Skip to content

Гарчиг руу орох

«Бурхны нийлүүлснийг» эрхэмлэж яваарай

«Бурхны нийлүүлснийг» эрхэмлэж яваарай

«Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» (МАРК 10:9).

ДУУ: 36, 50

1, 2. Еврей 13:4-т бичсэнээр бид яах ёстой вэ?

БИД бүгд Ехова Бурхнаа хүндэтгэн дээдэлдэг. Ехова Бурхан хүндэтгэл хүлээх зохистой Нэгэн бөгөөд өөрөө ч биднийг хүндэтгэхээ амласан (1 Сам. 2:30; Сур. 3:9; Илч. 4:11). Мөн бусад хүнийг, тухайлбал төрийн албан хаагчдыг хүндлэхийг бидэнд уриалдаг (Ром 12:10; 13:7). Түүнээс гадна онцгой хүндэтгэлтэй хандах ёстой нэг зүйл бий. Тэр нь гэрлэлт юм.

2 Элч Паул: «Бүгд гэрлэлтийг хүндлэг. Гэрлэсэн хүмүүсийн ор бузартаагүй байг» гэж бичсэн (Евр. 13:4). Тэрээр үүнийг зүгээр нэг хэлээгүй. Харин гэрлэлтийг үнэ цэнтэй хэмээн дор бүрнээ эрхэмлэн үзэхийг итгэл нэгтнүүддээ уриалжээ. Та бас гэрлэлтийн талаар ийм үзэлтэй юү? Хэрэв та гэр бүлтэй бол гэрлэлтээ эрхэмлэн үздэг үү?

3. Есүс гэрлэлтийн талаар ямар чухал зөвлөгөө өгсөн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Хэрэв та гэрлэлтийг эрхэм гэж үздэг бол Есүсийг дуурайдаг гэсэн үг. Есүс гэрлэлтийг үнэ цэнтэй гэж үздэг байсан. Салалтын тухай асуусан фарисайчуудад тэрээр анхны гэрлэлтийн талаар Бурхан юу гэснийг хэлээд, «Эр хүн эцэг эхээ орхиж эхнэртэйгээ нэг бие болдог» хэмээжээ. Тэгээд цааш нь «Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэсэн (Марк 10:2–12-ыг уншина; Эх. 2:24).

4. Гэрлэлтийн талаарх Еховагийн санаа зорилго юу вэ?

4 Гэрлэлтийг Бурхан бий болгосныг Есүс ийнхүү батлан хэлж, насан туршийнх байх ёстойг онцолжээ. Бурхан Адам Ева хоёрт салж болно гэж огт хэлээгүй. Харин ч тэр хоёрыг үүрд хамт амьдруулах санаа зорилготой байсан.

ГЭРЛЭЛТЭД НӨЛӨӨЛСӨН ӨӨРЧЛӨЛТ

5. Гэрлэлтэд үхэл хэрхэн нөлөөлсөн бэ?

5 Адам нүгэл үйлдсэнээр юм юм өөрчлөгдсөнийг бид мэднэ. Жишээ нь хүн үхдэг болсон. Энэ нь гэрлэлтэд нөлөөлсөн. Христийн дагалдагчид Мосегийн хуулийг сахих шаардлагагүй болсныг элч Паул тайлбарлахдаа гэр бүлийн хоёрын нэг нь нас барвал амьд байгаа нь дахин гэрлэж болно гэж хэлжээ (Ром 7:1–3).

6. Мосегийн хуулиас харвал Бурхан гэрлэлтийн талаар ямар үзэл бодолтой вэ?

6 Ехова Мосегоор дамжуулж өгсөн хуульдаа гэрлэлтийн талаар нарийн ширийн заалт оруулжээ. Жишээ нь израйл эрэгтэй олон эхнэр авдаг байсан ёс заншлыг уг хуулиар зөвшөөрснөөс гадна эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалсан заалт оруулсан. Тухайлбал, израйл хүн шивэгчинг эхнэрээ болгон авсан ч дараа нь өөр эмэгтэйтэй гэрлэвэл «анхны эхнэрээ хоол, хувцсаар хангаж, эр эмийн харьцаатай байх ёстой». Ийнхүү хамгаалж, халамжилж байхыг Бурхан эрчүүдээс шаарддаг байжээ (Ег. 21:9, 10). Бид Мосегийн хуулийг сахидаггүй ч гэрлэлтийг эрхэм нандин зүйл гэж үздэг Бурхнаа дуурайхыг хичээдэг.

7, 8. а) Дэд хууль 24:1-д бичсэнээр, Мосегийн хуульд салалтын талаар юу гэж байдаг вэ? б) Салалтын талаар Ехова ямар үзэл бодолтой вэ?

7 Мосегийн хуульд салалтын талаар юу гэж байдаг вэ? Бурхан эхнэр нөхөр хоёрыг салгах ямар ч бодолгүй байсан. Гэхдээ «хүн эхнэр авч гэрлэснийхээ дараа түүнд ичгүүрт зүйл байгааг олж мэдвэл» эхнэрээсээ салж болохыг хуулиар зөвшөөрчээ (Дэд хууль 24:1-ийг уншина). «Ичгүүрт зүйл» гэж юу болохыг хуульд тайлбарлаагүй. Энэ нь ялих шалихгүй юм биш, харин шившигтэй эсвэл ноцтой асуудал байсан нь ойлгомжтой (Д.хууль 23:14). Харамсалтай нь Есүсийн үед ч иудейчүүд янз бүрийн шалтгаанаар эхнэрээсээ салдаг байв (Мат. 19:3). Бид ийм хандлагатай болохыг огтхон ч хүсэхгүй.

8 Малахийн үеийн израйл эрчүүд залуу эхнэртэй болохын тулд анхны эхнэрээсээ салаад, Еховаг шүтдэггүй бүсгүйчүүдтэй гэрлэх нь түгээмэл байжээ. Тиймд Бурхан: «Би салалтыг үзэн яддаг» гэж Малахигаар бичүүлсэн (Мал. 2:14–16). Бурхан анх «Эр хүн ... эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн хэлж байсан билээ (Эх. 2:24). Гэрлэлтийн талаарх Еховагийн үзэл бодол түүнээс хойш ч өөрчлөгдөөгүйг Малахийн бичсэн дээрх үгнээс мэдэж болно. Есүс Эцэгтэйгээ санал нэг байгаагаа илэрхийлж «Бурхны нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэжээ (Мат. 19:6).

ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛЖ БОЛОХ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААН

9. Марк 10:11, 12-т бичсэн Есүсийн үг ямар утгатай вэ?

9 «Христийн дагалдагч хүн ханиасаа салаад, өөр хүнтэй гэрлэж болох ямар нэгэн үндэс бий юү?» гэж зарим хүн асууж магадгүй. Есүс: «Эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг. Эмэгтэй хүн нөхрөөсөө салаад өөр эртэй гэрлэвэл завхайрсан болно» гэж хэлсэн (Марк 10:11, 12; Лук 16:18). Тэрээр гэрлэлтийг эрхэм гэж үздэг, бусдыг ч бас ийм үзэлтэй байгаасай гэж хүсдэг байсан нь тодорхой. Үнэнч ханиасаа салаад өөр хүнтэй суусан хүн завхайрсан хэрэг юм. Учир нь Библийн үндэсгүйгээр салсан эр эм хоёрыг Бурхан «нэг бие» хэвээрээ гэж үздэг. Үүнээс гадна, эр хүн гэм буруугүй эхнэрээсээ салбал эхнэр нь завхайрч болзошгүй гэж Есүс хэлсэн. Яагаад? Тэр үед, нөхрөөсөө салсан эмэгтэй санхүүгийн дэмжлэг авахын тулд дахин гэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байжээ. Энэ нь завхайрснаас өөрцгүй билээ.

10. Христийн дагалдагч ямар шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулж, дахин гэрлэж болох вэ?

10 Гэрлэлтээ цуцлуулж болох цорын ганц шалтгаан байдгийг Есүс хэлэхдээ «Эхнэр нь садар самуун явдалд [грекээр порнея] орооцолдоогүй атал эхнэрээсээ салж өөр эмэгтэйтэй гэрлэсэн хэн боловч завхайрсан хэрэг» гэжээ (Мат. 19:9). Бас уулан дээр сургаал айлдахдаа яг энэ санааг онцолсон (Мат. 5:31, 32). Аль алинд нь «садар самуун» явдлыг дурдсан. Энэ нь гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа юм. Үүнд: ханиасаа өөр хүнтэй явалдах, биеэ үнэлэх, гэрлээгүй атлаа бэлгийн харьцаанд орох, ижил хүйстэнтэйгээ явалдах, мал амьтантай хурьцах зэрэг орно. Хэрвээ нөхөр нь садар самуун явдалд орооцолдлоо гэхэд эхнэр нь салах эсэхээ шийдэх эрхтэй. Тэгээд саллаа гэхэд Бурхан тэднийг эхнэр нөхөр биш болсон гэж үзнэ.

11. Гэрлэлтээ цуцлуулах Библийн үндэстэй шалтгаан байлаа ч Гэрч хүн яагаад ханиасаа салахгүй байхаар шийдэж болох вэ?

11 Хань нь садар самуун (порнея) үйлдсэн бол гэрлэлтээ цуцлуулах ёстой гэж Есүс хэлээгүйг анхааръя. Жишээлбэл нөхөр нь завхайрсан гэж бодъё. Гэсэн ч эхнэр нь салахгүй байхаар шийдэж болно. Яагаад? Нөхөртөө хайртай хэвээрээ байж магадгүй. Мөн ханиа уучлаад, гэр бүлээ батжуулахыг хүсэж болох юм. Тэгээд ч нөхрөөсөө салаад дахин гэрлээгүй тохиолдолд янз бүрийн бэрхшээл тулгарна. Эд материалын болон сексийн хэрэгцээгээ хэрхэн хангах вэ? Ганцаардвал яах вэ? Хүүхдүүд нь яах вэ? Тэднийг үнэний замаар явуулахад улам хэцүү болбол яах вэ? (1 Кор. 7:14). Ханиасаа салахаар шийдвэл энэ мэтийн ноцтой асуудал тулгарах нь тодорхой.

12, 13. а) Хосеагийн амьдралд юу тохиолдсон бэ? б) Хосеа яагаад Гомерыг буцааж авчирсан бэ? Эндээс бид юу ойлгох хэрэгтэй вэ?

12 Бурхан гэрлэлтийг хэрхэн үздэгийг зөнч Хосеад тохиолдсон явдлаас мэдэж болно. Ехова Гомер гэдэг садар эмтэй гэрлэ гэж Хосеад хэлсэн. Тэр эм садарлаж яваад хүүхэдтэй болох ажээ. «Гомер жирэмслэн, [Хосеад] хүүг төрүүлжээ» (Хос. 1:2, 3). Дараа нь завхайрч яваад бас охин хүү хоёртой болсон. Хэдийгээр Гомер нэг биш удаа садарласан ч Хосеа түүнээс салаагүй. Харин Гомер нөхрөө хаяж яваад боол болсон. Тэгэхэд нь Хосеа түүнийг худалдан аваад буцааж авчирчээ (Хос. 3:1, 2). Ехова өөрөөс нь урваж, өөр бурхдыг шүтдэг болсон Израйлыг дахин дахин уучилж байсныгаа Хосеагийн амьдралаар дүрслэн харуулсан. Энэ нь ямар сургамжтай вэ?

13 Гэрч хүн садар самуун явдалд орооцолдвол буруугүй хань нь салах эсэхээ шийдэх хэрэг гарна. Тийм хүн нүгэл үйлдсэн ханиасаа салаад, өөр хүнтэй гэрлэж болно гэдгийг Есүс хэлсэн. Эсвэл ханиа уучлаад салахгүй байж болно. Хосеа эхнэрээ буцааж авчирснаас хойш эхнэр нь эрчүүдтэй дахин явалдаагүй. Хосеа ч нэг хэсэгтээ Гомертой унтаагүй (Хос. 3:3). Харин яваандаа тэд эр эмийн харьцаагаа сэргээсэн байх. Ехова ард түмнээ хүлээн авч, урьдын адил дотносоход бэлэн гэдгийг энэ явдал харуулсан (Хос. 1:11; 3:3–5). Эндээс бид юу ойлгох хэрэгтэй вэ? Буруугүй хань нь нүгэл үйлдсэн ханьтайгаа бэлгийн харьцаанд орвол уучилсан гэсэн үг (1 Кор. 7:3, 5). Ийм тохиолдолд гэрлэлтээ цуцлуулах Библийн үндэстэй шалтгаан хүчингүй болно. Үүнээс хойш тэд гэрлэлтийн талаар Бурхныхтай адил үзэл бодолтой болохын тулд хамтарч ажиллах шаардлагатай.

НОЦТОЙ АСУУДАЛ ТУЛГАРСАН Ч ГЭРЛЭЛТЭЭ ЭРХЭМЛЭЭРЭЙ

14. 1 Коринт 7:10, 11-ээс үзвэл эхнэр нөхөр хоёрт ямар асуудал тулгарч мэдэх вэ?

14 Христийн дагалдагч бид Ехова Есүс хоёрыг дуурайн гэрлэлтэд хүндэтгэлтэй хандах ёстой. Гэхдээ төгс бусын гайгаар зарим хүн ингэж чаддаггүй (Ром 7:18–23). Тиймээс Христийн эртний дагалдагчдын дунд гэр бүлийн асуудалтай хүн байсан нь гайхах зүйл биш юм. Паул: «Эхнэр хүн нөхрөөсөө салж болохгүй» гэж бичсэн нь тусдаа амьдрахгүй байхыг захисан хэрэг ажээ. Гэсэн ч зарим хос тусдаа амьдарч байв (1 Коринт 7:10, 11-ийг уншина).

Эхнэр нөхөр хоёр гэр бүлээ аврахын тулд яах шаардлагатай вэ? (15-р догол мөрийг үзээрэй)

15, 16. а) Эхнэр нөхөр хоёрт ноцтой асуудал тулгарвал юуг гол зорилгоо болгох ёстой вэ? Яагаад? б) Гэрч биш ханьтай хүн үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

15 Тэд ямар шалтгаанаар тусдаа амьдрах болсныг Паул тайлбарлаагүй. Ямар ч байсан, нөхөр нь завхайраагүй. Хэрэв тэгсэн бол эхнэр нь салаад өөр хүнтэй гэрлэж болох байсан. Паул: «Нөхрөөсөө салбал ганц бие хэвээрээ бай, эсвэл нөхөртэйгөө эвлэр» гэжээ. Тэгэхээр тэр хоёр Бурхны хувьд эхнэр нөхөр хэвээрээ байсан хэрэг. Паулын зөвлөснөөр, садар самуун явдал л биш бол эвлэрэхийг гол зорилго болгох ёстой. Хурлын ахлагчдаас тусламж аваарай. Тэд хэн нэгнийх нь талд оролгүй, Библид үндэслэсэн зөвлөгөө өгнө.

16 Хэрэв гэр бүлийн хоёрын нэг нь Еховаг шүтдэггүй бол байдал илүү төвөгтэй болно. Ноцтой асуудал тулгарсан үед тусдаа амьдрах нь зөв үү? Библид зөвхөн садар самуун явдлыг салах шалтгаан гэснээс бус, тусдаа амьдрах ямар нэгэн шалтгаан бичээгүй. Паул: «Бурханд итгэдэг эмэгтэй Бурханд итгэдэггүй нөхөртэй байгаад, нөхөр нь салахгүй гэвэл бүү сал» гэж бичин тусдаа амьдрахгүй байхыг зөвлөжээ (1 Кор. 7:12, 13). Энэ зөвлөгөө бидэнд ч хамаатай.

17, 18. Хэчнээн хэцүү байсан ч зарим Гэрч яагаад Еховаг шүтдэггүй ханьтайгаа хамт амьдрахаар шийддэг вэ?

17 Хэрэв Гэрч биш нөхөр нь эхнэртэйгээ хамт амьдрахыг хүсэхгүй нь харагдвал яах вэ? Тухайлбал эхнэртэйгээ хэтэрхий зэрлэг балмад харьцаж эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулж болзошгүй байдаг. Гэр бүлээ тэжээхээс татгалзах юм уу Бурхандаа үнэнч байхад нь эхнэртээ саад болж болох юм. Хамт амьдрах хүсэлгүйгээ нөхөр нь ийнхүү илэрхийлдэг бол зарим Гэрч эмэгтэй тусдаа амьдрах шийдвэрийг хэний ч шахалт шаардлагагүйгээр өөрөө гаргадаг. Харин зарим эхнэр хэцүү амьдралаа тэвчиж, гэр бүлээ бататгахыг хичээдэг. Яагаад?

18 Тусдаа амьдарлаа ч эхнэр нөхөр хэвээрээ учир дээр дурдсан янз бүрийн бэрхшээлээс ангид байх аргагүй. Эхнэр нөхөр хоёр хамт байх ёстойн бас нэг шалтгааныг элч Паул хэлж өгсөн. Тэрээр: «Бурханд итгэдэггүй нөхөр нь эхнэрийнхээ ачаар, Бурханд итгэдэггүй эхнэр нь нөхрийнхөө ачаар ариусгагддаг. Хэрэв тийм биш байсан бол та нарын хүүхдүүд бузар байх байсан. Харин одоо бол тэд ариун» гэж бичжээ (1 Кор. 7:14). Хэчнээн хэцүү байсан ч Еховаг шүтдэггүй ханьтайгаа хамт амьдрахаар шийдсэн үнэнч Гэрч олон бий. Хожим хань нь Еховагийн Гэрч болоход тэд ийм шийдвэр гаргасандаа туйлын их баярладаг (1 Коринт 7:16-г уншина; 1 Петр 3:1, 2).

19. Хурлуудад аз жаргалтай гэр бүл яагаад олон байдаг вэ?

19 Гэрлэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаасай гэсэндээ Есүс дагалдагчдадаа салалтын талаар, Паул тусдаа амьдрах талаар тус тус зөвлөгөө өгчээ. Өнөөдөр дэлхий даяар буй хурлуудад сайхан гэр бүл өдий төдий байна. Танай хуралд ч жаргалтай хосууд олон байгаа биз ээ. Үнэнч нөхөр нь эхнэрээ хайрлаж, халамжтай эхнэр нь нөхрөө хүндлэн, бүгдээрээ гэрлэлтийг эрхэм нандин гэж үздэг нь дамжиггүй. «Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлээд нэг бие болно» хэмээсэн Бурхны үг үнэн гэдгийг сая сая эхнэр нөхөр баталж байгааг бид хараад баяртай байдаг (Эф. 5:31, 33).