Skip to content

Гарчиг руу орох

Хуучин хүнээ тайлж, дахин өмсөхгүй байх нь

Хуучин хүнээ тайлж, дахин өмсөхгүй байх нь

«Хуучин хүнээ муу зуршилтай нь тайл» (КОЛ. 3:9).

ДУУ: 52, 54

1, 2. Хүмүүс Еховагийн Гэрчүүдийн юуг анзаардаг вэ?

ЕХОВАГИЙН үйлчлэгчид гайхалтай сайхан зан чанартайг бусад хүн анзаардаг. Зохиолч Антон Гийл нацист Германы үед амьдарч байсан ах дүү нарын маань талаар бичихдээ «Нацистууд Еховагийн Гэрчүүдийг онц ихээр үзэн яддаг байв. ... [Хорих лагерь] дахь Гэрчүүдийн тоо 1939 он гэхэд 6 000-д хүрсэн» гэжээ. Тэд харгис хавчлагын бай болж байсан ч «итгэл даадаг, [хэчнээн дарамтлагдсан ч] уужуу тайван», Бурхандаа «үнэнч, эв нэгдэлтэй» хүмүүс байсныг уг зохиолч бичжээ.

Саяхан өмнөд африкчууд Еховагийн Гэрчүүдийн нэг онцгой юмыг анзаарчээ. Урьд нь хар, цагаан арьстай Гэрчүүд хамт цуглах боломжгүй байв. Харин 2011 оны 12 дугаар сарын 18-ны ням гарагт, Өмнөд Африк болон ойр хавийн улсуудаас ирсэн янз бүрийн яс үндэстэй 78 мянга гаруй Гэрч тусгай хөтөлбөр сонсохоор Иоханнэсбүрг хотын хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд цугларчээ. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн нэг менежер: «Энд олон хүн ирдэг л дээ. Гэхдээ биеэ ийм сайхан авч явдаг хүмүүсийг би урьд нь хараагүй. Бүгдээрээ цэвэр цэмцгэр хувцасладаг юм байна. Цэнгэлдэх хүрээлэнг маань их сайхан цэвэрлэжээ! Хамгийн гол нь та нар олон үндэстнээс бүрддэг юм байна» гэж хэлжээ.

3. Еховагийн байгууллага бусад байгууллагаас юугаараа ялгаатай вэ?

3 Бид дэлхийн хаана ч байхгүй ахан дүүгийн барилдлагад нэгдсэн. Үүнийг маань бусад хүн анзаардгийг дээрх хүмүүсийн хэлсэн үг баталж байна (1 Петр 5:9). Тэгвэл Еховагийн байгууллага бусад байгууллагаас юугаараа ялгаатай вэ? Гишүүд нь Библи болон Бурхны агуу хүчээр удирдуулдаг учраас «хуучин хүнээ ... тайлж», «шинэ хүнийг өмсөх» гэж маш их хичээдэг (Кол. 3:9, 10).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ? Яагаад?

4 Хуучин хүнээ тайлах нэг хэрэг. Харин үүнийгээ дахиж өмсөхгүй байх нь хамгийн чухал. Тэгвэл хуучин хүнээ яаж тайлах, энэ нь яагаад чухал болох, буруу юм хийж зуршсан ч өөрчлөгдөх боломжтой гэхийн учрыг энэ өгүүллээр үзье. Түүнээс гадна үнэний замаар олон жил явж буй хүмүүс хуучин хүнээ дахин өмсөхгүйн тулд яах хэрэгтэйг ярилцъя. Бид яагаад энэ тухай ярилцах хэрэгтэй болоод байна вэ? Еховад үйлчилж байснаа сэрэмж алдаад хуучин амьдрал руугаа халтиран орсон харамсалтай явдал гардаг. Тиймээс «Зогсож байна гэж боддог хүн унахгүйн тулд болгоомжил» гэсэн анхааруулгыг бид бүгдээрээ мартах учиргүй (1 Кор. 10:12).

САДАР САМУУН ЮМЫГ ХҮСЭХЭЭ БОЛЬ

5. а) Хуучин хүнээ яагаад бушуухан тайлах хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Колосай 3:5–9-т бичсэн ямар зуршлыг хуучин хүнийх гэж хэлж болох вэ?

5 Хувцас тань заваарч, муухай үнэр үнэртээд байвал та яах вэ? Бушуухан тайлна биз дээ? Үүнтэй адилхан, хийдэг зүйлийг тань Ехова үзэн яддагийг мэдвэл даруйхан болих хэрэгтэй. Нэгдүгээр зууны үеийн дагалдагчдад өгсөн Паулын зөвлөгөөг бид бас анхаарах учиртай. Тэрээр Бурхны үзэн яддаг үйл хэргийг жагсаагаад, тийм зуршлаасаа салахыг сануулсан байдаг. Паулын дурдсан зүйлийн хоёрыг буюу садар самуун, бузар булай явдлыг авч үзье (Колосай 3:5–9-ийг уншина).

6, 7. а) Хуучин хүнээ тайлахын тулд шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэйг Паулын хэлсэн ямар үгнээс ойлгож болох вэ? б) Сакүра ямар амьдралтай байсан бэ? Амьдралаа өөрчлөхөд нь юу тус болсон бэ?

6 Садар самуун. «Садар самуун» гэж орчуулсан грек үг нь өргөн утгатай. Гэрлэлтээ батлуулаагүй хоёр хүний болон ижил хүйстний бэлгийн харьцаа ч үүнд хамаарна. Паул итгэл нэгтнүүддээ «биеийнхээ эрхтнүүдийг үхүүлэхийг» уриалсан. Өөрөөр хэлбэл садар самуун юмыг хүсэхээ боль, тийм хүслээ таягдан хаяхын тулд шийдвэртэй арга хэмжээ ав гэжээ. Энэ тэмцэл амархан биш ч ялж болно.

7 Сакүра * гэдэг япон эмэгтэйд юу тохиолдсоныг авч үзье. Тэрээр хүүхэд байхаасаа л ганцаардаж, уйтгарладаг байжээ. Арван тав хүрээд ганцаардмал байдлаасаа гарахын тулд янз бүрийн хүнтэй унтдаг болов. «Би үүнээс болоод гурван удаа үр хөндүүлсэн. Эхэндээ би өөрийгөө бусдын хайрыг татсан, хэрэгтэй хүн гэж бодоод тайвширдаг байлаа. Харин янз бүрийн хүнтэй хавьтах тусам улам их ганцаардаж, хэнд ч хэрэггүй юм шиг санагдах болсон» гэж Сакүра ярьсан юм. Тэрээр 23 хүртлээ ингэж амьдарчээ. Дараа нь Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж, сурсан зүйлээ эрхэмлэн хайрлах болов. Өөрийгөө буруутгаж, ичиж зовж байсан ч Еховагийн ачаар энэ зовлонгоосоо салж, садар самуун амьдралаа орхижээ. Одоо Сакүра байнгын эхлэгчээр үйлчилж, ганцаардахын зовлонг мартсан байна. «Өдөр бүр Еховагийн хайранд өлгийдүүлдэг би үнэхээр жаргалтай хүн» гэж өөрийгөө тодорхойлжээ.

БУЗАР БУЛАЙ ЗУРШЛАА ХАЯ

8. Юу хийвэл бид Бурханд бузар харагдах вэ?

8 Бузар булай. Библид гардаг «бузар булай» гэж орчуулсан грек үг өргөн утгатай. Энэ нь садар самуунаар хязгаарлагдахгүй. Тамхи татах, завхай онигоо ярих ч үүнд ордог (2 Кор. 7:1; Эф. 5:3, 4). Бас ганцаараа байхдаа хийдэг бузар зүйлийг, тухайлбал хуял тачаал хөдөлгөдөг ном зохиол унших, порно үзэхийг хэлнэ. Үүнээс болоод гар хангалга хийдэг болж мэднэ (Кол. 3:5). *

9. Хуял тачаалаа дэвэргэхийн хор хөнөөл нь юу вэ?

9 Байнга порно үзээд байвал хуял тачаал нь улам дэвэрч хормойн донтой болж мэднэ. Порнод донтох нь архи, хар тамхинд донтохтой адилхан байдгийг судалгаа харуулдаг. Тэгэхээр порно үзэх зуршилтай хүмүүс өөрийгөө жигшин зэвүүцэх, ажлын бүтээмж нь муудах, гэр бүлийн амьдрал нь аз жаргалгүй байх, салж сарних, амиа хорлох гэх мэтийн муу үр дагавар амсдаг нь гайхах зүйл биш юм. Нэг эрэгтэй порно үздэг зуршлаа хаяад бүтэн жил болсны дараа өөрийгөө дахин хүндэтгэдэг болсон гэжээ.

10. Рибэйро порно үзэх зуршлаасаа яаж салсан бэ?

10 Порно үзэх зуршлаасаа салах нь олон хүний хувьд туйлын амаргүй байдаг. Гэхдээ салж болдгийг Бразилд амьдардаг Рибэйрод тохиолдсон явдлаас мэдэж болно. Рибэйро өсвөр насандаа гэрээсээ явж, хаягдал цаас дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг болов. Тэнд порно сэтгүүл их үздэг байжээ. «Би аажмаар донтож эхэлсэн. Сүүлдээ хамт амьдардаг эмэгтэйг гарангуут порно кино үздэг болсон» гэжээ. Нэг өдөр ажлаа хийж байгаад дахин боловсруулах гэж байсан овоолоостой номнуудыг хартал «Гэр бүлийн аз жаргалын нууц» гэсэн нэртэй ном нүдэнд нь тусав. Шүүрэн аваад уншиж эхлэв. Уншсан зүйлдээ сэтгэл нь хөдөлсөн тэрээр Еховагийн Гэрчүүдтэй хамт Библи судалдаг болжээ. Гэвч муу зуршлаа хаяж чадахгүй их уджээ. Түүнд юу тус болсон бол? «Залбирч, Библиэ судалж, сурсан зүйлээ эргэцүүлэн бодож байсны хүчинд Бурхны зан чанарыг илүү сайн ойлгодог болсон. Тэр хэрээр Еховаг хайрлах хайр маань порно үзэх хүслээс илүү хүчтэй болсон» гэж Рибэйро ярьсан юм. Библи болон Бурхны агуу хүчээр удирдуулсан учраас тэрээр хуучин хүнээ тайлж, баптисм хүртжээ. Одоо хурлын ахлагчаар үйлчилж байна.

11. Порно үзэх зуршилдаа дийлдэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

11 Рибэйро өөрийгөө ялахын тулд зүгээр л Библи судлаад болчихоогүй байгаа биз? Сурч мэдсэнээ нухацтай бодож зүрх сэтгэлийнхээ гүнд шингээхийг хичээсэн. Залбирч Еховагаас тусламж гуйсан. Энэ бүхний ачаар Бурхныг улам их хайрладаг болж порно үзэх хүсэл нь дарагдсан. Порно үзэх зуршилдаа дахин дийлдэхгүй байх хамгийн шилдэг арга нь Еховаг халуун сэтгэлээр хайрлаж, бузар мууг үзэн ядах явдал юм (Дуулал 97:10-ыг уншина).

УУРЛАН ХИЛЭГНЭХ, ДОРОМЖЛОН ГУТААХ, ХУДАЛ ХЭЛЭХЭЭ БОЛЬ

12. Уурлахаараа бусдыг дайрч доромжилдог байсан Стийвн юуны ачаар өөрчлөгдсөн бэ?

12 Зарим хүн уурлахаараа хэлэх хэлэхгүй үгээр бусдыг дайрч доромжилдог. Тийм хүн гэр бүлээ жаргалтай байлгаж чадахгүй нь ойлгомжтой. Эхнэр хүүхэдтэйгээ Австралид амьдардаг Стийвн гэдэг Гэрчийн тухай ярилцъя. Тэрээр: «Би урьд нь маш их хараал урсгадаг, ялихгүй юмнаас болж уурладаг хүн байсан. Эхнэр бид хоёр 3 удаа тусдаа амьдарсан. Ер нь салах гэж байсан» гэж ярьжээ. Дараа нь тэд Гэрчүүдтэй Библи судалж эхлэв. Стийвн Библийн зөвлөгөөг дагахыг хичээдэг болжээ. Тэрээр: «Манай гэр бүлийнхэн хамт байх дуртай, илүү дотно болсон. Би урьд нь өчүүхэн юман дээр л уурлаад дэлбэрчих шахдаг байсан бол одоо Еховагийн ачаар тайван байдаг болсон» гэжээ. Стийвн одоо туслах үйлчлэгч бөгөөд эхнэр нь эхлэгчээр үйлчлээд нэлээн хэдэн жил болж байна. «Стийвн бол их дөлгөөн, хөдөлмөрч, даруухан хүн» гэж хурлынх нь ахлагчид дүгнэжээ. Уурлаж байсныг нь тэд огт харж байгаагүй гэнэ. Стийвн ийм магтаал сонсоод яадаг бол? «Хэрвээ Ехова надад туслаагүй бол би ингэж өөрчлөгдөж, энэ бүх ивээлийг хүртэхгүй байх байсан» гэж ярьсан юм.

13. Уурлах нь яагаад аюултай вэ? Библид ямар анхааруулга байдаг вэ?

13 «Уурлан хилэгнэхээ, хэрэлдэн маргахаа, доромжлон гутаахаа ... боль» гэж Библид бичсэн байдаг (Эф. 4:31). Эдгээр нь зодоон цохионд хүргэдэг. Ихэнх хүний үздэгээр уурлах, зодолдох нь байдаг л зүйл ажээ. Харин бид үүнийг Бүтээгчээ гутааж байгаа хэрэг гэж үздэг. Ийм муухай ааш авираа засаж шинэ хүнийг өмссөн хүн бидний дунд олон бий (Дуулал 37:8–11-ийг уншина).

14. Догшин ууртай хүн номхон дөлгөөн болох боломжтой юу?

14 Австрийн нэгэн хуралд ахлагчаар үйлчилдэг Хаансын жишээг авч үзье. «Хаанс бол хамгийн номхон дөлгөөн эрчүүдийн нэг» гэж ахлагчдын зөвлөлийн зохицуулагч нь хэлжээ. Гэхдээ Хаанс урьд нь тийм байгаагүй ажээ. Өсвөр насандаа архинд орж уур омогтой нэгэн болжээ. Согтуудаа уурласнаас болоод найз охиноо хөнөөж 20 жилийн хорих ял авав. Шоронд орсон ч уур омог нь дарагдсангүй. Дараа нь ээж нь түүнийг ахлагчтай уулзуулж Библийн хичээл заалгахаар болов. Хаанс: «Хуучин хүнээ тайлах нь миний хувьд хамгийн хэцүү байсан. Библийн зүйлүүдийг уншаад урам орсон. Жишээ нь Исаиа 55:7-д “Хилэнцтэн нь өөрийн замаа орхи” гэж байдаг. Бас 1 Коринт 6:11-д нүгэлт амьдралаа орхисон хүмүүсийн талаар “Та нарын зарим нь тийм байсан” гэж бичсэн байдаг. Шинэ хүнийг өмсөхөд минь Ехова агуу хүчээрээ олон жил тэвчээртэй тусалсан» гэжээ. Тэрээр 17,5 жилийн ял эдлээд шоронгоос суллагдахдаа баптисм хүртсэн Гэрч болсон байлаа. «Ехова надад энэрэнгүй хандаж, уучилсанд би талархаж явдаг» гэж Хаанс ярьсан юм.

15. Хуучин хүний нэг шинж юу вэ? Харин Ехова бидэнд ямар шаардлага тавьдаг вэ?

15 Худлаа ярих нь хуучин хүний нэг шинж юм. Жишээлбэл зарим хүн татвар төлөхөөс зайлсхийх юм уу хариуцлагаас мултрахын тулд худлаа ярьдаг. Харин Ехова бол «үнэний Бурхан» (Дуу. 31:5). Тийм учраас «Хөршдөө үнэнийг ярьж бай», «нэг нэгэндээ худал бүү ярь» гэсэн шаардлагыг үйлчлэгч бүрдээ тавьдаг (Эф. 4:25; Кол. 3:9). Хэчнээн ичгэвтэр юм уу хэцүү санагдлаа ч үнэнийг ярих нь бидний үүрэг билээ (Сур. 6:16–19).

ТЭД ХЭРХЭН ЯЛСАН БЭ?

16. Хуучин хүнээ тайлъя гэвэл яах хэрэгтэй вэ?

16 Бид дан ганц өөрийнхөө хүчээр хуучин хүнээ тайлж чадахгүй. Энэ өгүүлэлд гарсан Сакүра Рибэйро Стийвн Хаанс нар муу зуршлаа хаяхын тулд тууштай тэмцсэн. Библи болон Бурхны агуу хүчээр оюун ухаан, зүрх сэтгэлээ удирдуулсан учраас тэд ялж чаджээ (Лук 11:13; Евр. 4:12). Бид бас Библи болон Бурхны агуу хүчээр удирдуулъя гэвэл Библийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн бодож, Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэх хүч, мэргэн ухаан гуйж тасралтгүй залбирах нь зүйтэй (Иош. 1:8; Дуу. 119:97; 1 Тес. 5:17). Түүнчлэн цуглаанд бэлдэж, идэвхтэй оролцох ёстой (Евр. 10:24, 25). Еховатай илүү ойр дотно болоход тустай бүх зүйлийг манай байгууллага өгч байгаа билээ. Үүнийг сайн ашиглаж, уншиж судлах хэрэгтэй (Лук 12:42).

Хуучин хүнээ тайлъя гэвэл яах хэрэгтэй вэ? (16-р догол мөрийг үзээрэй)

17. Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

17 Есүсийн дагалдагч хүний тайлах ёстой, дахин өмсөж болохгүй хуучин хүн буюу муу зуршлын талаар ярилцлаа. Тэгвэл Бурхны сайшаалыг хүлээхийн тулд хуучин хүнээ тайлаад л болчихно гэсэн үг үү? Үгүй. «Шинэ хүнийг өмсөх» ёстой. Тэгээд үүнийг амьдралынхаа салшгүй хэсэг болгох хэрэгтэй. Дараагийн өгүүллээр «шинэ хүний» зарим зан чанарыг авч үзье.

^ д/м 7 Энэ өгүүлэлд гарсан зарим нэрийг өөрчлөв.

^ д/м 8 «Бурхны хайр» номны 218-р хуудсанд буй «Гар хангалга хийх зуршлаас салагтун» гэсэн хавсралтыг үзнэ үү.