Skip to content

Гарчиг руу орох

Удирдагч Христэд найдаарай

Удирдагч Христэд найдаарай

«Та нар Христ гэдэг ганц Удирдагчтай» (МАТ. 23:10).

ДУУ: 14, 30

1, 2. Мосег нас барсны дараа Иошуа ямар хэцүү даалгавар авсан бэ?

ЕХОВА Иошуад «Миний зарц Мосе нас барав. Тэгэхээр одоо босож, энэ бүх хүний хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар уруу яв» гэлээ (Иош. 1:1, 2). Бараг 40 жил Мосегийн туслах байсан Иошуагийн амьдрал гэнэт өөрчлөгджээ!

2 Израйлыг олон жил удирдсан Мосегийн халааг Иошуа авсан. Тийм болохоор «Бурхны ард түмэн намайг удирдагчаа гэж хүлээн зөвшөөрөх болов уу?» хэмээн бодсон биз ээ (Д.хууль 34:8, 10–12). Библийн нэгэн тайлбарт Иошуа 1:1, 2-ыг дурдаад, «Засгийн эрхийг дараагийн хүнд шилжүүлэх нь тухайн улс үндэстний хувьд хамгийн аз туршсан үе байдаг. Эрт үед ч, орчин үед ч ялгаагүй» гэж бичжээ.

3, 4. Иошуа Еховад найдсан нь зөв байсан гэхийн учир юу вэ? Ямар асуултын хариуг мэдэх хэрэгтэй вэ?

Иошуа айж сандарсан байх. Гэлээ ч Еховад найдаж, зааврыг нь шууд биелүүлжээ (Иош. 1:9–11). Энэ нь ч зөв байлаа. Библид тэмдэглэснийг үзвэл, Ехова Иошуаг болон өөрийн ард түмэн израйлчуудыг удирдах үүргийг тэнгэрийн элчдээ өгчээ. Тэр тэнгэрийн элч нь Бурхны ууган Хүү, Үг байсан бололтой (Ег. 23:20–23; Ёох. 1:1).

4 Израйлчууд шинэ удирдагчтай болсон энэхүү шилжилтийн үеийг Еховагийн ачаар амжилттай давсан. Бид бас түүхэн өөрчлөлтийн үед амьдарч байна. Бурхны байгууллагын үйл ажиллагаа эрчимжиж буй энэ цагт Удирдагч Есүст найдах учиртай. Найдах ямар үндэс байдаг вэ? (Матай 23:10-ыг уншина). Өөрчлөлт гарахад Ехова ард түмнээ хэрхэн удирдаж байсныг эхлээд мэдэх хэрэгтэй.

БУРХНЫ АРД ТҮМНИЙГ УДИРДСАН НЬ

5. Иерихо руу дөхөж явтал Иошуад юу тохиолдсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

5 Израйлчууд Иордан голыг гаталсны дараахан Иошуад ер бусын явдал тохиолдов. Иерихо руу дөхөж явтал, сэлмээ сугалан гартаа барьсан нэгэн дайчин зогсож байлаа. Иошуа үл таних тэр хүнээс «Та бидний талд уу, манай дайсны талд уу?» гэж асуув. Гайхалтай нь, тэрээр хэн гэдгээ нуулгүй хэлсэн. «ЭЗЭНий дайчдын жанжин» тэрээр Бурхны ард түмнийг хамгаалахад бэлэн ажээ (Иошуа 5:13–15-ыг уншина). Ехова Иошуатай ярьсан гэж Библид бичсэн байдаг ч үнэн хэрэгтээ энэ тэнгэрийн элч ярьсан нь эргэлзээгүй. Үүнээс өмнө ч Еховаг төлөөлөн ярьж байсан бололтой (Ег. 3:2–4; Иош. 4:1, 15; 5:2, 9; Үйлс 7:38; Гал. 3:19).

6-8. а) Еховагийн зарим заавар яагаад хачирхалтай санагдсан байж болох вэ? б) Ехова цагаа олсон, зөв заавар өгсний баталгаа юу вэ? (Бас зүүлтийг үзнэ үү).

6 Тэр тэнгэрийн элч Иерихог хэрхэн эзэлж авахыг Иошуад тодорхой хэлж өгсөн. Гэвч зарим заавар нь тохирохгүй юм шиг санагдсан байх. Жишээ нь «Израилийн хөвгүүдэд ... хөвч хөндөх ёслол хий» гэсэн тушаалыг биелүүлбэл эрчүүд бүгдээрээ байлдаж чадахгүйд хүрнэ. Ийм үед эрүүл саруул хүмүүсийн хөвчийг таслах нь цагаа олсон хэрэг мөн үү? (Эх. 34:24, 25; Иош. 5:2, 8).

7 Дайснууд хуаран руу довтолбол гэр бүлээ яаж хамгаалах вэ гэж израйл эрчүүд бодсон байх. Тэгтэл Иерихогийн цэргүүд довтлох нь битгий хэл, израйлчуудаас айж байна гэсэн мэдээ сонсжээ. «Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан» гэж Библид бичсэн байдаг (Иош. 6:1). Израйлчууд энэ мэдээг сонсоод Бурхны өгсөн заавар зөв гэдэгт бат итгэсэн нь гарцаагүй.

8 Тэд Иерихо руу дайран орж болохгүй, харин хотын хэрмийг эхний зургаан өдөр нь өдөрт нэг удаа, долоо дахь өдөр нь долоон удаа тойрч алхах ёстой байлаа. «Хайран цаг, хайран хүч!» гэж бодсон цэрэг ч байсан байх. Гэвч Израйлын үл үзэгдэх Удирдагч юу хийж байгаагаа маш сайн мэдэж байв. Удирдагчийнхаа зааврыг биелүүлээд израйлчуудын итгэл батажсан. Бас Иерихогийн эрэлхэг дайчидтай тулалдах шаардлагагүй болсон (Иош. 6:2–5; Евр. 11:30). *

9. Байгууллагаас ирсэн зааврыг яагаад дагах ёстой вэ? Тайлбарлана уу.

9 Энэ түүхээс юу ойлгож авах вэ? Еховагийн байгууллага заримдаа шинэ арга нэвтрүүлдэг. Үүнийг сайн ойлгохгүй байх нь ч бий. Жишээлбэл бие дааж судлах, дэлгэрүүлэх, цуглаанд суухад электрон хэрэгслийн хэрэг байна уу гэж эхний үед бодсон хүн цөөнгүй байсан. Харин одоо электрон хэрэгслийн ач тусыг ойлгодог болжээ. Иймэрхүү өөрчлөлтийн сайн талыг бодож үзвэл итгэл батажна, эв нэгдэлтэй байна.

ХРИСТ I ЗУУНД ХЭРХЭН УДИРДАЖ БАЙСАН БЭ?

10. Удирдах зөвлөл маргааныг шийдвэрлэхдээ хэнээр удирдуусан бэ?

10 Харь үндэстэн Корнел хөвч таслуулаагүй хэр нь Христийн дагалдагч болсон. Түүнээс хойш 13 жил өнгөрсөн боловч Антиохт ирсэн зарим иудей дагалдагч хөвч таслахыг чухал гэж үзсээр байв (Үйлс 15:1, 2). Тийм учраас энэхүү маргаантай асуудлыг удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр Паулыг Иерусалим руу илгээжээ. Чухам хэн Паулыг илгээсэн бэ? «Тийшээ явахыг Эзэн тушаасан» гэж тэрээр бичжээ. Тэгэхээр удирдах зөвлөл маргааныг шийдвэрлэхдээ Христээр удирдуулсан хэрэг (Гал. 2:1–3).

Христ I зууны хурлыг удирддаг байсан (10, 11-р догол мөрийг үзээрэй)

11. а) Иудей дагалдагчдын дунд ямар асуудал маргаантай хэвээр байсан бэ? б) Паул Иерусалим дахь ахлагчдыг хэрхэн дэмжсэн бэ? (Бас зүүлтийг үзнэ үү).

11 Иудей биш дагалдагчдын хөвчийг таслах шаардлагагүй гэсэн шийдвэрийг удирдах зөвлөл Христийн удирдлагаар гаргасан (Үйлс 15:19, 20). Үүнээс хойш олон жил өнгөрсөн боловч хүүхдийнхээ хөвчийг тасалдаг иудей дагалдагчид байсаар байлаа. Тэгтэл Паулын тухай цуу яриа Иерусалим дахь ахлагчдын сонорт хүрэв. Паул Мосегийн хуулийг сахидаггүй гэж хүмүүс хэлэлцэх болжээ. Ахлагчид Паулд хачирхалтай заавар өгөв * (Үйлс 21:20–26). Дөрвөн хүнтэй хамт сүмд оч гэжээ. Тэгвэл хүмүүс Паулыг «Хууль сахидаг» гэж ойлгох ажээ. Паул тэдэнд «Та нар юу яриад байгаа юм бэ? Энэ чинь шал тэнэг хэрэг! Асуудлын гол нь хөвч таслахын учрыг ойлгодоггүй иудей дагалдагчдад л байна» гэж хэлж болох л байсан. Гэхдээ бүх итгэл нэгтнээ эв нэгдэлтэй байлгах гэсэн ахлагчдын хүслийг ойлгоод, зааврыг нь дагажээ. Тэгвэл хөвч таслахтай холбоотой асуудал яагаад ийм удаан хугацаагаар үргэлжилсэн юм бол? Есүсийг нас барахад Мосегийн хууль хүчингүй болсон биз дээ? (Кол. 2:13, 14).

12. Хөвч таслах тухай асуудал яагаад удаан хугацаагаар үргэлжилсэн бэ?

12 Ойлголт шинэчлэгдэхэд зарим хүн тэр дор нь хүлээгээд авч чаддаггүй. Тэдэнд хугацаа хэрэгтэй байдаг. Иудей дагалдагчдын тухайд ч мөн ялгаагүй. Үзэл бодлоо өөрчлөхөд нь цаг хугацаа хэрэгтэй байв (Ёох. 16:12). Хөвч таслахыг зарим хүн Бурхантай маш дотно харьцаатайн шинж гэж боддог байжээ (Эх. 17:9–12). Зарим нь нийгэмд ад шоо үзэгдэж хавчигдахаасаа айсан (Гал. 6:12). Харин Христ Паулаар захиа бичүүлж, аажмаар ойлгуулжээ (Ром 2:28, 29; Гал. 3:23–25).

ХРИСТ ОДОО Ч ХУРЛАА УДИРДАЖ БАЙНА

13. Удирдагч Христээ дэмжье гэвэл яах хэрэгтэй вэ?

13 Байгууллагад гарч буй зарим өөрчлөлтийг бүрэн ойлгохгүй байвал Бурхны эртний ард түмнийг Христ хэрхэн удирдаж байсныг эргэцүүлэн бодоорой. Тэрээр Иошуагийн үед ч, I зуунд ч Бурхны ард түмэнд ямагт зөв зүйтэй удирдамж заавар өгч байсан. Ийнхүү тэднийг хамгаалж, итгэлийг нь батжуулж, эв нэгдэлтэй байлгажээ (Евр. 13:8).

14-16. Есүс бидэнд санаа тавьдгаа батлан «итгэмжит ухаалаг боолоор» ямар заавар өгүүлсэн бэ?

14 Өнөөдөр «итгэмжит, ухаалаг боол» цагаа олсон удирдамж зааврыг бидэнд өгдөг (Мат. 24:45). Энэ нь Есүс бидэнд санаа тавьж буйн баталгаа юм. Дөрвөн хүүхэдтэй Марк: «Сатан гэр бүлүүд рүү дайрч, хурлыг сүйтгэхийг оролдож байна. Гэр бүлийн хичээлийг 7 хоног бүр хийгээрэй гэсэн заавар өгдөг нь гэр бүлийг хамгаалах зорилготой. Үүнийг өрхийн тэргүүн бид ойлгодог!» гэжээ.

15 Христ биднийг хэрхэн удирддагийг бодож үзвэл бат итгэлтэй байхад маань туслахыг үнэхээр их хүсээд байгааг ойлгож чадна. Патрик гэдэг ахлагч: «Хагас, бүтэн сайнд дэлгэрүүлэх ажлын жижигхэн бүлгээрээ цуглах заавар зарим хүнд таалагдаагүй. Гэхдээ Есүс сул дорой хүмүүст санаа тавьдаг нь энэ заавраас тодорхой харагддаг. Ичимхий эсвэл идэвх муутай итгэл нэгтнүүд маань хүндлэл хүлээсэн чухал хүн гэдгээ ойлгоод илүү идэвхтэй болсон» гэжээ.

16 Энэ дэлхий дээр өрнөж буй хамгийн чухал ажлыг анхаарахад Есүс бас бидэнд тусалдаг (Марк 13:10-ыг уншина). Ахлагч болоод удаагүй Андрей Еховагийн байгууллагаас ирсэн заавар болгоныг биелүүлэхийг хичээдэг ажээ. Тэрээр: «Салбарт цомхотгол хийж байгаа нь цаг хугацаа охор богино болсныг, дэлгэрүүлэх ажилд хүч тавин ажиллах шаардлагатай байгааг сануулж байна» гэсэн юм.

ХРИСТИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ?

17, 18. Өөрчлөлт гарахад ач тусыг нь яагаад голлон анхаарах хэрэгтэй вэ?

17 Хаан Есүс Христийн маань заавар одоо ч, ирээдүйд ч хэрэгтэй. Тийм учраас сүүлийн үед гарч буй өөрчлөлтийн ач тусыг голлон анхаарцгаая. Цуглаан, дэлгэрүүлэх ажилтай холбоотой өөрчлөлт гарсан нь танай гэр бүлд ямар ач тустай байсныг гэр бүлийн хичээлээрээ ярилцвал урам зориг тань бадрах биз ээ.

Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхахад нь гэр бүлийнхэндээ болон бусдад тусалдаг уу? (17, 18-р догол мөрийг үзээрэй)

18 Олон талын ач тусыг нь бодвол Еховагийн байгууллагаас ирсэн зааврыг дуртайяа биелүүлнэ, баяр хөөртэй байна. Жишээ нь хэвлэмэл ном сэтгүүлийн тоог цөөлснөөр мөнгө хэмнэсэн. Бас техник технологийн дэвшлийг ашигласнаар Хаант төрийн тухай сайн мэдээг илүү олон хүнд хүргэх боломж нээгдсэн. Та цахим хэвлэл, кино зэргийг түлхүү ашиглах боломжтой юу? Энэ нь байгууллагын хөрөнгийг үр ашигтай зарцуулах гэсэн Удирдагч Христээ дэмжиж буй хэрэг юм.

19. Бид Христийг яагаад дэмжих ёстой вэ?

19 Христийг дэмжвэл бусдынхаа итгэлийг батжуулж, бүр ч их эв нэгдэлтэй болно. Дэлхий дахинд буй бетелчдийн тоог цөөлж байгаа талаар Андрей сэтгэгдлээ хуваалцахдаа «Бетелд өөрчлөлт гарсан ч бетелчид зөв хандлагатай байгааг хараад тэднийг хүндлэх сэтгэл төрж, Удирдагч Христэд улам бүр найддаг болсон. Тэд Еховагийн тэрэгнээс хоцрохгүйг хичээж, ямар ч даалгаврыг баяртай биелүүлж байна» гэжээ.

УДИРДАГЧДАА ИТГЭЖ НАЙДААРАЙ

20, 21. а) Бид яагаад Удирдагч Христэд найдах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

20 Бурхны томилсон Удирдагч Есүс Христ удахгүй «ялахын тулд ялсаар», «айдас төрүүлэм зүйлсийг заахаар» ирнэ (Илч. 6:2; Дуу. 45:4). Харин одоо, Бурхны ард түмнийг шинэ ертөнцөд ажиллаж амьдрахад бэлтгэж байна. Тэр үед бид амилсан хүмүүст хичээл заахын зэрэгцээ дэлхийг диваажин болгох ажилд оролцоно.

21 Юу ч тохиолдсон, Хаандаа итгэж найддаг бол тэрээр биднийг удирдан шинэ ертөнцөд оруулна (Дуулал 46:1–3-ыг уншина). Амьдралд гэнэтийн өөрчлөлт гарахад хэцүү санагдах нь бий. Тийм үед Еховад итгэж, үргэлж тайван байхын тулд яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.

^ д/м 8 Археологичид Иерихогийн балгасанд малтлага хийж байхдаа нөөцөлсөн их хэмжээний үр тариа олжээ. Энэ нь хот бүслэгдээд удаагүй, оршин суугчид нь хурааж нөөцөлсөн ургацаа идэж амжаагүй байсныг илтгэнэ. Ургац хураалтын үед Иерихог эзэлсэн нь израйлчуудын хувьд тун сайн хэрэг болсон. Учир нь талбайн ургац элбэг байсан болохоор Иерихог эзлэхдээ тэндээс юу ч авч болохгүй гэсэн Еховагийн тушаалыг дагаж чадсан (Иош. 5:10–12).

^ д/м 11 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2003 оны 3-р сарын 1-ний дугаарын 18-р хуудаснаас «Паул сорилтыг даруухан хүлээн авсан нь» гэсэн хавсралтыг үзнэ үү.