Skip to content

Гарчиг руу орох

«Зоригтой байж үйлдэгтүн»

«Зоригтой байж үйлдэгтүн»

«Тууштай бөгөөд зоригтой байж үйлдэгтүн. ... ЭЗЭН чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар» (Ш.ДЭЭД 28:20).

ДУУ: 60, 29

1, 2. а) Соломон ямар чухал даалгавар авсан бэ? б) Давид яагаад хүүдээ санаа зовсон бэ?

СОЛОМОН хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал барилгын ажлыг удирдах тусгай даалгавар авчээ. Энэ нь Иерусалимын сүмийг барих ажил байлаа. «Маш сүрлэг, бүх дэлхий дахинд алдаршсан, цог жавхлантай» байгууламж болох ёстой ажээ. Гэхдээ хамгийн гол нь жинхэнэ Бурхан Еховад зориулсан өргөө гэдгээрээ онцлог юм. Ехова Соломонд барилгын энэ том төслийг удирдах үүргийг өгчээ (Ш.дээд 22:1, 5, 9–11).

2 Бурхан хүүд нь тусална гэдэгт Давид хаан итгэж байсан. Гэхдээ Соломон «балчир, туршлагагүй» байв. Сүм барих даалгаврыг Соломон зориглон хийх болов уу? Залуу, туршлагагүйгээсээ болоод шантрах болов уу? Амжилт олохын тулд зоригтой байж, ажилдаа ханцуй шамлан орох ёстой болжээ.

3. Соломон эрэлхэг зоригт эцгээсээ юу сурсан бэ?

3 Соломон эр зоригтой байх талаар их зүйлийг ааваасаа сурсан биз ээ. Давид насанд хүрээгүй байхдаа эцгийнхээ хонийг хамгаалан зэрлэг араатнуудтай тулалдаж явсан билээ (1 Сам. 17:34, 35). Бас Голиат хэмээх аварга том биетэй, туршлагатай цэрэгтэй тулалдан эрэлхэг зоригтойгоо харуулсан. Бурхан тусалсан учраас Давид ганц мөлгөр чулуугаар Голиатыг ялжээ (1 Сам. 17:45, 49, 50).

4. Соломон яагаад зоригтой байх шаардлагатай байсан бэ?

4 Давид Соломоныг зоригжуулж сүм барих урам хайрласан нь тун зөв байлаа! (Шастирын дээд 28:20-ийг уншина). Хэрэв Соломон зоригтой байгаагүй бол айдаст автаад ажлаа ч эхэлж чадахгүй байх байв. Юу ч хийхгүй байснаас, бүтэл муутай ч гэсэн ажиллах нь дээр шүү дээ.

5. Бид яагаад зоригтой байх хэрэгтэй вэ?

5 Соломонтой адил, бид ч бас үүрэг даалгавраа биелүүлэх ёстой. Тэгэхийн тулд зоригтой байхад туслаач гэж Еховагаас гуйх нь зүйтэй. Одоо, эртний зоригтой хүмүүсийн жишээг үзье. Түүнчлэн яавал зоригтой байж, үүрэг даалгавраа амжилттай биелүүлэхийг бодоцгооё.

ЗОРИГТОЙ ХҮМҮҮС

6. Иосеф юуг мэдэж байсан ч зориг гаргасан бэ?

6 Потифарын эхнэр унтъя гэж өдөхөд Иосеф зориг гарган татгалзсан. Үүнээс болоод ямар хэцүү юм амсахыг тэрээр мэдэж байсан нь лавтай. Гэлээ ч бууж өгөлгүй, эр зориг гарган шууд татгалзсан (Эх. 39:10, 12).

7. Рахаб зориг гарган юу хийсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

7 Зориг гаргасан өөр нэг хүн бол Рахаб юм. Израйл туршуулууд Иерихо хотод ирж, түүний гэрт ордог. Рахаб айсан бол тэдэнд туслахгүй байх байсан биз ээ. Гэвч Еховад найдаж байсан учраас зориг гарган хоёр туршуулыг нууж, дараа нь саадгүй явуулсан (Иош. 2:4, 5, 9, 12–16). Рахаб Еховаг жинхэнэ Бурхан гэдэгт итгэсэн бөгөөд израйлчуудад энэ нутгийг өгнө гэдэгт огтхон ч эргэлзээгүй ажээ. Рахаб хүмүүсээс ч, бүр Иерихогийн хаанаас ч айгаагүй. Зоригтой байсныхаа ачаар өөрийнхөө болон гэрийнхнийхээ амийг аварсан (Иош. 6:22, 23).

8. Есүс эр зоригтой байсан нь элчүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?

8 Үнэнч элчүүд бас зоригтой хүмүүс байсан. Есүс ямар үед хэрхэн зориг гаргахыг тэд харсан (Мат. 8:28–32; Ёох. 2:13–17; 18:3–5). Тийм учраас зоригтой болжээ. Элчүүд садукайчуудын эсэргүүцэлтэй тулгарсан ч Есүсийн нэрээр зааж сургахаа болиогүй (Үйлс 5:17, 18, 27–29).

9. 2 Тимот 1:7-г үзвэл бид хэний ачаар эр зоригтой болдог вэ?

9 Иосеф, Рахаб, Есүс болон элчүүд зөв юм хийхээр эргэлт буцалтгүй шийджээ. Тэд өөрсдийнхөө хүчинд бус, харин Еховад найдаж байсан учраас зоригтой байсан юм. Заримдаа бидэнд бас зориг хэрэгтэй болдог. Тийм үед өөртөө бус, Еховад найдах ёстой (2 Тимот 1:7-г уншина). Охид хөвгүүд, эцэг эхчүүд болон хурлын гишүүд ямар үед зориг гаргах шаардлагатайг авч үзье.

ЗОРИГТ ОХИД ХӨВГҮҮД БА ЭЦЭГ ЭХЧҮҮД

10. Охид хөвгүүд яагаад зоригтой байх хэрэгтэй вэ?

10 Охид хөвгүүд Еховад үйлчилье гэвэл зоригтой байх хэрэгтэй болдог. Тийм үед Соломоныг дуурайх нь тустай. Соломон сүм барих ажлыг дуусгахын тулд зоригтой, ухаалаг байж зөв шийдвэр гаргасан. Охид хөвгүүд эцэг эхээсээ зөвлөгөө авдаг ч чухал шийдвэрийг өөрсдөө гаргах ёстой (Сур. 27:11). Сайн найзтай болох, амралт чөлөө цагаа зөв зохистой өнгөрөөх, ёс суртахууны хувьд цэвэр ариун байх, баптисм хүртэх гэх мэтийн чухал асуудлыг шийдэхэд зориг хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл ийм шийдвэр битгий гаргаасай гэж Бурхныг буруутгагч Сатан хүсдэг.

11, 12. а) Мосе зоригтой байсан нь юунаас харагддаг вэ? б) Охид хөвгүүд Мосег хэрхэн дуурайж болох вэ?

11 Охид хөвгүүд ямар зорилго тавихаа бодох ёстой. Энэ нь маш чухал. Зарим оронд, дээд боловсрол эзэмших, цалин сайтай ажилд орох зорилго тавихыг багш нар нь хүүхдүүдэд зөвлөдөг. Харин бага буурай хөгжилтэй оронд амьдардаг охид хөвгүүд гэр бүлдээ туслахын тулд ажил хийх ёстой гэж боддог. Чи тэдний аль нь ч байлаа гэсэн Мосегийн жишээг санаарай. Мосе фараоны охины гар дээр өсөж хүмүүжсэн болохоор эрх мэдэл, эд хөрөнгөтэй болох зорилго тавьж болох л байсан. Египет гэр бүл нь, багш зөвлөгчид нь ийм зорилго тавихыг яасан их ятгаж дарамталж байсан бол оо! Гэлээ ч Мосе бууж өгөлгүй, Еховад үйлчлэх шийдвэрийг зоригтой гаргасан. Тэрээр Еховад итгэж найдан эр зориг гаргаж Египетийн эд баялгийг бүрмөсөн орхисон (Евр. 11:24–26). Үүнийх нь төлөө Ехова түүнийг арвин их ивээсэн. Ирээдүйд бүр ч их ивээнэ.

12 Өнөөдөр ч бас Еховад үйлчилж, Хаант төрийг эн тэргүүнд тавьж амьдрахаар зориг шулуудсан охид хөвгүүд олон байдаг. Ехова тэднийг заавал ивээнэ. Гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахад нь тусална. Нэгдүгээр зуунд амьдарч байсан Тимот гэдэг залуу хамаг амьдралаа Бурханд үйлчлэхэд зориулж чадсан юм чинь чи ч бас чадна * (Филиппой 2:19–22-ыг уншина).

Та ямар ч үед зоригтой байхаар шийдсэн үү? (13–17-р догол мөрийг үзээрэй)

13. Гэрч охин зорилгоо биелүүлэхийн тулд яах хэрэгтэй болсон бэ? Яагаад?

13 АНУ-ын Алабама мужид амьдардаг Гэрч бүсгүй Бурханд үйлчлэх зорилго тавихын тулд зориг гаргах шаардлагатай болжээ. Тэрээр: «Би багадаа дэндүү ичимхий хүүхэд байсан. Цуглаан дээр хүмүүстэй бараг ярихгүй. Танихгүй айлын хаалга тогшино гэж бүр ч саналтгүй» хэмээн бичжээ. Аав ээж болон итгэл нэгтнүүдийнхээ тус дэмээр энэ охин зорилгоо биелүүлж байнгын эхлэгч болжээ. «Дээд боловсрол, нэр алдар, мөнгө төгрөг, эд хөрөнгөтэй болохыг Сатаны ертөнц хөхүүлэн дэмждэг. Ийм зүйлийн хойноос явбал зорилгодоо хүрсэн ч юмгүй, стресстэй болоод дуусна. Харин Еховад үйлчилбэл илүү их баяр баясгалантай болдог. Зорилгодоо хүрсэндээ сэтгэл хангалуун явдаг» гэж тэрээр бичжээ.

14. Гэрч эцэг эхчүүд ямар үед зориг гаргах хэрэгтэй вэ?

14 Гэрч эцэг эхчүүдэд бас зориг хэрэгтэй. Жишээлбэл оройн цагаар, амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллахыг дарга нь байнга шаарддаг байж болох юм. Гэтэл тэр үеэр гэр бүлийн хичээл хийх, дэлгэрүүлэх, цуглаанд суух зэргийг төлөвлөсөн байдаг. Тэгвэл яах хэрэгтэй вэ? Даргадаа үгүй гэж зоригтой хэлж, үр хүүхдэдээ үлгэр дуурайл болоорой. Зарим Гэрч эцэг эхчүүдийн зөвшөөрдөг зүйлийг та хүүхдэдээ зөвшөөрдөггүй гэж бодъё. Үүний учрыг тэр эцэг эхчүүд танаас асуувал зоригтой бөгөөд эвтэйхэн тайлбарлаж чадах уу?

15. Дуулал 37:25; Еврей 13:5 эцэг эхчүүдэд ямар ач тустай вэ?

15 Зорилго тавихыг хүүхдэдээ зөвлөхийн зэрэгцээ зорилгоо биелүүлэхэд нь туслахын тулд эцэг эхчүүд зориг гаргах шаардлагатай. Жишээлбэл байнгын эхлэгч болох, хэрэгцээ ихтэй газар үйлчлэх, бетелчин болох, барилгын ажилд туслах зорилго тавихыг хүүхдэдээ зөвлөх нь зарим хүнд амаргүй санагддаг. Хүүхэд маань хөгшрөхөөрөө өөрийгөө тэжээж чадахгүй байх вий гэж айдаг байж болох юм. Харин ухаалаг эцэг эхчүүд зоригтой байдаг. Тэд Еховагийн амлалтад итгэдэг (Дуулал 37:25; Еврей 13:5-ыг уншина). Зоригтой эцэг эхээ хүүхдүүд нь дуурайдаг (1 Сам. 1:27, 28; 2 Тим. 3:14, 15).

16. Зарим эцэг эх Бурханд үйлчлэх зорилго тавихад нь хүүхдэдээ хэрхэн тусалсан бэ? Хүүхдэд нь ямар ач тустай байсан бэ?

16 АНУ-д амьдардаг эхнэр нөхөр хоёр Бурханд үйлчлэх зорилго тавихад нь хүүхдүүддээ тусалжээ. Нөхөр нь: «Эхлэгчээр үйлчлэх, хуралдаа үйлчлэх нь хэчнээн сайхан байдгийг бид хүүхдүүддээ бүр жаахан байхаас нь ярьж өгдөг байсан. Одоо тэд ийм зорилго тавьсан болохоор Сатаны ертөнцийн дарамт шахалтад бууж өгдөггүй, Еховад үйлчлэхийг л голлон анхаардаг» гэжээ. Хоёр хүүхэдтэй өөр нэгэн аав: «Спорт, хобби, боловсрол гэх мэтийг сонирхож, амжилт олох гэж яваа хүүхдэдээ туслахын тулд маш их анхаарал тавьж, мөнгө төгрөг зарцуулдаг эцэг эхчүүд олон байдаг. Тэгвэл Еховатай үргэлж дотно байх гэж хичээж яваа хүүхдүүддээ анхаарал тавьж, мөнгө төгрөгөө зориулах нь бүр ч чухал. Хүүхдүүдийн маань зорилго биелэхлээр бидний зорилго биелчихсэн юм шиг л санагддаг» гэж ярьсан юм. Бурханд үйлчлэх зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэж яваа хүүхдүүддээ тусалдаг эцэг эхчүүд ивээл хүртэх нь дамжиггүй.

ЗОРИГТ ГЭРЧҮҮД

17. Ямар үед зоригтой байх хэрэгтэй вэ?

17 Тэгвэл хурлын гишүүд ямар үед зориг гаргах шаардлагатай вэ? Тухайлбал ахлагчид эрх зүйн асуудлыг шийдэхдээ эсвэл амь насанд нь аюул учирсан итгэл нэгтэндээ туслахдаа зоригтой байх хэрэгтэй. Бас зарим ахлагч ял эдэлж буй хүмүүстэй хичээл хийх юм уу цуглаан удирдахаар шоронд очдог. Ганц бие эмэгтэйчүүдийн тухайд юу хэлж болох вэ? Үйлчлэлээ өргөжүүлэх боломж тэдний өмнө нээлттэй. Тухайлбал эхлэгчээр үйлчлэх, хэрэгцээ ихтэй газар очих, цуглааны танхим барих ажилд сайн дураараа оролцох, Сайн мэдээ тунхаглагчийн сургууль, тэр байтугай Гилеад сургуульд ч сурч болно.

18. Настай эмэгтэйчүүд ямар үед зориг гаргах хэрэгтэй вэ?

18 Өндөр настай Гэрч эмэгтэйчүүдийг хурлынхан нь хайрлаж, эрхэм хүндтэй гишүүнээ гэж үздэг. Зарим эгч нар урьдынх шигээ үйлчилж чадахгүй болсон байж магадгүй. Гэхдээ зоригтой үйлчлэгч гэдгээ батлах боломжтой (Тит 2:3–5-ыг уншина). Жишээ нь, даруу хувцаслахыг нэг залуу эмэгтэйд хэлж өгөөч гэж ахлагч хүсвэл өндөр настай Гэрч эмэгтэй зориг гаргах хэрэгтэй болно. Яаж хувцасласныг нь шүүмжлэхгүй нь мэдээж. Харин бусдад яаж нөлөөлөхийг бодож хувцаслалтаа анхаарахыг хэлж өгнө (1 Тим. 2:9, 10). Настай эгч нар залуу эмэгтэйчүүдийг ийнхүү хайрладаг бол хуралдаа хувь нэмэр оруулна.

19. а) Баптисм хүртсэн эрчүүдийг ямар байвал зоригтой гэх вэ? б) Филиппой 2:13; 4:13 эрчүүдэд ямар ач тустай вэ?

19 Баптисм хүртсэн эрчүүд бас зоригтой байх хэрэгтэй. Хэрэв тэд туслах үйлчлэгч, ахлагч болоход бэлэн байдаг бол хуралдаа ихээхэн хувь нэмэр оруулна (1 Тим. 3:1). Гэвч зарим эрчүүд ахлагч, туслах үйлчлэгч болохоос цааргалдаг. Урьд нь алдсанаасаа болоод туслах үйлчлэгч юм уу ахлагч байх зохисгүй гэж бодох нь бий. Эсвэл чадваргүй гэж өөрийгөө голдог. Та бас тэгж боддог бол зоригтой болоход тань Ехова тусална (Филиппой 2:13; 4:13-ыг уншина). Мосе Еховагийн даалгаврыг биелүүлэх чадваргүй гэж өөрийгөө голсныг санаж байна уу? (Ег. 3:11). Гэсэн ч Ехова тусалсан учраас Мосе даалгавраа биелүүлэх зоригтой болсон. Баптисм хүртсэн эрчүүд Бурхнаас тусламж авахын тулд шаргуу залбирч, Библийг өдөр бүр уншвал Мосе шиг зоригтой болно. Бас зоригтой хүмүүсийн жишээг Библиэс уншиж эргэцүүлэн бодох нь тустай. Намайг сургаж өгөөч гэж ахлагчдаас гуйгаарай. Бас хуралдаа туслахад хэзээд бэлэн байх хэрэгтэй. Хурлынхаа төлөө нөр их хөдөлмөрлөхийг, зоригтой байхыг баптисм хүртсэн бүх эрчүүдэд уриалж байна!

«ЭЗЭН ЧАМТАЙ ХАМТ»

20, 21. а) Давид Соломонд юу сануулсан бэ? б) Бид юунд итгэлтэй байж болох вэ?

20 Сүмийг барьж дуустал Ехова хамт байхыг Давид Соломонд сануулжээ (Ш.дээд 28:20). Аавынх нь хэлсэн үг Соломоны оюун ухаан, зүрх сэтгэлд хоногшсон учраас залуу, туршлагагүй байсан ч ажлаа үргэлжлүүлсэн. Маш их зориг гаргасны хүчинд, бас Еховагийн тусламжаар тийм сүрлэг сүмийг долоон жил зургаан сарын дотор барьж дуусгажээ.

21 Зоригтой байж, ажлаа хийж гүйцэтгэхэд нь Ехова Соломонд тусалсан шигээ бидэнд ч бас тусална (Ис. 41:10, 13). Еховад үйлчлэхийн тулд зоригтой байдаг бол одоо ч, ирээдүйд ч ивээл хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно. Тиймээс «зоригтой байж үйлдэгтүн».

^ д/м 12 Бурханд үйлчлэх зорилго тавихад тустай зөвлөгөөг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 6-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Зорилгодоо хүрэхийн тулд “хөлийнхөө доорх замыг тэгшил”» гэсэн өгүүллээс уншаарай.