Skip to content

Гарчиг руу орох

«Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно»

«Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно»

«Үнэнийг худалдаж авсугай. Харин зарж үл болно. Тэрчлэн мэргэн ухаан, заавар болон оюун ухааныг олж ав» (СУР. 23:23).

ДУУ: 37, 2

1, 2. а) Та өөртөө байгаа юуг хамгийн үнэ цэнтэй гэж үздэг вэ? б) Бид юуг үнэлж эрхэмлэдэг вэ? Яагаад? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ТА ӨӨРТӨӨ байгаа юуг хамгийн үнэ цэнтэй гэж үздэг вэ? Түүнийгээ хямд юмаар арилжих уу? Еховад амь амьдралаа зориулсан хүмүүс эдгээр асуултад түвэггүй хариулна. Еховатай тогтоосон харьцаагаа бид хамгаас үнэтэй гэж үздэг. Үүнийгээ юугаар ч арилжихгүй. Бас Библийн үнэн үнэ цэнтэй. Яагаад гэвэл, бид энэ үнэнийг мэдээд тэнгэрийн Эцэгтэйгээ дотноссон билээ (Кол. 1:9, 10).

2 Ехова бол үнэнийг заадаг Агуу Багш юм. Тэрээр өөрийн Үг Библиэр юу илчилснийг бодоод үзье. Нэрийнхээ утга болон сэтгэл татам зан чанараа илчилсэн. Бас Хүү Есүсийнхээ амийг бидний төлөө золиосолж үнэхээр их хайртайгаа баталсан. Түүнээс гадна Мессиагийн Хаант төрийн тухай мэдүүлж, тослогдогсдыг тэнгэрт, «өөр хоньдыг» диваажин дэлхийд амьдруулна гэж амласан (Ёох. 10:16). Биеэ хэрхэн авч явахыг зааж өгдөг. Бүтээгчтэйгээ дотносоход тустай, амьдралыг утга учиртай болгодог энэ бүхнийг бид үнэ цэнтэй гэж эрхэмлэдэг.

3. Үнэнийг мөнгөөр худалдаж ав гэж Ехова шаарддаг уу?

3 Ехова бол өгөөмөр Бурхан. Тэрээр үнэнийг хайдаг хүмүүст сайн сайхан юмыг харамгүй өгдөг. Тийм учраас хайртай Хүүгийнхээ амийг бэлэглэсэн билээ. Үнэнийг мэдэж авахын тулд мөнгө төл гэж шаарддаггүй. Нэг удаа Симон гэдэг хүн Бурхны агуу хүчийг өгөх эрх мэдлийг мөнгөөр авъя гэхэд элч Петр: «Чи Бурхны бэлгийг мөнгөөр авч болдог гэж санаа юу? Мөнгө чинь чамтай хамт сөнөг» хэмээн түүнийг зэмлэжээ (Үйлс 8:18–20). Тэгвэл Бурхан: «Үнэнийг худалдаж авсугай» гэж хэлсэн нь ямар учиртай юм бол?

ҮНЭНИЙГ ХЭРХЭН «ХУДАЛДАЖ АВАХ» ВЭ?

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Сургаалт үгс 23:23-ыг уншина. Зүтгэл гаргахгүй бол Бурхны Үгэнд байдаг үнэнийг олж авч чадахгүй. Үнэнийг олж авахын тулд юу золиослох шаардлагатай байна, түүнийгээ дуртайяа золиослох хэрэгтэй. Үнэнийг «худалдаж авах» буюу нэгэнт олоод авчихсан бол «зарахаас» буюу алдахаас болгоомжлох ёстой. Үнэнийг хэрхэн «худалдаж авах» вэ? Ямар үнэтэй вэ? Эдгээр асуултын хариуг мэдвэл үнэнийг эрхэмлэн, үүнийгээ хэзээ ч «худалдахгүй» гэж бат шийднэ. Үнэнийг худалдаж авах нь зайлшгүй чухал гэдгийг та энэ өгүүллээс ойлгох буй за.

5, 6. а) Мөнгө төлөхгүйгээр үнэнийг хэрхэн худалдаж авах вэ? Жишээгээр тайлбарлана уу. б) Үнэнийг олж авах нь ямар ач тустай вэ?

5 Үнэгүй юмыг ч зүгээр сууж байгаад авдаггүй. Сургаалт үгс 23:23-т гардаг «худалдаж авах» гэж орчуулсан еврей үг нь бас «олж авах» гэсэн утгатай. Аль нь ч байсан, үнэ цэнтэй юмыг авахын тулд хүчин чармайлт гаргана эсвэл оронд нь ямар нэг зүйл өгнө гэсэн үг. Үнэнийг худалдаж авах гэдгийг ойлгуулахын тулд жишээ татъя. Хүнсний дэлгүүрт «Гадил жимс үнэгүй өгнө» гэсэн зарлал хаджээ. Тэгвэл гадил жимс танай гэрт өөрөө гүйгээд очих уу? Үгүй. Хэдийгээр мөнгө төлөхгүй ч цаг зав гаргаад дэлгүүрт очиж гадилыг аваад гэртээ авчрах хэрэгтэй. Үүнтэй адил, үнэнийг мөнгөөр худалдаж авахгүй ч өөрийн болгохын тулд хүчин чармайлт гаргах шаардлагатай.

6 Исаиа 55:1–3-ыг уншина. «Үнэнийг худалдаж авах» гэдэг нь юу гэсэн үг болохыг эндээс тодорхой ойлгож болно. Ехова үгээ ус, сүү, дарстай зүйрлэжээ. Хүйтэн цэнгэг ус уухаар сэргэдэг шиг Бурхны үнэн үг биднийг сэргээдэг. Хүүхэд сүү уугаад шим тэжээл авч, өсөж торнидог шиг, хүн Библийн үнэнийг мэдэхээрээ сэтгэлийн тэнхээтэй болж, Еховатай дотносдог. Тэгвэл Бурхны үгийг яагаад дарстай зүйрлэсэн бэ? «Хүний зүрхийг баясгадаг дарс» гэж Библид бичсэн байдаг (Дуу. 104:15). Тэгэхээр Ехова үг тушаалыг нь дагавал баяр баясгалантай болно гэдгийг ойлгуулах гэсэндээ «Дарс ... худалдан авагтун» гэж уриалсан ажээ (Дуу. 19:8). Үнэнийг мэдэж аваад ажил хэрэг болгох нь ач тустай байдгийг ойлгуулахын тулд оновчтой зүйрлэл ашиглажээ. Үнэнийг худалдаж авахын тулд төлдөг таван зүйлийг авч үзье.

ТА ҮНЭНИЙГ «ХУДАЛДАЖ АВАХЫН» ТУЛД ЮУГАА ЗОЛИОСОЛСОН БЭ?

7, 8. а) «Үнэнийг худалдаж авахын» тулд яагаад цаг заваа золиослох шаардлагатай вэ? б) Нэг оюутан хэр их үнэ төлсөн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

7 Цаг. Хаант төрийн тухай мэдээ сонсож, Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл уншиж, бие даан судалж, цуглаанд бэлдэж, оролцохын тулд цаг зав гаргах шаардлагатай. Үүний тулд ач холбогдол багатай зүйлд зарцуулдаг цагаа «худалдаж авах» ёстой (Эфэс 5:15, 16 болон зүүлтийг уншина). Библийн үндсэн сургаалын талаар зөв мэдлэгтэй болоход хэр их хугацаа хэрэгтэй вэ? Тухайн хүнээс шалтгаална. Хэн ч Еховагийн мэргэн ухааныг бүрэн ухаарч, «хийсэн бүхнийг нь гүйцэд ойлгож чадахгүй» (Ром 11:33). «Харуулын цамхаг» сэтгүүлийн анхны дугаарт Библийн үнэнийг «жирийн нэгэн жижигхэн цэцэгтэй» зүйрлээд, «Ганцхан ширхэг үнэний цэцэг олж авсан бол сэтгэл бүү ханаарай. Ханавал өөрийг хайхгүй шүү дээ. Хайгаад л бай, түүгээд л бай» гэжээ. Тэгэхээр, «Үнэн гэдэг цэцгийн баглаа минь хэр том бэ?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Бид мөнх амьдарлаа ч Еховагийн тухай судалсаар байх болно. Одоо ч гэсэн цагаа зөв ашиглан чадлынхаа хэрээр судалж мэдэх хэрэгтэй. Тийм хүний жишээг авч үзье.

8 Марико * гэдэг япон оюутан АНУ-ын Нью-Йоркт сургуульд сурахаар очжээ. Тэрээр Японы нэг шашныг шүтдэг байсан ч гэрт нь ирж дэлгэрүүлсэн эхлэгч эмэгтэйн саналыг хүлээн авч Библи судлахаар болов. Мэдэж авсан зүйл нь сонирхолтой байсан учир 7 хоногт 2 удаа хичээл заалгахаар болжээ. Сургуульдаа явахын зэрэгцээ цагийн ажил хийгээд завгүй байсан ч Марико тэр даруй цуглаанд явдаг болсон байна. Мөн үнэнийг худалдаж авахын тулд найз нөхөдтэйгөө хөгжилддөг цагаа багасгав. Ийнхүү зарим зүйлээ золиосолсон болохоор Еховатай илүү хурдан дотносож, жилийн дотор баптисм хүртжээ. Түүнээс хойш 6 сарын дараа буюу 2006 оноос одоог хүртэл эхлэгчээр үйлчилж байна.

9, 10. а) «Үнэнийг худалдаж авсан» хүний үзэл бодол хэрхэн өөрчлөгддөг вэ? б) Нэг бүсгүй юугаа золиосолсон бэ? Ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

9 Эд хөрөнгө. Үнэнийг худалдаж авахын тулд цалин сайтай, ирээдүйтэй ажлаасаа гарах шаардлагатай байж болох юм. Жишээ нь «хүмүүсийн загасчин» болгоё гэсэн Есүсийн урилгыг Петр Андрей нар хүлээж аваад загас барьдаг «тороо орхисон» (Мат. 4:18–20). Үнэнийг олж авахын тулд ажлаасаа гарах албагүй л дээ. Ажил хийж гэр бүлээ тэжээх ёстой шүү дээ (1 Тим. 5:8). Гэхдээ үнэнийг мэдэж авахаар амьдралд юу хамгийн чухал байдгийг ойлгодог учраас эд хөрөнгийн талаарх үзэл бодол өөрчлөгддөг. Есүс: «Газар дээр эд хөрөнгө хураадгаа боль. ... Харин тэнгэрт эд хөрөнгө хураа» хэмээн тодорхой хэлсэн (Мат. 6:19, 20). Мариа гэдэг залуу бүсгүйн тухай ярилцъя.

10 Мариа бүр багаасаа л гольф тоглох дуртай байжээ. Ахлах сургуульд байхдаа улам сайн тоглодог болсон учир их сургуульд тэтгэлэгтэй сурах урилга авав. Тэрээр мэргэжлийн гольфчин болж их мөнгө олох зорилготой байлаа. Яг тэр үедээ Библи судалж эхэлжээ. Сурч мэдсэн зүйлээ үнэлж эрхэмлэн амьдралдаа хэрэгжүүлэх болов. Тэрээр: «Би үзэл бодол, амьдралын хэв маягаа Библийн хэм хэмжээнд нийцүүлэн өөрчлөх тусам урьдынхаасаа илүү жаргалтай болсон» гэжээ. Еховад болон эд хөрөнгөд нэгэн зэрэг анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй гэдгийг Мариа хүлээн зөвшөөрсөн юм (Мат. 6:24). Мэргэжлийн гольфчин болж эд хөрөнгө, алдар нэр олох боломж байсан ч тэрээр энэ бүхнийг орхихоор эргэлт буцалтгүй шийджээ. Үнэнийг худалдаж авсны үрээр одоо эхлэгчээр үйлчилж, «хамгийн аз жаргалтай, утга учиртай амьдарч» байна гэж тэрээр ярьсан юм.

11. Үнэнийг худалдаж авбал бусадтай харьцах харьцаа хэрхэн өөрчлөгдөж мэдэх вэ?

11 Бусадтай харьцах харьцаа. Библийн үнэний дагуу амьдрахаар шийдсэн хүн найз нөхөд, гэр орныхонтойгоо арай өөрөөр харьцдаг болж болох юм. Яагаад? Есүс: «Үнэний дагуу тэднийг ариусгаач. Таны үг бол үнэн» хэмээн дагалдагчдынхаа төлөө залбирсан (Ёох. 17:17, зүүлт). «Ариусгах» гэдэг нь «тусгаар байлгах» гэсэн утгыг бас илэрхийлдэг. Хүн Библийн үнэний дагуу амьдарч эхлэхээрээ ертөнцийн хэвэнд цутгуулахаа больж ертөнцөөс тусгаар болдог. Эрхэмлэдэг зүйлээ өөрчлөхлөөр хүмүүс хачирхан гайхдаг. Урьдын адил эвтэй, дотно байхыг хичээдэг ч найз нөхөд, гэр орныхон нь хөндийрч, тэр байтугай шинээр олж авсан итгэл үнэмшлээс нь болоод эсэргүүцдэг. Энэ нь гайхмаар зүйл биш юм. Есүс: «Хүний дайсан гэрийнхнээс нь гарна» гэсэн (Мат. 10:36). Бас үнэнийг ямар ч үнээр худалдаж авсан, золиосолсноосоо ихийг хүртэнэ гэжээ (Марк 10:28–30-ийг уншина).

12. Жүүд эрэгтэй үнэнийг ямар үнээр худалдаж авсан бэ?

12 Аарон гэдэг жүүд эрэгтэй Бурхны нэрийг хэлж болохгүй гэж багаасаа л заалгажээ. Гэлээ ч Бурхны тухай үнэнийг мэдэх хүсэл эрмэлзэл дүүрэн байв. Тэгтэл нэг Гэрч түүнд Бурхны нэрийн дөрвөн еврей гийгүүлэгч үсгийг эгшгээр амилуулбал «Ехова» гэж хэлнэ гэхэд сэтгэл нь их хөдөлжээ. Шинээр сурсан юмаа рабби нарт хэлэхээр бөөн баяр болсон хүн синагогт очив. Гэтэл тэд Аарон шиг баярласангүй. Харин ч түүн рүү нулимж, хөөж туужээ. Гэрийнхэн нь ч дургүй байлаа. Гэлээ ч Аарон үнэнийг худалдаж авахын тулд шантралгүй явж, Еховад насан туршдаа зоригтой үйлчилжээ. Үнэний замаар замнахлаар гэр бүлийнхэн, танилууд маань таагүй харьцдаг болж мэдэх тул бид бас бэлэн байх хэрэгтэй.

13, 14. Үнэнийг судалж мэдэхийн тулд хэрхэн өөрчлөгдөх шаардлагатай вэ? Жишээ хэлнэ үү.

13 Зохисгүй юм бодох, хийх. Үнэнийг мэдэж, Библийн хэм хэмжээний дагуу амьдрахын тулд бодол санаа, биеэ авч явах байдлаа өөрчлөхөд бэлэн байх ёстой. Энэ талаар Петр бичихдээ «Дуулгавартай хүүхдүүд та нар Бурхны талаар мэддэггүй байсан үеийнхээ хүсэлд автахаа боль. Харин ... бүх талаар үргэлж ариун бай» гэжээ (1 Петр 1:14, 15). Ёс суртахууны завхралд автсан Коринт хотынхны хувьд үнэнийг худалдаж авах гэдэг нь амьдралын хэв маягаа ихээхэн өөрчилнө гэсэн үг байлаа (1 Кор. 6:9–11). Өнөө үед бас олон хүн үнэнийг судалж мэдэхийн тулд амьдралаа эрс өөрчилдөг. Петр цааш нь «Та нар эрээ цээргүй хэрэг хийх, хүсэл тачаалаа хорьж дийлэлгүй автах, архидах, эмх замбараагүй найрлан цэнгэх, хэн нь архи их уудгаа үзэх, жигшүүрт шүтээн шүтэх зэргээр харь үндэстнүүдийн таалдаг юмыг хангалттай урт хугацаанд хийж явсан» гэж бичжээ (1 Петр 4:3).

14 Девинн Жасмин хоёр олон жил архи уужээ. Девинн чадварлаг нягтлан бодогч байсан ч архинаас болоод ажилгүй болжээ. Жасмин ууртай, зодоонч гэдгээрээ алдартай эмэгтэй байв. Нэг өдөр Жасмин гудамжинд согтуу явж байгаад хоёр миссионертой тааралджээ. Тэднээр Библийн хичээл заалгахаар болов. Гэвч дараагийнх нь 7 хоногт миссионеруудыг ирэхэд Жасмин Девинн хоёр согтуу байлаа. Өөрсдийг нь хүн гэж тоогоод гэрт нь хүрээд ирнэ гэж санаагүй ажээ. Харин 3 дахь удаагаа миссионеруудыг очиход байдал өөр байлаа. Тэр өдрөөс эхлээд Жасмин Девинн хоёр Библийг шамдан судалж, мэдэж авсан зүйлээ ажил болгохыг хичээв. Гурван сар ч бололгүй архинаас гарч, дараа нь гэрлэлтээ батлуулжээ. Тэр хоёр ингэтлээ өөрчлөгдөхийг тосгоныхон нь хараад Библи судлах хүсэлтэй болсон байна.

15. Зарим хүнд юу хэцүү санагддаг вэ? Яагаад?

15 Бурханд таалагддаггүй ёс заншил, зан үйл. Еховад таалагддаггүй гэж мэдсэн бол Библийн зарчимд харш ёс заншил, зан үйлийг дагахаа болих нь зарим хүнд амархан байдаг. Харин заримд нь маш хэцүү байж болох юм. Учир нь гэр бүлийнхэн, ажлынхан, найз нөхөд нь дарамт шахалт үзүүлдэг. Ялангуяа нас барсан өвөг дээдсээ хүндлэх ёсыг дагахаа болихлоор байдал улам хурцдаж мэднэ (Д.хууль 14:1). Тэгвэл Бурханд таалагддаггүй зан үйлийг дагахаа болиход юу тус болох вэ? Эртний зоригт хүмүүсийн үлдээсэн жишээг судлах хэрэгтэй. Нэгдүгээр зууны Эфэс хотод амьдарч байсан зарим хүн хэрхэн зориг гаргасныг авч үзье.

16. Эфэсийнхэн үнэнийг худалдаж авахын тулд яасан бэ?

16 Эфэс хот ид шидээрээ алдартай байв. Ид шид үйлддэг байсан хүмүүс Христийн дагалдагч болохын тулд яасан бэ? «Ид шид үйлддэг байсан олон хүн номнуудаа авчирч олны өмнө шатаав. Шатаасан номны үнийг тооцож үзэхэд 50 000 мөнгөн зоос болжээ. Ийнхүү Еховагийн үг өргөн далайцтай түгэж, улам олон хүн итгэдэг болж байлаа» гэж Библид бичжээ (Үйлс 19:19, 20). Христийн эдгээр үнэнч дагалдагч үнэтэй номуудаасаа дуртайяа салсан бөгөөд Еховагийн ивээлийг хүртжээ.

17. а) Бид үнэнийг ямар үнээр худалдаж авдаг вэ? б) Дараагийн өгүүллээр ямар асуултыг ярилцах вэ?

17 Та үнэнийг ямар үнээр худалдаж авсан бэ? Бид бүгдээрээ үнэн хэмээх цэцэг түүхэд цаг заваа зориулдаг. Зарим маань баян болох боломжоо золиосолсон. Зарим хүн гэрийнхэн, найз нөхөдтэйгөө арай өөрөөр харьцдаг болсон. Бодол санаа, биеэ авч явах байдлаа өөрчилсөн, Библийн зарчимд харш зан үйлийг дагахаа больсон хүн олон бий. Ямар ч юмаа золиосолсон, Библийн үнэн түүнээс илүү үнэ цэнтэй гэдэгт бид итгэдэг. Үнэний ачаар бид хамгийн үнэтэй өв хөрөнгөтэй болсон. Энэ бол Еховатай тогтоосон дотно харьцаа юм. Үнэнийг мэдээд ямар ивээл хүртсэнээ эргэцүүлэн бодохлоор зарим хүн үнэнийг яагаад «зарах» гээд байдаг нь ойлгомжгүй санагддаг. Тэд яагаад үнэнийг зардаг вэ? Ийм ноцтой алдаа гаргахаас хэрхэн сэрэмжлэх вэ? Эдгээр асуултыг дараагийн өгүүллээр ярилцъя.

^ д/м 8 Энэ өгүүлэлд гарч буй зарим нэрийг өөрчлөв.