Skip to content

Гарчиг руу орох

Ноа Даниел Иов нар шиг үнэнч, дуулгавартай байцгаая

Ноа Даниел Иов нар шиг үнэнч, дуулгавартай байцгаая

«Ноа, Даниел болон Иов нар ... өөрсдийнхөө зөвт байдлаар тэд өөрсдийгөө л аварч чадах байсан» (ЕЗЕ. 14:14).

ДУУ: 120, 54

1, 2. а) Ноа Даниел Иов нарын жишээг судлахаар яагаад урамшин зоригждог вэ? б) Езекиел 14:14-ийг бичиж байх үед нөхцөл байдал ямар байсан бэ?

ӨВЧИН хууч, мөнгө төгрөгний гачаал, хавчлага шахалт гээд хэцүү асуудал танд тулгарч байна уу? Еховадаа үргэлж баяр хөөртэй үйлчлэхэд заримдаа амаргүй санагддаг уу? Тийм бол Ноа Даниел Иов нарын жишээг судалж урамшин зоригжоорой. Тэд төгс бус хүмүүс байсан. Бидэнд тулгардаг бэрхшээл тэдэнд ч тулгарсан. Тэр байтугай амь насанд нь аюул учирч явжээ. Гэсэн хэдий ч Еховад үнэнч байсан. Ехова тэднийг итгэлтэй, дуулгавартай байх талаар үлгэр дуурайл болсон хүмүүс гэж үзсэн (Езекиел 14:12–14-ийг уншина).

2 Езекиел энэ өгүүллийн үндэс болсон зүйлийг МЭӨ 612 онд Вавилонд байхдаа бичжээ * (Езе. 1:1; 8:1). Зөгнөсөн ёсоор, тэрслүү Иерусалим МЭӨ 607 онд устгагдах гэж байлаа. Ноа Даниел Иов нар шиг үнэнч, дуулгавартай хүн тун цөөхөн байсан бөгөөд тэд л сүйрлийг эсэн мэнд давсан юм (Езе. 9:1–5). Тэдний тоонд Иеремиа, Барух, Ебед-мелех болон рехабчууд ордог.

3. Энэ өгүүллээр юү үзэх вэ?

3 Өнөөдөр ч бас Ноа Даниел Иов нар шиг зөв шударга гэж тооцогддог хүмүүс энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давна (Илч. 7:9, 14). Ехова энэ гурван хүнийг зөв юм хийдэг үлгэр жишээ хүмүүс гэж үзсэний учрыг ярилцъя. Хүн тус бүрийн тухай авч үзэхдээ 1) ямар бэрхшээл тулгарч байсныг, 2) яавал тэдэн шиг үнэнч, дуулгавартай болохыг анхаарцгаая.

НОА ЕСӨН ЗУУНЫ ТУРШ ҮНЭНЧ, ДУУЛГАВАРТАЙ БАЙСАН

4, 5. Ноад ямар бэрхшээл тулгарч байсан бэ? Бэрхшээлийг тэвчсэн нь яагаад гайхалтай вэ?

4 Ноад тулгарсан бэрхшээл. Ноагийн элэнц эцэг Енохын үед хүмүүс бузар булай бүхнийг хийдэг болсон байв. Түүгээр ч барахгүй, Еховаг «доромжлон ярьдаг» байжээ (Юуд. 14, 15). Хүчирхийлэл гаарсаар Ноагийн үед «дэлхий хүчирхийллээр дүүрэв». Хүн биетэй болон хувирсан санаа муут тэнгэрийн элчүүд эмэгтэйчүүдийг эхнэр болгон авчээ. Тэдний дундаас төрсөн хүүхдүүд зэрлэг балмад хүмүүс болцгоосон (Эх. 6:2–4, 11, 12). Харин Ноа тэднээс тэс ондоо хүн байлаа. «Ноа ЭЗЭНий мэлмийд тааллыг олжээ. ... Ноа бол зөв шударга, өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв. Тэрээр Бурхантай хамт» явсан (Эх. 6:8–10).

5 Эндээс Ноагийн тухай юү мэдэж болох вэ? Нэгдүгээрт, Ноа үерээс өмнөх бузар муу ертөнцөд Бурхантай хамт хэр удаан явсныг бод доо. Өнөөгийн хүмүүс шиг 70, 80-хан жил биш, бүхэл бүтэн 600 жил амьдарсан! (Эх. 7:11). Хоёрдугаарт, Ноад тусалж дэмжих, урамшуулан зоригжуулах хурал, итгэл нэгтнүүд гэж байгаагүй. Төрсөн ах эгч дүү нар нь ч тус дэм болж байгаагүй бололтой. *

6. Ноа зоригтой байсан нь юунаас харагддаг вэ?

6 Ноа амьдралаа сайн сайхан авч яваад зогсоогүй, Еховад итгэдгээ олон түмэнд зоригтой хэлдэг байсан. Библид түүний тухай бичихдээ «шударга сайныг тунхагласан» гэжээ (2 Петр 2:5). «Ноа ийн итгэснээрээ ертөнцийг буруутгасан» гэж элч Паул хэлсэн (Евр. 11:7). Үүнээс болоод хүмүүс түүнийг дооглон тохуурхаж, эсэргүүцэн хавчиж, тэр ч бүү хэл хүч хэрэглэнэ гэж айлган сүрдүүлж байсан байх. Гэвч Ноа хүнээс айгаагүй (Сур. 29:25). Ехова энэ үнэнч үйлчлэгчээ зоригтой болгосон.

7. Хөвөгч авдар хийх үед Ноад ямар бэрхшээл тулгарсан бэ?

7 Ноа Еховатай хамт яваад 500 гаруй жил болсон байлаа. Тэгтэл Ехова Ноад хүн амьтныг үерээс аврахын тулд хөвөгч авдар хий гэсэн даалгавар өгчээ (Эх. 5:32; 6:14). Хийх ёстой авдар нь нүсэр том байсан учраас үнэхээр хэцүү ажил байлаа. Хүмүүс бүр ч их шоолж, эсэргүүцнэ гэдгийг Ноа мэдэж байсан нь эргэлзээгүй. Гэсэн ч тэрээр итгэлтэй, дуулгавартай байсан тул «бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» (Эх. 6:22).

8. Гэр бүлээ тэжээхэд Ехова тусална гэдэгт Ноа итгэж найддаг байсан нь юунаас харагддаг вэ?

8 Ноа энэ бүх ажлын хажуугаар эхнэр хүүхдээ тэжээх ёстой байв. Үерээс өмнө хүмүүс ногоо тарьж ургуулахын тулд нөр их хөдөлмөрлөдөг байсан. Ноа ч энэ үүргээс чөлөөлөгдөөгүй нь мэдээж (Эх. 5:28, 29). Гэхдээ Еховад үйлчлэхийг амьдралынхаа хамгийн чухал зүйл гэж боддог байв. Хөвөгч авдрыг 40–50 жил хийхдээ Еховаг л голлон анхаарчээ. Үерээс хойш 350 жил амьдрахдаа ч ийм л байсан (Эх. 9:28). Үнэнч, дуулгавартай байх талаар ямар сайхан жишээ үлдээгээ вэ!

9, 10. а) Үнэнч, дуулгавартай Ноаг хэрхэн дуурайх вэ? б) Еховагийн тогтоосон хэм хэмжээг баримталдаг хүн юунд итгэлтэй байж болох вэ?

9 Үнэнч, дуулгавартай Ноаг хэрхэн дуурайх вэ? Еховагийн зөв гэснийг баримталж, Сатаны ертөнцөөс ангид байж, Хаант төрийн үйл хэргийг эн тэргүүнд тавих хэрэгтэй (Мат. 6:33; Ёох. 15:19). Амьдралын маань хэв маягийг энэ ертөнцийнхөн таалахгүй нь мэдээж. Жишээ нь секс, гэрлэлтийн тухай Бурхны хуулийг чанд сахидгаас маань болоод зарим оронд биднийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр муу хэлдэг (Малахи 3:17, 18-ыг уншина). Гэхдээ бид хүнээс биш, Еховагаас эмээдгээрээ Ноатай адилхан. Еховагаас өөр хэн ч мөнхийн амь өгч чадахгүйг бид мэддэг (Лук 12:4, 5).

10 Тэгвэл таны тухайд юү хэлж болох вэ? Та олны элэг доог, шүүмжлэлийн бай болж байсан ч, мөнгө төгрөгөөр гачигдаж байсан ч «Бурхантай хамт» явах уу? Хэрэв та Ноа шиг үнэнч, дуулгавартай байдаг бол Ехова санаа тавина гэдэгт эргэлзэх хэрэггүй (Флп. 4:6, 7).

БУСАРМАГ ЯВДЛААР ДҮҮРСЭН ХОТ БА ҮНЭНЧ, ДУУЛГАВАРТАЙ ДАНИЕЛ

11. Даниел ба гурван найзад нь ямар бэрхшээл тулгарсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

11 Даниелд тулгарсан бэрхшээл. Даниел вавилончуудад олзлогдож хиймэл шүтээн, ид шид, мэргэ төлгөөр дүүрсэн Вавилон хотод арга буюу амьдрах болжээ. Вавилончууд иудейчүүдийг доромжлон, Ехова Бурхныг басамжилдаг байв (Дуу. 137:1, 3). Даниел нарын үнэнч иудейчүүдийн сэтгэл хэчнээн их өвддөг байсан бол оо! Түүнээс гадна Даниел Хананиа Мишаел Азариа нарыг хаанд үйлчлүүлэхээр бэлтгэж байгаа нь олны анхаарлын төвд байв. Бас тэд Еховагийн хориглодог хоол хүнсийг идэх ёстой болсон. Гэхдээ Даниел «хааны амттан шимттэнээс ... хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж» шийджээ (Дан. 1:5–8, 14–17).

12. а) Даниел ямар хүн бэ? б) Ехова Даниелыг хэрхэн үздэг вэ?

12 Ховорхон авьяастай Даниелд онцгой эрх дарх эдлүүлэхээр болжээ. Энэ нь илүү ярвигтай сорилт байсан байх (Дан. 1:19, 20). Гэлээ ч Даниел биеэ тоогоогүй. Харин ч урьдын адил даруу, дөлгөөн байсан. Амжилт олох бүрдээ Еховаг магтан алдаршуулдаг байв (Дан. 2:30). Ехова түүнийг бага залуу гэж гололгүй, зөв шударга байх талаар үлгэр дуурайл болсон Ноа Иов нартай адилтгасан. Даниел Еховагийн итгэл найдварыг хөсөрдүүлсэн үү? Огтхон ч үгүй! Тэрээр насан туршдаа Бурханд үнэнч, дуулгавартай байсан. Бурхны тэнгэрийн элч 100 орчим настай Даниелыг «Ихэд хүндлэгддэг Даниел аа» хэмээн дотночлон дууджээ (Дан. 10:11).

13. Ехова Даниелыг дээгүүр албан тушаалд дэвшүүлсэн нь ямар учиртай вэ?

13 Даниел Вавилоны үед ч, Меде Персийн үед ч дээгүүр алба хашиж явсан нь Бурхны ивээл байсан (Дан. 1:21; 6:1, 2). Ехова ард түмэндээ туслахын тулд ийнхүү зохицуулсан байж болох юм. Үүнээс бүр өмнө Египетэд Иосеф, Персэд Естер Мордехаи нар дээгүүр албан тушаалд томилогдоход Ехова гар бие оролцсон билээ * (Дан. 2:48). Ехова тусалж байгааг олзлогдсон иудейчүүд, түүний дотор Езекиел зэрэг хүмүүс мэдээд хэчнээн их тайвширсан бол оо!

Ехова үнэнч хүмүүсийг ихэд хүндэлж, үнэ цэнтэйд тооцдог (14, 15-р догол мөрийг үзээрэй)

14, 15. а) Бидний нөхцөл байдал Даниелынхтай юугаараа адилхан бэ? б) Эцэг эхчүүд Даниелын аав ээжээс юу сурч болох вэ?

14 Үнэнч, дуулгавартай Даниелыг хэрхэн дуурайх вэ? Энэ ертөнц хуурамч шүтлэг, ёс журамгүй явдлаар дүүрчээ. Хүмүүс «чөтгөрүүдийн нутагладаг газар» гэгддэг Агуу Вавилон буюу хуурамч шашнуудын нөлөөнд автсан (Илч. 18:2). Бид энэ ертөнцөд гадны хүн шиг л амьдардаг. Тиймдээ ч бусдаас ялгарч, олны доог тохуу болох нь бий (Марк 13:13). Гэлээ ч гэсэн Даниелыг дуурайн Ехова Бурхантайгаа улам дотносоорой. Даруу, дуулгавартай байж Бурханд найдвал Даниел шиг ихэд хүндлэгдэж, үнэ цэнтэйд тооцогдоно (Хаг. 2:7, ШЕ).

15 Эцэг эхчүүд Даниелын эцэг эхээс суралцаж болно. Даниелыг бага байхад Иуда бузар булайн үүр болсон байв. Гэлээ ч Даниел Еховаг хайрладаг хүн болон өсжээ. Гэв гэнэтхэн ийм болоогүй. Эцэг эх нь сайн сургасан байж таарна (Сур. 22:6). «Бурхан бол миний Шүүгч» гэсэн утгатай Даниел гэдэг нэр өгснийг харахад эцэг эх нь Бурхнаас эмээдэг хүмүүс байжээ. Эцэг эхчүүд ээ, хүүхдээ хүмүүжүүлэхдээ бүү цөхрөөрэй, тэвчээртэй заагаарай (Эф. 6:4). Хүүхэдтэйгээ хамт залбираарай. Хүүхдийнхээ төлөө залбираарай. Еховагийн хууль тушаалыг эрхэмлэдэг болгохын тулд чадах бүхнээ хийгээрэй. Ингэдэг бол Ехова ивээх нь дамжиггүй (Дуу. 37:5).

ИОВ ЯМАР Ч ҮЕД ҮНЭНЧ, ДУУЛГАВАРТАЙ БАЙСАН

16, 17. Иов ямар амьдрал үзсэн бэ?

16 Иовд тулгарсан бэрхшээл. Иов бол юм юм үзсэн хүн. Тэрээр «дорнын бүх хүмүүсийн дундаас хамгийн агуу нэгэн байжээ» (Иов 1:3). Баян чинээлэг, алдар суутай, олонд хүндлэгддэг хүн байлаа (Иов 29:7–16). Гэсэн ч тэрээр өөрийгөө бусдаас дээгүүр тавиагүй, Бурхныг үл ойшоогоогүй. Ехова түүнийг «Миний боол» хэмээгээд «Түүн шиг Бурханаас эмээдэг, бузар муугаас зайлдаг, гэм зэмгүй, шулуун шударга хүн газар дэлхий дээр ганц ч алга» гэсэн (Иов 1:8).

17 Иовын амьдрал нүд ирмэхийн зуур орвонгоороо эргэжээ. Хамаг юмаа алдаж, сэтгэл санаагаар унаад үхэхийг хүссэн. Сатанаас болоод ийм байдалд орсныг бид мэднэ. Иов ашиг харж Бурхныг шүтдэг гэж Сатан гүтгэсэн (Иов 1:9, 10-ыг уншина). Ехова үүнийг тоохгүй орхиогүй! Ингэснээр цэвэр ариун сэтгэлээр, хайрын үүднээс Бурхныг шүтдэгээ батлах боломж Иовд олдсон.

18. а) Та Иовын юүг биширдэг вэ? б) Иовд тохиолдсон явдлаас Еховагийн тухай юү мэдэж болох вэ?

18 Сатан Иовыг олон удаа сорьж зовоохдоо энэ бүхний буруутан нь Бурхан гэсэн бодол төрүүлэх зорилго өвөрлөжээ (Иов 1:13–21). Дараа нь хуурамч гурван тайтгаруулагч ирж Иовыг хатуу ширүүн үгээр буруутган, Бурхны шийтгэлийг хүлээж байна гэж хэлдэг (Иов 2:11; 22:1, 5–10). Гэлээ ч Иов Еховад үнэнч хэвээрээ байсан. Хааяа гоомой үг хэлж байсан нь үнэн. Гэхдээ Ехова Иовын зовлонг ойлгож байв (Иов 6:1–3). Энэ хүн ихэд зовж шаналсан ч өөрөөс нь нүүр буруулаагүйг Ехова олж харжээ. Иов Сатанаас болж хэчнээн зовсон ч Бурхнаа орхиогүй. Соригдож дуусахаар нь Ехова түүнд байсан бүхнээс нь хоёр дахин илүүг өгч, насыг нь 140 жилээр уртасгасан (Яак. 5:11). Иов үхэн үхтэлээ үнэнч үйлчилжээ. Яагаад ингэж хэлж болох вэ? Энэ өгүүллийн үндэс болсон Библийн зүйлийг Езекиел Иовыг нас барснаас хойш олон зууны дараа бичжээ.

19, 20. а) Үнэнч, дуулгавартай Иовыг хэрхэн дуурайх вэ? б) Хүмүүстэй харьцахдаа өрөвч Бурхнаа хэрхэн дуурайх вэ?

19 Үнэнч, дуулгавартай Иовыг хэрхэн дуурайх вэ? Нөхцөл байдлаас шалтгаалахгүйгээр Еховаг цаг үргэлж эн тэргүүнд тавьж, түүнд бүрэн найдаж, чин сэтгэлээсээ дуулгавартай байцгаая. Бид Иовыг бодвол Сатаны талаар их юм мэднэ. Арга залийг нь ч мэднэ. Тийм учраас үнэнч, дуулгавартай байх бүрэн үндэс бидэнд бий (2 Кор. 2:11). Бурхан яагаад зовлон зүдүүрийг арилгадаггүйг бид «Иов» номноос мэдсэн. Бурхны Хаант төр бол Христ Есүс тэргүүтэй бодит засгийн газар гэдгийг Даниелын зөгнөлөөс ойлгодог (Дан. 7:13, 14). Энэ Хаант төр бүх зовлонг удахгүй арилгахыг ч мэддэг.

20 Зовж буй итгэл нэгтнээ ойлгож өрөвдөх хэрэгтэйг Иовын түүх бас онцолдог. Итгэл нэгтэн маань заримдаа Иов шиг гоомой үг хэлчихдэг (Ном. 7:7). Тэднийг шүүмжлэхийн оронд ойлгохыг хичээцгээе. Тэгдэг бол хайр халамжтай, энэрэнгүй Эцэг Еховагаа дуурайж байгаа хэрэг болно (Дуу. 103:8).

ЕХОВА «ТА НАРЫГ БАТЖУУЛНА»

21. Ноа Даниел Иов нарын түүх 1 Петр 5:10-ыг санагдуулдаг гэхийн учир юү вэ?

21 Ноа Даниел Иов нарын амьдарч байсан цаг үе, нөхцөл байдал өөр өөр байсан ч тулгарсан бэрхшээлийг бүгдээрээ даван туулсан. Тэдний түүх элч Петрийн хэлсэн үгийг санагдуулдаг. «Нигүүлслээр бялхам Бурхан түр зуур зовсны тань дараа бүрэн гүйцэд сургана. Бурхан та нарыг батжуулна, үнэнч бөгөөд тууштай байхад тусална» гэж Петр бичжээ (1 Петр 5:10).

22. Дараагийн өгүүллээр юү үзэх вэ?

22 Ехова үйлчлэгчдээ үнэнч, тууштай болгохоо амладаг. Петрээр бичүүлсэн тэр үг орчин үеийн ард түмэнд нь ч хамаатай. Ехова биднийг батжуулаасай, үнэнч тууштай байхад туслаасай гэж бид бүгдээрээ хүсдэг. Тиймээс үнэнч, дуулгавартай Ноа Даниел Иов гурвыг дуурайцгаая! Энэ гурван хүн Еховаг маш сайн мэддэг учраас үнэнч байжээ. Үүнийг дараагийн өгүүллээр үзье. Тэд Бурхны хүслийг ойлгодог байжээ (Сур. 28:5). Бид ч бас ойлгож чадна.

^ д/м 2 Езекиел МЭӨ 617 онд Вавилонд олзлогдсон. Түүнээс хойш «зургаа дахь жил»-д буюу МЭӨ 612 онд Езекиел 8:1—19:14-ийг бичжээ.

^ д/м 5 Ноагийн эцэг, Бурхнаас эмээгч Ламех үер болохоос таван жилийн өмнө нас баржээ. Үер болох үед ээж, ах эгч, дүү нар нь байсан бол эсэн мэнд үлдээгүй гэсэн үг.

^ д/м 13 Даниелын гурван найз мужийн захирагчдаар томилогдсон. Үүний цаана мөн л Ехова байсан байж болох юм (Дан. 2:49).