж байгаа улс шүү дээ гэж өрөвдөөд жимсний шүүс аягалж, хувцасны сойз, түмпэнтэй ус, алчуур авчирч өглөө. Дараа нь тэд даргыгаа ирэхэд энэ тухай илтгэв. Явахдаа тэр дарга бидэн рүү инээмсэглээд гараараа даллаж билээ. Бид «бузар мууг сайнаар дийлж байх» гэж хичээдгийнхээ үр дүнг хараад баярласан (Ром 12:21).

Манайхыг нэгждэг байсан ч бид Армавирт дэлгэрүүлсээр байлаа. Бас ойролцоох Курганинск гэдэг хотод байдаг хэдэн дэлгэрүүлэгчтэй жижиг бүлэгт тусална. Одоо Армавирт 6, Курганинскт 4 хурал байгааг сонсоод ямар их баярласан гээч!

Заримдаа бид идэвх муутай болдог байсан. Гэхдээ Ехова бидний дутагдлыг засаж итгэлийг маань батжуулахын тулд ах нарыг явуулж байсанд бид их талархдаг (Дуу. 130:3). Бас нэг айхтар сорилт тулгарсан юм. КГБ-гийн хүмүүс хэнд ч мэдэгдэлгүй хурлын гишүүн болсон байлаа. Тэд идэвх чармайлттай, хичээл зүтгэлтэй юм шиг харагддаг байв. Зарим нь бүр хариуцлагатай үүрэгтэй болсон. Тэднийг бид яваандаа мэдсэн.

1978 онд Мария 45-тайдаа дахиад жирэмсэн болчихов. Зүрхний архаг өвчтэй тул хүүхэд гаргавал амь насанд нь аюултай гэж эмч нар үзээд үр хөндүүлэхийг ятгав. Мария татгалзсан. Тэгтэл зарим эмч Марияг эмнэлгийн хаана ч явсан дагаж яваад үр зулбуулах тариа хийхийг оролджээ. Мария хүүхдээ аврахын тулд эмнэлгээс зугтсан.

КГБ-гийн тушаалаар бид хотоос явж, тэр үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Эстонийн Таалин хотын ойролцоох тосгонд нүүж очив. Эмч нарын таамаглал үнэн биш байлаа. Тэнд Мария маань эсэн мэнд амаржиж хүү Виталийг төрүүлсэн.

Дараа нь Оросын өмнөд хэсэгт байдаг Незлобная суурин руу нүүв. Бид ойролцоох хотуудад болгоомжтой дэлгэрүүлдэг байв. Сувилал байдаг тэр хотуудад Оросын өнцөг булан бүрээс хүмүүс ирнэ. Амарч сувилуулахаар ирээд мөнхийн амьтай болох найдвар өвөрлөөд буцсан хүн цөөнгүй!

ХҮҮХДҮҮД МААНЬ ЕХОВАД ХАЙРТАЙ

Охид хөвгүүдээ Еховаг хайрладаг, Еховад үйлчлэх хүсэлтэй болгох гэж эхнэр бид хоёр нэлээн зүтгэсэн. Хүүхдүүдэд сайнаар нөлөөлөх ах дүү нарыг гэртээ байнга урина. Ялангуяа 1970–1995 онд дүүрэг хариуцагчаар үйлчилсэн миний дүү Григорийг ирэх бүрд манайхан бүгдээрээ бөөн баяр болно. Дүү маань баяр баясгалантай, хөгжилтэй, наргианч хүн л дээ. Зочин ирэхээр Библийн сэдэвтэй тоглоом тоглодог байсан болохоор хүүхдүүд маань Библийг хайрладаг болж өссөн.

Хөвгүүд, бэрүүд.

Зүүнээс баруун, арын эгнээ: Ярослав, Павел, Виталий

Урд эгнээ: Алёна, Раяа, Светлана

Том хүү Ярослав маань 1987 онд Латвийн Рига хотод амьдрах боллоо. Тэнд илүү чөлөөтэй дэлгэрүүлэх боломжтой байв. Тэгтэл цэрэгт явахгүй гэснээсээ болоод торны цаана жил хагас суух ял сонссон. Ял эдлэхдээ 9 шорон дамжсан. Шоронд ямар байснаа ярьсан минь хүүд их хэрэг болсон гэдэг. Дараа нь эхлэгчээр үйлчилсэн. Удаах хүү Павел 1990 онд 19-тэйдөө Японы хойд зүгт байдаг Сахалин гэдэг аралд эхлэгчээр үйлчлэхийг хүслээ. Бид эхлээд дургүй байв. Бүхэл бүтэн нэг арал мөртлөө 20-хон дэлгэрүүлэгчтэй. Манайхаас 9 000 километр зайтай газар л даа. Гэвч дараа нь дэмжсэн. Энэ нь ч зөв байсан юм билээ. Тэнд Хаант төрийн тухай мэдээг хүлээж авсан хүн олон байсан. Хэдхэн жилийн дотор 8 хурал бий болсон. Павел тэнд 1995 он хүртэл үйлчилсэн. Тэр үед бага хүү Виталий маань л гэртээ үлдсэн байв. Багаасаа Библи унших их дуртай. Арван дөрөв хүрээд эхлэгч болов. Хүүтэйгээ хамт 2 жил эхлэгчээр үйлчлэх боломж надад олдсон юм. Сайхан байж билээ. Виталий 19 хүрээд тусгай эхлэгчээр томилогдож гэрээсээ явсан.

1952 онд КГБ-гийн нэг ажилтан: «Шашнаа орхи, үгүй бол 10 жил шоронд хоригдоно гэж мэдээрэй. Шоронгоос гарах болоход чи хөгширчихсөн, ганцаархнаа үлдэнэ дээ» гэж Марияд хэлжээ. Гэвч тэр хүний хэлснээр болоогүй. Бид үнэнч Бурхан Еховагийнхаа хайрыг мэдэрсэн. Бас хүүхдүүд маань, үнэнийг заалгасан хүмүүс маань бидэнд хайртай. Мария бид хоёр, хүүхдүүдийнхээ үйлчилж байсан газруудад очиж үзсэн. Их сайхан байсан. Хүүхдүүдээр маань Еховагийн тухай заалгаж мэдсэн хүмүүс ямар их талархаж явдгийг харсан.

САЙХАН СЭТГЭЛТЭЙ ЕХОВАДАА ТАЛАРХДАГ

Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг 1991 онд албан ёсоор зөвшөөрснөөс хойш дэлгэрүүлэх ажил эрчимжсэн. Манай хурал хагас, бүтэн сайн болгонд ойролцоох хот, тосгодод очиж дэлгэрүүлэхийн тулд бүр автобус худалдаж авсан.

Эхнэр бид хоёр, 2011 он

Одоо Ярослав эхнэр Алёнатайгаа, Павел эхнэр Раяатайгаа Бетелд үйлчилж, Виталий эхнэр Светланатайгаа явуулын ажил хийж байгаад би их баяртай байдаг. Том охин Ирина гэр бүлийнхэнтэйгээ Германд амьдарч байна. Хүргэн Владимир, гурван зээ хүү маань бүгд ахлагч. Бага охин Ольга Эстонид амьдардаг. Надтай утсаар тогтмол ярьдаг юм. Харамсалтай нь, хайртай хань минь 2014 онд нас барсан. Амилахаар нь уулзана гээд тэсэж ядан хүлээж байна! Одоо би Белгород хотод аж төрдөг. Итгэл нэгтнүүд маань их тус дэм болдог юм.

Үргэлж үнэнч байхын тулд өндөр үнэ төлөх хэрэг гардаг ч хариуд нь Еховагаас ирдэг сэтгэлийн амар тайван үнэлж баршгүй үнэ цэнтэйг олон жилийн туршлагаасаа мэдэж авлаа. Мария бид хоёр тууштай байсныхаа ачаар төсөөлж ч байгаагүй ивээл хүртсэн. ЗСБНХУ 1991 онд задран унахаас өмнө 40 мянга гаруй дэлгэрүүлэгчтэй байсан бол Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан улсуудад өнөөдөр 400 мянга гаруй дэлгэрүүлэгч байна. Нас 83 хүрсэн ч би ахлагчаараа үйлчилж байна. Ехова л надад хэцүү бэрхийг тэвчих хүч өгдөг. Ехова намайг үнэхээр их ивээж байна (Дуу. 13:5, 6).

^ д/м 4 КГБ гэдэг нь Улсыг Аюулаас Хамгаалах Хороо юм.