Skip to content

Гарчиг руу орох

«Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлана»

«Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлана»

ДИАНА 80 гаруй настай. Альцхаймертай болсон нөхөр нь асрамжийн газар хэдэн жил болоод нас баржээ. Диана бас хоёр хүүгээ алдаж, өөрөө хөхний хорт хавдар туссан байна. Гэхдээ цуглааны үед ч, дэлгэрүүлж явахдаа ч дандаа баяр баясгалантай байдгийг хурлынхан нь анзаарчээ.

Жон 43 жил дүүрэг хариуцагчаар үйлчилжээ. Ажилдаа ч дуртай, өөр юм хийж байгаагаар төсөөлж ч чаддаггүй байв. Гэтэл өвдөж шаналсан дотнын хүнээ асрахын тулд явуулын ажлаа орхижээ. Хуучин танилууд нь чуулган дээр Жонтой тааралдаад огт өөрчлөгдөөгүй, урьдынх шигээ баяр баясгалантай байгааг нь олж харсан байна.

Диана Жон нар яагаад ийм баяр баясгалантай байдаг юм бол оо? Сэтгэл нь шаналж, бие нь өвдөж буй хүн яавал баяр баясгалантай байх вэ? Хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон хүн урьдын адил баяр баясгалантай байхын тулд яах хэрэгтэй вэ? «Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлана» гэж Библид байдаг (Дуу. 64:10). Үүнийг маш сайн ойлгохын тулд яавал дундаршгүй баяр баясгалантай болдог, яавал баяр баясгалан нь үгүй болдгийг мэдэх хэрэгтэй.

ЗУУРДЫН БАЯР БАЯСГАЛАН

Биднийг дандаа баярлуулдаг юм гэж байдаг уу? Байдаг. Жишээ нь хайр сэтгэлтэй болоод гэрлэхээрээ, хүүхэдтэй болохоороо, Бурхны байгууллагаас хариуцлагатай үүрэг авахаараа баярладаг шүү дээ. Энэ нь ч зүйн хэрэг. Яагаад гэвэл энэ бүхний Эх булаг нь Ехова юм. Тэрээр гэрлэлтийг санаачилж, нөхөн үржихүйг бий болгосон. Хурлаар дамжуулан хариуцлагатай үүрэг оноодог (Эх. 2:18, 22; Дуу. 127:3; 1 Тим. 3:1).

Гэхдээ ийм баяр баясгалан удаан үргэлжлэхгүй байх нь бий. Хань нь үнэнч бус болох юм уу нас бардаг (Езе. 24:18; Хос. 3:1). Хүүхэд нь эцэг эхдээ, Бурханд дуулгаваргүй болох, тэр ч бүү хэл хурлаас хасагдаж магадгүй. Самуелын хөвгүүд Еховагийн таалалд нийцэхээр үйлчлээгүй. Давид нүгэл үйлдсэнээсээ болоод гэр бүлийнхэндээ гай тарьсан (1 Сам. 8:1–3; 2 Сам. 12:11). Иймэрхүү явдлаас болж гашуудаж, шанална уу гэхээс баярлахгүй нь ойлгомжтой.

Эрүүл мэндийн байдал, гэр бүлд хүлээх үүрэг, байгууллагад гарч буй өөрчлөлт зэргээс болоод хариуцлагатай үүргээсээ чөлөөлөгдөж болох юм. Тийм хүмүүс ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хэчнээн жаргалтай байснаа дурсан санадаг ажээ.

Дээрх зүйл хүнийг баяр баясгалантай болгодог ч түр зуур л үргэлжилдэг нь харагдаж байна. Тэгвэл нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн, огт алга болдоггүй баяр баясгалан гэж бий юү? Самуел, Давид нарын хүмүүс зовлон үзсэн ч баяр баясгалангаа алдаагүйг бодоход тийм баяр баясгалан байх ёстой.

ДУНДАРШГҮЙ БАЯР БАЯСГАЛАН

Жинхэнэ баяр баясгаланг Есүс мэддэг байсан. Дэлхийд ирэхээсээ өмнө тэнгэрт, хамгийн таатай нөхцөлд байхдаа Еховагийн «өмнө үргэлж баярлаж байв» (Сур. 8:30). Дэлхийд ирснийхээ дараа янз бүрийн бэрхшээл амссан ч Эцгийнхээ хүсэл таалалд нийцүүлдэгтээ баярладаг байжээ (Ёох. 4:34). Есүс нас барахаасаа өмнө, хамгийн хүнд үедээ ямар байсан бэ? «Өмнөө байсан баяр баясгалангийн төлөө шонд тарчлахыг тэвчсэн» (Евр. 12:2). Жинхэнэ баяр баясгалангийн талаар Есүсийн хэлсэн хоёр үгийг авч үзье.

Нэг удаа 70 шавь нь дэлгэрүүлэх даалгавраа биелүүлээд Есүс дээр буцаж ирдэг. Тэд маш чухал ажил хийж, чөтгөрүүдийг хүртэл хөөсөн учраас баяр хөөрөөр бялхжээ. Есүс тэдэнд «Чөтгөрүүдийг захирсандаа бүү баярла. Харин нэрс тань тэнгэрт бичигдсэнд баярлацгаа» гэж хэлсэн (Лук 10:1–9, 17, 20). Үнэндээ Еховагийн сайшаалыг хүлээх нь онцгой завшаан эдлэхээс ч илүү чухал бөгөөд жинхэнэ баяр баясгалантай байх гол шалтгаан юм.

Бас нэг удаа Есүсийг олон түмэнд үг хэлж байтал нэг иудей эмэгтэй сургаалыг нь биширсэндээ ээжийг нь магтаж, ийм хүүтэй хүн жаргалтай байх ёстой гэжээ. Есүс хариуд нь «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» гэсэн (Лук 11:27, 28). Бахархмаар сайн хүүхэдтэй эцэг эх жаргалтай байх нь аргагүй. Гэхдээ Еховатай дотно, Еховад дуулгавартай хүний баяр баясгалан хэзээ ч дундрахгүй.

Дундаршгүй баяр баясгалантай байхын нууц нь Ехова сайшааж байгааг мэдрэх явдал юм. Зовлон тохиолдсон ч энэ мэдрэмж үгүй болдоггүй. Зовлонг тэвчиж үнэнч байвал баяр баясгалан улам нэмэгддэг (Ром 5:3–5). Түүнээс гадна Ехова тийм хүмүүст агуу хүчээ өгдөг. Баяр баясгалан Бурхны агуу хүчний нөлөөгөөр бий болдог шүү дээ (Гал. 5:22). Дуулал 64:10-т «Зөв шударга хүн ЭЗЭНий дотор баярлана» гэж бичсэний учир нь энэ юм.

Жон яагаад дундаршгүй баяр баясгалантай болсон бэ?

Эхэнд дурдсан Диана Жон хоёр хэцүү үедээ ч баяр хөөртэй байсныг үүгээр тайлбарлаж болно. Диана: «Хүүхэд эцэг эхийнхээ хамгаалалтад байдаг шиг би Еховагийн хамгаалалтад байдаг» гэсэн юм. Тэрээр цааш нь «Тогтмол дэлгэрүүлээд баяр хөөртэй байгаагаа Еховагийн ивээл гэж боддог» гэжээ. Жон өөрийн дуртай явуулын ажлыг хийхээ больсныхоо дараа ч идэвхтэй үйлчилж байна. Түүнд юу тус болсон бол? Жон: «1998 оноос Үйлчлэл дээшлүүлэх сургуульд багшилж эхэлснээс хойш урьдынхаасаа ч илүү их бие даан судалдаг болсон» гэж ярьсан юм. «Эхнэр бид хоёр Еховагийн даалгасан болгоныг хийхэд бэлэн байдаг учраас амьдралд гарсан өөрчлөлтийг харьцангуй амархан давсан, харамсах сэтгэл төрөөгүй» гэжээ.

Дуулал 64:10-ыг өөрийн биеэр мэдэрсэн олон хүн байдаг. АНУ дахь Бетелд 30 гаруй жил үйлчилсэн эхнэр нөхөр хоёрыг жишээ болгон авъя. Тусгай эхлэгчээр томилоход ямар байснаа ярихдаа: «Нандигнадаг юмаа алдаад гашуудах нь хүний л ёс. Гэхдээ мөнхөд гашуудаж болохгүй» гэжээ. Тэд Бетелээс гарангуутаа хурлынхантайгаа хамт үйлчлэх болжээ. «Бид хоёр маш чухал гэсэн юмныхаа талаар залбирсан. Тэгээд залбирлынхаа хариуг аваад урам орж, баяр хөөртэй болсон. Биднийг ирсний дараа хурлын зарим хүн эхлэгчээр үйлчилж эхэлсэн. Эхнэр бид хоёр, хоёр сайн суралцагчтай болсон» хэмээн ярьсан юм.

«ҮҮРД БАЯРЛАН БАЯСНА»

Дандаа баяр хөөртэй байя гэсэн ч санаснаар болдоггүй. Заримдаа гуньж гутрах юм гардаг шүү дээ. Гэхдээ Ехова биднийг Дуулал 64:10-т байдаг үгээрээ тайвшруулдаг. Гуньж гутарсан ч бэрхшээлийг эс тоон үнэнч хэвээрээ байвал «ЭЗЭНий дотор баярлах» нь зайлшгүй. Түүнээс гадна «шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ» гэсэн Еховагийн амлалт биелэх цагийг бид хүсэн хүлээдэг. Тэр цагт төгс бус байдал ул мөргүй арилж, бүх хүн Еховагийн «бүтээх зүйлд үүрд баярлан баясна» (Ис. 65:17, 18).

Энэ нь юу гэсэн үг болохыг төсөөл дөө. Эрүүл саруул, эрч хүчээр дүүрэн байгаагаа өглөө сэрэх бүрдээ мэдэрнэ. Урьд нь олсон сэтгэлийн шарх хэчнээн гүн байсан ч, гашуун дурсамж ор тас мартагдана. «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна». Нас барагсад амилж, хайртай хүмүүс уулзалдана. Есүс 12 настай охиныг амилуулахад эцэг эх нь «магнайгаа хагартал баярласан» шиг, тоолж баршгүй олон сая хүн бөөн баяр болох биз ээ. (Марк 5:42). Эцэст нь бүх хүн «зөв шударга» болж, үүрд мөнхөд «ЭЗЭНий дотор баярлана».