Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Есүс нас барахынхаа өмнөх орой «Өглөгийн эзэн» гэгддэг хүмүүсийн тухай ярьсан. Ямар хүмүүсийг тэгж цоллодог байсан бэ? Яагаад?

Есүс нас барахынхаа өмнөх орой элчүүддээ захиж хэлэхдээ алдар нэр, эрх мэдэлтэй болохыг эрмэлзэхгүй байхыг зөвлөсөн. Тэрээр: «Улс үндэстний хаад ард түмнээ ноёлж, эрхшээлдээ байлгагчид нь “Өглөгийн эзэн” гэгддэг. Та нар ийм байж болохгүй» гэжээ (Лук 22:25, 26).

Есүс хэнийг «Өглөгийн эзэн» гэсэн бэ? Алдар цуутай хүмүүс, удирдагчдад Эвергет буюу Өглөгийн эзэн гэсэн цол өгч хүндэлдэг ёс Грек, Ромын нийгэмд байсныг хадны бичээс, зоос, гар бичмэлүүдээс харж болно. Тийм хүмүүс олны төлөө буян үйлдсэн учир ийнхүү хүндлэгддэг байжээ.

«Өглөгийн эзэн» гэсэн цолтой хаан олон байв. Жишээ нь Египетийн хаан III Птолемей Эвергет (МЭӨ 247–222 оны орчим), VIII Птолемей II Эвергет (МЭӨ 147–117 оны орчим) нарыг дурдаж болно. Ромын эзэн хаан Юлий Цезарь (МЭӨ 48–44) Август (МЭӨ 31–МЭ 14) нар ч Иудейн захирагч Их Херодын нэгэн адил ийм цолтой байсан. Херод өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдийнхээ төлөө гадаадаас үр тариа оруулж ирсэн бөгөөд ядуу зүдүү хүмүүст хувцас хунар тарааж өгөөд энэ цолыг авсан бололтой.

Библи судлаач герман эрдэмтэн Адольф Дайссманны хэлснээр «Өглөгийн эзэн» гэдэг цол өгөх явдал дэлгэрсэн байжээ. «[Ийм цолтой] зуу гаруй хүн байсныг бичээсүүдээс ядах юмгүй олно» гэж тэрээр бичжээ.

Тэгвэл Есүс шавь нартаа «Та нар ийм байж болохгүй» гэсэн нь ямар учиртай вэ? Буян үйлдэж, бусдад санаа тавьж болохгүй гэсэн үг үү? Үгүй. Хамгийн гол нь өглөг өгөхдөө өгөөмөр сэтгэлээр өгөх нь чухал гэдгийг онцолсон бололтой.

Есүсийн үед баячууд нэр хүнд олж авахын тулд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, сүм барих, үзвэр, тоглолт гэх мэтийн үйл ажиллагааг ивээн тэтгэдэг байжээ. Гэхдээ магтаал хүртэх, нэрд гарах, сонгуульд олонхын санал авах зорилготой байв. «Тийм хүмүүсийн дунд үнэхээр өгөөмөр сэтгэлтэй хүн байдаг ч голдуу улс төрийн ашиг сонирхолд хөтлөгдөн үйл ажиллагаа явуулдаг байсан» гэж нэгэн тайлбар тольд бичжээ. Хувиа бодох, нэр төрд дурлах явдлаас сэрэмжлүүлэх гэсэндээ Есүс: «Та нар ийм байж болохгүй» гэжээ.

Үүнээс хойш хэдэн жилийн дараа элч Паул зөв сэтгэлээр өгөхийн чухлыг онцлон бичсэн. Тэрээр Коринт дахь итгэл нэгтнүүддээ «Хүн бүр шийдсэнийхээ дагуу, харам сэтгэлээр биш, сайн дураараа өгөгтүн. Учир нь Бурхан дуртайяа өгдөг хүнийг хайрладаг» хэмээн бичжээ (2 Кор. 9:7).