Skip to content

Гарчиг руу орох

Зочломтгой байх нь зайлшгүй чухал!

Зочломтгой байх нь зайлшгүй чухал!

«Зовлон тоочилгүй зочломтгой бай» (1 ПЕТР 4:9).

ДУУ: 50, 20

1. Христийн І зууны дагалдагчдад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?

МАНАЙ эриний 62–64 оны үед элч Петр «Понт, Галат, Кападок, Ази, Битун нутгаар тархан түр оршин сууж буй» итгэл нэгтнүүддээ захидал бичжээ (1 Петр 1:1). Газар газраас ирсэн, өөр өөр ахуй соёлтой тэр хүмүүст урмын үг, удирдлага заавар хэрэгтэй байлаа. Тэд эсэргүүцэл хавчлагад өртөж, муу хэлүүлж, «гал мэт сорилттой» нүүр тулж явжээ. Бас эгзэгтэй цаг үед амьдарч байв. «Бүх юмны төгсгөл ойртжээ» гэж Петр бичсэн. Үнэхээр ч Иерусалим устгагдахад 10 хүрэхгүй жил үлдсэн байлаа. Ийм аюултай цаг үеийг ажралгүй давахад нь тэдэнд юу тус болох байсан бэ? (1 Петр 4:4, 7, 12).

2, 3. Петр яагаад зочломтгой байхыг итгэл нэгтнүүддээ уриалсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

Петр: «Зочломтгой бай» гэж итгэл нэгтнүүддээ уриалжээ (1 Петр 4:9). «Зочломтгой» гэж орчуулсан грек үг нь «танихгүй хүнийг хайрлах буюу сайхан сэтгэл гаргах» гэсэн утгатай ажээ. Гэхдээ Библийн грек эхийг үзвэл Петр «бие биедээ» буюу сайн таньдаг, нийлж нөхөрлөдөг хүмүүстээ зочломтгой байхыг уриалсныг мэдэж болно. Итгэл нэгтнүүддээ зочломтгой байх нь ямар ач тустай байсан бэ?

3 Хоорондоо улам дотно болно. Жишээлбэл таныг гэртээ урихад таатай санагддаггүй гэж үү? Эргээд санахад сайхан дурсамж үлдсэн байдаг биз дээ? Та ч бас хурлынхнаа гэртээ уриад улам дотноссон байх. Ийнхүү зочломтгой байвал итгэл нэгтнүүдтэйгээ илүү сайн танилцана шүү дээ. Петрийн үед сорилт бэрхшээл нэмэгдэж байсан учраас Христийн дагалдагчид хоорондоо улам дотносох шаардлагатай байв. «Эцсийн өдрүүдэд» амьдарч буй бид ч мөн ялгаагүй (2 Тим. 3:1).

4. Энэ өгүүллээр ямар асуултуудыг авч үзэх вэ?

4 Зочломтгой байх боломж хэзээ гардаг вэ? Зочломтгой байхад тулгардаг саадыг хэрхэн давах вэ? Урьсан хүнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд яах вэ?

ХЭРХЭН ЗОЧЛОМТГОЙ БАЙХ ВЭ?

5. Цуглаан дээр хэрхэн зочломтгой байх вэ?

5 Цуглаан дээр: Ехова болон байгууллагынх нь зохион байгуулдаг бэлгэдлийн найранд ирсэн бүх хүн зочид юм. Бид бүх хүнийг, ялангуяа шинэ хүмүүсийг халуун дотноор угтаж авахыг хүсдэг (Ром 15:7). Шинэ хүмүүс ч Еховагийн зочид шүү дээ. Гэрчүүд бид тэднийг үс зүс, өмссөн зүүснээр нь ялгалгүй тав тухтай байлгаж, сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээх ёстой (Яак. 2:1–4). Ганцаараа байхыг нь анзаарвал хажуудаа суулгаарай. Цуглааны хөтөлбөрийг тайлбарлаж, Библийн зүйлийг олоход нь тусалбал баярлаж талархах нь дамжиггүй. Энэ нь «зочломтгой байх боломж хайж» байгаа хэрэг юм (Ром 12:13).

6. Бид хэнд зочломтгой хандах учиртай вэ?

6 Хөнгөн зууш юм уу хоол: Библи бичигдэж байх үед амьдарч байсан хүмүүс гэртээ хүн урьж дайлж цайлдаг байжээ. Ийнхүү зочломтгой байдаг нь найз нөхөдтэй болох, эвтэй байхыг хүсэж байгаагийн илрэл байв (Эх. 18:1–8; Шүү. 13:15; Лук 24:28–30). Тэгвэл бид хэнд зочломтгой хандах вэ? Ялангуяа итгэл нэгтнүүддээ. Хэцүү цаг ирэхэд тэднийгээ л түшнэ шүү дээ. Тэдэнтэйгээ үнэнч нөхөрлөж, эвтэй найртай байх хэрэгтэй. Удирдах Зөвлөл 2011 оноос АНУ дахь Бетелийн гэр бүлийн «Харуулын цамхаг» судлалын цуглаан эхлэх цаг 18:45 байсныг 18:15 болгож өөрчилсөн юм. Яагаад? Цуглаан эрт дуусвал бетелчид бие биеэ урих, нэг нэгнийдээ зочлох боломж нэмэгдэнэ гэж үзсэн. Бусад салбар ч бас ийм өөрчлөлт хийсэн. Үүний үрээр Бетелийн гэр бүлийн гишүүд улам дотно болж байна.

7, 8. Еховагийн байгууллагын төлөөлөгчдийг хэрхэн хүндлэн зочлох вэ?

7 Заримдаа дүүрэг хариуцагчид, салбарын төлөөлөгчид, өөр хурлын Гэрч эрчүүд ирж илтгэл тавьдаг. Зочломтгой байх боломж энэ үед олддог (3 Ёохан 5–8-ыг уншина). Тэднийг гэртээ урьж хоолоор эсвэл хөнгөн зуушаар дайлж болно шүү дээ.

8 АНУ-д амьдардаг Гэрч эмэгтэй: «Нөхөр бид хоёр илтгэл тавьсан хүмүүсийг эхнэртэй нь гэртээ урьж дайлаад олон жил болж байна. Зочин ирэх бүрд үнэхээр сайхан байдаг. Тэдэнтэй ярьж хөгжилдөнө, хамгийн гол нь итгэл батаждаг» гэж ярьсан юм.

9, 10. а) Бид ямар зочдыг гэртээ удаан хугацаагаар байлгах шаардлагатай болдог вэ? б) Жижиг байранд амьдардаг хүн бусдыг гэртээ байлгах боломжтой юу? Жишээ хэлээрэй.

9 Удаан хугацаагаар байх зочид: Эрт үед аянчин гийчдийг гэртээ байлгах явдал түгээмэл байжээ (Иов 31:32; Флм. 22). Одоо ч ийм шаардлага гардаг. Жишээ нь хурлуудыг эргэхээр ирсэн дүүрэг хариуцагчид, байгууллагаас зохиож буй сургалтад суухаар ирсэн итгэл нэгтнүүд, сайн дурын барилгачдад хонох газар хэрэгтэй. Байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон гэр бүлүүд бий. Тусламжийнхан гэр орныг нь засаж дуустал хаа нэгтээ толгой хоргодох хэрэгтэй болдог. Том сайхан байшинтай айлууд л гэртээ байлгана биз, дандаа л ингэдэг байсан юм чинь гэж бодох хэрэггүй. Танайх зай багатай ч гэсэн хүмүүсийг гэртээ байлгаж болохгүй гэж үү?

10 Өмнөд Солонгост амьдардаг Гэрч эрэгтэй байгууллагын сургуульд сурахаар ирсэн итгэл нэгтнүүдээ гэртээ байлгажээ. Тэрээр: «Эхнэр бид хоёр гэрлээд удаагүй, бас жижигхэн байранд амьдардаг учраас эхэндээ шийдэж чадахгүй л байсан. Харин дараа нь тэднийг гэртээ хэд хонуулсандаа их баярлаж билээ. Еховад үйлчилдэг, зорилго нэгтэй эхнэр нөхөр хоёр хэчнээн жаргалтай байдгийг шинэхэн гэрлэсэн бид хоёр харсан» гэж дурссан юм.

11. Хурлынхаа шинэ гишүүдэд яагаад зочломтгой хандах хэрэгтэй вэ?

11 Хурлын шинэ гишүүд: Өөр хурлын, өөр нутгийн Гэрчүүд ганц нэгээрээ эсвэл гэр бүлээрээ танай нутаг руу нүүж болох юм. Зарим хүн хэрэгцээ ихтэй газар очиж үйлчилдэг. Эхлэгчид танай хуралд туслахаар ирж магадгүй. Тэд шинэ газар орон, шинэ хурал, тэр ч байтугай шинэ хэл соёлд дасах шаардлагатай болдог. Тийм учраас тэднийг урьж хөнгөн зууш юм уу хоол цайгаар дайлж эсвэл салхинд цуг гарвал шинэ хамт олон, шинэ орчиндоо дасахад нь дөхөм болно.

12. Зочломтгой байхад их юм хэрэггүйг харуулах жишээ хэлнэ үү.

12 Зочломтгой байхын тулд их юм бэлдэх шаардлагагүй (Лук 10:41, 42-ыг уншина). Эхнэртэйгээ хоёулаа миссионероор үйлчилж эхэлсэн тэр үеэ нэг Гэрч дурсан: «Бид хоёр залуу, туршлагагүй байжээ. Нутгаа бэтгэртлээ санана. Нэг орой эхнэр маань сэтгэлээр унаад, би туслах гэж оролдсон боловч нэмэр болсонгүй. Тэгтэл орой 7 өнгөрч байхад хаалга тогшиж байна. Онгойлготол нэг суралцагч гурван жүрж бариад зогсож байв. Шинэ миссионеруудыг угтан авч байгаа нь тэр ажээ. Бид түүнийг гэртээ оруулаад аяга ус өгөв. Дараа нь цай чанаж халуун шоколадаар дайллаа. Бид хоёр свахили хэл мэдэхгүй, тэр эмэгтэй англи хэл мэдэхгүй. Тэглээ ч энэ явдал тэндхийн ах дүү нартай дотносон нөхөрлөхийн эхлэл болсон» гэж ярьжээ.

ЗОЧЛОМТГОЙ БАЙХАД ЮУ СААД БОЛДОГ ВЭ?

13. Зочломтгой байх нь ямар ач тустай вэ?

13 Хүнийг гэртээ урьж дайлж цайлахаас хойш суусан үе танд бий юү? Тийм бол хүмүүстэй танилцаж, сайхан нөхөрлөх боломжоо алдсан байж магадгүй. Ганцаардахаас сэргийлэх нэг сайн арга бол зочломтгой байх явдал юм. Тэгвэл зочломтгой байхад юу саад болдог вэ?

14. Урих, уригдах цаг зав, хүч чадал алга гэж боддог бол яах хэрэгтэй вэ?

14 Цаг, хүч: Еховагийн үйлчлэгчид үүрэг даалгавар ихтэй, завгүй хүмүүс. Тийм болохоор зочломтгой байх цаг, хүч хүрэлцэхгүй гэж боддог хүн байдаг. Та тэгж боддог бол цагийн хуваариа өөрчлөх хэрэгтэй байж болох юм. Тэгвэл зочин урих эсвэл бусдын урилгыг хүлээж авах боломж олдоно. Зочломтгой байгаарай гэсэн зөвлөгөө Библид байдаг шүү дээ (Евр. 13:2). Үүний төлөө цаг заваа зориулах нь огтхон ч буруу биш. Харин онцын шаардлагагүй юманд зарцуулдаг цагаа багасгах нь зүйтэй.

15. Зарим хүн яагаад зочломтгой байж чадахгүй гэж боддог вэ?

15 Өөрийгөө чамладаг: Та зочломтгой байхыг хүсдэг ч өөрийгөө чамладаг бол яах вэ? Зарим хүн ичимхий учраас зочдоо хөгжөөж чадахгүй байх гэж айдаг. Зарим нь мөнгө төгрөг багатайгаасаа болоод итгэл нэгтнүүд шигээ дайлж цайлж чадахгүй гэж боддог. Гэхдээ танайх заавал баян тансаг байх албагүй шүү дээ. Хамгийн гол нь цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй, сэтгэлд таатай байх нь л чухал.

16, 17. Зочин урихаасаа санаа зовдог бол яах хэрэгтэй вэ?

16 Зочин хүлээж авахаас санаа зовдог бол та ганцаараа биш гэдгийг санаарай. Британид амьдардаг нэг ахлагч: «Ер нь хүн Еховад үйлчилж эхлэхдээ сандардаг ч яваандаа сандрахаа больдог. Яагаад гэвэл ач тусыг нь хүртэж, сэтгэл хангалуун болдог. Үүнтэй адил, зочин хүлээж авна гэхээр эхэндээ сандарч тэвдэж магадгүй. Харин яваандаа кофеноос өөр юмгүй байсан ч санаа зовохоо больдог. Би зочидтойгоо хамт кофе уунгаа ярьж хөөрөх дуртай болсон» гэсэн юм. Зочдод санаа тавих нь ямагт сайн байдгийг санаарай (Флп. 2:4). Өөрт тохиолдсон явдлаа ярих дургүй хүн бараг байхгүй. Яриулах боломж ийм л үед олддог. Өөр нэг ахлагч: «Хурлынхаа найз нөхдийг гэртээ урихлаар тэднийг илүү сайн ойлгох, сайхан танилцах, ялангуяа үнэнийг яаж мэдсэнийг нь яриулах боломж олддог» гэж бичжээ. Санаа тавивал зочид маань бүгдээрээ баярлана.

17 Байгууллагын сургуульд суралцахаар ирсэн хүмүүсийг гэртээ байлгадаг нэг эхлэгч эмэгтэй: «Манайх зай багатай, бас би хүний хэрэглэж байсан хуучин тавилга хэрэглэдэг болохоор эхэндээ санаа зовдог байв. Тэгтэл дүүрэг хариуцагчийн эхнэр намайг тайвшруулж билээ. Явуулын ажил хийх үед Еховатай дотно хүний гэрт 7 хонох хамгийн сайхан байдаг гэж тэр эгч ярьсан. Яагаад гэвэл эд хогшил гэхээр юмгүй ч Еховад үйлчлэх дуртай, энгийн амьдрах зорилготойгоороо өөрсөдтэй нь адилхан гэсэн юм. Үүнийг сонсоод ээжийгээ санасан. Биднийг хүүхэд байхад ээж маань: “Хайр буй газрын өвсөн хоол нь дээр” гэж ярьдаг байж билээ» гэжээ (Сур. 15:17). Зочдоо хайрлаж л байвал санаа зовоод байх хэрэггүй.

18, 19. Зочломтгой байвал бусдын талаарх таагүй сэтгэгдлээсээ сална гэхийн учир юү вэ?

18 Бусдын тухай бодол: Танд таалагддаггүй хүн танай хуралд байдаг уу? Та өөрөө л хичээхгүй бол тэр хүний талаарх таагүй сэтгэгдлээсээ хэзээ ч салахгүй. Зан чанараас нь болоод эсвэл таныг гомдоосныг мартаж чадахгүйгээсээ болоод гэртээ уримааргүй санагддаг байх.

19 Бүх хүнд, тэр бүү хэл дайсандаа сайнаар хандахын тулд зочломтгой байх хэрэгтэй гэсэн зөвлөгөө Библид байдаг (Сургаалт үгс 25:21, 22-ыг уншина). Гэртээ урих нь тухайн хүний талаарх таагүй сэтгэгдлээсээ салж, найрсаг дотно болох сайн арга юм. Ехова тэр хүний сайхан зан чанарыг олж хараад өөртөө татсан шүү дээ. Та ч бас сайн талыг нь хардаг болно (Ёох. 6:44). Урина гэж бодоо ч үгүй байхад нь дургүй хүнээ гэртээ уривал найз болох эхлэл тавигдах ч юм билүү? Гагцхүү хайрандаа хөтлөгдөн урих учиртай. Үүний тулд «Даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай» гэсэн зөвлөгөөг дагаарай (Флп. 2:3). Ах дүү тань итгэл, тэвчээр, зориг гэх мэтийн зан чанараараа танаас илүү гэдгийг олж харвал тэднийг хайрлана, урихад хэцүү биш санагдана.

УСЫГ НЬ УУВАЛ ЁСЫГ НЬ ДАГААРАЙ

Гэрийн эзэд зочдынхоо төлөө сэтгэлээ зориулдаг (20-р догол мөрийг үзээрэй)

20. Айлд очно гэж амласан бол яагаад амласнаасаа няцаж болохгүй вэ? Амласнаа хэрхэн биелүүлэх вэ?

20 Дуулалч Давид: «ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух [«зочлох», ШЕ] вэ?» гэж асуужээ (Дуу. 15:1). Бурхан ямар зан чанартай хүнийг зочноо болгохыг хүсдэгийг цааш нь бичсэн байна. Жишээ нь, «Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй» хэмээн бичиж, итгэл даах хэрэгтэйг онцолжээ (Дуу. 15:4). Хэрэв та уригдсан бол хөнгөн хуумгай хандаж болохгүй. Уригдсан хэр нь очихгүй бол урьсан хүний зүтгэл талаар болно шүү дээ (Мат. 5:37). Арай илүү боломжтой гэж бодсон өөр хүн урихаар өмнө нь очно гэсэн айлдаа очихоо больдог хүн байдаг. Ингэдэг бол бусдыг хайрлаж хүндэлдэг гэж хэлж болох уу? Юугаар ч дайлах бай, урилгыг нь чин сэтгэлээсээ талархан хүлээж авах ёстой бус уу? (Лук 10:7). Хэрэв хүндэтгэх шалтгаан гараад очиж чадахгүйд хүрвэл аль болох хурдан мэдэгдэх нь тэр хүнийг бодож, хайраа илэрхийлж буй хэрэг юм.

21. Урьсан хүнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд яах вэ?

21 Нутаг нутгийн заншлыг харгалзан үзэх нь бас чухал. Зарим газар урьдчилж хэлэлгүй гэрт нь шууд очдог. Харин зарим нутагт, урьдчилан тохирсны дагуу зочилдог. Зочноо нэгдүгээрт, гэрийнхнээ хоёрдугаарт тавьдаг заншилтай нутаг байхад, бүх хүнийг адилхан хүндэлж зочилдог заншилтай улс орон ч бий. Уригдсан айлдаа юм авч очдог заншил байхад, юу ч авч очихгүй нь дээр гэж үзэх нь ч байдаг. Урилгыг шууд авалгүй хоёр юм уу гурван удаа эвтэйхэн татгалзаад, дараа нь хүлээж авдаг ёс бий. Урьсан даруйд шууд хүлээж авахгүй бол бүдүүлэгт тооцдог нутаг ч бас байдаг. Гэртээ урьж буй хүмүүсийг баярлуулахын тулд чадах бүхнээ хийцгээе.

22. Зочломтгой байх нь яагаад чухал бэ?

22 «Бүх юмны төгсгөл ойртжээ» гэж элч Петр бичжээ (1 Петр 4:7). Урьд хожид болж байгаагүй хамгийн аймшигтай гай гамшиг улам бүр ойртож байна. Байдал дордох тусам бид итгэл нэгтнүүдээ чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Бие биеэ урьж зочломтгой байгаарай гэсэн Петрийн зөвлөгөө өнөөгийн Гэрчүүдэд бүр ч их хамаатай (1 Петр 4:9). Бид одоо ч, ирээдүйд ч зочломтгой байх ёстой. Ингэвэл баяр баясгалантай байна.