Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Ехова намайг орхиогүй!

Ехова намайг орхиогүй!

Адольф Гитлерийг үг хэлсний дараа түүнд цэцгийн баглаа барих дөрвөн жаахан охины нэг нь би байв. Яагаад намайг сонгосон бэ? Аав маань нацист үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, Нацист намын орон нутаг дахь салбарын даргын жолооч байсан юм. Харин ээж маань католик шашныг чин сэтгэлээсээ шүтдэг болохоор намайг гэлэнмаа болгохыг хүсдэг байв. Гэхдээ би фашист ч, гэлэнмаа ч болоогүй. Яагаад гэдгийг ярьж өгье.

БИ АВСТРИЙН Грац хотод төрж өссөн. Намайг 7-той байхад шашны сургуульд явуулав. Гэвч католик шашны санваартнууд гэлэнмаа нартай завхайрч байхыг хараад би шоконд орж билээ. Тийм учраас ээжээсээ зөвшөөрөл авч жил ч бололгүй сургуулиасаа гарсан.

Манайхан. Аав цэргийн хувцастайгаа байгаа нь

Дараа нь намайг дотуур байртай сургуульд оруулав. Нэг орой аав намайг авахаар иржээ. Учир нь Грац хотыг бөмбөгдөж эхэлсэн байв. Бид Шладмин хотод хоргодох санаатай дөнгөж ирээд гүүрээр гартал, гүүр бөмбөгдөлтөд өртсөн. Бас нэг удаа доогуур нисэж явсан онгоцнууд хашаандаа байсан эмээ бид хоёр луу буудаж билээ. Дайн дуусахад сүм хийд, засгийн газрын аль аль нь биднийг мартсан бололтой байв.

ЦАГ ҮРГЭЛЖ ТУСАЛДАГ ЕХОВАГААС СУРАЛЦСАН МИНЬ

1950 онд Еховагийн Гэрч эмэгтэй манайд ирээд ээжтэй Библийн тухай ярилцдаг болов. Би яриаг нь сонсож, заримдаа цуглаанд нь хамт явдаг байлаа. Еховагийн Гэрчүүд үнэнийг ярьж байгааг ээж маань ойлгоод 1952 онд баптисм хүртсэн.

Тэр үед манай тэндхийн хурал эмээ нарын клуб шиг л санагдсан. Харин өөр нэг хуралд очсон чинь ерөөсөө тэгж санагдаагүй. Яагаад гэвэл тэнд хүүхэд залуучууд олон байсан. Грацдаа буцаж ирээд би бүх цуглаанд суудаг болж, судалж байгаа зүйл маань үнэн гэдэгт удалгүй итгэсэн. Бас Ехова бол үйлчлэгчдэдээ цаг үргэлж тусалдаг, тэр бүү хэл өөрийн хүчээр давах боломжгүй юм шиг бэрхшээл тулгарахад ч тусалж дэмждэг Бурхан гэдгийг мэдэв (Дуу. 3:5, 6).

Хүмүүст Бурхны тухай үнэнийг яримаар санагддаг боллоо. Төрсөн эгч нараасаа эхлэв. Дөрвөн эгч маань сургуульд багшлахаар аль эрт гэрээсээ гарсан байлаа. Би тэдний тосгодод очиж, Библи судлахыг ятгав. Яваандаа эгч нар, бас ах дүү хоёр маань Библи судлаад бүгдээрээ Еховагийн Гэрч болцгоосон.

Айлаар дэлгэрүүлж эхлээд хоёр 7 хонож байхдаа 30-аад насны эмэгтэйтэй Библийн хичээл хийдэг болов. Тэрээр ахиц гаргасаар баптисм хүртсэн. Хожим нь нөхөр, хоёр хүү нь баптисм хүртсэн. Тэр эмэгтэйтэй хичээл хийдэг болсноор итгэл минь батажсан. Яагаад? Урьд нь би Библийн хичээл тогтмол хийдэг суралцагчтай байж үзээгүй юм л даа. Хичээл болгондоо сайн бэлдэх хэрэгтэй байсан. Ийм маягаар өөртөө эхэлж заагаад, дараа нь суралцагчдаа заадаг байв. Үүний ачаар би үнэнийг улам их үнэлж эрхэмлэдэг болсон. Ингээд 1954 оны 4 дүгээр сард баптисм хүртсэн.

«ХҮМҮҮС ХАВЧДАГ Ч БУРХАН ОРХИДОГГҮЙ»

Би 1955 онд Герман, Франц, Англид болсон олон улсын чуулганд суусан юм. Лондонд байхдаа Аалберт Шрөөдер ахтай уулзав. Тэр үед Шрөөдер ах Гилеад сургуулийн багш байв. Хожим нь Удирдах Зөвлөлийн гишүүн болсон. Британийн музей үзэж явахдаа Шрөөдер ах Библийн гар бичмэлүүдийг бидэнд үзүүлэв. Бурхны нэрийг еврейгээр бичсэн ажээ. Энэ нь хэчнээн чухал болохыг тэрээр тайлбарлаж өгөв. Үүнийг сонсоод сэтгэл ч хөдөлсөн, Еховаг, үнэнийг улам их хайрладаг болсон.

Хамтрагчтайгаа (баруун) Австрийн Мийстэлбахт тусгай эхлэгчээр үйлчилж байхдаа

Би 1956 оны 1 дүгээр сарын 1-нд байнгын эхлэгч болов. Дөрвөн сарын дараа Австрид тусгай эхлэгчээр үйлчлэх томилолт авсан. Тэр үед миний үйлчилж байсан Мийстэлбах хотод нэг ч Гэрч байгаагүй юм. Надад нэг бэрхшээл тулгарав. Надтай хамт үйлчилдэг эхлэгч надаас тэс ондоо хүн байлаа. Би 19 ч хүрээгүй хотын охин, харин тэр маань 25-тай хөдөөний бүсгүй. Би орой босох дуртай, тэр өглөө эрт босох дуртай. Орой нь би сэргэлэн цовоо болчихдог бол, тэр орондоо эртхэн орно. Бид хоёр ийм их ялгаатай ч Библийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг байсан учраас бэрхшээлээ давж, баяр хөөртэй үйлчилдэг болсон.

Өөр янз бүрийн хэцүү юм байсан. Заримдаа эсэргүүцэлтэй тулгарна. Гэлээ ч Бурхан биднийг орхиогүй (2 Кор. 4:7–9). Нэг удаа тосгонд дэлгэрүүлж байтал хүмүүс нохдоо сул тавьчихав. Удалгүй том том ноход бид хоёрыг тойроод шүдээ ярзайлган боорлон хуцаж гарлаа. Бид хоёр, гар гараасаа барилаа. «Ехова, энэ ноход биднийг барьдаг л юм бол хурдхан үхэх юм сан!» гэж би залбирав. Ноход бидэн рүү ойртож ирснээ зогтусаж, сүүлээ шарваснаа яваад өглөө. Ехова хамгаалж байгааг хоёулаа мэдэрсэн. Дараа нь бид тэр тосгоноор явж дэлгэрүүлэв. Хүмүүс нь дуртайяа сонсож билээ. Яагаад гэвэл ноход биднийг яагаа ч үгүй болохоор гайхсан байж магадгүй. Эсвэл тийм аймаар юм болсон ч бууж өгөөгүй болохоор биширсэн байх. Зарим нь хожим Гэрч болсон.

Бидэнд бас нэг аюул тулгарав. Нэг өдөр байрны эзэн согтуу ирээд биднийг ална тална гэж занан агсамнаж гарав. Тэр хүний бодлоор бол бид хоёр хөрш айлуудыг нь үймүүлсэн юм байх аа. Дээд давхрын өрөөнд байгаа бид хоёрт энэ яриа тод сонстож байв. Эхнэр нь нөхрөө тайвшруулах гээд чадсангүй. Бид хурдхан шиг сандлаар хаалгаа дарж байгаад хувцсаа чемоданд хийж гарав. Дараа нь хаалгаа онгойлготол, байрны эзэн том хутга бариад зогсож байх нь тэр! Бид хоёр хамаг юмаа аваад арын хаалгаар нь гарч, цэцэрлэг дундуур явдаг замаар зугтав. Тэднийд дахиж очоогүй.

Ингээд нэг зочид буудалд оров. Тэндээ жил шахуу байсан. Энэ нь ч сайн хэрэг болсон. Яагаад гэж үү? Зочид буудал маань хотын төвд байхын зэрэгцээ суралцагчид маань тэнд ирж хичээлээ заалгах хүсэлтэй байв. Удалгүй манай зочид буудлын өрөөнд ном судлах цуглаан, «Харуулын цамхаг» судлалын цуглаан 7 хоног бүр болж, ойролцоогоор 15 хүн ирдэг боллоо.

Мийстэлбахт жил гаруй үйлчилсэн. Дараа нь Грацаас зүүн өмнө зүгт байдаг Фелдбахт томилогдов. Шинэ хамтрагчтай боллоо. Тэнд бас л хурал байсангүй. Бид хоёр дүнзэн байшингийн хоёрдугаар давхрын жижигхэн өрөөнд амьдардаг байв. Салхи сийгдэг болохоор дүнзнүүдийн завсрыг сонингийн цаасаар бөглөдөг байлаа. Худгаас ус татна. Ингэж амьдарсны хэрэг ч гарсан шүү. Хэдхэн сарын дараа бүлэгтэй боллоо. Бидэнтэй хамт Библи судалдаг байсан нэг гэр бүлийн хамаатан садан нийлсэн 30-аад хүн яваандаа үнэний зам дээр гарч зогссон доо!

Хаант төрийн төлөө зүтгэлтэй хүнийг Ехова хэзээ ямагт дэмждэгийг биеэрээ үзэхлээр талархах сэтгэл улам бүр лавширдаг юм билээ. Хүн туслахгүй байлаа ч Ехова л тусалдаг (Дуу. 121:1–3).

БУРХАН «ӨӨРИЙН ЗӨВ БАРУУН МУТРААР» ТУСАЛДАГ БАЙСАН

1958 онд Нью-Йоркийн Яанки болон Поло Граундс стадионд олон улсын чуулган болсон юм. Би тийшээ явах гээд анкет бөглөж Австри дахь салбарт өгөв. Тэгтэл надаас Гилеад сургуулийн 32 дахь ангид сурах уу гэж асуудаг байгаа! Ийм сайхан завшааныг яалаа гэж алдах билээ? Шууд зөвшөөрсөн.

Би Гилеадад сурч байхдаа Маартин Пөөцингэр ахтай хамт нэг ширээнд суудаг байв. Тэрээр фашистуудын хорих лагерьт аймшигтай юм үзсэн хүн. Хожим нь Удирдах Зөвлөлийн гишүүн болсон. Хичээлийн үеэр Маартин заримдаа «Эрика, үүнийг германаар юү гэдэг вэ?» гэж шивнэн асуудаг байв.

Сургуулиа төгсөх болоогүй, дөнгөж талд нь орж байтал Нэйтан Ноор ах биднийг хаана томилогдсоныг зарлав. Намайг Парагвайд томилжээ. Би дөнгөж 20-той байсан болохоор ааваасаа зөвшөөрөл авах ёстой болов. Аав ч зөвшөөрч, би 1959 оны 3 дугаар сард Парагвайд хөл тавьсан. Нийслэл Асунсионд миссионерын байранд шинэ хамтрагчтай цуг амьдрах болов.

Удалгүй би Воолтер Брайт гэдэг залуутай танилцлаа. Гилеад сургуулийн 30 дахь төгсөлтийнх ажээ. Бид хоёр гэрлэж, амьдралын бэрхшээлийг хамт сөрөхөөр болсон. Хэцүү асуудал тулгарах бүрд бид хоёр Исаиа 41:10-аас Еховагийн амлалтыг уншдаг байв. Тэнд «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлнэ» гэж байдаг. Хаант төрийг эн тэргүүнд тавьж, үнэнч байсан цагт Ехова биднийг хэзээ ч орхихгүйг энэ зүйл сануулдаг байсан.

Дараа нь бид хоёрыг Бразилын хилийн ойролцоо томилов. Тэнд байхад хүүхдүүд сүмийн санваартнуудын турхиралтаар миссионерын хуучин муу байр луу маань чулуу нүүлгэдэг байлаа. Тэгтэл Воолтер цагдаагийн даргатай Библийн хичээл хийдэг болов. Тэр даргын тушаалаар цагдаа нар манай байрыг 7 хоног хамгаалсны ачаар эсэргүүцэгчид биднийг зовоохоо больсон. Дараахан нь бид Бразилын хилийн цаана байдаг илүү тохиромжтой газар луу нүүсэн нь тун ч таатай явдал болсон. Ингэснээр Парагвайд ч, Бразилд ч цуглаан хийх боломж бүрдсэн юм. Тэндээс явах үед хоёр жижиг хуралтай болсон байв.

Нөхөртэйгөө хамт Парагвайн Асунсионд миссионероор үйлчилж байхдаа

ЕХОВА НАМАЙГ ОДОО Ч ДЭМЖДЭГ

Эмч нар намайг жирэмслэхгүй гэдэг байсан ч 1962 онд жирэмсэн болсноо мэдээд гайхаж билээ! Бид хоёр АНУ-ын Флорида мужийн Холливуд хотод Воолтерийн эцэг эхийн гэрт ойрхон газар суурьшив. Воолтер бид хоёр гэр бүлдээ санаа тавих хэрэгтэй байсан учраас нэг хэсэгтээ эхлэгчээр үйлчлээгүй. Гэхдээ л Хаант төрийг эн тэргүүнд тавьсаар байв (Мат. 6:33).

Бид 1962 оны 11 дүгээр сард Флоридад ирэхдээ нэг юмыг хараад их гайхсан. Хар цагаан арьстай хүмүүс нэг дор цугларахад нутгийнхан дургүй байдаг учраас хар арьстай Гэрчүүд цагаан арьстай итгэл нэгтнүүдээсээ тусдаа цуглаж, тусдаа дэлгэрүүлдэг байв. Гэхдээ Ехова арьс өнгөөр ялгаварладаггүй шүү дээ. Удалгүй хар, цагаан арьстай Гэрчүүд нэг дор цугладаг болсон нь Ехова гар бие оролцсоны баталгаа байсан. Одоо Флоридад олон хурал бий болсон.

Нөхөр маань 2015 онд тархины хавдраар өнгөрсөн. Тавин таван жил сайхан ханилсан тэр минь Еховаг хайрладаг, ах дүү нарт тусалдаг хүн байлаа. Амилаад цоо эрүүл болсон байхыг нь харахыг ямар их хүснэ вэ! (Үйлс 24:15).

Би 40 гаруй жил бүрэн цагаар үйлчлэхдээ их ивээл хүртсэн. Жишээ нь Воолтер бид хоёртой Библийн хичээл хийдэг байсан 136 хүн баптисм хүртсэн. Бид хоёр хэцүү бэрхийг ч үзсэн. Тэглээ гээд үнэнч Бурхандаа үйлчлэхээ больё гэж бодож байгаагүй. Харин ч Бурхантайгаа улам дотносож, тулгарсан асуудлыг зохистой гэж үзсэн үедээ, тохирох аргаараа шийдэж өгнө гэж найддаг байсан. Итгэл найдвар маань ч талаар болоогүй! (2 Тим. 4:16, 17).

Воолтерыгоо туйлын их үгүйлдэг ч эхлэгчээр үйлчилдэг тулдаа л зовлонгоо давж явна. Хүмүүст Бурхны тухай үнэнийг, ялангуяа нас барагсад амилах тухай сургаалыг заах нь их тустай юм билээ. Ехова тоолж баршгүй олон аргаар намайг ивээж, дэмжиж тусалж иржээ. Амласан ёсоороо «Өөрийн зөв баруун мутраар» гараас минь хөтлөөд тэнхрүүлж, тусалж дэмжиж байна (Ис. 41:10).