Skip to content

Гарчиг руу орох

Ямар хайр жинхэнэ аз жаргалтай болгодог вэ?

Ямар хайр жинхэнэ аз жаргалтай болгодог вэ?

«ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 144:15).

ДУУ: 28, 25

1. Бидний амьдарч буй цаг үе юугаараа онцгой вэ?

БИД хүн төрөлхтний түүхийн хамгийн онцгой цаг үед амьдарч байгаа билээ. Библид бичсэнээр, Ехова «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүнийг» цуглуулж «хүчирхэг үндэстэнг» бүрдүүлж байна. Энэ нь «өдөр шөнөгүй [Бурханд] үйлчилдэг» найман сая гаруй жаргалтай хүмүүс юм (Илч. 7:9, 15; Ис. 60:22). Бурхныг болон бусдыг хайрладаг ийм олон хүн урьд нь хэзээ ч байгаагүй.

2. Бурхныг мэддэггүй хүмүүсийн илэрхийлдэг хайрыг тодорхойлно уу (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

2 Гэвч өнөөгийн ихэнх хүний илэрхийлдэг хайр дээрх хүмүүсийнхээс өөр байна гэдгийг Библид бас зөгнөжээ. Тэдний хайр аминч үзэлтэй холбоотой. Элч Паул: «Эцсийн өдрүүдэд ... хүмүүс аминч, мөнгөнд дуртай, ... Бурхныг хайрлахын оронд зугаацаж цэнгэхийг л боддог» болно гэж хэлсэн (2 Тим. 3:1–4). Ийм хүн Бурхныг хайрладаг хүнээс тэс өөр юм. Өөрийгөө л хайрладаг аминч хүн хэзээ ч хүссэнээрээ жаргадаггүй. Аминч хүн олшрох тусам амьдрал улам хэцүү болдог.

3. Энэ өгүүллээр бид юү үзэх вэ? Яагаад?

3 Өөрийгөө л хайрладаг аминч хүн хаа сайгүй бий болох бөгөөд энэ нь Христийн дагалдагчдад аюул учруулж болзошгүйг Паул мэдэж байсан. Тийм учраас тэр хүмүүсээс «зайлсхийж явахыг» сэрэмжлүүлжээ (2 Тим. 3:5). Бид тэднээс холбоогоо бүрмөсөн таслах боломжгүй. Аминч үзлийн нөлөөнд автахгүй байж, хайрын Бурхан Еховагаа баярлуулахын тулд яах вэ? Бурхныг хайрлах хайрыг 2 Тимот 3:2–4-т бичсэн хайртай харьцуулж үзье. Ингэвэл жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун, жаргалтай болгодог хайрын үнэ цэнг ойлгож, улам сайн илэрхийлдэг болно.

БУРХНЫГ ХАЙРЛАХ УУ, ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАХ УУ?

4. Өөрийгөө зохих ёсоор хайрлах нь яагаад буруу биш вэ?

4 «Хүмүүс аминч болно» гэж элч Паул бичсэн. Өөрийгөө хайрлах нь буруу юу? Үгүй, буруу биш. Харин ч энэ нь зүйн хэрэг. Ехова хүнийг өөрийгөө хайрлах хэрэгцээтэйгээр бүтээсэн. Есүс: «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэжээ (Марк 12:31). Өөрийгөө хайрладаггүй хүн хөршөө хэрхэн хайрлах билээ дээ. «Нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой. Эхнэрээ хайрладаг хүн өөрийгөө хайрладаг. Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» гэж Библид байдаг (Эф. 5:28, 29). Тиймээс өөрийгөө зохих ёсоор хайрлах нь зүйтэй.

5. Өөрийгөө хэт хайрлагчид ямар байдаг вэ?

5 Өөрийгөө л гэсэн сэтгэлийг 2 Тимот 3:2-т «аминч» гэдэг үгээр илэрхийлдэг. Өөрийгөө хэтэрхий их хайрладаг хүн «өөрийнхөө талаар бодох ёстойгоосоо хэтрүүлж» боддог (Ром 12:3-ыг уншина). Ийм хүн зөвхөн өөрийгөө л анхаардаг. Бусдыг бараг боддоггүй. Ямар нэгэн юм болбол хариуцлагаас мултрахын тулд бусдыг буруутгадаг. Библийн нэгэн тайлбарт «Биеэ хураан бөмбөг шиг өнхөрч буй зарааны өргөс өөрт нь хал балгүй байдаг ч өрөөлийг хатгадаг» гээд, өөрийгөө хайрлагчдыг өнхөрч буй зараатай зүйрлэжээ. Хар амиа боддог хүмүүс хэзээ ч жинхэнэ ёсоор жаргадаггүй.

6. Бурхныг хайрладаг хүн ямар байдаг вэ?

6 Элч Паул эцсийн өдрүүдэд түгээмэл болох муу зан чанаруудыг тоочихдоо хамгийн эхэнд «аминч» буюу өөрийгөө хайрлах хайрыг дурджээ. Учир нь бусад муу зан чанар энэ хайраас үүдэлтэй гэж зарим эрдэмтэн үздэг. Тэгвэл Бурхныг хайрладаг хүмүүс баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэл, дөлгөөн зан, биеэ барих гээд сайхан зан чанарыг илэрхийлдэг (Гал. 5:22, 23). Дуулалч: «ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» хэмээн бичжээ (Дуу. 144:15). Ехова бол жаргалтай Бурхан. Үйлчлэгчид нь ч бас жаргалтай хүмүүс. Тэд бусдын төлөө бүхнээ зориулдаг. Үүгээрээ аминч үзэлтэй, авахыг л боддог хүмүүсээс ялгаатай (Үйлс 20:35).

Аминч хүмүүсээс хэрхэн зайлсхийх вэ? (7-р догол мөрийг үзээрэй)

7. Бурхныг хэр зэрэг хайрладгаа ямар асуултуудаар шалгаж мэдэх вэ?

7 Өөрийгөө Бурхнаас илүү хайрладаг болж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай. Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» хэмээсэн зөвлөгөөг бодож үзээрэй (Флп. 2:3, 4). «Энэ зөвлөгөөг би амьдралдаа хэрэгжүүлдэг үү? Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг үү? Итгэл нэгтнүүддээ болон бусад хүнд туслахыг хичээдэг үү?» гэж өөрөөсөө асууж болно. Бусдад дандаа тусална гэдэг амаргүй. Ихээхэн хичээл зүтгэл, өөрийгөө золиослох сэтгэл гаргах хэрэгтэй. Гэхдээ орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн сайшаалыг хүлээхээс илүү жаргал гэж байна уу?

8. Хүмүүс Бурхныг гэсэн хайрандаа хөтлөгдөн юү хийдэг вэ?

8 Зарим Гэрч Еховаг гэсэн хайрандаа хөтлөгдөн, илүү сайн үйлчлэхийн тулд цалин хангамж сайтай ажлаасаа гардаг. АНУ-д амьдардаг Эрика анагаах ухааны салбарт амжилт гаргах боломжоо орхиод байнгын эхлэгч болж нөхөртэйгөө хамт нэлээд хэдэн улсад очиж үйлчилжээ. Эрика: «Гадаад хэлний хэсэгт дэлгэрүүлснээр туршлага хуримтлуулж, найз нөхөд олонтой, амьдрал илүү утга учиртай болсон. Би одоо ч эмчийнхээ ажлыг хийдэг. Гэхдээ хүмүүсийг бэлгэдлийн утгаар эмчлэх ажилд оролцож, хурлынхандаа санаа тавихад ихэнх цаг зав, хүч чадлаа зориулдаг учраас жинхэнэ ёсоор баяр хөөртэй, сэтгэл хангалуун байдаг» гэжээ.

ЭД ХӨРӨНГИЙГ ТЭНГЭРТ ХУРААХ УУ, ГАЗАР ДЭЭР ХУРААХ УУ?

9. «Мөнгөнд дуртай» хүн яагаад жаргадаггүй вэ?

9 Хүмүүс «мөнгөнд дуртай» болно гэж Паул хэлсэн. Ирландад амьдардаг эхлэгч хэдэн жилийн өмнө нэг хүнд Бурхны тухай ярьжээ. Гэтэл тэр хүн түрийвчнээсээ хэдэн ширхэг цаасан мөнгө гаргаж харуулаад, «Энэ бол миний бурхан!» гэж бахархалтай нь аргагүй хэлсэн байна. Ингэж шулуухан хэлчих хүн ховор ч энэ ертөнц мөнгө төгрөг, эд хөрөнгөнд дуртай хүмүүсээр дүүрчээ. Харин Библид «Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй» гэж байдаг (Ном. 5:10). Ийм хүмүүс улам л их мөнгө хуримтлуулахыг хичээдэг. Энэ нь тэдэнд «түмэн зовлон» авчирдаг (1 Тим. 6:9, 10).

10. Баян ядуугийн талаар Библид юү гэж байдаг вэ?

10 Бид бүгдэд мөнгө хэрэгтэй. Мөнгө тодорхой хэмжээгээр хамгаалалт болдог (Ном. 7:12). Тэгвэл үндсэн хэрэгцээгээ л хангадаг бол сэтгэл хангалуун байж болох уу? Бололгүй яах вэ! (Номлогчийн үгс 5:12-ыг уншина). Иакены хүү Агур: «Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач» гэж залбирсан. Хэтэрхий ядуу байхыг яагаад хүсээгүй вэ? Ядуу байвал хулгай хийж Бурхныг гутаана гэж тэрээр тайлбарласан. Тэгвэл яагаад баян байхыг хүсээгүй вэ? «“ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд» хэмээн бичжээ (Сур. 30:8, 9). Бурханд бус, эд баялагт найддаг хүн олон байдаг.

11. Есүс мөнгөний талаар ямар зөвлөгөө өгсөн бэ?

11 Мөнгөнд дуртай хүн Бурханд таалагддаггүй. Есүс: «Хэн ч хоёр эзний боол байж чадахгүй. Учир нь нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлана. Эсвэл нэгэнд нь үнэнч байж, нөгөөг нь үл тооно. Нэгэн зэрэг Бурхан болон эд баялгийн боол байх аргагүй» гэж хэлсэн. Мөн «Газар дээр эд хөрөнгө хураадгаа боль. Учир нь хивэн эрвээхий болон зэв иддэг, хулгайч авчихдаг. Харин тэнгэрт эд хөрөнгө хураа. Тэнд хивэн эрвээхий болон зэв идэхгүй, хулгайч авахгүй» хэмээжээ (Мат. 6:19, 20, 24).

12. Энгийн амьдрахын ач тус юү вэ? Жишээ хэлнэ үү.

12 Энгийн амьдрахлаар Еховад олон цаг үйлчлэх боломж бүрддэгийг цөөнгүй Гэрч ойлгожээ. АНУ-д амьдардаг Жаак бизнес болон том байшингаа худалдаад эхнэртэйгээ хамт эхлэгчээр үйлчлэх болов. Жаак: «Сайхан байшин, эд хөрөнгөнөөсөө салахад хэцүү л байсан. Би ажлаасаа болоод бухимдал болсон амьтан гэртээ ирдэг байлаа. Ийм байдал олон жил үргэлжилсэн. Харин эхлэгчээр үйлчилдэг эхнэр маань үргэлж баяр хөөртэй байдаг байв. Тэр маань: “Би хамгийн том даргатай!” гэдэг сэн. Одоо би эхлэгч болоод эхнэртэйгээ хамт хамгийн том дарга Еховадаа үйлчилж байна» гэж ярьжээ.

Мөнгөнд дуртай хүмүүсээс хэрхэн зайлсхийх вэ? (13-р догол мөрийг үзээрэй)

13. Мөнгөний талаарх үзэл бодлоо хэрхэн шалгах вэ?

13 Мөнгийг юү гэж үздэгээ мэдье гэвэл дараах асуултад шударгаар хариулаарай. «Мөнгөний талаар Библид бичсэн зүйлд үнэхээр итгэдэг үү? Амьдралдаа хэрэгжүүлдэг үү? Мөнгө олохыг би амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг уу? Эд хөрөнгийг Ехова болон хүмүүсээс илүү чухал гэж үздэг үү? Ехова хэрэгцээг минь хангана гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг үү?». Өөрт нь найддаг хүмүүсийн урмыг Ехова хэзээ ч хугалахгүй гэдэгт итгээрэй (Мат. 6:33).

ЕХОВАГ БОДОХ УУ, ЗУГАА ЦЭНГЭЛИЙГ БОДОХ УУ?

14. Зугаа цэнгэлд хэрхэн хандах вэ?

14 Өнөөдөр Библийн зөгнөл биелж, олон хүн «зугаацаж цэнгэхийг л боддог» болжээ. Өөрийгөө зохих ёсоор хайрлаж, мөнгөнд дүн нуруутай хандахад буруу юм байхгүй. Зугаа цэнгэл ч мөн ялгаагүй. Зарим хүн зугаацаж цэнгэж огт болохгүй гэж боддог. Гэвч энэ бол Еховагийн хүсэл биш юм. Бурхан үнэнч үйлчлэгчдэдээ «Яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!» хэмээжээ (Ном. 9:7).

15. 2 Тимот 3:4-т бичсэн «зугаацаж цэнгэхийг л боддог» хүмүүс гэж ямар хүмүүс вэ?

15 2 Тимот 3:4-т хүмүүс зугаа цэнгэлд дуртай, Бурхныг үл тоомсорлодог болох тухай бичсэн байдаг. Энэ зүйлд «Бурхныг хайрлахын оронд» гэж бичсэнээс бус, зугаа цэнгэлийг Бурхнаас илүү хайрладаг болно гэж хэлээгүйг анхаараарай. Хэрэв тэгсэн бол Бурхныг жаахан ч атугай хайрладаг гэж ойлгож болохоор байв. Нэгэн судлаач энэ зүйлийн талаар тайлбарлан: «Хүмүүс Бурхныг тодорхой хэмжээгээр хайрлана гэсэн үг огтхон ч биш. Бурхныг ерөөсөө хайрлахгүй болно гэсэн үг» гэж бичжээ. Зугаа цэнгэлээс өөр юм боддоггүй хүмүүс энэ үгийг онцгой анхаарах хэрэгтэй. «Зугаа цэнгэлд дурладаг» хүмүүс «зугаацаж цэнгэхийг л боддог» (Лук 8:14).

16, 17. Зугаа цэнгэлд дүн нуруутай хандах талаар Есүс ямар жишээ үзүүлсэн бэ?

16 Есүс зугаа цэнгэлд дүн нуруутай хандах талаар төгс жишээ үзүүлсэн. Тэрээр нэг удаа хуримд очжээ. Бас нэг удаа «том найранд» очдог (Ёох. 2:1–10; Лук 5:29). Хуримын үеэр дарс хүрэлцэхгүй байсан учир Есүс усыг дарс болгон хувиргасан. Өөрийнхөө үзэл бодлыг зөв гэж үздэг хүмүүс найранд ирсэн Есүсийг идэж уулаа гэж шүүмжилдэг. Тэгэхэд нь аливаад дүн нуруутай хандах хэрэгтэйг нь Есүс тодорхой хэлж өгчээ (Лук 7:33–36).

17 Гэхдээ Есүс зугаа цэнгэлийг хамгийн чухал гэж үзэж байгаагүй. Еховаг эн тэргүүнд тавьж, бусдад туслахын тулд чадах бүхнээ хийсэн. Хүн төрөлхтнийг аврахын тулд тэрээр шонд хадуулж, зовж, дуртайяа амиа өгсөн. Өөрийг нь дагахыг хүссэн хүмүүст хандан: «Намайг дагадгаас болж хүмүүс та нарыг доромжилж, хавчиж, элдвээр гүтгэхэд та нар жаргалтай. Тэнгэрт гараад агуу шагнал хүртэх учир баярлагтун, ихэд баярлагтун. Учир нь та нараас өмнөх зөнчид бас тийнхүү хавчигдаж байсан» гэж хэлсэн (Мат. 5:11, 12).

Зугаацаж цэнгэхийг л боддог хүмүүсээс хэрхэн зайлсхийх вэ? (18-р догол мөрийг үзээрэй)

18. Зугаацаж цэнгэх хэр их дуртайгаа мэдэхийн тулд ямар асуултыг өөрөөсөө асуух вэ?

18 Зугаацаж цэнгэх хэр их дуртайгаа яаж мэдэх вэ? Өөрөөсөө ингэж асуугаарай. «Зугаа цэнгэлийг цуглаан, дэлгэрүүлэх ажлаас дээгүүр тавьдаг уу? Бурханд үйлчлэхийн тулд дуртай юмаа золиослоход бэлэн байдаг уу? Чөлөөт цагаараа юү хийхээ шийдэхдээ Еховад ямар санагдахыг боддог уу?». Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг бол түүнд таалагдахгүй зүйлээс ч, таалагдахгүй байж мэдэх зүйлээс ч зайлсхийнэ (Матай 22:37, 38-ыг уншина).

ЯМАР ХҮН ЖАРГАЛТАЙ ВЭ?

19. Ямар хүн жинхэнэ утгаар жаргалтай амьдарч чадахгүй вэ?

19 Хүн төрөлхтөн 6 000 орчим жил зовж шаналж байна. Гэхдээ Сатаны ертөнц удахгүй устгагдана. Аминч, мөнгөнд дуртай, зугаа цэнгэлийг эрхэм болгодог хүмүүсээр дэлхий дүүрчээ. Тэд авахыг л бодож, хүсэл сонирхлоо эн тэргүүнд тавьдаг. Ийм хүмүүс хэзээ ч жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч чадахгүй. Харин дуулалчийн хэлснээр, «Иаковын Бурханыг өөрийн тусламж болгон, Өөрийн Бурхан ЭЗЭНд найдагчид юутай ерөөлтэй вэ!» (Дуу. 146:5).

20. Бурхныг гэсэн хайр таныг хэрхэн жаргалтай болгосон бэ?

20 Бурхныг гэсэн хайр ард түмнийх нь дунд цэцэглэж, жилээс жилд тэдний эгнээ өргөжсөөр байна. Энэ нь Бурхны Хаант төр захирч байгаагийн, бас тун удахгүй дундаршгүй ивээлээ өгөхийн баталгаа юм. Хамгийн Дээд Нэгний таалалд нийцүүлэн, түүнийг баярлуулж амьдарсан цагт л жинхэнэ баяр баясгалан эдэлнэ. Тиймээс Еховаг хайрладаг хүмүүс үүрд баяр жаргалтай амьдарна! Дараагийн өгүүллээр, аминч үзлээс үүдэн гардаг муу зан чанарууд болон Бурхны үйлчлэгчдийн илэрхийлдэг сайхан зан чанаруудын талаар үзэцгээе.