Skip to content

Гарчиг руу орох

«Тэр ядарсанд тэнхээ өгдөг»

«Тэр ядарсанд тэнхээ өгдөг»

2018 оны уриа: «ЭЗЭНд [«Еховад», ШЕ] найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ» (ИС. 40:31).

ДУУ: 152, 51

1. Бид ямар зовлон амсдаг вэ? Ехова яагаад баярладаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЭНЭ ертөнцөд зовлон зүдүүргүй амьдрах аргагүй. Хайртай итгэл нэгтнүүдийн маань зарим нь хүнд өвчинтэйгөө тэмцэж явна. Нөгөө зарим нь хөгшрөхийн зовлон амсахын зэрэгцээ нас өндөр болсон ар гэрийнхнийгээ асардаг. Мөн амьдралын наад захын хэрэгцээгээ хангах гэж зүдэрч яваа итгэл нэгтнүүд бий. Эдгээр зовлонгийн ганц нэгийг биш, бүгдийг нь үүрээд явж буй хүн олон. Зовлонгоо даван туулахад цаг хугацаа, хүч хөрөнгө шаардлагатай. Хэдий тийм ч та Бурхны амлалтад бат итгэж, ирээдүй сайхан болно гэдэгт огтхон ч эргэлздэггүй биз ээ. Өөрт нь итгэж найддаг таныг хараад Ехова ямар их баярладаг бол оо!

2. Исаиа 40:29-ийг уншвал яагаад урам сэргэдэг вэ? Гэхдээ бид ямар ноцтой алдаа гаргаж болзошгүй вэ?

2 Гэхдээ тулгарч буй бэрхшээлийг давж чадахгүй юм шиг санагдах үе танд байдаг уу? Тийм бол, ганцаараа биш гэдгээ санаарай. Бурхны эртний үнэнч үйлчлэгчдэд бас амьдрах хүсэлгүй болтлоо шантрах үе байсан (Х.дээд 19:4; Иов 7:7). Гэлээ ч бууж өгөхийн оронд Ехова хүч тэнхээ хайрлана гэдэгт итгэлтэй байжээ. «Тэр ядарсанд тэнхээ өгдөг» гэж Библид бий (Ис. 40:29). Бурхны зарим үйлчлэгч амьдралын нугачаанд сөхрөхгүй байх хамгийн сайн арга нь үнэний замаас түр гарах гэж боддог нь харамсалтай. Тэд Хаант төрийн үйл хэрэгт оролцохыг завшаан гэхээсээ илүү дарамт гэж үздэг учраас Библи унших, цуглаанд явах, дэлгэрүүлэх ажилд оролцохоо больдог. Сатан биднээс үүнийг л хүсдэг!

3. а) Сатанд бууж өгөхгүйн тулд яах хэрэгтэй вэ? б) Энэ өгүүллээр юү үзэх вэ?

3 Бид Хаант төрийн үйл хэрэгт оролцоод завгүй байвал хүч тэнхээтэй байна гэдгийг Диавол сайн мэддэг. Тэрээр биднийг хүчтэй байлгахыг огтхон ч хүсдэггүй. Хэрэв бие сэтгэл тань алжаасан бол Еховагаас бүү холдоорой. Харин ч урьдынхаасаа илүү дотносоорой. «Бурхан та нарыг батжуулна» гэж Библид байдаг шүү дээ (1 Петр 5:10; Яак. 4:8). Энэ өгүүллээр, Бурхан бидэнд хүч өгөх чадвартайг Исаиа 40:26–31-ээс мэдэж авна. Дараа нь, Бурханд үйлчлэх эрчийг сулруулж болзошгүй хоёр тохиолдлыг ярилцаж, Библийн зарчмыг баримтлах нь ямар ач тустайг үзнэ.

ЕХОВАД НАЙДВАЛ ДАХИН ХҮЧ ТЭНХЭЭТЭЙ БОЛНО

4. Исаиа 40:26-гаас юу ойлгож болох вэ?

4 Исаиа 40:26-г уншина. Сансар огторгуйд хэчнээн од байдгийг хэн ч тоолж чадаагүй. Эрдэмтдийн үзэж байгаагаар, Тэнгэрийн заадас галактикт л гэхэд 400 тэрбум од байдаг аж. Ехова од нэг бүрд нэр өгснийг бодоод үз дээ. Эндээс юу ойлгож болох вэ? Хэрэв Ехова амьгүй бүтээлээ ингэж анхаардаг юм бол өөрт нь үйлчилдэг танд бүр ч их санаа тавихгүй гэж үү? Та үүрэг гэж бодсондоо бус, хайрандаа хөтлөгдөөд Еховад үйлчилдэг шүү дээ (Дуу. 19:1, 3, 14). Хайрт Эцэг маань таныг өөрөөс тань илүү сайн мэднэ. Таны «толгой дээрх үсийг ч тоо ширхгээр нь мэддэг» (Мат. 10:30). Дуулалч: «ЭЗЭН гэм зэмгүй хүний өдрүүдийг мэддэг» гэжээ (Дуу. 37:18). Тийм учраас танд ямар бэрхшээл тулгарч байгааг Ехова анзаарч, тухай бүрд нь тэвчих хүч өгнө.

5. Ехова бидэнд хүч өгнө гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

5 Исаиа 40:28-ыг уншина. Ехова бол эрчим хүчний Эх булаг билээ. Жишээлбэл нарны эрчим хүчний талаар бодоод үзье. Шинжлэх ухааны сэдэвтэй зохиол бичдэг Дэйвид Бөүданис: «Нар секунд тутамд [хэдэн тэрбум атомын] бөмбөг дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний эрчим хүч ялгаруулдаг» гэж тэмдэглэжээ. Өөр нэг судлаачийн тооцоолсноор, нар «хүн төрөлхтний 200 000 жилийн хэрэгцээг хангах эрчим хүчийг нэг секундэд ялгаруулдаг» байна! Нарыг эрчим хүчээр хангадаг Ехова Бурхан бэрхшээлийг давах хүчийг бидэнд бас өгөхгүй гэж үү?

6. Есүсийн буулга «эвтэйхэн» гэж яагаад хэлж болох вэ? Энэ нь танд ямар санагдаж байна вэ?

6 Исаиа 40:29-ийг уншина. Еховад үйлчлэхлээр хэмжээлшгүй их баяр хөөр эдэлдэг. Есүс шавь нартаа «Буулгыг минь өөр дээрээ ав» хэмээсэн байдаг. Тэрээр цааш нь «Та нар сэргэх болно. Яагаад гэвэл миний буулга эвтэйхэн, миний ачаа хөнгөн» гэжээ (Мат. 11:28–30). Юутай үнэн үг вэ! Заримдаа бид ядарчихсанаа цуглаандаа явах юм уу дэлгэрүүлэх гээд гэрээсээ гарах үед мэддэг. Харин гэртээ буцаж ирэхэд ямар байдаг билээ? Сэтгэл сэргэж, бэрхшээлийг давахад бэлэн болсон байдаг биз дээ? Есүсийн буулга үнэхээр «эвтэйхэн»!

7. Матай 11:28–30 үнэн гэдгийг батлах жишээ хэлнэ үү.

7 Нэг Гэрч эмэгтэй архаг ядаргаа, сэтгэл гутрал, толгойн өвчин зэргээс болж их шаналдаг байв. Заримдаа цуглаанд суухад ч хэцүү байдаг гэнэ. Нэг удаа их л хичээж байж цуглаанд очжээ. «Сэтгэлээр унасан хүмүүст хэрэг болох илтгэл тавьж байсан. Илтгэгч тийм хүмүүсийг чин сэтгэлээсээ ойлгож, аядуу зөөлөн ярьж байсан учраас би нулимсаа барьж чадаагүй. Тэгээд цуглаандаа тогтмол явж байх хэрэгтэйгээ бүр сайн ойлгосон» гэж тэрээр ярьсан юм. Энэ эмэгтэй цуглаандаа суух гэж хамаг хүчээ шавхаад очсондоо үнэхээр их баярлажээ!

8, 9. Элч Паул яагаад «Би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг» гэж хэлсэн бэ?

8 Исаиа 40:30-ийг уншина. Хэчнээн чадвартай байлаа ч бидний хийж чадах зүйл хязгаартай. Үүнийг хүн бүр санаж явах нь чухал. Элч Паул авьяас чадвартай нэгэн байсан ч хүссэн бүхнээ хийж чадаагүй. Энэ тухайгаа хэлэхэд нь Ехова: «Хүчин мөхөс үед миний хүч чадал бүрэн илэрдэг» гэж хариулжээ. Паул үүнийг ойлгосон учир «Би хүчин мөхөс байхдаа хүчтэй байдаг» хэмээн дүгнэсэн (2 Кор. 12:7–10). Чухам яагаад ингэж хэлсэн юм бол оо?

9 Өөрийн хүчээр хийж чадах юм хязгаартай тул хамгийн дээд Нэгнээс тусламж авах зайлшгүй шаардлагатайг Паул ухаарчээ. Хүчин мөхөс үед нь Бурхан агуу хүчээрээ тэнхрүүлнэ. Бас өөрийн хүчээр гүйцэтгэж дийлэхээргүй үүрэг даалгаврыг сайн биелүүлэхэд тусалж чадна. Бид ч бас ялгаагүй. Ехова агуу хүчээ өгвөл бид хүчтэй болно!

10. Бэрхшээлийг давахад нь Ехова Давидад хэрхэн тусалсан бэ?

10 Ехова агуу хүчээрээ өөрийг нь хүч тэнхээтэй болгосныг дуулалч Давид олон удаа үзжээ. Тэрээр: «Танд түшиглэн би их цэргийн эсрэг гүйж чадна. Бурхандаа түшиглэн би хана давж чадна» гэж дуулжээ (Дуу. 18:29). Заримдаа бидэнд өөрсдөө давж чадахааргүй өндөр хана хэрэм шиг бэрхшээл тулгардаг. Тэр үед Еховагийн тусламж зайлшгүй хэрэгтэй.

11. Бурхны агуу хүч хэрхэн тусалдгийг жишээгээр хэлнэ үү.

11 Исаиа 40:31-ийг уншина. Бүргэд холын зам туулахдаа дан ганц өөрийн хүчээр элэн халин нисдэггүй. Харин халсан агаарын урсгалыг ашиглан өндрөө алдалгүй, хүчээ хэмнэн нисдэг байна. Хэрэв тулгарсан бэршээл дааж давшгүй мэт санагдвал бүргэдийг бодоорой. Тулгамдсан асуудлаа даван туулахын тулд Еховагаас «туслагч буюу ... агуу хүчийг» нь гуйж залбираарай (Ёох. 14:26). Хоногийн 24 цагийн хэдийд ч гуйж болно. Ялангуяа итгэл нэгтэнтэйгээ ам мурийсан үед Бурхнаас тусламж авах зайлшгүй хэрэгтэй. Ер нь юунаас болж санал зөрөлддөг вэ?

12, 13. а) Итгэл нэгтнүүд санал зөрөлддөгийн учир юү вэ? б) Иосефт тохиолдсон явдлаас Еховагийн тухай юү мэдэж болох вэ?

12 Бүх хүн төгс бус учраас итгэл нэгтнүүдийн дунд санал зөрөлдөөн гарах нь бий. Бид бусдын, бусад хүн бидний хэлсэн үг, хийсэн үйлдлээс болоод заримдаа уурлаж бухимддаг. Энэ нь бидэнд сорилт болж мэдэх юм. Гэхдээ ийм үед ч Еховад үнэнчээ батлах боломжтой. Яаж? Итгэл нэгтэнтэйгээ эв нэгдэлтэй ажиллаж сурах хэрэгтэй. Учир нь Ехова тэднийг төгс бус гэж гололгүй хайрладаг шүү дээ. Бид ч мөн тэгэх ёстой.

Ехова Иосефыг ганд нь хаяагүй шигээ таныг ч хаяхгүй (13-р догол мөрийг үзээрэй)

13 Ехова үйлчлэгчдээ сорилтоос хамгаалдаггүйг Иосефт тохиолдсон явдлаас мэдэж болно. Атаархуу ах нар нь түүнийг египетчүүдэд боол болгон худалджээ (Эх. 37:28). Үнэнч шударга анд Иосефт нь юу тохиолдож, хүмүүс хэрхэн хандаж байгааг Ехова хараад сэтгэл нь өвдөж байсан нь эргэлзээгүй. Гэсэн хэдий ч хэрэг явдалд оролцоогүй. Хожим нь Иосеф Потифарын эхнэрийг хүчиндэхийг завдсан гэж гүтгүүлээд шоронд хоригддог. Тэр үед ч Ехова туслаагүй. Тэгвэл Иосефыг ганд нь хаясан хэрэг үү? Яалаа гэж! Библид «ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ» гэж байдаг (Эх. 39:21–23).

14. Уурлахаа болих ямар ямар шалтгаан байдаг вэ?

14 Өөр жишээ авъя. Бурхны анд Давид хүн хүнээс илүү доромжлуулж явжээ. Гэлээ ч тэрээр өш санаж, уурлан хорсож байсангүй. Тийм учраас «Уурлахаа больж, хилэнгээ март. Бүү санаа зов. Энэ нь зөвхөн бузар мууг үйлдэхэд л хүргэнэ» гэж бичжээ (Дуу. 37:8). «Бидний гэм буруугийн дагуу бидэнд хариу өгөөгүй» Ехова Бурхнаа дуурайхыг бид хүсдэг. Энэ бол уурлахаа болих гол шалтгаан юм (Дуу. 103:10). Түүнээс гадна уурлахаа болих нь эрүүл мэндэд тустай. Уурлаж бухимдвал даралт ихсэх, амьсгал давчдах, элэг, нойр булчирхай, ходоод өвдөх зэргээр бие махбод хямардаг. Хүн уурлахаараа ухаанаа уучихдаг. Заримдаа сэтгэл гутралын эмгэгтэй болдог. Энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх нь бий. Харин «Амар тайван зүрх бие махбодод амийг өгдөг» гэж Библид бичжээ (Сур. 14:30). Тэгвэл гомдохоо больж итгэл нэгтэнтэйгээ эвлэрэхийн тулд яах хэрэгтэй вэ? Библийн зөвлөгөөг дагах нь үр дүнтэй.

ИТГЭЛ НЭГТЭНДЭЭ ГОМДВОЛ

15, 16. Гомдоосон хүнтэйгээ эвлэрэхийн тулд яах хэрэгтэй вэ?

15 Эфэс 4:26-г уншина. Еховаг мэддэггүй хүмүүс эвгүй зан гаргахад бид юм санадаггүй. Харин итгэл нэгтэн юм уу гэр бүлийнхэн маань тэгж хандвал гайхаж цочирдон голдоо ортол гомдож мэдэх юм. Болсон явдлыг мартаж чадахгүй байвал яах вэ? Уур бухимдлаа хадгалсаар явах уу? Эсвэл Библийн зөвлөгөөг дагаж асуудлаа хурдан шийдэх үү? Ах дүүтэйгээ учраа ололцохгүй яваад л байвал эвлэрэхэд улам хэцүү болно.

16 Итгэл нэгтэндээ гомдож, болсон явдлыг мартаж чадахгүй байна гэж бодъё. Эвлэрэхийн тулд яах вэ? Юуны түрүүнд, сайхан яриа өрнүүлэхэд туслаач гэж Еховагаас шаргуу гуйгаарай. Тэр хүн Еховагийн найз гэдгийг бүү мартаарай (Сур. 3:32). Бурхан түүнийг хайрлаж, эелдэг найрсаг ханддаг. Биднийг ч мөн тэгээсэй гэж хүсдэг (Сур. 15:23; Мат. 7:12; Кол. 4:6). Хоёрдугаарт, хэлэх үгээ сайтар бодоорой. Тэр хүн намайг санаатайгаар гомдоосон гэж битгий бодоорой. Санаандгүй ийм юм болчихсон байж болно шүү дээ. Эсвэл та буруу ойлгосон ч байж магадгүй. Та ч бас тодорхой хэмжээгээр буруутай байсан байж болох юм. Үүнийгээ дуртайяа хүлээн зөвшөөрөөрэй. «Би хэтэрхий эмзэг байж магадгүй л дээ. Гэхдээ өчигдөр чамтай ярьж байхад ...» гэх мэтээр яриагаа эхэлж болох юм. Нэг удаа ярилцаад эвлэрч чадаагүй бол өөр боломж хайгаарай. Итгэл нэгтнийхээ төлөө залбираарай. Мөн түүний сайн талуудыг анхаарахад туслаач гэж Бурхнаас гуйгаарай. Ах дүүтэйгээ эвлэрэх гэж чин сэтгэлээсээ хичээж байгаа таныг Ехова хараад баярлах нь гарцаагүй.

ӨНГӨРСНӨӨ БОДООД ШАНАЛДАГ БОЛ

17. Ехова нүгэл үйлдсэн хүнд хэрхэн тусалдаг вэ? Тэр тусламжийг яагаад авах шаардлагатай вэ?

17 Зарим хүн ноцтой нүгэл үйлдсэнээсээ болоод Еховад үйлчлэх зохисгүй гэж боддог. Өөрийгөө буруутгаад байвал тайван биш, баяр хөөргүй, эрч хүчгүй болдог. Давид хаан: «Би дуугүй байхад өдөржингөө ёолсноос болж яс минь яйрсан. Учир нь өдөр шөнөгүй Таны мутар намайг хүндээр дарж байв» хэмээн бичжээ. Гэлээ ч Давид энэ асуудлаа Бурхны хүслийн дагуу шийдсэн. Тэрээр: «Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд ... Та миний нүглийн бурууг уучилсан билээ» гэж бичсэн байдаг (Дуу. 32:3–5). Хэрэв та ноцтой нүгэл үйлдсэн бол Ехова таныг уучлахад бэлэн байгаа. Өөртэй нь дахин сайн харьцаатай болоход тань дуртайяа тусална. Харин та ахлагчдаар дамжуулан тэр тусламжийг авах хэрэгтэй (Сур. 24:16; Яак. 5:13–15). Бүү хойшлуулаарай! Мөнх амьдрах эсэх тань үүнээс шалтгаална. Ехова таныг аль хэдийн уучилчихаад байхад өөрийгөө буруутгахаа болихгүй бол яах вэ?

18. Өөрийгөө Еховад үйлчлэх зохисгүй гэж боддог хүмүүс Паулаас юу сурч болох вэ?

18 Элч Паул заримдаа алдаагаа бодоод шаналдаг байжээ. Тэрээр: «Би элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь бөгөөд элч байх хүндтэй хүн биш ээ. Яагаад гэвэл би Бурхны хурлыг хавчиж явсан» гэжээ. Гэсэн ч тэрээр: «Харин Бурхны нигүүлслээр би одоогийн би болсон» хэмээн бичжээ (1 Кор. 15:9, 10). Паул урьд нь буруу юм хийж байсан ч Ехова хүлээж авсан. Үүнийг ойлгож ухаарах хэрэгтэй байлаа. Хэрэв та нүгэл үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, мэдэх ёстой нэгэнд нь мэдэгдсэн бол Ехова таныг заавал уучилна. Тиймээс Ехова таныг уучилсныг ойлгож ухаараарай! (Ис. 55:6, 7).

19. 2018 оны уриа юу вэ? Яагаад цагаа олсон гэж хэлж болох вэ?

19 Энэ тогтолцооны төгсгөл ойртох тусам зовлон улам нэмэгдэх биз ээ. Гэлээ ч Ехова Бурхан маань «ядарсанд тэнхээ өгч, чадал дутагдсанд нь хүч нэмдэг» учраас амьдралын нугачаанд сөхрөхгүй байхад хэрэгтэй бүхнийг өгөх нь дамжиггүй (Ис. 40:29; Дуу. 55:22; 68:19). Цуглаанд очиж «Еховад найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ» гэсэн 2018 оны уриаг харах бүрдээ үүнийг санаж явцгаая (Ис. 40:31).