Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Еховагийн Гэрчүүд элч Паулыг яагаад халзан толгойтой эсвэл үс багатайгаар дүрсэлдэг вэ?

Шуудхан хэлэхэд, Паулын гадаад төрх ямар байсныг хэлж чадах хүн өнөөдөр байхгүй. Манай ном хэвлэл дэх Паулын зураг нь археологийн баримтад тулгуурласан зураг биш, уран дүрслэл юм.

Гэхдээ Паулын гадаад байдлыг дүрсэлсэн зарим нэг баримт бий. Жишээлбэл «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлийн 1902 оны 3 дугаар сарын 1-ний дугаарт «Паулын гадаад байдлын хувьд гэвэл ... МТ 150 оны үед бичигдсэн “Паул Текла нарын үйлс” гэдэг номонд ... Паулыг хамгийн сайн, бас үнэн зөв дүрсэлсэн бололтой. Тэнд түүнийг “намхан нуруутай, халзан толгойтой, булчинлаг майга хөлтэй, нийлсэн хөмсөгтэй, урт хамартай” гэж дүрсэлжээ» хэмээн бичсэн байна.

Нэгэн бүтээлд «Паул Текла нарын үйлс» хэмээх энэхүү эртний судрын тухай бичихдээ «Түүхэн үнэнийг өгүүлсэн байхыг үгүйсгэхгүй» гэжээ («The Oxford Dictionary of the Christian Church», 1997). «Паул Текла нарын үйлс» судрыг манай эриний эхэн үед өндөр үнэлдэг байсныг грек хэлээрх наян гар бичмэл болон эдгээр гар бичмэлийн бусад хэлээрх хувилбаруудаас мэдэж болно. Тэгэхээр, манай ном хэвлэлд гарсан зургууд нь эртний зарим түүх шастирт Паулын гадаад байдлыг хэрхэн дүрсэлсэнтэй тохирдог.

Гэхдээ Паулын гадаад байдал тийм ч чухал биш гэдгийг санаарай. Миссионерын аялал хийж, хурлуудыг эргэж явсан түүнийг зарим хүн шүүмжилж, «Доожоо муутай, үг яриа нь сонсоод байхаар юм биш» гэдэг байжээ (2 Кор. 10:10). Гэвч Есүс тэнгэрээс ярьж, Паулыг дагалдагчаа болгосныг бид мартах ёсгүй. Түүнчлэн Есүс «Харь үндэстнүүд[эд] ... нэрээ тунхаглуулахаар түүнийг сонгосон». Паул энэ үүргээ хэрхэн гүйцэтгэснийг бодож үзээрэй (Үйлс 9:3–5, 15; 22:6–8). Ехова Паулаар Библийн олон номыг бичүүлсэн. Тэдгээрээс ямар их ач тус хүртэж болохыг бодоорой.

Паул Христийн дагалдагч болохоосоо өмнө олж авсан амжилтаараа гайхуулж байсангүй. Ямар дүр төрхтэйгөө ч ярьж байгаагүй (Үйлс 26:4, 5; Флп. 3:4–6). Харин ч «Би элчүүдийн дундаас хамгийн өчүүхэн нь бөгөөд элч байх хүндтэй хүн биш» гэсэн (1 Кор. 15:9). Бас хожим нь «Бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн нь болох намайг Бурхан ийн нигүүлссэн нь Христийн хүртээх хэмжээлшгүй их ивээлийн тухай сайн мэдээг харь үндэстнүүдэд тунхаглаасай гэснийх юм» хэмээн бичжээ (Эф. 3:8). Энэ мэдээлэл Паулын гадаад төрхөөс ч илүү чухал гэдэг нь ойлгомжтой.