Skip to content

Гарчиг руу орох

Бурхны агуу хүчээр удирдуулсаар байцгаая

Бурхны агуу хүчээр удирдуулсаар байцгаая

«Бурхны агуу хүчээр үргэлж удирдуулцгаа» (ГАЛ. 5:16).

ДУУ: 136, 10

1, 2. Гэрч эрэгтэй ямар дутагдалтай байсан бэ? Дутагдлаа засахын тулд юү хийсэн бэ?

РООБЕРТ өсвөр насандаа баптисм хүртсэн ч Библийн үнэнийг тийм ч чухал гэж үздэггүй байв. Тэрээр: «Би ямар ч муу юм хийж байсангүй. Зүгээр л урсгалаар явдаг байсан. Цуглаан таслахгүй, хааяа туслах эхлэгчээр үйлчилнэ. Бурхантай дотно юм шиг харагддаг байв. Гэхдээ л нэг юм дутаад байлаа» гэж ярьсан юм.

2 Чухам юү вэ гэдгийг Рооберт гэрлэснийхээ дараа ч ойлгохгүй явжээ. Заримдаа эхнэртэйгээ Библийн сэдэвтэй асуулт хариултын тоглоом тоглодог байв. Эхнэр нь Еховатай их дотно тул асуултад ядах юмгүй хариулна. Харин Рооберт юү хэлэхээ мэдэхгүйгээсээ болоод дандаа ичгэвтэр байдалд орно. Тэрээр: «Би гэдэг хүн чинь юү ч мэдэхгүй юм байна шүү дээ гэж бодоод эхнэрийнхээ тэргүүн л юм бол ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэдгээ ойлгов» гэлээ. Бодсоноо ч хэрэгжүүлжээ. «Би Библийг судлаад л байсан, судлаад л байсан. Тэгтэл судалсан зүйлүүд маань хоорондоо уялдаж эхэлсэн. Би илүү их зүйлийг ойлгодог болов. Хамгийн гол нь Еховатай дотноссон» хэмээн Рооберт ярьсан.

3. а) Рообертын алдаанаас ямар сургамж авах вэ? б) Ямар чухал асуултуудыг авч үзэх вэ?

3 Рообертын алдаанаас сурах юм бий. Тодорхой хэмжээний Библийн мэдлэгтэй, цуглаанд тогтмол явдаг хүнийг Бурхны агуу хүчээр удирдуулдаг гэж дүгнэж болохгүй нь ээ. Ахиц гаргасан байлаа ч өөрийгөө шалгаад үзтэл илүү их сайжрах хэрэгтэй байж болох юм (Флп. 3:16). Байнга ахиж дэвшихийн тулд дараах гурван чухал асуултад хариулах хэрэгтэй. 1) Бурхны агуу хүчээр удирдуулдаг эсэхээ хэрхэн мэдэх вэ? 2) Бурхантай улам дотносохын тулд яах вэ? 3) Бурхантай дотно байх нь өдөр тутмын амьдралд ямар ач тустай вэ?

ӨӨРИЙГӨӨ ШАЛГАХ НЬ

4. Эфэс 4:23, 24-т хэнд зориулсан зөвлөгөө байдаг вэ?

4 Бид Бурханд үйлчилж эхлэхдээ олон юмаа өөрчилсөн билээ. Энэ өөрчлөлт амьдралд маань нөлөөлсөн. Баптисм хүртсэний дараа ч нөлөөлж байгаа. «Оюун ухаанаа байнга шинэчил» гэсэн зөвлөгөө Библид бий (Эф. 4:23, 24). Бид төгс бус учраас өөрчлөгдсөөр байх хэрэгтэй. Еховад олон жил үйлчилж байгаа хүн ч Еховатай тогтоосон харьцаагаа бат бэх байлгахыг үргэлж хичээх ёстой (Флп. 3:12, 13).

5. Өөрийгөө ямар асуултаар шалгаж болох вэ?

5 Ехова Бурхантайгаа цаг үргэлж дотно байхын тулд өөрийгөө шалгах хэрэгтэй. Та хөгшин залуу аль нь ч бай, дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би өөрийгөө Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн болж байна гэж дүгнэж чадах уу? Би Христийнхтэй адилхан зан чанартай болж байгаа юу? Цуглааны үед биеэ авч яваа байдал, юманд хандах хандлагыг маань хүмүүс хараад намайг Бурхантай дотно гэх болов уу? Хүмүүс миний яриаг сонсоод хүсэл сонирхлын минь талаар юү гэж дүгнэдэг бол? Судлах хэвшил, гадаад байдал, зөвлөгөөг яаж хүлээж авч байгаа минь миний талаар юү хэлдэг вэ? Хорхой хүргэм зүйл тулгарахад би яадаг вэ? Би Христ шиг төлөвшсөн хүн болж байгаа юу?» (Эф. 4:13). Хэр зэрэг ахиц гаргаж байгаагаа мэдэхэд эдгээр асуултын хариу тус болно.

6. Өөрийгөө шалгах өөр ямар арга байдаг вэ?

6 Бурхантай хэр дотно байгаагаа шалгахдаа зарим үед бусдаас тусламж авах хэрэгтэй. Паулын хэлснээр, нүгэлт хүсэлдээ захирагддаг хүн Бурхны таалалд нийцдэггүй гэдгээ ойлгодоггүй. Харин Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн аливаа асуудалд Бурхны үзэл бодлоор ханддаг. Махан биеийнхээ хүслээр явахыг Ехова таашаадаггүйг ойлгодог (1 Кор. 2:14–16; 3:1–3). Ахлагчид Христийнхтэй адил бодолтой учир итгэл нэгтнээ нүгэлт хүсэлдээ захирагдаж эхэлсэн даруйд нь анзаардаг. Хэрэв тэд танаас ийм зүйл олж хараад туслахыг хүсвэл та зөвлөгөөг нь хүлээж аваад ажил хэрэг болгох уу? Ингэвэл Бурхантай дотносохыг үнэхээр хүсдэгийн шинж болно (Ном. 7:5, 9).

БУРХАНТАЙ УЛАМ ДОТНОСОХ НЬ

7. Библийн мэдлэгтэй л болчихвол Бурхантай дотносчихно гэсэн үг биш гэхийн учир юү вэ?

7 Библийн мэдлэгтэй л болчихвол Бурхантай дотносчихно гэсэн үг биш ээ. Эртний Израйлын хаан Соломон Еховагийн тухай их зүйлийг мэддэг хүн байсан. Цэцэн мэргэн үгс нь хожмоо Библийн ном болсон билээ. Хэдий тийм байсан ч эцэстээ Еховад үнэнч биш болсон (Х.дээд 4:29, 30; 11:4–6). Тэгвэл Библийн мэдлэгээс өөр юү хэрэгтэй вэ? Итгэлээ үргэлж батжуулж байх нь маш чухал (Кол. 2:6, 7). Яаж?

8, 9. а) Итгэлээ батжуулъя гэвэл яах хэрэгтэй вэ? б) Ямар зорилгоор судалж, эргэцүүлэн бодох хэрэгтэй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

8 Паул нэгдүгээр зууны итгэл нэгтнүүддээ «Төлөвшихийн тулд зүтгэлтэй байя» хэмээн уриалжээ (Евр. 6:1). Паулын энэ уриалгыг дагахын тулд бид юү хийж болох вэ? «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номыг судлах нь нэг чухал арга юм. Библийн зарчмыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга ухааныг энэ ном хэлж өгдөг. Хэрэв энэ номыг судлаад дууссан бол итгэлээ батжуулахын тулд өөр хэвлэл судлаарай (Кол. 1:23). Судалсан зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар залбирч байгаад эргэцүүлэн бодоорой.

9 Еховаг баярлуулж, хууль тушаалыг нь дагах хүслээ улам бүр оргилуулах зорилгоор судалж, эргэцүүлэн бодоорой (Дуу. 40:8; 119:97). Үүний зэрэгцээ Бурхантай дотносоход саад болох аливаа бүхнээс татгалзаж сураарай (Тит 2:11, 12).

10. Охид хөвгүүд Бурхантай дотносохын тулд яах хэрэгтэй вэ?

10 Охид хөвгүүд ээ, та нар Бурханд үйлчлэх зорилго тавьсан уу? Нэг бетелчин баптисм хүртэх гэж байгаа охид хөвгүүдтэй чуулганы хөтөлбөр эхлэхээс өмнө ярилцаж, ямар зорилго тавьсныг нь асуудаг ажээ. Ирээдүйд Еховад яаж үйлчлэхээ сайтар бодсон хүүхэд олон байдаг гэнэ. Зарим нь Еховад бүрэн цагаар үйлчлэх юм уу дэлгэрүүлэгч хэрэгтэй газар очихоор төлөвлөсөн байдаг. Гэтэл асуултад хариулж чаддаггүй хүүхэд ч мэр сэр тааралджээ. Бурханд үйлчлэх зорилго тавих хэрэггүй гэж бодсон юм болов уу? Чи өөрөөсөө «Би аав ээжийнхээ хүслээр л цуглаан, дэлгэрүүлэх ажилд оролцдог уу? Эсвэл Бурхантай дотносох гэж өөрөө хичээдэг үү?» гэж асуугаарай. Зорилго тавиарай гэсэн зөвлөгөө зөвхөн охид хөвгүүдэд хамаатай юм биш ээ. Хүн бүр зорилго тавьдаг бол Еховатай улам дотносно (Ном. 12:1, 13).

11. а) Жинхэнэ ахиц гаргахын тулд яах хэрэгтэй вэ? б) Библид гардаг хэнийг дуурайх вэ?

11 Юугаа сайжруулах хэрэгтэйгээ мэдсэн бол зүгээр сууж болохгүй. Урагшаа давших хэрэгтэй. Бурхны агуу хүчээр удирдуулдаг болох нь маш чухал. Энэ нь үхэх сэхэхтэй холбоотой (Ром 8:6–8). Төлөвшинө гэдэг нь төгс болно гэсэн үг биш юм. Ахиц гаргахад Бурхны агуу хүчний тусламж хэрэгтэй ч бид өөрсдөө чармайх ёстой. Удирдах Зөвлөлийн гишүүн байсан Жон Баар ах Лук 13:24-ийг тайлбарлан: «Олон хүн хангалттай хичээл зүтгэл гаргадаггүй учраас [нарийн хаалгаар орж] чаддаггүй» гэжээ. Бид Иаков шиг байх хэрэгтэй. Тэрээр тэнгэрийн элчтэй барилдаж, ерөөлгөхөөс нааш тавьж явуулаагүй шүү дээ (Эх. 32:26–28). Библи судлах дуртай байлаа ч уран зохиолын номтой адилтгаж болохгүй. Бэлгэдлийн эрдэнэсийг олохын тулд нөр их хөдөлмөрлөх шаардлагатай.

12, 13. а) Ром 15:5-д бичсэн үгийг хэрэгжүүлэхэд юу туслах вэ? б) Элч Петрийн алдаанаас юу сурч болох вэ? Өгсөн зөвлөгөө нь ямар ач тустай вэ? в) Бурхантай улам дотносохын тулд яах хэрэгтэй вэ? (« Бурхантай дотносох алхмууд» гэсэн хавсралтыг үзээрэй).

12 Бурхантай дотно болох гэж хичээх тусам агуу хүч тусална. Агуу хүчний нөлөөгөөр, аажим аажмаар «Христ Есүс шиг хандлагатай» болно (Ром 15:5). Бас махан биеийн хүслээ таягдан хаяж, Бурханд таалагддаг зан чанартай болно (Гал. 5:16, 22, 23). Хэрвээ эд хөрөнгө, зугаа цэнгэлийг голлон анхаардгаа анзаарсан бол яах вэ? Бууж өгч болохгүй. Агуу хүчийг нь Еховагаас гуйгаад л байх хэрэгтэй. Тэгвэл Ехова зөв зохистой зүйлийг анхаардаг болоход маань тусална (Лук 11:13). Элч Петрийг санаарай. Тэрээр цаг ямагт Христ шиг боддог байгаагүй (Мат. 16:22, 23; Лук 22:34, 54–62; Гал. 2:11–14). Гэхдээ бууж өгөөгүй. Яваандаа Бурхны тусламжаар Христ шиг бодож сурсан. Бид ч бас чадна.

13 Петр хожим нь бидэнд хэрэгтэй зан чанаруудыг тоочин бичжээ (2 Петр 1:5–8-ыг уншина). Биеэ захирдаг, тэвчээртэй, ах дүүгээ гэсэн сэтгэлтэй болохын тулд «хамаг хүчээ дайчилдаг» байх хэрэгтэй. Ингэвэл урагшаа давшина. Өдөр бүр өөрөөсөө «Бурхантай улам дотносохын тулд би өнөөдөр ямар дутагдлаа засахыг хичээх нь зүйтэй вэ?» гэж асууцгаая.

БИБЛИЙН ЗАРЧМЫГ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛД БАРИМТЛАХ НЬ

14. Христ шиг боддог байх нь ямар ач холбогдолтой вэ?

14 Христ шиг боддог болбол ажил сургууль дээр биеэ зохистой авч явна, үг яриагаа хянана, аар саар асуудлыг зөв шийднэ. Энэ нь Христийн дагалдагч байхыг хичээдгийн шинж юм. Бид агуу хүчээр удирдуулдаг учраас тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон харьцаандаа өчүүхэн төдий ч сэв суулгахгүй байхыг хичээдэг. Бурхантай дотно хүн хорхой хүргэм зүйл тулгармагц нүүр буруулдаг. Шийдвэр гаргахаасаа өмнө түр азнаад «Библийн ямар зарчим тус болох вэ? Христ ийм үед яаж шийдэх байсан бол? Ямар шийдвэр гаргавал Ехова баярлах вэ?» гэж бодно. Дандаа ингэж боддог болохын тулд хэдэн жишээ авч үзье. Тухай бүрд нь зөв шийдэхэд Библийн ямар зарчим тус болохыг бодъё.

15, 16. Христтэй адил бодолтой байх нь а) ханиа, б) найз нөхдөө сонгоход ямар ач тустай вэ?

15 Ханиа сонгох. 2 Коринт 6:14, 15-д байдаг зарчмыг анхаараарай (уншина). Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн нүгэлт хүсэлдээ захирагддаг хүнээс тэс өөр байдаг нь Паулын бичсэн энэ үгнээс тодорхой харагддаг. Энэ зарчмыг баримталдаг бол ямар хүнийг амьдралын ханиа болгох вэ?

16 Найз нөхдөө сонгох. 1 Коринт 15:33-т байдаг зарчмыг анхаараарай (уншина). Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн итгэлээ батжуулахад саад болох хүнтэй нөхөрлөдөггүй. Тийм учраас «Олон нийтийн сүлжээ ашиглахад, танихгүй хүнтэй онлаинаар тоглох эсэхээ шийдэхэд энэ зарчим тус болох уу?» гэх зэрэг асуултыг өөрөөсөө асууна.

Бурхантай дотносохын тулд ямар шийдвэр гаргах вэ? (17-р догол мөрийг үзээрэй)

17-19. а) Үр ашиггүй үйл хэрэгт оролцохгүй байхад, б) зорилго тавихад, в) маргааныг шийдэхэд юу туслах вэ? Яагаад?

17 Бурхантай дотносоход саад болдог үйл хэрэг. Еврей 6:1-д маш чухал сануулга байдаг (уншина). «Үр дүнгүй юм» гэж юү вэ? Бурхантай дотно, бат итгэлтэй болоход саад болдог, ямар ч ашиггүй бүхнийг хэлнэ. «Энэ үйл хэрэгт оролцох нь ашигтай юу, ашиггүй юү? Бизнесийн энэ саналыг хүлээж авах хэрэг байна уу? Нийгмийг өөрчлөх хөдөлгөөнд би яагаад оролцох ёсгүй вэ?» гэх зэргийн асуултад хариулахад энэ зарчим тус болно.

Бурханд үйлчлэх зорилго тавихын тулд ямар шийдвэр гаргах вэ? (18-р догол мөрийг үзээрэй)

18 Бурханд үйлчлэх зорилго. Есүс уулан дээр сургаал айлдахдаа зорилго тавиарай гэсэн заавар өгчээ (Мат. 6:33). Бурханд үйлчлэхийг голлон анхаардаг хүн Хаант төрийг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг. Энэ зарчим дараах асуултад хариулахад тус болно: «Дунд сургуулиа төгсөөд их сургуульд сурах хэрэг байна уу? Энэ ажлын саналыг хүлээж авах уу, яах вэ?».

Бусадтай эвтэй байхын тулд ямар шийдвэр гаргах вэ? (19-р догол мөрийг үзээрэй)

19 Маргаан. Ром дахь хурлынханд өгсөн Паулын зөвлөгөө маргааныг шийдэхэд тустай (Ром 12:18). Бид Христийн дагалдагчид учраас «бүх хүнтэй эвтэй байхыг» хичээх ёстой. Үл ойлголцол гарвал яах вэ? Буулт хийхэд хэцүү юү? Эв эеийг эрхэмлэхийг хичээдэг үү? (Яак. 3:18).

20. Та яагаад Бурхны агуу хүчээр удирдуулахаар шийдсэн бэ?

20 Бурхны агуу хүчээр удирдуулдаг хүн Библийн зарчмыг эргэцүүлэн бодоод зөв шийдвэр гаргадгийг батлах хэдэн жишээ үзлээ. Хэрэв бид Христтэй адилхан бодолтой бол өдөр бүр жаргалтай, сэтгэл хангалуун байна. Өгүүллийн эхэнд гарсан Рооберт: «Би Еховатай жинхэнэ ёсоор дотноссоноосоо хойш урьдынхаасаа илүү сайн нөхөр, сайн аав, сэтгэл хангалуун, жаргалтай хүн болсон» гэж хэлжээ. Бурхны агуу хүчээр удирдуулахыг үргэлж хичээвэл та бас ивээл хүртэнэ. Тэгээд одоо ч, «жинхэнэ амьтай» болохоороо ч сэтгэл хангалуун байна (1 Тим. 6:19).