НАМТАР
Зөв шийдээд Еховагийн ивээлийг хүртсэн минь
Хэсгийнхээ сүүлийн хэдэн айлын хаалганы доогуур танилцуулгаа шургуулж дуусах үед үүр цайж байлаа. 1939 он байсан юм. Бид АНУ-ын Миссури мужийн баруун өмнө зүгт орших Жоплин гэдэг тэр жижиг хотод очихын тулд шөнө дундын үед орноосоо босоод цаг гаруй явж хүрсэн маань тэр л дээ. Дэлгэрүүлэх ажлаа дуу шуугүй хийж дуусгамагцаа машиндаа суугаад товлосон газраа очиж бусад машинаа хүлээлээ. Яагаад хар үүрээр хэсэг рүүгээ очиж дэлгэрүүлчихээд, тийм хурдан явсан юм бол гэж та гайхаж байгаа байх. Энэ тухай дараа ярья.
МИНИЙ эцэг эх Фрэд болон Эдна Молоханыг Библи Судлаач (Еховагийн Гэрч) болсноос хойш 20 жилийн дараа буюу 1934 онд би төрсөн. Аав ээж хоёрынхоо ачаар би Еховаг хайрладаг болсон. Манайх Канзас мужийн зүүн өмнө зүгийн Парсонс гэдэг жижиг хотод байсан. Хурлын маань гишүүд бараг бүгдээрээ тослогдсон хүмүүс. Цуглаанд явж, Бурхны тухай үнэнийг тунхаглах нь манай гэр бүлд хэвшил болсон зүйл байв. Бямба гаргийн үдээс хойш голдуу гудамжаар дэлгэрүүлнэ. Үүнийгээ бид нийтэд дэлгэрүүлэх гэж нэрлэдэг байлаа. Заримдаа хүүхэд биднийг ядрахаар аав маань дэлгэрүүлэх ажлын дараа зайрмаг авч өгдөг байв.
Манай бяцхан хурлын дэлгэрүүлэх хэсэг нэлээн том. Хэдэн жижиг хот, ойролцоох дүүргүүдийн фермийн айлуудаар явж ном хэвлэлээ хүнсний ногоо, үүрнээс нь авсан шинэхэн өндөг, амьд тахиагаар арилжина. Ном хэвлэлийн мөнгийг аав урьдчилаад төлчихдөг болохоор арилжиж авсан хоол хүнсээ бид өөрсдөө иддэг байв.
ДЭЛГЭРҮҮЛЭХ АЯН
Аав ээж хоёр маань Библийн хичээл, давтан уулзалт хийхдээ пянз тоглуулагчаа авч явдаг байлаа. Би бага байсан болохоор пянз тоглуулагчийг өөрөө ажиллуулж чадахгүй. Гэхдээ л Рүтэрфорд ахын илтгэлийн бичлэгийг тавихад нь аав ээж хоёртоо туслах дуртай байж билээ.
Аав маань 1936 оны «Форд» дээрээ цагаан хоолой бэхлээд чанга яригчтай машин болгосон юм. Хаант төрийн тухай мэдээ дэлгэрүүлэхэд ийм машин их үр дүнтэй. Эхлээд хүмүүсийн анхаарлыг татахын тулд хөгжим тавьж, дараа нь Библид үндэслэсэн илтгэлийн бичлэг
сонсгоод, дуусахаар нь сонирхсон хүмүүст хэвлэл өгдөг байв.Канзасын Черривэйл тосгоны цагдаа нар аавд ингэж хэлж л дээ. «Ням гарагт олон хүн амардаг болохоор машинаа цэцэрлэгт хүрээлэнд тавьж болохгүй, харин гадаа нь тавиад чанга яригчийг тоглуулж болно». Тэгэхээр нь аав цэцэрлэгийн өөдөөс харсан гудамжинд, хүмүүст сайн сонсдох газар машинаа аваачаад бичлэгээ тавив. Ингээд дэлгэрүүлж чадсан юм. Аавтайгаа, ах Жерритэйгээ хамт дэлгэрүүлэх гоё байжээ!
Эсэргүүцэл ихтэй хэсгүүдийг хурдан дуусгах «Дайралт» гэдэг тусгай аян 1930-аад оны сүүлээр болов. Бид уг аянд оролцсон юм. Үүр цайхаас өмнө босож (Миссури мужийн Жоплинд бас тэгсэн) танилцуулга, товхимлыг айлын хаалган доогуур шургуулна. Дараа нь, баригдсан эсвэл цагдаагийн газар хүргэгдсэн хүн байгаа эсэхийг мэдэхийн тулд хотын захад цугладаг байв.
Тэр үед дэлгэрүүлэх нэг чухал арга нэвтэрсэн юм. «Мэдээллийн марш» гэж нэрлэдэг байлаа. Манайхан ухуулах хуудас зүүгээд хотын гудамжаар алхдаг байв. Нэг удаа ах нар манай хотод ирж «Шашин бол урхи занга, заль мэх мөн» гэсэн бичигтэй ухуулах хуудас зүүгээд жагсаал хийснийг санаж байна. Тэд манай гэрээс гарч 1,6 километр хэртэй яваад буцаж ирсэн. Аз болоход, тэднийг хэн ч эсэргүүцээгүй, харин ч сонирхсон хүн олон байсан гэсэн.
ЭХЭН ҮЕИЙН ЧУУЛГАНУУД
Манайхан гэр бүлээрээ чуулганд суухаар голдуу Техаст очдог байв. Аав маань Миссури-Канзас-Техасын төмөр замд ажилладаг байсан болохоор бид аавынхаа үнэмлэхээр галт тэргэнд сууж хамаатныдаа очоод, чуулганд хамт суудаг байсан. Нагац ах Фрэд Висмар, эхнэр Юлэлитэйгээ Техас мужийн Темпл хотод амьдардаг байв. Фрэд ах 1900-гаад оны эхээр буюу хүүхэд байхдаа үнэнийг мэдээд баптисм хүртэж, сурч мэдсэн зүйлээ дүү нартаа, тухайлбал миний ээжид ярьж өгсөн гэсэн. Урьд нь бүсийн үйлчлэгч (одоогийн дүүрэг хариуцагч) байсан болохоор нь Техасын төв хэсгийн ах нар анддаггүй байв. Сайхан сэтгэлтэй, жаргалтай, үнэний төлөө идэвх зүтгэлтэй хүн байж билээ. Нагац ах минь надад их нөлөөлдөг байсан.
1941 онд аав ээж маань биднийг дагуулаад Миссурийн Сент Луис хотод болох чуулганд очихоор галт тэргээр явав. Тэр чуулганд ирсэн 15 000 гаруй хүүхдийг тайзны дэргэдэх тусгай хэсэгт урьж суулгалаа. Тэгээд Рүтэрфорд ах «Хааны хүүхдүүд» гэсэн илтгэл тавив. Дараа нь Рүтэрфорд ах болон туслахууд нь «Хүүхдүүд» гэдэг шинэ номыг гэнэтийн бэлэг болгон бидэнд гардуулахад бөөн баяр болж билээ.
1943 оны 4 дүгээр сард Канзасын Коффивилл хотод багавтар боловч нэлээд онцлогтой чуулган болсон юм. Бүх хурал Дэлгэрүүлэгчийн сургуультай болох тухай зарлал сонсов. Бид уг сургуульд хэрэглэх 52 хичээлтэй гарын авлага
хүлээж авлаа. Тэр жил би анхны даалгавраа биелүүлэв. Бас хэдэн хүнтэй хамт ойролцоох цөөрмийн хүйтэн усанд баптисм хүртсэн учраас тэр чуулган миний хувьд онцгой байсан.БЕТЕЛД ҮЙЛЧЛЭХ ХҮСЭЛ
Би 1951 онд сургуулиа дүүргээд ирээдүйтэйгээ холбоотой шийдвэр гаргав. Бетелд үйлчлэх чин хүсэлтэй байсан тул удалгүй анкет бөглөж Брүүклин дэх оффис руу илгээлээ. Тэнд урьд нь Жерри ах маань үйлчилж байсан юм. Энэ шийдвэрийг гаргасан минь Бурхантай дотносоход их хэрэг болсон. Удалгүй хариу ирж, би 1952 оны 3 дугаар сарын 10-наас Бетелд үйлчилж эхлэв.
Уг нь би хэвлэх үйлдвэрт ажиллаж, ном сэтгүүл хэвлэх ажилд гар бие оролцох юм сан гэж боддог байлаа. Гэвч хэвлэх үйлдвэрт ажиллах боломж олдсонгүй. Намайг эхлээд зөөгчөөр ажиллуулж байснаа дараа нь гал тогооны багийн гишүүн болгов. Би тэнд ажиллахдаа их юм сурсан. Ээлжээр ажилладаг учраас өдрийн цагаар Бетелийн баялаг номын санд сууж Библиэ бие дааж судлах боломж олдов. Үүний ачаар Еховатай дотносож, итгэл батажсан. Бас чадахаасаа чадахгүйгээ хүртэл Бетелд үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Жерри ах 1949 онд Патришатай гэрлэх болж Бетелээс гарсан юм. Тэднийх Брүүклиний ойролцоо байв. Бетелд байсан эхний жилүүдэд тэднийхээ дэмээр урамшин зоригждог байсан.
Намайг ирээд удаагүй байхад Бетелийн илтгэгчдийн тоог нэмэхээр болж зарим эрчүүдийн нэрийг жагсаалтад нэмж оруулав. Тэд жилийн хугацаанд Брүүклинээс 320 километр зайтай байдаг хурлуудад очиж илтгэл тавих, хурлынхантай хамт дэлгэрүүлэх ёстой. Миний нэр жагсаалтад орсон нь завшаан байв. Гэхдээ би анхны илтгэлээ тавихдаа их сандарсан. Бүтэн цаг тавьж билээ. Хурлууд руу голдуу галт тэргээр явдаг байлаа. 1954 оны өвлийн нэгэн ням гаргийн үдээс хойш Нью-Йоркийн чиглэлийн галт тэргэнд суугаад явж байснаа тод санаж байна. Орой нь Бетелд очих ёстой байлаа. Гэтэл салхи ширүүсэн цасаар шуурч, галт тэрэгний цахилгаан хөдөлгүүрүүдэд богино холбоо үүссэнээс болоод хүчээ алдаж эхлэв. Эцэст нь Нью-Йорк өртөөн дээр даваа гаргийн өглөө 5 цагийн үед хүрч ирлээ. Би тэндээсээ Брүүклиний метронд суугаад Бетел рүү явав. Жаахан хоцорч очлоо. Галт тэргэнд шөнөжин даараад унтаж чадаагүй болохоор маш их ядарсан байв. Гэвч очингуутаа ажилдаа орсон. Амралтын өдрүүдэд иймэрхүү таагүй явдал гардаг ч ах дүү нартаа үйлчилж, шинэ найз нөхөдтэйгөө уулзаж баяр хөөр болдог байлаа.
Бетелд үйлчилсэн эхний жилүүдэд би Даблю Би Би Ар (WBBR) радио станцад ажилласан. Тэр үед манай студи Коламбиа Хаитс 124-ийн хоёрдугаар давхарт байв. Долоо хоног бүр цацагддаг Библи судлах хөтөлбөрийн аль нэгэн дүрд дуу оруулдаг байлаа. Бетелд олон жил үйлчилсэн А. Х. Макмиллан ах радиогийн хөтөлбөрүүдэд тогтмол оролцдог байж билээ. Мак ах маань Еховад тууштай үйлчлэх талаар залуу бетелчин бидэнд гайхалтай жишээ үзүүлсэн хүн дээ.
Гилеад сургуультай хамтарч ажиллах урилга 1958 онд ирлээ. Би төгсөгчдийн визийг хөөцөлдөж, томилогдсон улс руугаа явахад нь тусалдаг болсон. Тэр үед нисэх онгоцны тийз хэтэрхий үнэтэй байсан тул цөөхөн миссионерыг л онгоцоор явуулдаг байв. Африк, Алс Дорнод руу явж буй ихэнх миссионер ачааны усан онгоц хөлөглөнө. Агаарын тээврийн үйлчилгээ өргөжсөнөөр нислэгийн тийзний үнэ хямдарч, миссионеруудын ихэнх нь томилогдсон улс руугаа онгоцоор нисэж очдог болсон.
ЧУУЛГАНД ОЧИХ АЯЛАЛ
1960 онд миний хийх ажил нэмэгдлээ. Юу гэвэл, манай байгууллага 1961 оны олон улсын чуулганыг Европын орнуудад зохион байгуулахаар болсон юм. Тиймд АНУ-аас Европ руу нисэх тусгай онгоц захиалах ажлыг надад даалгасан. Би бас тэр чуулганд суухаар Германы
Хамбургт нисэж очсон. Чуулганы дараа өөр гурван бетелчинтэй цуг машин түрээслээд Германаас Итали хүртэл явж Ромд байдаг салбарт зочлов. Тэндээсээ Франц руу явж, Пиренейн уулсыг даваад Испанид очсон. Тэр үед Испанид дэлгэрүүлэх ажил хориотой байв. Бид зарим нэг ном хэвлэлийг бэлэг шиг харагдахаар боогоод Барселонд байдаг ах дүүдээ аваачиж өгсөн. Тэдэнтэй уулзаад үнэхээр сэтгэл хөдөлж билээ! Ингээд Амстердамд очоод, тэндээсээ Нью-Йорк руу онгоцоор буцав.Жил орчмын дараа дахиад шинэ даалгавар авсан. Олон улсын тусгай цуврал чуулганд очих төлөөлөгчдийн аяллыг зохион байгуулах ёстой болов. 1963 онд болсон уг чуулганы нэр нь: «Мөнхийн сайн мэдээ». Европ, Ази, Өмнөд номхон далайн орнуудад болсон уг чуулганд 583 төлөөлөгч оролцсон бөгөөд тэднийг Хонолулу, Хавай, Пасадена, Калифорниор аялуулсан. Библид гардаг газар оронтой танилцуулах боловсролын тусгай хөтөлбөрийн дагуу тэд зам зуураа Ливан, Иорданд очсон. Манай хэлтэс нисэх онгоц болон зочид буудал захиалах, нэлээд хэдэн улсад зорчих визний асуудлыг хариуцан ажилладаг байсан.
ХАНЬТАЙ БОЛОВ
Бас нэг чухал үйл явдал тохиосноороо 1963 он миний хувьд онцгой байлаа. Гурван жилийн өмнө бетелчин болсон Миссурийн бүсгүй Лайла Рожерс бид хоёр 6 дугаар сарын 29-нд гэрлэв. Долоо хоногийн дараа Лайла бид хоёр дэлхийг тойрон аялах багийн бүрэлдэхүүнд орж Грек, Египет, Ливанд очив. Бид Ливаны нийслэл Бэйрүтээс гараад Иорданы жижигхэн нисэх буудалд буулаа. Эрх баригчид манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан, бас Еховагийн Гэрчүүдэд виз олгодоггүй гэж сонссон болохоор юу болох бол гэж санаа зовж байлаа. Тэгтэл «Еховагийн Гэрчүүд ээ, тавтай морил!» гэсэн бичиг барьсан баахан хүн онгоцны буудлын барилгын дээвэр дээр зогсож байхыг хараад гайхах, баярлах зэрэгцэж билээ! Библид гардаг газар орнуудыг анх хараад ямар их догдолсон гэж санана! Тэр бол Бурхны эртний үйлчлэгчдийн өлгий нутаг, Есүс болон элчүүдийн дэлгэрүүлж явсан газар юм. Мөн Христийн шашин тэндээс үүсээд дэлхийн хязгаар хүртэл түгэн дэлгэрсэн (Үйлс 13:47).
Миний эхнэр Лайла 55 жил ажил, амьдралын минь үнэнч хань болж явна. Бид хоёр Испани, Португалд манай үйл ажиллагаа хориотой үед нэлээд хэдэн удаа очсон. Найз нөхдийнхөө урмыг сэргээж, ном хэвлэл болон хэрэгтэй юмыг нь аваачиж өгдөг байв. Бүр Испанийн Кадис дахь цэргийн хуучин цайзад хоригдож байсан ах дүү нартай ч уулзсан. Библид үндэслэсэн илтгэл тавьж тэднийгээ зоригжуулсандаа сэтгэл зүрх минь баяр хөөрөөр цалгиж билээ.
1963 оноос хойш Африк, Австрали, Төв ба Өмнөд Америк, Европ, Алс Дорнод, Хавай,
Шинэ Зеланд, Пуэрто Рикод болсон олон улсын чуулганд очих аяллыг зохион байгуулах ажилд би оролцсон. Лайла бид хоёр мартагдашгүй олон чуулганд хамт суусан. Түүний нэг нь 1989 онд Польшийн Варшав хотноо болсон чуулган юм. Оросын итгэл нэгтнүүд ирж оролцсон. Тэдний хувьд анхны том чуулган байв! Итгэл үнэмшлийнхээ улмаас Зөвлөлтийн шоронгуудад хоригдож явсан олон хүнтэй уулзсан.Бетелийн гэр бүлийн гишүүд болон миссионеруудыг сэргээж зоригжуулахаар дэлхийн өнцөг булан бүрд буй салбаруудад очсон минь миний хувьд онцгой баярт үйл явдал байсан. Хамгийн сүүлд бид хоёр Өмнөд Солонгос дахь салбарт очихдоо Сүвонь хотын шоронд хоригдож байсан 50 залуутай уулзсан. Өөдрөг үзэлтэй энэ залуус бүгдээрээ Еховадаа чөлөөтэй үйлчлэхийн хүслэн болсон хүмүүс байлаа. Тэдэнтэй уулзаад бид маш их урамшсан! (Ром 1:11, 12).
ӨСӨЛТ БА БАЯР БАЯСГАЛАН
Энэ бүх хугацаанд Гэрчүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь Ехова ард түмнээ ивээж буйн баталгаа юм. Намайг 1943 онд баптисм хүртэх үед 100 000 орчим дэлгэрүүлэгч байсан. Тэгвэл одоо 240 улсад 8 сая гаруй хүн Ехова Бурхандаа үйлчилж байна. Ийм амжилт гаргахад миссионерууд их үүрэг гүйцэтгэсэн. Гилеад сургуулийг төгссөн эдгээр миссионертой олон жил хамтран ажиллаж, томилолтоор гадаадад үйлчлэхэд нь тусалж байсандаа би баярладаг.
Би үйлчлэлээ өргөжүүлэх зорилгоор Бетелд ажиллах шийдвэрийг залуудаа гаргасандаа баяртай байдаг. Ехова алхам бүрийг минь ивээж ирлээ. Лайла бид хоёр Бетелийн ажилдаа дуртай. Үүний зэрэгцээ Брүүклиний нэлээд хэдэн хурлынхантай хамт 50 гаруй жил үйлчлэхдээ олон сайхан найзтай болсон.
Лайлагийнхаа дэмээр Бетелийн ажлаа тасралтгүй хийж байна. Одоо би 84-тэй ч салбарын захидал харилцааны ажилд тусалж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
Еховагийн энэ гайхалтай байгууллагын гишүүн байх нь ямар сайхан бэ! Малахи 3:18-д байдаг, «Та нар зөв шударга ба хорон муугийн хоорондохыг, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний хоорондохыг дахин ялгадаг болно» гэсэн зөгнөл хэчнээн үнэн бэ! Сатаны ертөнц задран унаж, хүмүүс юунд ч найдахаа больж, баярлаж баясах юмгүй болжээ. Харин Еховагийн үйлчлэгчид ийм хэцүү цагт ч баяр жаргалтай, ирээдүйдээ итгэлтэй амьдарч байна. Хаант төрийн тухай сайн мэдээг тунхагладаг маань ямар их завшаан бэ! (Мат. 24:14). Үеэ өнгөрөөж буй энэ ертөнцийг Бурхны Хаант төр тун удахгүй устгаж, шинэ ертөнцийг байгуулан, амласан бүх ивээл хишгээ хүртээж, хүн бүрийг эрүүл саруул, үүрд мөнх амьдруулна. Тэр өдрийг бид сэтгэл догдлон хүлээж байна. Еховагийн үнэнч үйлчлэгчид дэлхий дээрээ үүрд жаргалтай амьдарна.