Skip to content

Гарчиг руу орох

1918—Зуун жилийн өмнө

1918—Зуун жилийн өмнө

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1918 оны 1 дүгээр сарын 1-ний дугаар «1918 онд юу болох вэ?» гэж эхэлдэг. Европт дэгдсэн дэлхийн I дайн дуусаагүй байв. Гэвч Библи Судлаачид оны эхэнд болсон үйл явдлуудыг хараад байдал сайжирна гэж үзэж байсан. Ер нь, дэлхий нийтээрээ тийм бодолтой байжээ.

ЭНХ ТАЙВНЫ ТУХАЙ ЯРИА

1918 оны 1 дүгээр сарын 8-нд АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдро Вилсон Конгресст илтгэл тавихдаа «шударга, тогтвортой энх тайвныг» тогтооход зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн 14 саналаа дэвшүүлжээ. Үүнд: улс үндэстнүүдийн хооронд дипломат харилцаа тогтоох, зэвсэглэлийг хорогдуулах, том жижиг улс гүрнүүдийн тусын тулд «үндэстнүүдийн нийтийн холбоо»-г байгуулах зэрэг санал байлаа. Энэхүү «Арван дөрвөн зүйлт санал» нь дэлхийн I дайныг дуусгавар болгосон Версалийн гэрээ болон Үндэстнүүдийн Холбоог байгуулах үндэс болсон юм.

ЭСЭРГҮҮЦЭГЧИД ЯЛАГДАВ

1917 он үймээн самуунтай байсан ч Библи Судлаачид тун удахгүй амар тайван болно гэж бодож байжээ. Энэ нь Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгийн жил тутмын уулзалтын үеэр болсон үйл явдлаас харагддаг.

Энэ уулзалт 1918 оны 1 дүгээр сарын 5-нд болсон юм. Бетелд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаад халагдсан хүмүүс уг уулзалтад оролцжээ. Тэд байгууллагын удирдлагыг гартаа авахыг санаархаж байлаа. Явуулын үйлчлэл хариуцагч үнэнч ахлагч Ричард Х. Барбер уулзалтыг нээж залбирав. Өнгөрсөн жилийн ажлын тайланг танилцуулсны дараа захирлуудыг сонгох ээлжит сонгууль боллоо. Жосеф Рүтэрфорд нарын долоон ахын нэрийг Барбер ах дэвшүүлсэн. Дараа нь эсэргүүцэгчдийн талын өмгөөлөгч бас долоон хүний нэрийг дэвшүүлэв. Тэдний дунд Бетелээс халагдсан хүмүүс байлаа. Гэвч тэд сонгуульд ялагдсан. Хувьцаа эзэмшигчдийн олонхын саналаар Рүтэрфорд нарын долоон үнэнч ахыг захирлаар сонгожээ.

Ах дүү нар маань уг уулзалтыг «Бурхан ивээсэн хамгийн сайхан чуулган боллоо» гэлцэж байв. Гэвч баяр хөөр нь удаан үргэлжлээгүй юм.

«НУУЦ ТАЙЛАГДСАН НЬ» НОМ ГАРАХАД ...

Библи судлаачид «Нууц тайлагдсан нь» номыг хэдэн сар тараажээ. Чин сэтгэлтэй хүмүүс энэ номыг уншаад Библийн үнэнийг хүлээж авсан.

Канад дахь явуулын үйлчлэл хариуцагч Э. Ф. Кристийн ярьснаар, эхнэр нөхөр хоёр «Нууц тайлагдсан нь» номыг уншаад сар гаруйхны дотор үнэнийг хүлээж авчээ. «Тэр хоёр хоёулаа Бурханд өөрсдийгөө зориулсан бөгөөд ахиц дэвшил гаргаж байна» гэж тэрээр ярьсан байна.

Нэг эрэгтэй энэ номыг авч уншаад сэтгэл нь ихэд хөдөлсөн тул шууд л найзууддаа ярьж өгчээ. «Гуравдугаар өргөн чөлөөгөөр явж байтал мөрийг минь нэг юм цохиод авсан. Тоосго юм байх гэж бодсон чинь “Нууц тайлагдсан нь” гэдэг ном байв. Гэртээ ирээд номоо дуустал нь уншив. ... Нэг номлогч уурандаа тэр номыг цонхоор чулуудсаныг хожим нь мэдэж билээ. ... Номлогч ганц удаагийн энэ үйлдлээрээ маш олон хүнд жинхэнэ найдварыг өгсөн гэж би боддог. ... Тэгтлээ уурлаагүй бол өдийд бид Бурхнаа ингэж алдаршуулах байсан ч юм уу, бүү мэд» гэж ярьжээ.

Уурласан хүн нь ганц номлогч биш байв. Канадын эрх баригчид уг номыг дайныг эсэргүүцсэн, өдөөн хатгасан шинжтэй гэж үзээд 1918 оны 2 дугаар сарын 12-нд хориг тавьжээ. Дараахан нь АНУ-ын засгийн газар манай байгууллагын удирдах үүрэгтэй гишүүдийг буруутгах баримт олох зорилгоор Нью-Йорк, Пеннсилвани, Калифорни дахь Бетелийн байр, оффисуудад нэгжлэг хийжээ. «Нууц тайлагдсан нь» номыг хэвлэх, тараах нь дайны бодлогод саад учруулж, Тагнуулын тухай хуулийг зөрчиж байна гэж АНУ-ын Хууль зүйн яам үзсэн. Ингээд уг номыг хэвлэх, тараахыг 1918 оны 3 дугаар сарын 14-нд хориглосон байна.

ШОРОНД ОРСОН НЬ!

1918 оны 5 дугаар сарын 7-нд Хууль зүйн яам Жиованни Дечека, Жорж Фишер, Александр Макмиллан, Роберт Мартин, Фредерик Робисон, Жосеф Рүтэрфорд, Виллиам Ван Амбург, Клейтон Вүүдворт нарыг баривчлах зөвшөөрөл авчээ. «АНУ-ын зэвсэгт хүчин болон тэнгисийн цэрэгт алба хаахаас татгалзахыг уриалснаараа эх орноосоо урвахыг төр засагт тэрслэхийг хүмүүст зааж байна» хэмээн тэднийг буруутгаад «хууль зөрчсөн гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдэл» хийсэн гэж үзсэн байна. Шүүх хурал 1918 оны 6 дугаар сарын 3-нд эхэлжээ. Тэдэнд ял оноох нь тодорхой байв. Яагаад?

АНУ-ын ерөнхий прокурор Тагнуулын тухай хуулийг «суртал ухуулгатай тэмцэх үр дүнтэй зэвсэг» гэж нэрлэсэн. Конгресс 1918 оны 5 дугаар сарын 16-нд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзжээ. Хэрэв нэмэлт өөрчлөлт оруулсан бол «үнэнд нийцсэн, сайн санааны үүднээс, хуулийн дагуу» ном гаргасан хүмүүсийг хамгаалж болох байв. «Нууц тайлагдсан нь» ном тэдний хувьд гол асуудал болоод байлаа. АНУ-ын Конгрессын албан ёсны тайланд энэ талаар дурдахдаа «Хамгийн аюултай суртал ухуулгын нэг жишээ нь “Нууц тайлагдсан нь” ном юм. ... Манай улсын бодлогод эргэлзэх, цэрэг татлагыг эсэргүүцэхэд хүргэх аюултай» гэжээ.

1918 оны 6 дугаар сарын 20-нд тангарагтны шүүх найман ахыг маань олон зүйл ангиар буруутгав. Маргааш нь шүүгч ял оноохдоо «Эдгээр яллагдагчийн идэвхтэй тараагаад байгаа шашны суртал ухуулга нь Германы армийн дивизээс ч илүү аюултай. ... Эднийг хатуу шийтгэх хэрэгтэй» гэжээ. Хоёр 7 хоногийн дараа манай найман ах Жоржиа мужийн Атланта хотод байдаг Холбооны засан хүмүүжүүлэх газар 10–20 жилийн ял эдлэхээр болсон байна.

ДЭЛГЭРҮҮЛСЭЭР БАЙСАН

Энэ хугацаанд Библи Судлаачдад ширүүн эсэргүүцэл тулгарчээ. Холбооны мөрдөх товчоо (ХМТ) тэдний үйл ажиллагааг нарийвчлан шалгаж, хэдэн мянган баримт бүрдүүлжээ. Үүнээс үзэхэд ах дүү нар маань дэлгэрүүлэх ажлаа зогсолтгүй хийж байсан нь тодорхой байна.

Флорида мужийн Орландо хотын шуудангийн салбарын эрхлэгч ХМТ-нд бичсэн захидалдаа «[Библи Судлаачид] хотын айлуудаар явж байна. Ихэнхдээ шөнийн цагаар явдаг» гээд «Тэд ямар ч эсэргүүцлийг үл тоон дэлгэрүүлэхээр шийдсэн бололтой» гэсэн байна.

Хожим нь Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Фредерик Фрэнцийн үйл ажиллагааны талаар Батлан хамгаалах яамны хурандаа ХМТ-нд мэдээлэхдээ «Ф. Фрэнц “Нууц тайлагдсан нь” номыг хэдэн мянгаар нь борлуулж байна» гэжээ.

Хожим Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Чарлз Фекел ширүүн эсэргүүцэлтэй тулгарч явсан нэгэн. Эрх баригчид түүнийг «Нууц тайлагдсан нь» номыг тараасан гэж баривчлаад хувийн бичиг захидлыг нь шалгажээ. «Австри дайсан» гэж нэрлэн Мэрилэндийн Балтиморын шоронд 1 сар хорив. Зоригт Фекел байцаагдаж байхдаа «[Сайн мэдээ] тунхаглахгүй байвал надад зовлон болдог» хэмээсэн Паулын үгийг санажээ (1 Кор. 9:16). *

Библи Судлаачид идэвхтэй дэлгэрүүлж байсны зэрэгцээ Атлантад хоригдож буй ах нарыг суллуулах тухай өргөдлийг хүмүүст үзүүлэн, гарын үсэг зуруулж байлаа. Анна К. Гарднер: «Бид зүгээр суугаагүй. Ах нарыг шоронд орсны дараа айлаар явж хэдэн мянган хүнээр гарын үсэг зуруулсан! “Энэ хүмүүс Христийн жинхэнэ дагалдагчид юм, тэднийг хилсээр шоронд хорьсон” гэж хүмүүст ярьж явсан» хэмээн дурсжээ.

ЧУУЛГАНУУД

Тэр үед ах дүүгийн барилдлагыг бэхжүүлэх, итгэл батжуулах чуулган ойр ойрхон болсон. «Жилийн дотор 40 гаруй чуулган боллоо. ... Тайлангаас үзэхэд бүх чуулган сайхан болжээ. Урьд нь зуны сүүл, намрын эхээр болдог байсан бол одоо сар бүр чуулгантай байна» гэж «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ.

Чин сэтгэлтэй хүмүүс сайн мэдээг хүлээж авсаар байв. Охайо мужийн Кливленд хотноо зохиогдсон нэг чуулганд 1 200 орчим хүн оролцож, 42 хүн баптисм хүртжээ. Тэдний дунд нэгэн бяцхан хүү байв. «Бурханд талархаж, түүнд өөрийгөө зориулсан» тэр хүүг талархах сэтгэлгүй хүмүүс харсан бол ичихээр байлаа.

ДАРАА НЬ ЯАСАН БЭ?

1918 он дуусах дөхөж байхад Библи Судлаачдын ирээдүй бүрхэг байв. Тэд Брүүклин дэх зарим хөрөнгөө зарж, Пеннсилвани мужийн Питтсбург рүү төвөө нүүлгэжээ. Удирдах үүрэг гүйцэтгэж байсан ах нарыг шоронд байх хугацаанд хувьцаа эзэмшигчдийн жил тутмын уулзалтыг 1919 оны 1 дүгээр сарын 4-нд хийхээр товлов. Юу болох бол?

Ах дүү нар маань цөхрөлтгүй дэлгэрүүлсээр... 1919 оны уриа буюу «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэсэн зөгнөл биелнэ гэдэгт тэд итгэл төгс байсан (Ис. 54:17). Агуу ажил хийх урам зориг сэргээм, итгэл батжуулам гэнэтийн, асар их өөрчлөлт гарах гэж байв.

^ д/м 22 Чарлз Фекелийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1969 оны 3-р сарын 1-ний дугаарт нийтэлсэн (англи).