Skip to content

Гарчиг руу орох

«Диваажинд уулзъя!»

«Диваажинд уулзъя!»

«Чи надтай хамт Диваажинд байх болно» (ЛУК 23:43).

ДУУ: 19, 55

1, 2. Диваажинг хүмүүс юу гэж ойлгодог вэ?

СОЛОНГОСЫН Сөүл хотноо болсон чуулганд олон орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Чуулган дууссаны дараа тэднийг стадионоос гарах гэж байхад нутгийн Гэрчүүд гараараа даллангаа «Диваажинд уулзъя!» хэмээн хашхирч байлаа. Үнэхээр сэтгэл хөдөлгөм явдал болсон юм. Тэд ямар диваажингийн тухай хэлсэн бэ?

2 Диваажин гэхээр хүмүүс янз янзаар ойлгодог. Зарим нь уран сэтгэмж гэж хэлдэг. Зарим нь жаргалтай сайхан байгаа газраа диваажин гэдэг. Өлссөн хүн амттан шимттэн өрсөн ширээний ард суухаараа диваажинд байна гэж баярладаг. 19-р зууны нэгэн аялагч цэцэгсээр дүүрэн хөндийг харчихаад «Ёстой л диваажин байна даа!» хэмээн дуу алджээ. Жилд 15 метр цас унадаг тэр газрыг одоо ч Диваажин гэж нэрлэдэг. Та диваажинг юу гэж ойлгодог вэ? Диваажин болно гэдэгт итгэдэг үү?

3. Диваажингийн талаар Библийн ямар номд юу гэж бичсэн бэ?

3 Библид урьд нь байсан болон ирээдүйд бий болох диваажингийн тухай бичжээ. Хамгийн анх «Эхлэл» номд гардаг. Латин хэлнээс хөрвүүлсэн католикийн «Дүвэйн орчуулга»-ыг үзвэл Эхлэл 2:8-д «Эзэн Бурхан жаргал цэнгэлийн диваажинг анх байгуулаад, тэнд өөрийн бүтээсэн [Адамыг] аваачжээ» гэж байдаг (бичмэл–манай редакц). Еврей эхэд «Еден цэцэрлэг» гэдэг үг гардаг. Еден гэдэг нь «жаргал цэнгэл» гэсэн утгатай. Хоол хүнсээр элбэг дэлбэг, байгаль орчин нь үзэсгэлэнтэй, хүн араатан хоёр нь эв нэгдэлтэй тэр цэцэрлэг үнэхээр жаргалангийн орон байжээ (Эх. 1:29–31).

4. Еден цэцэрлэгийг яагаад диваажин гэж хэлж болох вэ?

4 «Цэцэрлэг» гэж орчуулдаг еврей үгийг грекээр парадэйсос гэдэг. «Маклинток Стронг нарын нэвтэрхий толь»-д энэ үгийг тайлбарлахдаа «Үзэсгэлэнт онгон байгальтай, цэнгэг усаар ундаалсан жимсний сүрлэг модтой, голын эргээр нь зээрийн сүрэг бэлчсэн, айх аюулгүй өргөн уудам цэцэрлэгт хүрээлэн» хэмээн тодорхойлоод, «Энэ бол грек хүний сэтгэлд буудаг дүр зураг юм» гэж бичжээ (Эхлэл 2:15, 16-тай харьцуулаарай).

5, 6. Адам Ева хоёр диваажинд амьдрах боломжоо яагаад алдсан бэ? Үүнээс үүдээд зарим хүн юу гэж асууж болох вэ?

5 Бурхан Адам Ева хоёрт ийм диваажинг бэлдэж өгсөн ч тэд тэнд удаан амьдраагүй. Яагаад? Бурхны үгэнд ороогүй. Үүний харгайгаар Адам Ева хоёр ч, үр удам нь ч диваажингаа алджээ (Эх. 3:23, 24). Хүн амьдрахаа больсон тэр цэцэрлэг Ноагийн үед болсон үерээр устаж үгүй болсон бололтой.

6 «Дэлхий дээр дахиад диваажин бий болох болов уу?» гэж зарим хүн асууж болох юм. Баримтаас юу мэдэж болох вэ? Та хайртай хүмүүстэйгээ диваажинд амьдарна гэж хүлээдэг бол найдварын тань үндэс юу вэ? Диваажин заавал болно гэхийн учрыг та тайлбарлаж чадах уу?

ДИВААЖИН БИЙ БОЛНО ГЭСЭН НОТОЛГОО

7, 8. а) Бурхан Абрахамд юу гэж амласан бэ? б) Бурхны амлалтыг сонсоод Абрахам юуны тухай бодсон байж болох вэ?

7 Диваажинг анх бий болгосон Бүтээгчийн номоос дээрх асуултуудын хариуг олж болно. Бурхан өөрийн найз Абрахамд юу гэж хэлснийг авч үзье. Ехова Абрахамын үр удмыг «далайн эргийн элс мэт асар олон болгоно» гэж хэлээд «Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно» хэмээн амлажээ (Эх. 22:17, 18). Энэ амлалтаа бас Абрахамын хүү болон ач хүүд нь хэлсэн (Эхлэл 26:4; 28:14-ийг уншина).

8 Абрахам тэнгэрт байдаг диваажинд амьдрах тухай бодсон болов уу? Үүнийг батлах баримт Библийн хаа ч байдаггүй. Тэгэхээр, «Газар дэлхийн бүх үндэстэн» ивээл хүртэнэ гэж Бурхныг хэлэхэд Абрахам дэлхий дээр л амьдрах тухай бодсон нь ойлгомжтой. Бурхан амласан учраас «газар дэлхийн бүх үндэстнийг» хамгийн сайхан амьдруулна гэсэн үг. Тэгвэл диваажин тэнгэрт биш, дэлхий дээр бий болно гэдгийг нотлох өөр нотолгоо Библид бий юү?

9, 10. Дэлхий диваажин болно гэж хүлээх ямар шалтгаан байдаг вэ?

9 Абрахамын үр удмын нэг болох Давид ирээдүйн тухай бичихдээ «бузар мууг үйлдэгчид», «хорон санаатан» үгүй болно гэсэн (Дуу. 37:1, 2, 10). Харин «даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» гэж бичжээ. Бас «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» гэсэн (Дуу. 37:11, 29; 2 Сам. 23:2). Бурхны хүсэл тааллын дагуу амьдардаг байсан хүмүүст эдгээр амлалт хэрхэн нөлөөлсөн бол? Хэзээ нэгэн цагт зөвхөн зөв шударга хүн дэлхий дээр амьдарна, дэлхий маань Еден цэцэрлэг шиг диваажин болно гэдэгт тэд итгэж байжээ.

10 Еховад үйлчилдэг гэж ярьдаг израйлчуудын ихэнх нь яваандаа Еховагаас, жинхэнэ шүтлэгээс нүүр буруулжээ. Тиймд Бурхан ард түмнээ вавилончуудын гарт өгсөн. Вавилончууд газар нутгийг нь сүйтгэж, олон хүнийг олзолжээ (Ш.дэд 36:15–21; Иер. 4:22–27). Гэхдээ Еховагийн ард түмэн 70 жилийн дараа нутагтаа буцаж ирэхийг зөнчид зөгнөсөн. Зөгнөл нь ч биелсэн. Энэ нь бидний ирээдүйтэй холбоотой. Заримыг нь авч үзэнгээ дэлхий диваажин болно гэдэгт анхаарлаа хандуулцгаая.

11. Исаиа 11:6–9 хэрхэн биелсэн бэ? Ямар асуултад хариулах шаардлагатай вэ?

11 Исаиа 11:6–9-ийг уншина. Израйлчуудыг буцаж ирэхэд нутаг нь амар жимэр болсон байна гэсэн зөгнөлийг Ехова Исаиагаар хэлүүлжээ. Араатан дайрах болов уу, хүмүүс довтлох болов уу гэж айх аюул байсангүй. Хөгшин залуугүй тайван амгалан амьдарсан. Энэ бүхэн Еден цэцэрлэгийг санагдуулж байгаа биз? (Ис. 51:3). Исаиа бас израйл үндэстэн төдийгүй, дэлхий тэр чигээрээ «ЭЗЭНий мэдлэгээр бялхана» гэж зөгнөжээ. Энэ нь «далай усаар дүүрдэгтэй» адил байх юм. Хэзээ ийм болох вэ?

12. а) Вавилоноос буцаж ирсэн израйлчууд ямар ивээл хүртсэн бэ? б) Исаиа 35:5–10 ирээдүйд бас биелнэ гэхийн учир юу вэ?

12 Исаиа 35:5–10-ыг уншина. Эх орондоо эргэж ирэгсдийг айлгах амьтан, хүн байхгүй гэж Исаиа дахин зөгнөснийг анхаараарай. Нутаг нь арвин их устай Еден цэцэрлэг шиг байсан учраас үр тариа, хоол хүнс элбэг дэлбэг байжээ (Эх. 2:10–14; Иер. 31:12). Энэ зөгнөл тэр үед л биелэх ёстой байсан уу? Сохор, догол, дүлий хүмүүс эдгэрнэ гэснийг анхаараарай. Вавилоноос чөлөөлөгдсөн израйлчууд нутагтаа буцаж ирээд ийм гайхамшиг үзээгүй. Тэгэхээр Бурхан бүх өвчин эмгэгийг ирээдүйд эдгээнэ гэсэн үг юм.

13, 14. Иудейчүүдийг нутагтаа буцаж ирэхэд Исаиа 65:21–23 хэрхэн биелсэн бэ? Энэ зөгнөлийн юу нь биелээгүй байгаа вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

13 Исаиа 65:21–23-ыг уншина. Иудейчүүдийг нутагтаа буцаж ирэхэд тохилог сууц, арвин ургацтай усан үзмийн болон тариан талбай угтаагүй. Харин Бурхан ивээсэн учраас яваандаа тийм болжээ. Тэд барьсан байшиндаа амьдарч, тарьсан ногоогоо идээд хэчнээн баяртай байсан бол оо!

14 Энэ зөгнөлийн нэг чухал хэсгийг анхааръя. Бидний өдрүүд «модны амьдрах хугацаа шиг» болох болов уу? Зарим төрлийн мод хэдэн мянган жилийн настай. Хүмүүс ийм урт наслахын тулд эрүүл байх ёстой. Бас Исаиагийн зөгнөсөн амар тайван, үзэсгэлэн төгөлдөр орчинд амьдрах ёстой. Үнэндээ энэ бол мөрөөдөл биш, ирээдүйд заавал биелэх зөгнөл юм!

Диваажингийн тухай Есүсийн амлалт биелэхэд дэлхий дэх амьдрал ямар болох вэ? (15, 16-р догол мөрийг үзээрэй)

15. «Исаиа» номд ирээдүйг хэрхэн зөгнөснийг товчхон ярина уу.

15 Дээрх зөгнөл биелэхэд дэлхий дэх амьдрал ямар болох бол? Дэлхий даяар Бурхны ивээлийг хүртсэн хүмүүс амьдарна. Араатан амьтан, харгис догшин хүн дайрна гэж хэн ч айхгүй. Сохор, дүлий, доголон хүмүүс эдгэрнэ. Бид орон гэрээ барьж, шим тэжээлтэй хоол хүнс тариална. Модноос ч урт насална. Ийм ирээдүй биднийг хүлээж байгааг Библид тодорхой бичсэн. Гэхдээ зарим хүн: «Энд дэлхий диваажин болно гэж бичээгүй л байна шүү дээ» гэж хэлж болох юм. Та юу гэж хариулах вэ? Дэлхий үнэхээр диваажин болно гэж хүсэн хүлээх ямар үндэс байна вэ? Эрт цагт амьдарч байсан хамгийн агуу хүн энэ үндсийг тавьсан билээ.

ТА ДИВААЖИНД БАЙХ БОЛНО!

16, 17. Есүс хэзээ диваажингийн тухай ярьсан бэ?

16 Есүс ямар ч буруугүй байсан атлаа яллагдан, шонд хадуулж амиа алдсан. Хоёр гэмт хэрэгтнийг Есүсийн баруун, зүүн талд бас шонд хаджээ. Тэдний нэг нь Есүсийг амьсгал хураахаас өмнө хаан гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд, «Есүс ээ, та Хаан болохлоороо намайг санаарай» хэмээжээ (Лук 23:39–42). Есүсийн хариулт танд ч бас хамаатай. Лук 23:43-т байдаг уг хариултыг зарим эрдэмтэн орчуулахдаа «өнөөдөр» гэдэг үгийн өмнө таслал тавьж, «Үнэхээр би чамд хэлье, өнөөдөр чи надтай хамт диваажинд байх болно» гэдэг. Таслалыг хаана тавих талаар хүмүүс янз янзын санал дэвшүүлдэг. Гэхдээ Есүс «өнөөдөр» гэж хэлэхдээ юу бодож байсан бэ?

17 Орчин цагийн олон хэлэнд өгүүлбэрийн утгыг гаргах, тодотгох зорилгоор таслалыг өргөн хэрэглэдэг. Харин эртний грек бичвэрүүдийг үзвэл цэг цэглэлийг ховорхон хэрэглэсэн байдаг. Тэгэхээр, «Есүс: “Би чамд хэлье, өнөөдөр чи надтай хамт диваажинд байх болно” гэж хэлсэн үү, эсвэл “Би чамд хэлье өнөөдөр, чи надтай хамт диваажинд байх болно” гэж хэлсэн үү?» гэсэн асуулт гарч ирнэ. Орчуулагчид таслалыг өөрсдийнхөө бодсоноор тавьдаг. Библийн орчуулгуудыг харвал дээрх хоёр хувилбарын аль аль нь байна.

18, 19. Есүсийн хэлсэн үгийг юу гэж ойлгох нь зөв бэ?

18 Гэхдээ Есүс урьд нь «Хүний Хүү газрын хэвлийд гурван өдөр, гурван шөнө байна» гэж дагалдагчдадаа хэлснийг санаарай. Бас «Хүний Хүү урвагчаас болж дайснуудын гарт орох ёстой юм. Дайснууд түүнийг алж, гурав дахь өдөр нь Бурхан амилуулна» гэсэн (Мат. 12:40; 16:21; 17:22, 23; Марк 10:34). Үнэхээр ийм явдал болсныг элч Петр тайлбарлажээ (Үйлс 10:39, 40). Тэгэхээр Есүс амьсгал хураасан тэр өдрөө гэмт хэрэгтэнтэй хамт диваажинд очоогүй. Тэрээр «Булшинд» буюу хадест хэдэн өдөр байжээ. Дараа нь Бурхан түүнийг амилуулсан (Үйлс 2:31, 32). *

19 Тэгэхээр Есүс гэмт хэрэгтэнд хариулахдаа «Үнэхээр би чамд хэлье өнөөдөр, ...» гэж яриагаа эхэлсэн байх нь ээ. Мосегийн үед ч ийм маягаар ярьдаг байв. Мосе: «Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлга» гэжээ (Д.хууль 6:6; 7:11; 8:1, 19; 30:15).

20. Бидний ойлголтыг батлах ямар баталгаанууд байдаг вэ?

20 Ойрх Дорнодын нэг орчуулагч Есүсийн хариултыг тайлбарлан: «Энэ зүйлд “өнөөдөр” гэдэг үгийг онцлох ёстой бөгөөд “Үнэхээр би чамд хэлье өнөөдөр, чи надтай хамт диваажинд байх болно” гэж унших нь зүйтэй. Есүс яг тэр өдөр амлалт өгсөн, тэр нь хожим биелэх учиртай. Энэ бол дорнын хүмүүсийн ярианы онцлог юм. Тодорхой нэг өдөр амлалт өгөөд, заавал биелүүлнэ гэдгээ ийм маягаар хэлдэг» гэжээ. МЭ 5-р зууны сири орчуулгад Есүсийн хариултыг «Амен, би өнөөдөр чамд хэлж байна, чи надтай хамт Еден цэцэрлэгт байх болно» хэмээн орчуулсан байдаг. Энэ амлалт бид бүхэнд урам зориг хайрладаг.

21. Тэр гэмт хэрэгтэн тэнгэрт амилах уу, дэлхий дээр амилах уу? Яагаад?

21 Есүс үнэнч элчүүдтэйгээ тэнгэрийн Хаант төрийн гэрээ байгуулсныг тэр гэмт хэрэгтэн мэдээгүй (Лук 22:29). Баптисм ч хүртээгүй (Ёох. 3:3–6, 12). Тэгэхээр Есүс түүнд дэлхий дээр бий болох диваажингийн тухай ярьсан гэж ойлгож болно. Түүнээс хойш олон жилийн дараа элч Паул «диваажинд» аваачигдсан нэгэн хүнийг үзсэн тухайгаа ярьсан байдаг (2 Кор. 12:1–4). Паул болон үнэнч элчүүд тэнгэрт гарч Есүстэй хамт төр барихаар сонгогдсон хүмүүс юм. Тэгсэн атлаа Паул ирээдүйд болох зүйлийг буюу ирээдүйн «диваажинг» дурдсан. * Энэ нь дэлхий дээр бий болох уу? Та тэнд байх уу?

ТА ТЭР ЦАГИЙГ ХҮЛЭЭХ ҮҮ?

22, 23. Та юуг хүсэн хүлээдэг вэ?

22 «Зөв шударга хүн газар нутгийг өвлөх» цагийг Давид зөгнөснийг санаарай (Дуу. 37:29; 2 Петр 3:13). Тэр үед дэлхийн бүх хүн Бурхны зарчмыг баримталж амьдрах ажээ. Исаиа 65:22-т «Миний ард түмний өдрүүд нь модны амьдрах хугацаа шиг болно» хэмээн зөгнөсөн. Өөрөөр хэлбэл, Еховад үйлчлэх хүмүүс шинэ ертөнцөд олон мянган жил амьдарна. Та тэр цагийг хүлээх үү? Тэгэлгүй яах вэ! Илчлэл 21:1–4-т бичсэнээр, Бурхан хүн төрөлхтнийг ивээж амласан бүхнээ биелүүлнэ. Тэдгээрийн нэг нь «Үхэл байхгүй болно» гэсэн амлалт юм.

23 Одоо ерөнхийд нь дүгнэе. Адам Ева хоёр диваажинд мөнх амьдрах боломжоо алдсан. Гэхдээ диваажин бүрмөсөн алдагдсан гэсэн үг биш. Бурхны амласнаар хүн төрөлхтөн ирээдүйд ивээл хүртэнэ. Даруу, зөв шударга хүмүүс дэлхийг өвлөж, мөнх амьдарна гэж Давид зөгнөсөн. «Исаиа» номд байдаг зөгнөлүүдийг харвал гайхалтай сайхан орчинд амьдрах ирээдүй биднийг хүлээж байна. Тэр цаг хэзээ болох вэ? Иудей гэмт хэрэгтэнд Есүсийн өгсөн амлалт биелэхэд болно. Та тэр диваажинд байх боломжтой. «Диваажинд уулзъя!» хэмээсэн солонгос Гэрчүүдийн үг тэр үед биелнэ.

^ д/м 18 Профессор Марвин Пэйтийн бичсэнийг үзвэл, Есүс нас барсан тэр өдөртөө буюу 24 цагийн дотор диваажинд очно гэж бодоод «өнөөдөр» гэдэг үгийг хэлсэн гэж эрдэмтэд үздэг ажээ. Профессорын бичсэнээр, энэ ойлголт Библид гардаг бусад үйл явдалтай, тухайлбал Есүс нас барсны дараа булшинд хэсэг байгаад, хожим нь тэнгэрт гарсан хэмээн Библид бичсэнтэй тохирдоггүйд гол асуудал байгаа юм (Мат. 12:40; Үйлс 2:31; Ром 10:7).

^ д/м 21 Энэ дугаарт нийтлэгдсэн «Уншигчдын асуулт» буланг үзнэ үү.