Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүд та нарыг жаргалтай амьдраасай гэж Бүтээгч тань хүсдэг

Охид хөвгүүд та нарыг жаргалтай амьдраасай гэж Бүтээгч тань хүсдэг

«Тэр чиний хүслийг сайн зүйлсээр хангадаг» (ДУУ. 103:5).

ДУУ: 11, 4

1, 2. Цаашдаа яаж амьдрахаа шийдэхдээ Бүтээгчийнхээ зөвлөгөөг сонсох нь яагаад ухаалаг хэрэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

ОХИД хөвгүүд та нар цаашдаа хэрхэн амьдрах талаар янз бүрийн зөвлөгөө сонсдог байх. Дээд боловсрол эзэмшиж, цалин сайтай ажилд орохыг багш, сурган хүмүүжүүлэгчид уриалдаг биз ээ. Харин Еховагийн зөвлөгөө огт өөр. Хичээл номдоо шамдаасай гэж хүсдэг нь мэдээж. Яагаад гэвэл чи сургуулиа төгсөөд амьжиргаагаа залгуулах чадвартай байх хэрэгтэй шүү дээ (Кол. 3:23). Гэхдээ чухал шийдвэр гаргахдаа зөв зарчим баримтлаасай гэж хүсдэг. Библийн зарчмыг баримталбал эцсийн энэ өдрүүдэд Еховагийн хүсэл таалал, санаа зорилгын дагуу зөв амьдарна (Мат. 24:14).

2 Түүнээс гадна Ехова бүх юмыг мэддэг. Энэ ертөнцийг ямар ирээдүй хүлээж байгааг, төгсгөл яг хэзээ болохыг мэднэ (Ис. 46:10; Мат. 24:3, 36). Бас яавал жаргалтай, сэтгэл хангалуун болохыг чинь, яавал сэтгэлээр унаж, уйтгарлаж гунихыг чинь ч мэднэ. Хүний өгсөн зөвлөгөө хэчнээн зөв юм шиг санагдлаа ч Бурхны Үгэнд үндэслээгүй л бол үнэхээр зөв байж чаддаггүй (Сур. 19:21).

БУРХНЫХААС ДАВЖ ГАРАХ «МЭРГЭН УХААН ... ГЭЖ ЕР БАЙХГҮЙ»

3, 4. Адам Ева хоёр буруу зөвлөгөөг дагаад юу амссан бэ?

3 Хүмүүст буруу зөвлөгөө өгсөн хамгийн анхны этгээд нь Сатан юм. Тэрээр Евад зөвлөхдөө, нөхөртэйгөө хамт илүү жаргалтай амьдаръя гэвэл амьдралынхаа замыг өөрсдөө сонго гэжээ (Эх. 3:1–6). Гэвч Сатан үнэн хэрэгтээ хар амиа л бодож байлаа. Адам Ева хоёр болон ирээдүйн үр удам нь Еховаг биш, намайг шүтээсэй, дагаасай гэж тэрээр хүссэн. Сатан хүмүүсийн төлөө юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй шүү дээ. Тэдэнд байсан бүхнийг Ехова л өгсөн. Сайхан хань, үзэсгэлэнт цэцэрлэг, төгс бие махбод өгч мөнх амьдрах ирээдүй бэлэглэсэн.

4 Харамсалтай нь, Адам Ева хоёр Бурхнаас нүүр буруулж тушаалыг нь зөрчсөнөөр аймшигтай үр дагавар амсжээ. Тасалсан цэцэг хатаж гандсаар үхдэгийн адил тэд аажмаар хөгширч үхсэн. Үр удам нь ч зовж байна (Ром 5:12). Тэгсэн хэр нь өнөөдөр ихэнх хүн Бурханд захирагдахын оронд хүссэнээрээ амьдрахыг илүүд үздэг (Эф. 2:1–3). Ийнхүү тэрсэлснээрээ Бурхныхаас давж гарах «мэргэн ухаан ... гэж ер байхгүйг» тодорхой харуулсан (Сур. 21:30).

5. Бурхан юунд итгэж байсан бэ? Итгэл нь хөсөрдсөн үү?

5 Гэвч зарим хүн, тухайлбал хүүхдүүд өөрийг нь хайж, өөрт нь үйлчилнэ гэдэгт Бурхан итгэж байсан (Дуу. 103:17, 18; 110:3). Тийм охид хөвгүүдийг Ехова хэчнээн их хайрладаг гээч! Чи тэдний нэг мөн үү? Тийм бол, олон «сайн зүйлсийг» Бурхнаас аваад жаргалтай байгаа биз ээ (Дуулал 103:5-ыг уншина; Сур. 10:22). Энэ өгүүллээр бид «сайн зүйлсийн» дөрвийг үзнэ. Эдгээр нь: Еховатай дотносоход тустай ном хэвлэл, хамгийн сайн найз нөхөд, утга учиртай зорилго, жинхэнэ эрх чөлөө юм.

ЕХОВАТАЙ ДОТНОСОХОД ТУСТАЙ НОМ ХЭВЛЭЛ

6. Бид яагаад Бүтээгчээ таньж мэдэх хэрэгцээгээ хангах ёстой вэ? Энэ хэрэгцээг Ехова хэрхэн хангаж өгдөг вэ?

6 Бүтээгчээ таньж мэдэх хэрэгцээ амьтанд байхгүй. Хүнд л бий. Тэр хэрэгцээг зөвхөн Бүтээгч маань хангаж өгдөг (Мат. 4:4). Бурхныг анхааран сонсдог хүн хэрсүү, мэргэн ухаантай, аз жаргалтай байдаг. «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» гэж Есүс хэлсэн (Мат. 5:3). Ехова бидэнд Библи өгсөн. Мөн олон сайхан ном хэвлэлийг «итгэмжит, ухаалаг боолоор» өгүүлдэг (Мат. 24:45). Итгэл батжуулж, Еховатай улам дотносоход тус болдог эдгээр ном хэвлэл хэчнээн олон янз, хэчнээн элбэг дэлбэг байдаг гэж санана! (Ис. 65:13, 14).

7. Бурхантай дотносоход тустай ном хэвлэлийг уншиж судлах нь ямар ач тустай вэ?

7 Бурхантай дотносоход тустай ном хэвлэлийг уншиж судалбал мэргэн ухаантай болж, сэтгэн бодох чадвар сайжирдаг. Ингэснээр олон юмнаас хамгаалагдана (Сургаалт үгс 2:10–14-ийг уншина). Жишээ нь, Бүтээгч байхгүй гэх мэтийн сургаал хуурамч гэдгийг ойлгоно. Мөнгө төгрөг, эд хөрөнгө бол аз жаргалын үндэс гэсэн буруу үзэлд автахгүй. Бас муу юм хүсэхгүй, амьдралаа сүйтгэхгүй. Тиймээс мэргэн ухаантай болж, бодох чадвараа сайжруулахын тулд чадах бүхнээ хийгээрэй. Тэгээд Ехова чамайг үнэхээр их хайрладгийг, чамд хамгийн сайн сайхныг хүсдэгийг өөрийн биеэр мэдрээрэй (Дуу. 34:8; Ис. 48:17, 18).

8. Яагаад яг одооноос Бурхантай дотносох хэрэгтэй вэ? Энэ нь ирээдүйд чамд ямар ач тустай вэ?

8 Удахгүй Сатаны ертөнцийг бүрдүүлдэг бүхэн устгагдахад зөвхөн Ехова л биднийг хамгаалж, хэрэгтэй бүхнийг маань өгнө. Түүний дотор хоол хүнс ч байж болох юм! (Хаб. 3:2, 12–19). Тэгэхээр одоо бол тэнгэрийн Эцэгтэйгээ дотносож, түүнд улам бүр найдаж сурах цаг мөн (2 Петр 2:9). Үүний дүнд эргэн тойронд чинь юу ч болж байсан, дуулалч Давидын адил «Би ЭЗЭНийг өөрийн өмнө байхаар үргэлж тавьсан. Тэр миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй» гэж хэлнэ (Дуу. 16:8).

ХАМГИЙН САЙН НАЙЗ НӨХӨД

9. а) Ёохан 6:44-т бичсэнээр Ехова яадаг вэ? б) Гэрч биш болон Гэрч хүнтэй танилцахын ялгаа юу вэ?

9 Гэрч биш хүнтэй танилцлаа гэхэд чи тэр хүний талаар юу мэдэх вэ? Нэр ус, гадаад төрхөөс нь бусдыг бараг л мэдэхгүй байх. Харин Гэрч хүнтэй танилцвал тэс өөр. Еховаг хайрладгийг нь чи мэдэж байгаа. Бас Ехова тэр хүний сайн талыг олж хараад гэр бүлийнхээ гишүүн болгохоор урьсныг ч мэдэж байгаа (Ёохан 6:44-ийг уншина). Улс орон, яс үндэс, ахуй соёлоороо ялгаатай байсан ч та хоёр бие биеэ аль эртнээс мэддэг юм шиг л уулзана шүү дээ!

Ехова чамайг сайн найз нөхөдтэй болоосой, утга учиртай зорилго тавиасай гэж хүсдэг (9–12-р догол мөрийг үзээрэй)

10, 11. Еховагийн ард түмэн юугаараа адилхан бэ? Энэ нь чамд ямар ач тустай вэ?

10 Итгэл нэгтэнтэйгээ танилцангуут та хоёрын хэн хэнд нь байдаг хамгийн чухал зүйлийг чи анзаарна. Хэл аялгуу ялгаатай ч хоёулаа үнэний «цэвэр хэлээр» ярьдаг (Зеф. 3:9, ШЕ). Өөрөөр хэлбэл, та хоёр хоёулаа нэг Бурханд итгэдэг, ёс суртахууны нэг л хэм хэмжээг баримталдаг, ирээдүйн сайхан найдвар өвөрлөдөг. Үүний үрээр бие биедээ итгэж найдан, үүрд нөхөрлөнө.

11 Еховаг шүтдэг чамайг хамгийн сайн найз нөхөдтэй хүн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Нүүр тулж уулзаагүй ч гэсэн, тэр найзууд чинь дэлхийн өнцөг булан бүрд бий! Ийм үнэтэй бэлэг авсан хүн Еховагийн ард түмнээс өөр байна уу?

УТГА УЧИРТАЙ ЗОРИЛГО

12. Еховатай улам дотносохын тулд ямар зорилго тавьж болох вэ?

12 Номлогчийн үгс 11:9—12:1-ийг уншина. Чи Еховатай улам дотносох зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх гэж хичээдэг үү? Жишээ нь, Библиэ өдөр бүр уншиж байна уу? Эсвэл цуглаан дээр илүү сайн хариулдаг болохыг, дэлгэрүүлэх ажилдаа Библийг илүү үр дүнтэй ашиглаж сурахыг зорьж байна уу? Амжилт гаргаж байгаагаа харахаар эсвэл хүмүүс чамайг магтахаар ямар санагддаг вэ? Сайхан санагдаад баярладаг байх. Тэгэх нь ч зүйн хэрэг. Яагаад гэвэл чи Есүсийг дуурайн Бурхны хүслийг өөрийнхөөсөө дээгүүр тавьж байгаа шүү дээ (Дуу. 40:8; Сур. 27:11).

13. Бурханд үйлчлэх зорилго ертөнцийнхний тавьдаг зорилгоос юугаараа давуу вэ?

13 Еховатай улам дотносоход тус болох зорилго тавивал хэзээ ч харамсахгүй. Элч Паул: «Эзний төлөөх ажил хөдөлмөр тань дэмий хоосон юм биш гэдгийг ойлгож Эзний үйл хэргээр үргэлж бялхан, гуйвж дайвахгүй, тууштай байцгаа» гэжээ (1 Кор. 15:58). Их мөнгөтэй болох, нэрд гарах гэх мэтийн зорилго тавьсан хүн жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаггүй. Хэчнээн амжилт оллоо ч зүрх сэтгэл нь хоосон байдаг (Лук 9:25). Үүнийг амьдралаараа баталсан хүн бол Соломон хаан юм (Ром 15:4).

14. Соломонд тохиолдсон явдлаас чи юу ойлгосон бэ?

14 Асaр их эд баялаг, эрх мэдэлтэй байсан Соломон «өөрийгөө баясгаж, баярлуулах» зорилгоор бүх юмыг туршиж үзэхээр шийджээ (Ном. 2:1–10). Орд харш бариулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хүссэн бүхнийхээ хойноос явсан. Эцэст нь яасан бэ? Сэтгэл нь ханасан уу? Жаргалтай байсан уу? Тэрээр: «Би өөрийн гараар хийсэн бүх үйлсээ ... эргэцүүлэн бодлоо. Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд ... түүний ашиг алга» гэж бичжээ (Ном. 2:11). Соломонд тохиолдсон энэ явдал чамд сургамжтай юу?

15. Яагаад Еховад итгэдэг болох хэрэгтэй вэ? Дуулал 32:8-д бичсэнээр ач тус нь юу вэ?

15 Зарим хүн алдаж эндэн, горыг нь амсаж байж л сургамж авдаг. Ехова чамайг ингээсэй гэж хүсдэггүй. Харин өөрт нь дуулгавартай байж, хүсэл тааллыг нь эн тэргүүнд тавиасай гэж хүсдэг. Еховагийн энэ хүслийн дагуу байя гэвэл түүнд итгэдэг болох хэрэгтэй. Итгэдэг болбол хэзээ ч харамсахгүй. «Нэрийг [нь] хайрладаг» чамайг Бурхан хэзээ ч мартахгүй (Евр. 6:10). Тиймээс бат итгэлтэй болохын тулд мэрийгээрэй. Тэгвэл чи зөв шийдвэр гаргана. Бас Ехова чамд хамгийн сайн сайхныг хүсдэгийг ойлгоно (Дуулал 32:8-ыг уншина).

ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨ

16. Бид яагаад эрх чөлөөг эрхэмлэж, зөв эдлэх ёстой вэ?

16 «Еховагийн агуу хүч хаана байна, тэнд эрх чөлөө байна» гэж Паул бичжээ (2 Кор. 3:17). Ехова эрх чөлөөг эрхэмлэдэг бөгөөд чамайг ч бас эрх чөлөөг эрхэмлэдэг байхаар бүтээсэн. Үүний зэрэгцээ хариуцлагатай хүн байгаасай, эрх чөлөөгөө зөв эдлээсэй гэж хүсдэг. Энэ нь хамгаалалт болно. Үеийнхэн чинь порно үзэж, садар самуун явдалтай орооцолдож, эрсдэлтэй спортоор хичээллэж, мансууруулах бодис, архи тамхи хэрэглэж байна. Тэд зуурдын жаргал эдэлж, таашаал авдаг. Гэвч дараа нь өвчин тусах, бэртэж гэмтэх, донтох, амь насаа алдах зэргээр хохирдог (Гал. 6:7, 8). Эрх чөлөө эдэлж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ тэд өөрсдийгөө л хуурдаг (Тит 3:3).

17, 18. а) Бурханд дуулгавартай байвал эрх чөлөөтэй болдог гэхийн учир юу вэ? б) Адам Ева хоёрын эдэлж байсан эрх чөлөөг өнөөгийн хүн төрөлхтний эдэлдэг эрх чөлөөтэй харьцуулбал ямар вэ?

17 Тэгвэл Бурхны тогтоосон хэм хэмжээг баримталснаасаа болоод өвдсөн хүн байна уу? Еховад дуулгавартай байвал амь нас, эрүүл мэндэд тустай төдийгүй жинхэнэ эрх чөлөөтэй болох нь тодорхой байна (Дуу. 19:7–11). Түүнээс гадна эрх чөлөөгөө зөв эдлэх буюу Бурхны төгс хууль, зарчмыг баримталбал хариуцлагатай хүн гэдгээ Бурханд ч, эцэг эхдээ ч батална. Үүний дүнд эцэг эх чинь чамд итгэж, илүү их эрх чөлөө өгнө. Бас удахгүй Ехова үнэнч үйлчлэгчдэдээ жинхэнэ эрх чөлөө олгоно. Библид үүнийг «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөө» гэдэг (Ром 8:21).

18 Адам Ева хоёр тэр эрх чөлөөг эдэлж байсан. Еден цэцэрлэгт байхад нь Бурхан хэдэн зүйлийг хориглолоо? Ганцхан зүйлийг. Нэг л модны жимсийг идэж болохгүй гэсэн (Эх. 2:9, 17). Хэтэрхий хатуу эсвэл шударга бус санагдаж байна уу? Мэдээж үгүй! Хүмүүс өч төчнөөн хууль гаргаад дагаж мөрдүүлэхийг оролддог биз дээ? Гэтэл Ехова ердөө л ганц тушаал өгсөн шүү дээ.

19. Ехова Есүс хоёр биднийг эрх чөлөөтэй болгохын тулд юу зааж байгаа вэ?

19 Ехова үнэхээр мэргэн ухаантай Бурхан. Үйлчлэгч бидэндээ эцэс төгсгөлгүй олон хууль тушаал өгдөггүй. Харин бусдыг хайрла гэсэн хуулийг тэвчээртэй заадаг. Зарчмынх нь дагуу амьдарч, мууг жигшээсэй гэж хүсдэг (Ром 12:9). Бурхны Хүү Есүс уулан дээр сургаал айлдахдаа муу үйл хэргийн үндэс нь юу вэ гэдгийг хэлж өгсөн (Мат. 5:27, 28). Бурхны Хаант төрийн Хаан тэрээр шинэ ертөнцөд ч бидэнд заана. Тэгснээр бид зөв буруугийн талаар Есүсийнхтэй яг адилхан үзэл бодолтой болно (Евр. 1:9). Есүс биднийг төгс бие махбод, оюун ухаантай болгоно. Муу юм хийх гэж хорхойсохоо больж, нүглийн аймшигт үр дагаврыг дахин хэзээ ч амсахгүй болох цагийг төсөөл дөө. Тэр цагт бид Еховагийн амласан ёсоор «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ».

20. а) Ехова эрх чөлөөгөө хэрхэн эдэлдэг вэ? б) Еховаг хэрхэн дуурайх вэ?

20 Бидний эрх чөлөө шинэ ертөнцөд ч хязгаарлагдмал байна. Яагаад гэвэл бид эрх чөлөөгөө эдлэхдээ Еховаг, хүмүүсийг гэсэн хайрандаа хөтлөгдөнө. Энэ нь үнэн хэрэгтээ Еховаг дуурайж буй хэрэг юм. Ехова хязгааргүй эрх чөлөөтэй хэр нь оюун ухаант бүтээлүүдтэйгээ харьцахдаа хайрандаа хөтлөгддөг (1 Ёох. 4:7, 8). Тэгэхээр, Бурхнаа дуурайсан цагт л жинхэнэ эрх чөлөөг эдлэх нь зүйн хэрэг юм.

21. а) Давид Еховагийн талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

21 Олон «сайн зүйлс» өгсөн Еховад чи талархаж байна уу? Тэрээр чамд өөртэй нь дотносоход тустай ном хэвлэл, сайн анд нөхөд өгөхийн зэрэгцээ утга учиртай зорилго тавихад тусалж, жинхэнэ эрх чөлөө эдлэх ирээдүйг бэлэглэсэн (Дуу. 103:5). Давидад төрсөн шиг сэтгэгдэл чамд төрж байгаа биз ээ. Тэрээр: «Та надад амийн замыг таниулна. Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг. Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг» гэж залбирчээ (Дуу. 16:11). Дараагийн өгүүллээр, 16-р дуулалд байдаг өөр олон чухал эрдэнэсийг ухаж олцгооё. Ингэснээр жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдрахын нууцыг мэдэж авна.