Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүд та нар жаргалтай амьдарч чадна

Охид хөвгүүд та нар жаргалтай амьдарч чадна

«Та надад амийн замыг таниулна» (ДУУ. 16:11).

ДУУ: 41, 120

1, 2. Хүн өөрчлөгддөгийг харуулах жишээ хэлнэ үү.

АХЛАХ ангид сурдаг Тони гэдэг хүү аавгүй өсжээ. Сурах сонирхолгүй учраас сургуулиасаа гарах тухай бодож байв. Амралтын өдрүүдэд кино үзэх юм уу найзуудтайгаа цаг нөхцөөнө. Зодоонч биш, хар тамхи хэрэглэдэггүй. Тэгсэн хэр нь ямар ч зорилгогүй амьдарна. Бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй байв. Нэг өдөр Тони хоёр Гэрчтэй тааралдаад Бурхан байдагт эргэлздэг тухайгаа хэлж, янз бүрийн юм асуужээ. Тэд түүнд «Амьдралын үүсэл. Бодууштай таван асуулт», «Тохиолдлоор бий болсон уу?» гэсэн хоёр товхимол өгөв.

2 Нөгөө Гэрчүүдийг дараа ирэхэд Тонигийн үзэл бодол өөрчлөгдсөн байлаа. Хоёр товхимлоо үрчийтэл нь уншиж судалсан тэрээр: «Бурхан гэж байх л ёстой юм байна» гэжээ. Ингээд Библийн хичээл хийдэг болж, амьдралыг үзэх үзэл нь бага багаар өөрчлөгдлөө. Урьд нь сурлага муутай байсан бол одоо сургуулийнхаа шилдэг сурагч болох нь тэр! Захирал нь хүртэл гайхаж, «Чиний хандлага өөрчлөгдөж, сурлага чинь эрс сайжирсан. Еховагийн Гэрчүүдтэй уулздаг болсноос хойш ийм болсон уу?» гэж асуув. Тони ч тийм гэдгээ хэлээд, шинээр мэдсэн зүйлээсээ ярьж өгчээ. Сургуулиа амжилттай дүүргэсэн тэрээр одоо туслах үйлчлэгч, байнгын эхлэгчээр үйлчилж байна. Тони Ехова гэдэг халамжтай Эцэгтэй болсондоо маш их баярлаж явдаг ажээ (Дуу. 68:5).

ЕХОВАД ДУУЛГАВАРТАЙ БАЙВАЛ АМЖИЛТ ОЛНО

3. Ехова охид хөвгүүдэд юу гэж уриалдаг вэ?

3 Ехова хүүхдүүд та нарт үнэхээр санаа тавьдгийг Тонид тохиолдсон явдал харуулж байна. Ехова та нарыг жинхэнэ амжилт гаргаж, сэтгэл хангалуун амьдраасай гэж хүсдэг. Тийм ч учраас «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» гэж уриалдаг (Ном. 12:1). Энэ уриалгыг дагах нь амаргүй ч боломжгүй зүйл биш ээ. Та нар Бурхны дэмээр одоо төдийгүй насан туршдаа амжилт олно. Үүнийг сайн ойлгохын тулд Амласан газрыг эзэлсэн израйлчууд болон аварга Голиатыг ялсан Давидаас суралцацгаая.

4, 5. Израйлчууд Канааныг эзэлсэн, Давид Голиаттай тулалдсан явдлаас бид ямар чухал зүйлийг ойлгох хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 Израйлчуудыг Амласан газрын босгон дээр ирэхэд Ехова ямар заавар өгсөн бэ? Тулааны урлагийг сайн эзэмш, дайтахад бэлд гэсэн үү? Үгүй! (Д.хууль 28:1, 2). Харин тэд Еховад дуулгавартай байж, түүнд найдах ёстой болсон (Иош. 1:7–9). Хүний үзэл бодлын үүднээс авч үзвэл энэ нь утгагүй заавар юм. Гэвч үнэндээ хамгийн сайн зөвлөгөө байв. Учир нь Канаан нутагт амьдарч байсан олон үндэстнийг ялж, газар нутгийг нь эзлэн авахад Ехова ард түмэндээ тусалжээ (Иош. 24:11–13). Бурханд дуулгавартай байя гэвэл түүнд итгэх шаардлагатай болдог ч ийм итгэлтэй бол хэзээд амжилт олдог. Эрт үед ч тийм байсан, одоо ч хэвээрээ.

5 Бяр чадал ихтэй Голиат гэдэг цэрэг бараг 3 метр өндөр бас өвч зэвсэглэжээ (1 Сам. 17:4–7). Харин Давидад Бурханд итгэх итгэл дүүгүүр хоёроос өөр юу ч байсангүй. Еховад итгэдэггүй хүмүүс Давидыг тэнэг гэж бодсон нь мэдээж. Гэвч үнэндээ Голиат мунхаг байлаа (1 Сам. 17:48–51).

6. Энэ өгүүллээр юуг дэлгэрүүлж үзэх вэ?

6 Бидний амьдралыг жаргалтай, ажил үйлсийг бүтэмжтэй болгодог дөрвөн зүйлийг өмнөх өгүүллээр үзсэн. Тэдгээр нь, Бурхантай дотносоход тустай ном хэвлэл, хамгийн сайн анд нөхөд, утга учиртай зорилго, Бурхны ард түмний эдэлдэг эрх чөлөө юм. Энэ өгүүллээр эдгээрийг дэлгэрүүлж үзэхдээ 16-р дуулалд гардаг чухал зарчмуудыг анхааръя.

БҮТЭЭГЧЭЭ МЭДЭХ ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГААРАЙ

7. а) Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн ямар байдаг вэ? б) Давид юуг «хувь» гэсэн бэ? Давидын сэтгэл ямар байсан бэ?

7 Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн Бурханд бат итгэдэг бөгөөд аливаа зүйлд Бурхны үзэл бодлоор ханддаг. Еховагаар удирдуулж, үг тушаалыг нь цаг ямагт дагадаг (1 Кор. 2:12, 13). Тийм хүний нэг нь Давид байв. Тэрээр: «ЭЗЭН бол миний өвийн болон миний аяганы хувь юм» хэмээн дуулжээ (Дуу. 16:5). «Хувь» гэдэгт Бурхантай тогтоосон харьцаа оржээ. Тэрээр Еховад хоргоддог байсан (Дуу. 16:1). Тийм учраас «Миний зүрх баярлаж, алдар минь ч баясдаг» гэж бичжээ. Үнэндээ Бурхантай дотно байхаас илүү жаргал түүнд байгаагүй (Дуулал 16:9, 11-ийг уншина).

8. Яавал жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдрах вэ?

8 Тав тухтай, баян чинээлэг амьдрахыг голлон анхаардаг хүмүүс Давидын эдэлж байсан тэр баяр баясгаланг амсаж чаддаггүй (1 Тим. 6:9, 10). «Энэ амьдралаас юм олж авлаа гээд жаргадаггүй. Харин сайн сайхан бэлэг өгдөг Ехова Бурхандаа өгөхөөрөө жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун болдог» гэж канад Гэрч ярьсан юм (Яак. 1:17). Еховад улам бүр итгэж, түүнд үйлчилбэл чи утга учиртай, сэтгэл хангалуун амьдарна. Итгэлээ хэрхэн батжуулах вэ? Еховатай үргэлж хамт байгаарай. Яаж? Үгийг нь уншиж, бүтээлийг нь ажиглаж, зан чанарыг нь, ялангуяа чамайг гэсэн хайрыг нь эргэцүүлэн бодоорой (Ром 1:20; 5:8).

9. Давид шиг засарч өөрчлөгдье гэвэл яах хэрэгтэй вэ?

9 Бурхан халамжтай эцгийн адил, бидэнд заримдаа зааж зөвлөдөг. Энэ нь хайртайн шинж юм. Давид ийм зөвлөгөөг үнэлж эрхэмлэдэг байсан учраас «Надад зөвлөсөн ЭЗЭНийг би магтана. Шөнөөр ч оюун бодол минь намайг сургадаг» гэжээ (Дуу. 16:7). Тэрээр Бурхны үзэл бодлын талаар эргэцүүлэн бодоод өөрийн болгож, тэр дагуу засарч өөрчлөгддөг байжээ. Чи бас тэгдэг бол Бурхныг улам их хайрлаж, дуулгавартай байх хүсэл чинь оргилно. Мөн төлөвшсөн Гэрч болно. Кристин гэдэг Гэрч бүсгүй: «Уншиж судалснаа эргэцүүлэн бодохлоор Ехова надад л зориулж бичсэн юм шиг санагддаг» гэжээ.

10. Исаиа 26:3-т бичсэнээр, Бурхны агуу хүчээр удирдуулдаг бол ямар ач тус хүртэх вэ?

10 Хэрвээ чи Бурхны агуу хүчээр удирдуулбал энэ ертөнцийн одоо ба ирээдүйг Бурхан яаж хардаг вэ, тэгж л хардаг болно. Ехова чамд яагаад ийм гайхалтай мэдлэг болон ялгаж салгах чадварыг өгдөг юм бол? Амьдралд юу чухал болохыг мэдэж аваасай, зөв шийдвэр гаргадаг байгаасай, ирээдүйгээ итгэл төгс хараасай гэсэндээ л тэр шүү дээ! (Исаиа 26:3-ыг уншина). АНУ-д амьдардаг Жошуа гэдэг Гэрч: «Еховатай дотно байдаг бол юу чухал, юу чухал биш гэдгийг ялгаж салгаж чадна» гэжээ. Хэчнээн үнэн хэлж вэ!

ЖИНХЭНЭ НАЙЗ НӨХӨДТЭЙ БОЛООРОЙ

11. Давид найз нөхдөө яаж сонгодог байсан бэ?

11 Дуулал 16:3-ыг уншина. Давид жинхэнэ найзыг хаанаас олохоо мэддэг байжээ. Еховад хайртай хүмүүсийг найзаа болгож «баяр жаргал» эдэлдэг байлаа. Ёс суртахууны хувьд цэвэр ариун тэднийг Давид «ариун хүмүүс» гэсэн. Найзаа сонгох талаар Давидынхтай адил бодолтой өөр нэг дуулалч: «Би Танаас эмээдэг бүх хүн хийгээд Таны тушаалуудыг биелүүлдэг хүмүүсийн анд нөхөр юм» гэжээ (Дуу. 119:63). Еховаг хайрлаж, үг тушаалыг нь дагадаг хүмүүстэй чи бас найзалж болно шүү дээ. Гэхдээ тэд чамтай чацуу байх албагүй.

12. Давид Ионатан хоёр яагаад сайн найзууд болсон бэ?

12 Давид найзуудаа зөвхөн үе тэнгийнхнээсээ сонгоогүй. Чи Давидын дотнын найзуудын нэгийг санаж байна уу? Түүнийг Ионатан гэдэг. Ионатан Давид хоёрын нөхөрлөл бол Библид гардаг олон сайхан нөхөрлөлийн нэг юм. Ионатан Давидаас 30 орчим насаар ах байсныг чи мэдэх үү? Тэд яагаад сайн найзууд болсон бэ? Хоёулаа Бурханд бат итгэдэг, бие биеэ хүндэлдэг, нэг нэгнийхээ зан чанарыг үнэлдэг байжээ. Тухайлбал, хэн хэн нь Бурхны дайснуудтай зоригтой тулалддаг байв (1 Сам. 13:3; 14:13; 17:48–50; 18:1).

13. Яаж олон найзтай болох вэ? Жишээ хэлээрэй.

13 Давид Ионатан хоёрыг дуурайн, Еховаг хайрладаг, түүнд бат итгэдэг хүмүүстэй нөхөрлөж «баяр жаргал» эдлэх боломж бидэнд ч бий. Еховад олон жил үйлчилж байгаа Кира гэдэг эмэгтэй: «Ахуй соёлоороо ялгаатай орон орны олон найз надад бий» гэжээ. Чи бас олон найзтай болбол Библи болон Бурхны агуу хүч биднийг нэгэн гэр бүлд нэгтгэдгийг биеэрээ үзнэ.

УТГА УЧИРТАЙ ЗОРИЛГО ТАВИАРАЙ

14. а) Яавал утга учиртай зорилго тавих вэ? б) Зорилго тавих талаар зарим залуус юу гэж ярьсан бэ?

14 Дуулал 16:8-ыг уншина. Давидын хувьд хамгийн чухал зүйл нь Бурханд үйлчлэх байлаа. Чи бас Еховад юу таалагдахыг бодож байгаад зорилго тавивал жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна. Стивен гэдэг Гэрч эрэгтэй: «Зорилгодоо хүрэхийн төлөө мэрийгээд түүндээ хүрч, ямар ахиц гаргаснаа харах сайхан» гэж ярьсан. Гадаадад үйлчилж байгаа герман залуу: «“Хар амиа л бодож амьдарчээ” гэж өтөлсөн хойноо бодмооргүй л байна шүү» гэжээ. Чамд бас тэгж санагддаг уу? Тэгвэл авьяас чадвараа Бурхныг алдаршуулах, бусдад туслахад зориулаарай (Гал. 6:10). Еховад үйлчлэх зорилго тавиарай. Зорилгодоо хүрэхэд туслахыг гуйн залбираарай. Ехова залбиралд чинь заавал хариулна! (1 Ёох. 3:22; 5:14, 15).

15. Чи ямар зорилго тавьж болох вэ? ( «Тавьж болох зорилго» гэсэн хавсралтыг үзээрэй).

15 Ямар зорилго тавьж болох вэ? Цөөн хэдийг дурдвал, цуглаан дээр өөрийн үгээр хариулах, эхлэгч болох, Бетелд үйлчлэх байж болно. Эсвэл гадаад хэлний хэсэгт үйлчлэхийн тулд хэл сурч болно шүү дээ. Бүрэн цагаар үйлчилж буй Барак гэдэг залуу: «Еховад бүх хүчээ зориулж байгаагаа өглөө сэрэх болгондоо мэдрэх шиг сайхан юм байхгүй» гэжээ.

БУРХНЫ ӨГСӨН ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХЭМЛЭЭРЭЙ

16. Давид Еховагийн хууль зарчмыг хэрхэн үздэг байсан бэ? Яагаад?

16 Дуулал 16:2, 4-ийг уншина. Бурхны хууль зарчмын дагуу амьдарвал сайныг хайрлаж, мууг жигшихийн зэрэгцээ жинхэнэ эрх чөлөө эдэлдгийг өмнөх өгүүллээр үзсэн (Ам. 5:15). Сайн сайхны Эх булаг нь Ехова гэдгийг Давид онцолжээ. «Сайн сайхан» гэдгээр ёс суртахууны хувьд өө сэвгүй байхыг хэлдэг. Ехова бүх юмыг сайн сайхнаар хийдэг бөгөөд бидэнд байгаа сайн сайхан бүхэн Еховагаас ирдэг. Давид Еховаг дуурайхыг, хайрладаг зүйлийг нь хайрлаж сурахыг хамаг чадлаараа хичээдэг байв. Жигшдэг зүйлийг нь ч жигшиж сурчээ. Тэдгээрийн нэг нь шүтээн шүтэх явдал юм. Шүтээн шүтдэг хүн Еховаг ч, өөрийгөө ч доромжилдог (Ис. 2:8, 9; Илч. 4:11).

17, 18. а) Шүтээн шүтэх нь ямар аюултай гэж Давид хэлсэн бэ? б) Хүмүүсийн «гуниг зовлонгууд яагаад нэмэгддэг» вэ?

17 Библи бичигдэж байх үед садар самуун явдал их төлөв хуурамч шүтлэгтэй холбоотой байжээ (Хос. 4:13, 14). Хүмүүс биеийн жаргал эдлэх гэсэндээ шүтээн шүтдэг байв. Гэхдээ тэд жинхэнэ жаргал эдлээгүй. Давид: «Өөр бурханд хандагчдын гуниг зовлонгууд нэмэгдэнэ» гэсэн. Тэд бас тоо томшгүй олон хүүхдээр тахил өргөсөн (Ис. 57:5). Ехова тэдний энэ харгис үйл хэргийг жигшдэг байжээ (Иер. 7:31). Хэрэв чи тэр үед амьдарч байсан бол Еховаг шүтдэг эцэг эхтэйдээ ямар их баярлах байсан бол!

18 Садар самуун явдлыг, тэр байтугай ижил хүйстэнтэйгээ явалдахыг зөвтгөдөг шашин өнөө үед ч олон байна. Хүмүүс эрх чөлөө эдэлж байна гэж боддог ч үнэндээ тэдний «гуниг зовлонгууд нэмэгддэг» (1 Кор. 6:18, 19). Чи үүнийг анзаарсан байх. Тиймээс охид хөвгүүд ээ, тэнгэрийн Эцгийнхээ үгийг сонсоорой. Бурханд дуулгавартай байх нь та нарт л сайн гэдгийг амсаж үзээрэй. Садар самуун явдал ямар үр дагавартайг сайн бодоорой. Өчүүхэн таашаал авах боловч асар их хор хохирол амсана шүү! (Гал. 6:8). Дээр дурдсан Жошуа: «Эрх чөлөөгөө хүссэнээрээ эдэлж болно л доо. Гэхдээ буруу эдэлбэл сэтгэл хангалуун амьдрахгүй» гэжээ.

19, 20. Еховад итгэж, дуулгавартай байдаг охид хөвгүүд ямар ивээл хүртэх вэ?

19 Есүс: «Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол миний дагалдагч үнэхээр мөн бөгөөд үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлсэн (Ёох. 8:31, 32). Бид Еховагийн ачаар хуурамч шашин, харанхуй бүдүүлэг байдал, мухар сүсгээс чөлөөлөгдсөн. Ирээдүйд «Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ» (Ром 8:21). Христийн сургаалыг дагавал одоо ч энэ эрх чөлөөг амсах боломжтой. Ийнхүү «үнэнийг ойлгоно». Өөрөөр хэлбэл, үнэнийг мэдэж аваад зогсохгүй, үнэний дагуу амьдарна.

20 Охид хөвгүүд ээ, Бурхны өгдөг эрх чөлөөг эрхэмлэж, зөв эдлээрэй. Ингэвэл ирээдүйн амьдралынхаа эхлэлийг сайн тавина. Нэг Гэрч залуу: «Эрх чөлөөгөө эртнээс зөв эдлээд сурчихвал дараа нь ажил сонгох, гэрлэх эсвэл нэг хэсэгтээ ганц бие байх гэх зэргийн чухал асуудлыг шийдэх үед хэрэг болно» гэж ярьсан юм.

21. «Жинхэнэ амь» руу хөтөлдөг замаар тууштай явахын тулд яах хэрэгтэй вэ?

21 Сайхан мэт санагддаг өнөөгийн амьдрал тогтворгүй бөгөөд удаан үргэлжлэхгүй. Маргааш юу болохыг бид мэдэхгүй (Яак. 4:13, 14). Тиймээс «жинхэнэ амь» буюу мөнхийн амь руу хөтөлдөг замаар тууштай явах нь хамгийн зөв сонголт (1 Тим. 6:19). Бурхан биднийг энэ замаар явуулах гэж албаддаггүй. Хүн бүр яахаа өөрөө л шийднэ. Гэхдээ охид хөвгүүд та нар Еховаг өөрсдийнхөө «хувь» болгоорой. Бурхны өгсөн «сайн зүйлсийг» үнэлж эрхэмлэж яваарай (Дуу. 103:5). Ехова та нарыг «дүүрэн» баяр хөөртэй, «үүрд» аз жаргалтай амьдруулах нь дамжиггүй (Дуу. 16:11).