Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн үзэл бодлыг өөрийн болгож байгаа юу?

Та Еховагийн үзэл бодлыг өөрийн болгож байгаа юу?

«Үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчил» (РОМ 12:2).

ДУУ: 34, 43

1, 2. Еховатай дотносохын хэрээр юу ойлгож авдаг вэ? Жишээгээр тайлбарлана уу.

БЯЦХАН хүү бэлэг авчээ. «Баярлалаа гээрэй» хэмээн аав ээж нь хэлэв. Хүү нь аав ээжийнхээ хэлснийг юу ч бодолгүй дагаж хэллээ. Аав ээж нь яагаад тэгж зөвлөснийг том болохын хэрээр ойлгоно. Тэгээд өөрөө чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлдэг болно. Яагаад? Талархах сэтгэлтэй болсон учраас тэр юм.

2 Үүнтэй адил, бид үнэнийг анх мэдээд Еховагийн хууль тушаалыг биелүүлэх нь хэчнээн чухал болохыг ойлгосон. Еховатай дотносохын хэрээр үзэл бодлыг нь буюу юунд дуртай, юунд дургүй, аливаа зүйлийг хэрхэн үздэгийг мэдэж авдаг. Тэгээд хувийн асуудлаа шийдэх, ямар нэгэн юмыг хийх болоход Еховагийн үзэл бодолд нийцүүлнэ. Энэ нь Еховатай адилхан боддог болж буй хэрэг юм.

3. Еховатай адилхан боддог болох нь яагаад амаргүй вэ?

3 Еховатай адилхан бодож сурах нь сайхан. Гэхдээ амаргүй. Бид төгс бус учраас зарим нэг асуудлын талаар Еховатай адилхан бодож чаддаггүй. Жишээ нь садар самуун явдал, эд хөрөнгө, дэлгэрүүлэх ажил, цус гэх зэргийн асуудлыг Бурхан юу гэж үздэгийг бид мэддэг атлаа яагаад тийм үзэл бодолтойг нь ойлгохгүй байж болох юм. Ехова шиг боддог болохын тулд яах вэ? Энэ нь одоогийн болон хожмын шийдвэрт хэрхэн нөлөөлөх вэ?

БУРХАНТАЙ АДИЛХАН БОДОЖ СУРАХ НЬ

4. Үзэл бодлоо өөрчлөхийн тулд яах ёстой вэ?

4 Ром 12:2-ыг уншина. Еховатай адилхан бодож сурахын тулд яах хэрэгтэйг элч Паул энд бичихдээ «Өнөө үеийн хэвэнд цутгуулахаа боль» гэсэн. Энэ нь ертөнцийнхний үзэл бодол, хандлагад автахгүй байх ёстой гэсэн үг гэдгийг өмнөх өгүүллээр үзсэн. Гэхдээ Паул цааш нь «үзэл бодлоо өөрчлөхийг» зөвлөсөн. Тиймээс бид Бурхны Үгийг судалж, үзэл бодлыг нь ойлгож, эргэцүүлэн бодож, үзэл бодолд нь нийцүүлэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

5. Зүгээр нэг уншсан болох, судлах хоёрын ялгааг тайлбарлана уу.

5 Судлах гэдэг нь зүгээр нэг уншсан болоод, асуултын хариуг олж зурах төдий юм биш ээ. Еховагийн тухай юу өгүүлж байна, Ехова үүнийг юу гэж боддог вэ, яагаад ингэх болов гэх зэргээр эргэцүүлнэ гэсэн үг. Бурхан яагаад зөвшөөрсөн, яагаад хориглосныг ойлгох гэж хичээх хэрэгтэй. Амьдралдаа, үзэл бодолдоо ямар өөрчлөлт гаргахаа бодох нь зүйтэй. Судлах бүрдээ дээрх бүх асуултыг эргэцүүлэн бодох боломжгүй л дээ. Гэхдээ судлах цагийнхаа хагасыг уншсан зүйлээ эргэцүүлэн бодоход зориулах нь ач тустай (Дуу. 119:97; 1 Тим. 4:15).

6. Еховагийн үзэл бодлыг эргэцүүлэн бодвол яах вэ?

6 Бурхны Үгийг тогтмол эргэцүүлэн бодох нь үнэхээр гайхалтай. Яагаад? Еховагийн үзэл бодол төгс гэдэгт итгэдэг болно. Аливаа зүйлийн талаарх Еховагийн үзэл бодлыг ойлгож, хүлээн зөвшөөрч эхэлнэ. Тэгээд үзэл бодол маань өөрчлөгдөнө. Яваа яваандаа Еховатай адилхан боддог болно.

БОДОХ ҮЙЛДЭХ ХОЁР НЯГТ ХОЛБООТОЙ

7, 8. а) Ехова эд хөрөнгийг юу гэж үздэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Еховатай адилхан боддог хүн юуг хамгийн чухалд үзэх вэ?

7 Бодох сэтгэх гэдэг бол оюуны дасгал төдий юм биш ээ. Бодох үйлдэх хоёр нягт холбоотой (Марк 7:21–23; Яак. 2:17). Үүнийг ойлгохын тулд хэдэн жишээ үзье. Сайн мэдээний дөрвөн номд Ехова эд хөрөнгийг юу гэж үздэгийг тодорхой бичсэн байдаг. Иосеф Мариа хоёр хөрөнгө чинээгүй хүмүүс байсан. Гэхдээ Ехова тэднийг зориуд сонгож Хүүгээ өсгүүлэхээр шийдсэн (Лев. 12:8; Лук 2:24). Мариа Есүсийг төрүүлээд «малын тэжээлийн тэвшинд тавьжээ. Учир нь тэдэнд хоноглох газар олдоогүй» (Лук 2:7). Хэрэв Ехова хүссэн бол Хүүгээ илүү тав тухтай газар төрүүлж чадах л байсан. Гэхдээ Бурхныг шүтэх асуудлыг эн тэргүүнд тавьдаг хүмүүсээр Хүүгээ өсгүүлэх нь Еховагийн хувьд хамгийн чухал байв.

8 Библид бичсэн энэ түүхээс эд хөрөнгийн талаар Ехова ямар үзэлтэйг ойлгож болно. Хүүхдэдээ эдийн дээдийг эдлүүлэхийг боддог эцэг эхчүүд байдаг. Үүнээс болоод хүүхэд нь Еховагаас холдож хөндийрдөг. Харин Ехова өөртэй нь тогтоосон харьцааг л хамгийн чухал гэж үздэг. Та бас тэгж үздэг үү? Үүнийгээ үйл хэргээрээ харуулдаг уу? (Еврей 13:5-ыг уншина).

9, 10. Бусдыг бүдрүүлэх асуудлаар Еховагийнхтай адилхан үзэл бодолтойгоо хэрхэн батлах вэ?

9 Бусдыг бүдрүүлэхийг Бурхан юу гэж үздэгийг одоо ярилцъя. Есүс: «Надад итгэдэг балчир хүүхэд мэт энэ хүмүүсийн нэгийг бүдрүүлсэн хүний хувьд илжигний эргүүлдэг тээрмийн чулууг хүзүүнээсээ уяад тэнгист хаягдсан нь дээр» гэжээ (Марк 9:42, зүүлт). Есүс үүнийг уурсангуй хэлсэн нь тодорхой! Тэрээр Эцгийнхээ зан чанарыг төгс тусгасан. Тийм учраас Есүсийн дагалдагчдын нэгийг бүдрүүлэхийг юман чинээ бодоогүй хэнийг ч Ехова зүгээр өнгөрөөхгүйг ойлгож болно (Ёох. 14:9).

10 Таны үзэл бодол Ехова Есүс хоёрынхтой адилхан уу? Үйл хэргээс тань харагддаг уу? Жишээлбэл та дуртай загварынхаа хувцсыг өмсөж, нүүр амаа будаж, үс гэзгээ янзалбал хурлын хүмүүст таалагдахгүй эсвэл хуял тачаал төрүүлнэ гэдгийг мэддэг гэж бодъё. Тэгвэл яах вэ? Хүсэл сонирхлоо дагах уу, итгэл нэгтнээ бодох уу? (1 Тим. 2:9, 10).

11, 12. Муу муухай юмнаас хол байхын тулд яах хэрэгтэй вэ?

11 Гурав дахь жишээ. Ехова шударга бус явдлыг үзэн яддаг (Ис. 61:8). Биднийг төгс бус, буруу хандлагатай гэдгийг ч мэддэг. Гэхдээ шударга бус явдлыг үзэн ядаасай гэж биднээс хүсдэг (Дуулал 97:10-ыг уншина). Муу муухай явдлыг Ехова яагаад үзэн яддагийг эргэцүүлэн бодвол үзэл бодлыг нь өөрийн болгоно. Улмаар буруу юм хийхгүй гэж бат шийднэ.

12 Муу юмыг үзэн ядаж сурвал Библид бичигдээгүй буруу юмыг ч ялгаж салгаж чаддаг болно. Жишээ нь өнөөдөр түгэн дэлгэрч буй лэп дэнс гэдэг бүжиг нь шалиг явдлын нэг хэлбэр юм. Зарим хүн үүнийг зөвтгөхийг оролдон, бэлгийн харьцаанд орохтой адилгүй шүү дээ гэдэг. * Тэгвэл иймэрхүү явдал Бурхны үзэл бодлыг тусган харуулах уу? Ехова муу муухай бүхнийг үзэн яддагийг санаарай. Буруу хэргээс хол явахын тулд өөрийгөө сайн захирч, Еховагийн үзэн яддаг юмыг үзэн ядаж сурцгаая (Ром 12:9).

ХОЖИМ ЯАЖ ШИЙДЭХЭЭ ОДООНООС БОД

13. Еховагийн үзэл бодлыг яагаад одооноос бодож байх нь зүйтэй вэ?

13 Бие даан судалж байхдаа Еховагийн үзэл бодол ямар вэ гэдгийг одооноос бодож байх нь сайн. Энэ нь хожим зөв шийдвэр гаргахад тустай. Гэнэтийн асуудлыг яаралтай шийдэх хэрэг гарвал бэлтгэлтэй байхын зэрэгцээ юу хийхээ мэднэ (Сур. 22:3). Библид гардаг хэдэн жишээг авч үзье.

14. Иосефоос юу сурах вэ?

14 Потифарын эхнэр өдөхөд Иосеф шууд зугтсан. Учир нь ханьдаа үнэнч байхыг Ехова хэрхэн үздэгийг тэрээр урьд нь эргэцүүлэн бодсон нь лавтай (Эхлэл 39:8, 9-ийг уншина). Тийм учраас Потифарын эхнэрт «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлснээс нь харвал Бурхны үзэл бодлыг өөрийн болгосон нь илэрхий. Харин бид яах бол? Хамт ажилладаг хүн тань сээтэн хаявал та яах вэ? Эсвэл бэлгийн харьцааг ил тод тусгасан мессеж юм уу зургийг тан руу явуулбал яах вэ? * Еховагийн үзэл бодлыг тархиндаа шингээж юу хийхийг урьдаас эргэцүүлэн бодвол Еховад үнэнч байх шийдвэр гаргахад амархан.

15. Еховад үнэнч гурван еврей залууг хэрхэн дуурайх вэ?

15 Шадрах Мешах Абед-него гэдэг гурван еврей залуугийн жишээг одоо ярилцъя. Небухаднезар хаан өөрийнхөө хийсэн алтан хөрөгт мөргүүлэх гэсэн боловч тэр гурав эрс татгалзсан. Хаанд тодорхой хэлснийг нь харвал Еховад үнэнч байхын тулд яах хэрэгтэйгээ аль хэдийн бодсон ажээ (Ег. 20:4, 5; Дан. 3:4–6, 12, 16–18). Танай захирал хуурамч шашинтай холбоотой баяр ёслолд зориулж мөнгө хандивлахыг танаас хүсвэл яах вэ? Ийм асуудал гарахыг хүлээхийн оронд Ехова энэ талаар юу гэж боддогийг яг одоо эргэцүүлэн бодох нь дээр биш үү? Дараа нь иймэрхүү явдал тулгарвал гурван еврей залуу шиг зөв ярина, зохистой юм хийнэ.

Та сайн судалж, хүсэл зоригоо илэрхийлсэн хууль ёсны баримт бичиг бүрдүүлж, энэ талаар эмчтэйгээ эртнээс ярилцсан уу? (16-р догол мөрийг үзээрэй)

16. Эмнэлгийн яаралтай тусламж авахад бэлэн байхын тулд одооноос яах шаардлагатай вэ?

16 Еховад үнэнч байх талаар урьдчилаад бодох нь эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй үед ч тустай. Бид бүхэл цус юм уу цусны үндсэн дөрвөн хэсгийг сэлбүүлэхгүй гэж эрс шийдсэн билээ (Үйлс 15:28, 29). Гэхдээ цустай холбогддог зарим эмчилгээг хийлгэх эсэхээ Гэрч бүр Библийн зарчимд үндэслэн өөрөө шийдэх шаардлагатай болдог. Хэзээ шийдвэл хамгийн тохиромжтой вэ? Эмнэлэгт хүргэгдээд, өвчиндөө шаналчихсан, яаралтай шийдэх болсон үед үү? Үгүй. Одоо л сайн судалж, хүсэл зоригоо илэрхийлсэн хууль ёсны баримт бичиг бүрдүүлэх хэрэгтэй. Бас энэ талаар эмчтэйгээ аль болохоор эрт ярилцах нь зүйтэй. *

17-19. Еховагийн үзэл бодлыг одооноос эргэцүүлэн бодох нь яагаад чухал бэ? Жишээ хэлнэ үү.

17 Эцэст нь, Есүсийн тухай ярилцъя. Петр түүнд «Эзэн, та өөрийгөө бодооч» гэж зөвлөсөн нь мунхаг хэрэг байлаа. Есүс эргэлзэлгүй шууд хариулснаас харахад Бурхан өөрөөс нь юу хүсэж байгааг, дэлхий дэх амьдрал, үхэлтэй нь холбоотой зөгнөлийн талаар урьдаас сайтар бодсон нь ойлгомжтой. Тийм ч учраас Еховад үнэнчээ баталж, бүх хүний төлөө амиа өгсөн (Матай 16:21–23-ыг уншина).

18 Өнөөдөр Бурхан ард түмнээсээ юу хүсдэг вэ? Надтай дотно байгаасай, сайн мэдээг чадлынхаа хэрээр дэлгэрүүлээсэй гэж хүсдэг (Мат. 6:33; 28:19, 20; Яак. 4:8). Зарим хүн сайн санааны үүднээс Петр шиг буруу ярьж бидэнд саад болж мэдэх юм. Жишээлбэл, захирал тань цалин сайтай албан тушаалд таныг дэвшүүлэхийг хүсжээ. Та саналыг нь хүлээж авбал цуглаан, дэлгэрүүлэх ажилд зарцуулах цаг тань багасна. Хүүхэд залууст гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд орох боломж олджээ. Гэхдээ тэнд сурахын тулд гэрээсээ нүүх хэрэг гарвал яах вэ? Тухайн үед л залбирч байгаад судалгаа хийж, гэрийнхэнтэйгээ болон ахлагчидтай зөвлөлдөж шийдвэр гаргах уу? Эсвэл урьдчилаад буюу яг одоо Еховагийн үзэл бодлыг мэдэж аваад, өөрийн болгох уу? Хэрэв тэгвэл дээр дурдсан боломж олдлоо гэхэд хорхой хүргэм зүйлд татагдахгүй. Еховад үйлчлэхийг голлон анхаарахаар аль хэдийн шийдсэн учраас барьц алдахгүй.

19 Мөн Еховад үнэнч эсэхийг гэнэт шалгах өөр юу тохиолдож болохыг урьдаас бодсон байх нь зүйтэй. Мэдээж бид бүх зүйлд бэлдэж чадахгүй. Гэхдээ бие даан судлахдаа Еховагийн үзэл бодлыг эргэцүүлэн боддог бол юу ч тохиолдсон, судалсан зүйлээ санаад шууд ажил хэрэг болгож чадна. Тиймээс ямар нэгэн асуудлын талаар Ехова юу гэж боддогийг анхаарч судлан, үзэл бодлыг нь өөрийн болгоцгооё. Энэ нь одоо ба хожим хэрхэн нөлөөлөхийг бодож байцгаая.

ЕХОВАГИЙН ҮЗЭЛ БОДОЛ БА ТАНЫ ИРЭЭДҮЙ

20, 21. а) Бид яагаад шинэ ертөнцийг сэтгэл догдлон хүлээдэг вэ? б) Одоо ч жаргалтай амьдрахын тулд яах вэ?

20 Бид шинэ ертөнцийг сэтгэл догдлон хүлээдэг. Диваажин дэлхийд үүрд мөнх амьдарна гэж бидний ихэнх нь найддаг. Бурхны Хаант төр дэлхийг бүхэлд нь захирах үед бид одоо амсаж буй бүхий л зовлон зүдүүрээс ангижирна. Бас хүн бүр хүссэн, сонирхсон зүйлээ чөлөөтэй сонгох эрх эдэлнэ.

21 Сонгох эрх чөлөө маань хязгаартай нь үнэн. Зөв бурууг ялгах асуудал гарахад дөлгөөн хүмүүс Еховагийн хууль тушаал, үзэл бодолд нийцүүлж шийдвэр гаргана. Үүний дүнд баяр хөөртэй, амар тайван амьдарна (Дуу. 37:11). Тэр болтол Еховагийн үзэл бодлыг өөрийн болговол одоо ч жаргалтай амьдрах боломжтой.

^ д/м 12 Лэп дэнс гэдэг нь нүцгэн шахам бүжигчин үйлчлүүлэгчийнхээ өвөр дээр суугаад сексийн хөдөлгөөн хийдэг бүжиг юм. Ийм хэрэгт холбогдсон Гэрч хүн ахлагчдаас тусламж авах шаардлагатай. Садар самуун явдалд тооцож эрх зүйн хороо байгуулах эсэхийг тухайн нөхцөл байдлаас хамаарч шийднэ (Яак. 5:14, 15).

^ д/м 14 Сексийн утгатай мессеж, гэрэл зураг, видео бичлэгийг гар утсаараа явуулахыг секстинг гэдэг. Баримт нотолгоог харгалзан үзсэний үндсэн дээр эрх зүйн хороо байгуулж болох юм. Өсвөр насны зарим хүүхэд секстинг хийсний улмаас бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн гэж яллагджээ. Дэлгэрэнгүй мэдээллийг jw.org вэбсаитын «Залуучуудын асуулт—Секстингийн талаар би юу мэдэх хэрэгтэй вэ?» гэсэн өгүүллээс аваарай (БИБЛИЙН СУРГААЛ > ӨСВӨР НАСНЫХАН гэж орно уу).

^ д/м 16 Холбогдох Библийн зарчмыг манай ном хэвлэлд тайлбарласан байдаг. Жишээ нь «Бурхнаараа хайрлуулж явъя» номын 246–249-р хуудаснаас үзэж болно.