Skip to content

Гарчиг руу орох

Баптисм бол хангах ёстой шаардлага

Баптисм бол хангах ёстой шаардлага

«Та нарыг баптисм ... авардаг» (1 ПЕТР 3:21).

ДУУ: 7, 6

1, 2. а) Хүүхэд нь баптисм хүртэх хүсэлтэй болоход Гэрч эцэг эхчүүд яагаад санаа зовдог вэ? б) Баптисм хүртэх хүмүүсээс Еховад өөрийгөө зориулсан эсэхийг нь яагаад асуудаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

БАПТИСМ хүртэх хүмүүстэй хамт зогсож байгаа охиноо эцэг эх нь харж байлаа. Энэ охиныг Мария гэж нэрлэе. Тэрээр илтгэгчийн асуусан хоёр асуултад чанга, цовоо дуугаар хариулав. Дараа нь баптисм хүртлээ.

2 Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэх шийдвэр гаргасан охиноороо аав ээж нь бахархаж байлаа. Гэхдээ Мариягийн ээж урьд нь санаа зовж байжээ. «Арай л эрт юм биш үү? Еховад өөрийгөө зориулахын чухлыг миний охин ойлгож байгаа болов уу? Баптисм хүртэх гэж яарах хэрэг байна уу?» гэж боддог байсан гэнэ. Хүүхэд нь баптисм хүртэх хүсэлтэй болоход эцэг эхчүүд ийнхүү санаа зовох нь олонтоо (Ном. 5:5). Яагаад гэвэл өөрийгөө зориулж, баптисм хүртэх нь Христийн дагалдагч хүний амьдралын хамгийн чухал алхам юм («Та Еховад өөрийгөө зориулсан уу?» гэсэн хавсралтыг үзээрэй).

3, 4. а) Баптисм маш чухал гэдгийг элч Петр хэрхэн тайлбарласан бэ? б) Баптисмыг яагаад Ноагийн хийсэн авдартай зүйрлэж болох вэ?

3 Элч Петр баптисмын тухай ярьж байхдаа Ноа хөвөгч авдар хийснийг дурдаж «Энэ явдал баптисмын бэлгэдэл бөгөөд ... та нарыг баптисм одоо авардаг» гэж бичжээ (1 Петр 3:20, 21-ийг уншина). Ноа авдар хийснээрээ Еховагийн хүсэл таалалд нийцүүлэхийг чин сэтгэлээсээ хүсдэгээ хөдөлгөөнгүй нотолсон. Бурхны өгсөн даалгаврыг үнэнчээр биелүүлж итгэлээ үйлсээрээ баталсан учраас үер болоход гэр бүлийнхэнтэйгээ аврагдсан юм. Петр үүгээрээ юү хэлэх гэсэн бэ?

4 Хүмүүс Ноагийн хийсэн авдрыг хараад Еховад итгэдгийг нь мэджээ. Тэгвэл баптисм хүртэж буй хүнийг харвал юү мэдэж авах вэ? Энэ хүн Христэд итгэдэг учраас Бурханд амь амьдралаа зориулсан юм байна гэдгийг мэднэ. Баптисм хүртсэн хүмүүс Бурхны даалгасан ажлыг Ноа шиг дуулгавартай хийдэг. Ехова үер буулгахдаа Ноаг аварсан шигээ, өнөөгийн бузар муу ертөнцийг устгахдаа баптисм хүртсэн үнэнч үйлчлэгчдээ аварна (Марк 13:10; Илч. 7:9, 10). Тиймээс амь амьдралаа Еховад зориулж баптисм хүртэх нь маш чухал байх нь ээ. Баптисм хүртэхээ хойшлуулбал мөнх амьдрах боломжоо алдаж мэдэх юм.

5. Энэ өгүүллээр юү үзэх вэ?

5 Баптисм маш чухал гэдгийг бодонгоо дараах гурван асуултын хариуг авцгаая. Библид баптисмын талаар юү гэж байдаг вэ? Баптисм хүртэхээсээ өмнө ямар ямар алхам хийх ёстой вэ? Гэрч хүн хүүхдэдээ юм уу суралцагчдаа Библийн хичээл заахдаа баптисм хүртэхийн чухлыг сайн ойлгуулах хэрэгтэйн учир юү вэ?

БИБЛИД БАПТИСМЫН ТАЛААР ЮҮ ГЭЖ БАЙДАГ ВЭ?

6, 7. а) Ямар хүмүүс Ёохан дээр очиж баптисм хүртдэг байсан бэ? б) Ёоханд ямар хосгүй завшаан олдсон бэ?

6 Баптисм хүртээгч Ёохан бол хүмүүст баптисм хүртээсэн анхны хүн юм (Мат. 3:1–6). Мосегийн хуулийг зөрчсөндөө гэмшсэн хүмүүс Ёохан дээр очиж баптисм хүртдэг байв. Гэвч нэг удаа Ёохан гэмшихтэй ямар ч холбоогүй, онцгой нэгэн баптисм хүртээжээ. Бурхны төгс Хүү Есүст баптисм хүртээх хосгүй завшаан түүнд олдсон юм (Мат. 3:13–17). Есүс нүгэлгүй учраас гэмших шаардлагагүй байв (1 Петр 2:22). Харин Бурхны хүсэл тааллын дагуу амь амьдралаа зориулахад бэлэн гэдгээ баталж баптисм хүртжээ (Евр. 10:7).

7 Есүсийг дэлхий дээр байх үед шавь нар нь бас хүмүүст баптисм хүртээдэг байв (Ёох. 3:22; 4:1, 2). Тэр хүмүүс Мосегийн хуулийг зөрчөөд нүгэл үйлдсэндээ гэмшсэн. Үүгээрээ, Ёоханаар баптисм хүртээлгэсэн хүмүүстэй адил юм. Харин Есүсийг амилснаас хойш, дагалдагч нь болж буй хүмүүс өөр шалтгаанаар баптисм хүртэх болсон.

8. а) Есүс амилсныхаа дараа дагалдагчдадаа ямар тушаал өгсөн бэ? б) Христийн дагалдагч болъё гэвэл яагаад баптисм хүртэх ёстой вэ?

8 Есүс МЭ 33 онд амилсныхаа дараа 500 гаруй хүнд үзэгджээ. Тэр үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс гадна хүүхдүүд ч байсан бололтой. Есүс «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун. Эцэг, Хүү, Бурхны агуу хүчний нэрээр баптисм хүртээ. Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэсэн тушаалаа тэгэхэд өгсөн байх (Мат. 28:19, 20; 1 Кор. 15:6). Тэгэхээр Есүсийг шавь бэлдэх тушаалаа өгч байхад олон зуун дагалдагч тэнд байсан гэсэн үг. «Буулгыг» үүрэх буюу шавь болохыг хүссэн бүхэн баптисм хүртэх ёстойг Есүс ийнхүү тодорхой хэлж өгчээ (Мат. 11:29, 30). Бурхны тааллыг олохыг хүссэн хэн боловч Есүсийн үүргийг хүлээн зөвшөөрөх учиртай. Еховагийн санаа зорилго биелэхэд Есүс чухал үүрэгтэй. Үүнийг хүлээн зөвшөөрсний дараа л усаар баптисм хүртэж болно. Энэ нь Бурхны таалалд нийцдэг цорын ганц баптисм юм. Христийн эртний дагалдагчид баптисм хүртэхийн чухлыг сайн ойлгодог байсны нотолгоо Библид олон бий. Тэд баптисм хүртэхээ хойшлуулж байгаагүй (Үйлс 2:41; 9:18; 16:14, 15, 32, 33).

БҮҮ ХОЙШЛУУЛ

9, 10. Этиоп хүн болон элч Паулаас юу сурч болох вэ?

9 Үйлс 8:35, 36-г уншина. Иерусалимд мөргөл үйлдчихээд буцаж явсан, Еховаг шүтдэг этиоп хүний тухай ярилцъя. Филип гэдэг дагалдагч Еховагийн тэнгэрийн элчийн заавраар түүн дээр очиж «Есүсийн тухай сайн мэдээг хүргэжээ». Этиоп хүн яасан бол? Есүсийг Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөх нь хэчнээн чухал болохыг ойлгосон. Тэгээд Еховагийн шаардлагыг биелүүлэхээр шийдэж тэр даруй баптисм хүртсэн.

10 Одоо Саул гэгч иудей хүний тухай ярилцъя. Бурхан иудейчүүдийг өөрөө сонгож ард түмнээ болгосон ч дуулгаваргүйгээс нь болоод голжээ. Харин Саул, иудейчүүдийг Бурхан одоо ч сайшаадаг гэж итгэдэг байсан учир Христийн дагалдагчдыг хяхаж хавчдаг байв. Гэвч нэг өдөр Есүс Христ тэнгэрээс түүнтэй ярьжээ. Саул яасан бэ? Христийн шавь Ананиагийн тусламжийг дуртайяа хүлээн авсан. «Тэгээд Саул босож баптисм хүртэв» гэж Библид байдаг (Үйлс 9:17, 18; Гал. 1:14). Энэ хүн элч Паул нэрээр алдаршсаныг та мэдэх биз ээ. Бурхны санаа зорилго биелэхэд Есүс чухал үүрэгтэйг ойлгосон даруйдаа баптисм хүртсэнийг бодож үзээрэй (Үйлс 22:12–16-г уншина).

11. а) Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг хүмүүс ямар учраас баптисм хүртдэг вэ? б) Баптисм хүртэж буй хүмүүсийг хараад та яадаг вэ?

11 Өнөөдөр ч бас адилхан. Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг хөгшин залуу ямар ч хүн үнэнийг эрхэмлэж, итгэдэг болохлоороо Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхийг хүсдэг. Чуулганы үеэр тэдэнд зориулсан тусгай илтгэл тавьдаг. Суралцагч нь Библийн үнэнийг хүлээж аваад ахиц гарган баптисм хүртэх болоход Еховагийн Гэрчүүд баярладаг. Хүүхэд нь баптисм хүртэх болоход эцэг эхчүүд бас баярладаг. 2017 оны үйлчлэлийн жилд «зөв хандлагатай» 284 000 гаруй хүн Еховад амь амьдралаа зориулснаа баталж усаар баптисм хүртсэн (Үйлс 13:48). Баптисм хүртэх нь Христийн дагалдагч болох хүний хангах ёстой шаардлага гэдгийг ойлгосон нь тодорхой. Тэгвэл тэд баптисм хүртэхээсээ өмнө ямар ямар алхам хийсэн бол?

12. Суралцагч баптисм хүртэхээсээ өмнө ямар ямар алхам хийх ёстой вэ?

12 Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж буй хүн баптисм хүртэхээсээ өмнө Бурхны тухай, санаа зорилгынх нь тухай, хүн төрөлхтнийг аврахын тулд юү хийсэн тухай үнэн зөв мэдлэгтэй болж, мэдсэн зүйлдээ итгэсэн байх ёстой (1 Тим. 2:3–6). Итгэл батжихын хэрээр Бурханд таалагддаггүй юм хийхээ больж, тогтоосон хэм хэмжээнд нь нийцүүлэх хүсэлтэй болно (Үйлс 3:19). Энэ нь маш чухал. Яагаад гэвэл, Хаант төрд багтахад саад болдог аливаа зүйлийг хийдэг хүнийг Ехова хүлээж авахгүй (1 Кор. 6:9, 10). Гэхдээ зөвхөн ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг болох нь хангалтгүй. Еховад амь амьдралаа зориулахыг хүсдэг хүн цуглаанд явахаас гадна сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд тогтмол оролцдог. Христийн жинхэнэ шавь нар энэ шаардлагыг хангах учиртай (Үйлс 1:8). Суралцагч хүн эдгээр алхмыг хийснийхээ дараа л Еховад ганцаарчлан залбирч өөрийгөө зориулна. Тэгээд баптисм хүртэнэ.

БАПТИСМ ХҮРТЭХ ЗОРИЛГО

Та суралцагчдаа туслахдаа баптисм хүртэхийн чухлыг санадаг уу? (13-р догол мөрийг үзээрэй)

13. Есүсийн жинхэнэ шавь баптисм хүртэх ёстойг Библийн багш нар яагаад санах нь зүйтэй вэ?

13 Эдгээр шаардлагыг хангахад нь хүүхэд юм уу суралцагчдаа туслахдаа юу санах хэрэгтэй вэ? Есүсийн жинхэнэ дагалдагч болохыг хүссэн хүн баптисм хүртэх ёстой гэдгийг санаж явбал суралцагчдаа илүү сайн тусалж чадна. Бурханд өөрийгөө зориулах, баптисм хүртэхийн чухлыг цагийг нь олоод хэлнэ. Хүүхдүүд, суралцагчид маань ахиц гаргасаар яваад баптисм хүртээсэй гэж бид хүсдэг.

14. Баптисм хүрт гэж хэнийг ч албадах ёсгүйн учир юү вэ?

14 Эцэг эх, Библийн багш болон хурлын өөр хэн ч байсан, баптисм хүрт гэж албадах эрхгүй. Ехова хэнийг ч өөртөө хүчээр үйлчлүүлдэггүй (1 Ёох. 4:8). Бид Бурхантай дотносохын чухлыг суралцагчдаа ойлгуулах нь зүйтэй. Хэрэв суралцагч Бурхны тухай үнэнийг мэдсэндээ баярлаж, чин сэтгэлээсээ талархаж, Христийн дагалдагч хүний буулгыг үүрэх хүсэлтэй болбол хэнээр ч шаардуулалгүй баптисм хүртэнэ (2 Кор. 5:14, 15).

15, 16. а) Баптисм хүртэх нас гэж байдаг уу? Тайлбарлана уу. б) Урьд нь өөр сүмд баптисм хүртсэн хүн Еховагийн Гэрч болохын тулд баптисм хүртдэг нь ямар учиртай вэ?

15 Хүн төдөн насандаа баптисм хүртэх ёстой гэсэн дүрэм журам байдаггүй. Ахиц гаргах талаараа суралцагч бүр харилцан адилгүй. Хар багадаа баптисм хүртээд, одоо хүртэл Еховад үнэнч үйлчилж буй хүн олон байдаг. Зарим хүн нас ахисан хойноо Библийн үнэнийг мэдээд баптисм хүртдэг. Тэдний дунд 100 гаруй настай хүн ч бий!

16 Өндөр настай нэгэн эмэгтэй янз бүрийн сүмд баптисм хүртсэн ажээ. Тийм учраас дахиад баптисм хүртэх шаардлагатай юу гэж Библийн хичээл заадаг Гэрчээс асуув. Багш нь түүнд Библиэс хэдэн зүйл үзүүлэв. Библид ямар шаардлага байдгийг ойлгомогцоо тэр эмэгтэй 80 дөхсөн хэр нь баптисм хүртжээ. Тэгэхээр, хүсэл тааллыг нь үнэн зөвөөр мэдээд баптисм хүртсэн цагт л Ехова хүлээж авдаг байх нь ээ. Өөр сүмд баптисм хүртсэн байлаа ч Еховагийн Гэрч болохын тулд баптисм хүртэх шаардлагатай (Үйлс 19:3–5-ыг уншина).

17. Баптисм хүртэх өдрөө юу бодох нь зүйтэй вэ?

17 Баптисм хүртэх нь баярт мөч юм. Мөн Бурханд өөрийгөө зориулах, баптисм хүртэх гэж юу болохыг нухацтай бодох цаг юм. Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд маш их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тийм учраас Есүс үүнийг буулга үүрэхтэй зүйрлэсэн. Есүсийн шавь нар «цаашид өөрсдийнхөө төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд амилсан түүний төлөө амьдрах» ёстой (2 Кор. 5:15; Мат. 16:24).

18. Дараагийн өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

18 Ингээд бодохоор Есүсийн жинхэнэ дагалдагч болох нь нухацтай хандах ёстой асуудал юм. Тийм учраас өгүүллийн эхэнд гардаг Мариягийн ээж санаа зовсондоо янз бүрийн юм бодсон ажээ. Зарим эцэг эх: «Манай хүүхэд баптисм хүртэхэд үнэхээр бэлэн юм уу? Еховад өөрийгөө зориулах хэмжээний мэдлэгтэй болсон уу? Баптисм хүртэхээсээ өмнө боловсрол эзэмшиж ажилд орох хэрэгтэй юм биш үү? Хүүхэд маань баптисм хүртсэнийхээ дараа ноцтой нүгэл үйлдвэл яах вэ?» гэж бодож магадгүй. Дараагийн өгүүллээр эдгээр асуултыг ярилцана. Мөн эцэг эхчүүд баптисмын талаар үргэлж зөв үзэлтэй байхын тулд хэрхэх талаар авч үзнэ.