Skip to content

Гарчиг руу орох

Хэзээ ч байгаагүй эв нэгдэл ба Дурсах цуглаан

Хэзээ ч байгаагүй эв нэгдэл ба Дурсах цуглаан

«Хамтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!» (ДУУ. 133:1).

ДУУ: 149, 30

1, 2. Хүмүүсийг эв нэгдэлтэй болгодог ямар үйл явдал 2018 онд болох вэ? Яагаад тэгж хэлж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ЖИЛД ганцхан удаа болдог нэгэн баярыг сая сая хүн 2018 оны 3 дугаар сарын 31-нд дэлхий даяар тэмдэглэнэ. Еховагийн Гэрчүүдээс гадна сонирхсон хүмүүс нар жаргасны дараа цуглаж, Христийн нас барсныг дурсана. Хүмүүсийг гайхалтай эв нэгдэлтэй болгодог үйл явдал Дурсах цуглаанаас өөр байхгүй!

2 Тэр өдөр дэлхий даяар олон сая хүн цуглан энэ онцгой үйл явдлыг цаг тутамд тэмдэглэхийг хараад Ехова Есүс хоёр хэчнээн их баярлах бол оо! «Бүх үндэстэн, бүх овог, бүх ард түмэн, бүх хэлтнээс бүрдсэн», «хэн ч тоолж чадахааргүй үй олон хүний» тухай Библид гардаг бөгөөд тэд: «Сэнтийд залрагч Бурхныхаа ачаар, Хурганы ачаар бид аврагдсан» гэж хашхирч байв (Илч. 7:9, 10). Жил бүрийн Дурсах цуглааны үеэр өчнөөн олон хүн Ехова Есүс хоёрыг агуу үйлсийнх нь төлөө хүндлэн дээдэлдэг нь хэчнээн сайхан бэ!

3. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

3 Энэ өгүүллийг судлаад дараах асуултуудын хариуг мэдэж аваарай. 1) Дурсах цуглааны ач тусыг хүртэхийн тулд дор бүрнээ хэрхэн бэлтгэх вэ? 2) Дурсах цуглаан Бурхны ард түмний эв нэгдлийг хэрхэн батжуулдаг вэ? 3) Энэхүү эв нэгдлийг батжуулахад хүн бүр хэрхэн хувь нэмэр оруулах вэ? 4) Сүүлчийн Дурсах цуглаан хэзээ болох бол?

ДУРСАХ ЦУГЛААНД БЭЛДЭЖ, АЧ ТУС ХҮРТЭХ НЬ

4. Дурсах цуглаанд очих нь яагаад чухал бэ?

4 Дурсах цуглаанд очих нь яагаад тийм чухал бэ? Цуглаан бол шүтлэгийн маань салшгүй хэсэг гэдгийг санаарай. Жил бүрийн хамгийн чухал энэ цуглаанд очих гэж чадах ядахаараа хичээж байгаа хүн бүрийг Ехова Есүс хоёр ажиглан хардаг. Хүндэтгэх шалтгаан гарахгүй л бол бид Дурсах цуглаанд заавал очихыг хүсдэг. Цуглааныг чухал гэж үздэгээ үйл хэргээрээ харуулдаг бол Ехова нэрсийг маань «дурсгалын ном» буюу «амийн номноос» хэзээ ч хасахгүй. Ехова Бурхан мөнх амьдруулахыг хүсэж буй хүмүүсийнхээ нэрийг энэхүү номонд бичсэн байдаг (Мал. 3:16; Илч. 20:15).

5. «Христийн дагалдагчийн ёсоор амьдардаг эсэхээ» Дурсах цуглааныг угтан хэрхэн шалгаж болох вэ?

5 Дурсах цуглааныг угтаж тусгайлан цаг гаргаад Еховатай хэр дотно байгаагаа шалгах нь зүйтэй. Ингэхийн тулд залбирч байгаад тунгаан бодох нь сайн (2 Коринт 13:5-ыг уншина). Элч Паул бидэнд «Христийн дагалдагчийн ёсоор амьдардаг эсэхээ» шалгахыг зөвлөсөн. Дараах асуултуудыг өөрөөсөө асууж болох юм. «Ехова хүсэл тааллаа биелүүлэхийн тулд энэ байгууллагыг сонгосон гэдэгт би үнэхээр итгэдэг үү? Хаант төрийн тухай сайн мэдээ дэлгэрүүлэх болон заах ажилд оролцохын тулд би чадах бүхнээ хийдэг үү? Өнөө үе бол эцсийн өдрүүд бөгөөд Сатаны тогтолцоо устгагдах цаг ойртсон гэдэгт итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг уу? Бурханд өөрийгөө зориулж байхдаа бат итгэлтэй байсан шигээ одоо ч Ехова Есүс хоёрт бат итгэдэг үү?» (Мат. 24:14; 2 Тим. 3:1; Евр. 3:14). Эдгээр асуултыг эргэцүүлэн бодох нь «өөрсдийгөө батлахад» тустай.

6. а) Мөнхийн амьтай болох цорын ганц арга юү вэ? б) Нэг ахлагч Дурсах цуглаанд жил бүр хэрхэн бэлддэг вэ? Та яаж дуураймаар байна вэ?

6 Дурсах цуглаантай холбоотой өгүүллүүдийг уншиж, эргэцүүлээрэй (Ёохан 3:16; 17:3-ыг уншина). Мөнхийн амьтай болох цорын ганц арга бол Еховаг «таньж мэдэн», хүү Есүст нь «итгэх» билээ. Тиймээс Дурсах цуглаанд бэлдэхдээ Ехова Есүс хоёртой улам дотносоход тустай материалуудыг сонгоод судлах нь сайн. Олон жил ахлагчаар үйлчилж ирсэн нэг Гэрч яг ингэж судалдаг ажээ. Тэрээр Дурсах цуглаан болон Ехова Есүс хоёрын илэрхийлсэн хайрын талаар голчлон бичсэн өгүүллүүдийг «Харуулын цамхаг» сэтгүүлээс хэдэн жилийн турш цуглуулжээ. Түүнийгээ Дурсах цуглааны өмнөх долоо хоногуудад давтан уншиж, энэ үйл явдалд оролцох нь хэчнээн чухал болохыг эргэцүүлэн боддог ажээ. Үе үе ганц хоёроор цуглуулгаа нэмнэ. Ийнхүү дахин судалж, хуваарийн дагуу Библиэ уншиж эргэцүүлээд жил бүр шинэ зүйл мэдэж авдаг гэнэ. Хамгийн гол нь, Ехова Есүс хоёрыг гэсэн хайр нь улам лавширсан байна. Та бас энэ аргаар судалбал Ехова Есүс хоёрыг улам их хайрладаг болж, хийж бүтээсэн бүхнийх нь төлөө талархан, Дурсах цуглаанаас ач тус хүртэх нь дамжиггүй.

ДУРСАХ ЦУГЛААН ЭВ НЭГДЛИЙГ БАТЖУУЛДАГ

7. а) Эзний оройн зоогийг анх барьсан шөнөө Есүс юуны тухай залбирсан бэ? б) Ехова Хүүгийнхээ залбирлыг сонссон нь юунаас харагддаг вэ?

7 Эзний оройн зоогийг анх барьсан шөнөө Есүс Эцэгтээ хандан дагалдагчдынхаа төлөө залбирчээ. Тэрээр: «Та надтай, би тантай санаа нийлдэг шиг тэд бүгдээрээ эвтэй байгаасай» гэж залбирсан (Ёохан 17:20, 21-ийг уншина). Ехова ч хайрт Хүүгийнхээ энэ залбирлыг сонссон нь тодорхой. Еховагийн Гэрчүүд эв нэгдэлтэй хүмүүс гэдэг нь ялангуяа Дурсах цуглааны үед илүү тодорхой харагддаг. Тэр өдөр арьс өнгө, угсаа гарлаараа ялгаатай орон орны сая сая хүн цуглаж, Есүсийг Ехова илгээсэн гэдэгт итгэдгээ баталдаг. Зарим улсад шашны цуглаан хийхээр олон үндэстэн нэг дор цугларахыг хачин жигтэй, зүйд нийцэхгүй явдал гэж үздэг. Харин Ехова Есүс хоёр Дурсах цуглаанд ирсэн эв нэгдэлтэй хүмүүсийг хараад баярладаг.

8. Ехова Езекиелд юү гэж тушаасан бэ?

8 Ийм эв нэгдэлтэй байдаг нь Бурхны үйлчлэгч бидний хувьд гайхмаар зүйл биш юм. Бид эвтэй байхыг Ехова зөгнөсөн. Тэрээр зөнч Езекиелд «Иудаг» болон «Иосефыг» төлөөлсөн саваануудыг нийлүүлэхийг тушаадаг (Езекиел 37:15–17-г уншина). Энэ зөгнөлийг 2016 оны 7 дугаар сарын «Харуулын цамхаг» сэтгүүлийн «Уншигчдын асуулт» буланд тайлбарлахдаа «Израильчууд Амласан газарт буцаж ирээд нэг улс болж нэгдэнэ гэсэн зөгнөлийг Ехова Езекиелээр хэлүүлжээ» гэж бичсэн байна. Энэ зөгнөл «эцсийн өдрүүдэд хамаатай» бөгөөд тэр үед «Еховаг шүтэх хүмүүс нэг улс үндэстэн мэт болох» ажээ.

9. Жил бүрийн Дурсах цуглааны үеэр Езекиелийн зөгнөл хэрхэн биелдэг вэ?

9 Ехова тослогдогсдыг 1919 оноос эхлэн алхам алхмаар зохион байгуулж дахин нэгдмэл үндэстэн болгосон. «Иудаг» төлөөлдөг саваа нь тослогдогсод юм. Дараа нь «Иосефыг» төлөөлдөг саваа буюу дэлхийд амьдрах найдвартай хүмүүс улам бүр нэмэгдсээр тослогдогсодтой нэгдсэн. Ийнхүү энэ хоёр бүлэг «нэг сүрэг» болжээ (Ёох. 10:16; Зех. 8:23). Ехова хоёр савааг нийлүүлж нэг болгон гартаа барихаа амласан (Езе. 37:19). Амлалт ёсоор, тэд өнөөдөр Еховад эв нэгдэлтэй үйлчилж байна. Тослогдогсод болон «өөр хоньд» Езекиелийн зөгнөлд гардаг Бурхны «зарц Давид» буюу Есүс Христ гэдэг нэг хаанаар удирдуулдаг (Езе. 37:24, 25). Тэднийг Христийн нас барсныг дурсахаар жилд нэг удаа хамт цуглах үед эв нэгдлийн тухай Езекиелийн зөгнөл биелж байгааг тодорхой харж болно. Тэгвэл эв нэгдлийг батжуулахад бид дор бүрнээ хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?

ЭВ НЭГДЛИЙГ БАТЖУУЛАХЫН ТУЛД ХҮН БҮР ЮҮ ХИЙХ ВЭ?

10. Бурхны ард түмний эв нэгдлийг батжуулах нэг арга юү вэ?

10 Бурхны ард түмний эв нэгдлийг батжуулах нэг арга бол даруу байх явдал юм. Есүс дэлхийд байхдаа даруу болохыг шавь нартаа зөвлөж байсан (Мат. 23:12). Бурхныг мэддэггүй хүмүүс өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг. Хэрэв бид үнэхээр даруу байвал өөрийгөө өргөмжилдөг тэдэн шиг болохгүй. Харин ч удирдах үүрэгтэй хүмүүст захирагдана. Энэ нь хурлын эв нэгдэлд чухал ач холбогдолтой. Хамгийн гол нь Бурхнаа баярлуулна. Тэрээр «бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг энэрч нигүүлсдэг» билээ (1 Петр 5:5).

11. Дурсах цуглааны үед дамжуулдаг талх, дарсны тухай эргэцүүлэн бодох нь эв нэгдлийг батжуулдаг гэхийн учир юү вэ?

11 Эв нэгдлийг батжуулах хоёр дахь арга юү вэ? Дурсах цуглааны үед талх, дарс дамжуулдаг нь ямар учиртайг сайтар бодох явдал юм. Дурсах цуглаан болохоос өмнө, бас тэр өдөр эргэцүүлж бодоорой (1 Кор. 11:23–25). Исгээгүй талх Есүсийн нүгэлгүй биеийг, улаан дарс цусыг нь бэлгэддэг. Гэхдээ үүнийг ойлгоод болчихно оо гэвэл учир дутагдалтай. Есүсийн золиос бол Ехова Есүс хоёрын агуу хайрын илрэл гэдгийг санах нь зүйтэй. Ехова биднийг хайрлаад Хүүгээ өгсөн. Есүс хайрандаа хөтлөгдөн бидний төлөө амиа дуртайяа золиосолсон шүү дээ. Ийм агуу хайрыг илэрхийлсэн өөр хэн ч байхгүй. Ехова Есүс хоёр бидэнд ямар их хайртайг бодохлоор тэднийг өөрийн эрхгүй хайрламаар санагдана. Мөн Еховаг гэсэн хайраар итгэл нэгтнүүдтэйгээ холбогдон, бидний эв нэгдэл батаждаг.

Бусдыг уучилбал эв нэгдлийг батжуулахад хувь нэмэр оруулна (12, 13-р догол мөрийг үзээрэй)

12. Ехова биднийг өршөөнгүй сэтгэлтэй байгаасай гэж хүсдэгийг Есүс хэрхэн тодорхой хэлж өгсөн бэ?

12 Эв нэгдлийг батжуулах гурав дахь арга бол бусдыг дуртайяа уучлах явдал юм. Хэрвээ бид бусдыг уучилбал Еховад талархдагаа харуулна. Учир нь Ехова бидний нүглийг Христийн золиост үндэслэн уучилдаг билээ. Матай 18:23–34-т байдаг Есүсийн хэлсэн жишээг уншаад, өөрөөсөө «Би Есүсийн заасныг ажил хэрэг болгодог уу? Итгэл нэгтнүүддээ тэвчээртэй хандаж, тэднийг ойлгодог уу? Намайг гомдоосон хүнийг би дуртайяа уучилдаг уу?» гэж асуугаарай. Хүмүүс нэгнийгээ голд нь ортол гомдоодог. Гомдсон нэгнийх нь хувьд төгс бусаасаа болоод уучлахад амаргүй санагддаг. Гэвч Ехова биднээс юу хүсдэгийг энэ жишээнээс мэдэж болно (Матай 18:35-ыг уншина). Ах дүүгээ уучлах хүндтэй шалтгаан байсаар атал уучлахгүй бол Ехова биднийг уучлахгүй гэдгийг Есүс тодорхой хэлжээ. Үүнийг сайтар бодох хэрэгтэй. Есүсийн үгэнд орж бусдыгаа уучилбал эв нэгдлээ батжуулж чадна.

13. Эв эеийг эрхэмлэдгийн шинж юү вэ?

13 Бусдыг уучилдаг бол эв эеийг эрхэмлэдгийн шинж болно. Тиймээс «Амар тайвныг эрхэмлэн, Бурхны агуу хүчээр удирдуулж, эв нэгдэлтэй явахыг чин сэтгэлээсээ хичээгээрэй» гэсэн элч Паулын зөвлөгөөг санаарай (Эф. 4:3). Бусдад яаж ханддагаа энэ Дурсах цуглааны улирлын турш, ялангуяа Дурсах цуглааны өдөр нухацтай бодоорой. «Битүүхэн гомдоод явдаг хүн биш гэдгийг минь бүх хүн мэддэг үү? Амар тайван, эв нэгдэлтэй байх гэж хичээдэг минь тодорхой харагддаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Энэ чухал асуултуудыг одоо л бодох хэрэгтэй.

14. «Бие биеэ хайрлан уужуу ухаантай байгаарай» гэсэн зөвлөгөөг хэрхэн дагах вэ?

14 Эв нэгдлийг батжуулах дөрөв дэх арга нь хайрын Бурхан Еховаг дуурайн хайраа илэрхийлэх явдал юм (1 Ёох. 4:8). «Уг нь ах дүү юм чинь хайрлах ёстой л доо. Тэглээ ч би чаддаггүй юм» гэж хэлэхийг хэн маань ч хүсэхгүй! Ингэж боддог бол «Бие биеэ хайрлан уужуу ухаантай байгаарай» гэсэн Паулын зөвлөгөөг дагахгүй байна гэсэн үг (Эф. 4:2). Паул биднийг зөвхөн «уужуу ухаантай байгаарай» гээгүй, харин «бие биеэ хайрлан» гэснийг анхаараарай. Үүнд ялгаа бий. Бидний дунд янз бүрийн хүн байдаг. Бүгдийг нь Ехова өөртөө татсан (Ёох. 6:44). Сайн сайхан юм олж харсан учраас л татсан байж таарна. Еховагийн хайртай хүнийг хайрлахгүй байж болох уу даа? Харин ч Еховагийн тушааснаар халуунаар хайрлах учиртай (1 Ёох. 4:20, 21).

СҮҮЛЧИЙН ДУРСАХ ЦУГЛААН ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?

15. Сүүлчийн Дурсах цуглаан нэг л өдөр болно гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

15 Сүүлчийн Дурсах цуглаан нэг л мэдэхэд болно. Хэзээ болохыг яаж мэдэх вэ? Элч Паул тослогдогсдод хандан «Та нар энэ талхыг идэж, энэ аяганаас уух болгондоо Эзнийг иртэл үхлийг нь тунхагладаг гэсэн үг» хэмээн бичжээ (1 Кор. 11:26). Есүс бас эцсийн цаг үеийн тухай зөгнөхдөө «ирэх» тухайгаа хэлсэн байдаг. Удахгүй болох агуу их гамшгийн талаар ярьж байхдаа «Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрч, дэлхийн бүх овог гашуудсандаа чээжээ дэлдэнэ. Тэд хүний Хүүг сүр хүч, агуу их цог жавхлантайгаар тэнгэрийн үүлэн дунд ирж явааг харна. [Есүс] бүрээн дуугаар тэнгэрийн элчүүдээ илгээхэд тэд Бурхны сонгосон хүмүүсийг тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэлх ертөнцийн дөрвөн зүгээс цуглуулна» гэжээ (Мат. 24:29–31). Дэлхий дээр үлдсэн бүх тослогдогсдыг Есүс тэнгэрт аваачсанаар сонгосон хүмүүсээ цуглуулж дуусна. Энэ нь агуу их гамшиг эхэлснээс хойш, гэхдээ Хармагедоны өмнөхөн болно. Тэгээд Есүс 144 000 хүнтэй хамт дэлхийн хаадтай тулалдаж ялна (Илч. 17:12–14). Есүс тослогдогсдыг цуглуулахаар ирэхээс өмнөхөн болох Дурсах цуглаан хамгийн сүүлчийнх байна.

16. Та яагаад энэ жилийн Дурсах цуглаанд очихоор шийдсэн бэ?

16 2018 оны 3 дугаар сарын 31-нд болох Дурсах цуглаанд очиж ач тус хүртэцгээе. Бас ард түмнийх нь эв нэгдлийг батжуулахад хувь нэмэр оруулахад туслаач гэж Еховад залбирсаар байя (Дуулал 133:1-ийг уншина). Нэг л мэдэхэд сүүлчийн Дурсах цуглаан болно. Тэр болтол Дурсах цуглаандаа очиж, хэзээ ч байгаагүй эв нэгдлээ эрхэмлэж явцгаая.