Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Элч Паул «гурав дахь тэнгэрт», бас «диваажинд» аваачигдсан гэдэг нь ямар утгатай вэ? (2 Кор. 12:2–4).

Элч Паул 2 Коринт 12:2, 3-т «гурав дахь тэнгэрт» аваачигдсан нэг хүний тухай дурдсан. Тэр хүн хэн бэ? Паул Коринтын хурлынханд бичсэн захидалдаа Бурхан өөрийг нь элчээ болгосныг онцлон тэмдэглэсэн байдаг (2 Кор. 11:5, 23). «Эзний надад үзүүлсэн үзэгдэл болон илчилсэн мэдээ» гэж дараа нь бичжээ. Хам сэдвээс нь харвал өөр дагалдагчдын тухай гараагүй. Тэгэхээр, тэр хүн нь Паул өөрөө болж таарлаа (2 Кор. 12:1, 5).

Өөрөөр хэлбэл, «гурав дахь тэнгэрт» болон «диваажинд» аваачигдсан хүн нь Паул юм (2 Кор. 12:2–4). Тэрээр «илчилсэн мэдээ» гэж бичсэн нь ирээдүйд болох зүйлийн тухай хэлжээ.

Паулын үзсэн «гурав дахь тэнгэр» нь юу вэ?

Библид «тэнгэр» гэдгийг заримдаа шууд утгаар нь хэрэглэдэг (Эх. 11:4; 27:28). Мөн шилжсэн утгаар хэрэглэх нь бий. Жишээ нь хүний засаглалыг хэлдэг (Дан. 4:20–22). Бас Бурхны засаглал буюу Хаант төрийг хэлнэ (Илч. 21:1).

Паул «гурав дахь» гэдэг үгийг бичсэн нь ямар учиртай вэ? Заримдаа Библид онцлох, хүч нэмэгдүүлэх зорилгоор тухайн үгийг гурван удаа бичдэг (Ис. 6:3; Езе. 21:27; Илч. 4:8). Үүнээс үзвэл Паул хамгийн өндөрт өргөмжлөгдсөн, хамгийн дээд засаглал буюу Есүс Христ тэргүүтэй, 144 000 захирагчтай Мессиагийн Хаант төрийг онцлохын тулд «гурав дахь тэнгэр» гэж бичсэн бололтой. Элч Петр Бурхны амласан «шинэ тэнгэрийг» хүлээж байгаагаа бичсэн байдаг (2 Петр 3:13).

Тэгвэл Паул «диваажин» гэдгээр юуг хэлсэн бэ?

«Диваажин» гэдэг үгийг бас олон утгаар ойлгож болдог. 1) Анхны хүмүүс диваажинд амьдарч байсан. Үүнийг бодож үзвэл дэлхий маань ирээдүйд тийм диваажин болохыг хэлж байна. 2) Шинэ ертөнцөд амьдрах Бурхны ард түмний дунд амар тайван байдал ноёлохыг хэлнэ. 3) Илчлэл 2:7-д дурдсан «Бурхны диваажин» буюу тэнгэр дэх гайхалтай сайхан орчныг хэлж болно («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2015 оны 7-р сарын 15-ны дугаар, х. 8, д/м 8-ыг үзнэ үү).

Паул өөртөө тохиолдсон явдлыг бичихдээ 2 Коринт 12:4-т дээрх гурван утгыг бүгдийг нь багтаасан байж болох юм.

Эцэст нь дүгнэхэд:

2 Коринт 12:2-т дурдсан «гурав дахь тэнгэр» нь Есүс Христ тэргүүтэй, 144 000 захирагчтай Мессиагийн Хаант төр буюу «шинэ тэнгэр» юм (2 Петр 3:13).

Хаант төр нь хамгийн өндөрт өргөмжлөгдсөн, хамгийн дээд засаглал учраас үүнийг «гурав дахь тэнгэр» гэж хэлэх нь зүйд нийцнэ.

Паулын үзсэн «диваажин» нь 1) дэлхий дээр бий болох бодит диваажин, 2) тэр үед Бурхны ард түмний дунд ноёлох эв нэгдэл, амар тайван байдал (одоогийнхоос илүү өргөн хүрээтэй), 3) шинэ ертөнцтэй нэгэн цаг үед орших «Бурхны диваажин» бололтой.

Тэгэхээр, ирээдүйд Бурхны байгуулах шинэ ертөнц хоёр хэсгээс тогтох ажээ. Нэг нь шинэ тэнгэр буюу тэнгэрт орших засгийн газар. Нөгөө нь шинэ газар буюу диваажин дэлхийд амьдран Еховад үйлчлэх хүн төрөлхтөн юм.