Skip to content

Гарчиг руу орох

Эцэг эхчүүд ээ, танай хүүхэд баптисм хүртэхэд бэлэн үү?

Эцэг эхчүүд ээ, танай хүүхэд баптисм хүртэхэд бэлэн үү?

«Хойшлуулалгүйгээр ... баптисм хүрт» (ҮЙЛС 22:16).

ДУУ: 7, 11

1. Ухаалаг эцэг эхчүүд юуг онцгой анхаардаг вэ?

«БИ БАПТИСМ хүртмээр байгаагаа аав ээж хоёрт хэдэн сарын туршид хэлж, тэд ч надтай энэ тухай байнга ярьдаг болсон. Хэр нухацтай бодоод ийм шийдвэр гаргасныг минь мэдэх санаатай байсан юм билээ. Хүсэн хүлээсэн үйл явдал 1934 оны 12 дугаар сарын 31-нд болсон юм» гэж Блоосом Брант гэдэг эгч ярьжээ. Өнөөгийн эцэг эхчүүд ч бас зөв шийдвэр гаргахад нь хүүхдэдээ туслахыг хичээдэг. Ямар ч шалтгаангүйгээр баптисм хүртэхийг нь хойшлуулбал Еховатай дотно болоход нь саад хийнэ (Яак. 4:17). Христийн шавь болох нь хариуцлагатай алхам гэдгийг баптисм хүртэхээс нь өмнө хүүхдэд ойлгуулах хэрэгтэй байдаг. Ухаалаг эцэг эхчүүд үүнийг онцгой анхаардаг.

2. а) Дүүрэг хариуцагчид юу анзаарсан бэ? б) Энэ өгүүллээр юү үзэх вэ?

2 Гэрч айлд төрж өссөн хэр нь одоо болтол баптисм хүртээгүй 20-оод насныхан олон байдгийг зарим дүүрэг хариуцагчид анзаарчээ. Эдгээр залуучууд ихэнхдээ цуглаанд явж, дэлгэрүүлдэг байна. Тэд өөрсдийгөө Еховагийн Гэрч гэж үздэг гэнэ. Тэгвэл яагаад Еховад амь амьдралаа зориулж, баптисм хүртэхгүй байгаа юм бол оо? Тодорхой шалтгаан байдаг ажээ. Нэг шалтгаан нь эцэг эхтэй нь холбоотой. Тэд баптисм хүртэхээ азна гэж хүүхдэдээ зөвлөдөг. Яагаад? Гэрч эцэг эхчүүдийн санааг зовоодог дөрвөн асуудлыг энэ өгүүллээр авч үзье.

ХҮҮХЭД МААНЬ БАПТИСМ ХҮРТЭХЭД АРАЙ ЭРТДЭХГҮЙ ЮҮ?

3. Блоосомын эцэг эх юунд санаа зовж байсан бэ?

3 Энэ өгүүллийн эхэнд гардаг Блоосомын эцэг эх баптисмын утга учир, ач холбогдлыг ойлгосон эсэхэд нь эргэлзэж байжээ. Хүүхэд нь Еховад өөрийгөө зориулахад бэлэн эсэхийг эцэг эхчүүд хэрхэн мэдэх вэ?

4. Матай 28:19, 20-д байдаг Есүсийн тушаалаас эцэг эхчүүд юу ойлгох ёстой вэ?

4 Матай 28:19, 20-ийг уншина. Хүн төдөн насандаа баптисм хүртэж болно гэсэн заалт Библид байдаггүйг өмнөх өгүүллээр ярилцсан билээ. Гэхдээ шавь бэлдэнэ гэдэг нь юү гэсэн үг болохыг эцэг эхчүүд эргэцүүлэн бодох хэрэгтэй. Матай 28:19-т гардаг «шавь болгогтун» гэж орчуулсан грек үг нь Христийн дагалдагч болгох зорилгоор зааж сургахыг хэлдэг. Есүсийн сургаалыг судалж, ойлгоод дуулгавартай дагахаар шийдсэн хүнийг шавь гэнэ. Тэгэхээр Гэрч эцэг эхчүүд хүүхдээ нялх байхаас нь сургахдаа баптисм хүртэж Христийн шавь болоход нь тусалъя гэсэн зорилго өвөрлөх хэрэгтэй. Нялх хүүхэд баптисм хүртэх шаардлага хангахгүй нь мэдээж. Гэхдээ нас нь бага байлаа ч хүүхэд Бурхны тухай үнэнийг ойлгож, эрхэмлэдгийг Библиэс мэдэж болно.

5, 6. а) Тимотын тухай бичсэнийг бодож үзвэл баптисм хүртэх талаар юү мэдэж болох вэ? б) Ухаалаг эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн тусалдаг вэ?

5 Есүсийн дагалдагч Тимот Еховад үйлчлэх шийдвэрийг бүр хүүхэд байхдаа гаргажээ. Элч Паул түүний тухай бичихдээ Бурхны Үгэнд байдаг үнэнийг нялх багаасаа сурсан гэсэн. Аав нь Еховад үйлчилдэггүй хүн байсан ч Тимот ээж эмээ хоёроороо заалгаж Бурхны Үгийг эрхэмлэдэг болжээ. Үүний үрээр бат итгэлтэй болсон (2 Тим. 1:5; 3:14, 15). Хорь орчим настай байхдаа л хуралд тусгай үүрэг биелүүлэх шаардлагыг хангасан байв (Үйлс 16:1–3).

6 Хүүхэд бүр адилгүй байдаг нь мэдээж. Төлөвших хурд, хугацаа нь өөр өөр байдаг. Зарим хүүхэд бага балчир насандаа үнэнийг ойлгодог, зөв шийдвэр гаргадаг, баптисм хүртэх хүсэлтэй болдог. Харин зарим нь арай том болсон хойноо баптисм хүртэхэд бэлэн болдог. Ухаалаг эцэг эхчүүд баптисм хүрт гэж хүүхдээ албаддаггүй. Харин ахиц гаргахад нь туслахын тулд хүүхдийнхээ онцлогт тохируулдаг. Сургаалт үгс 27:11-д бичсэнээр хүүхэд нь «мэргэн байвал» эцэг эхчүүд баярладаг (уншина). Гэхдээ хүүхдээ Христийн шавь болгох зорилгоо мартаж болохгүй. Үүнийг санаад «Хүү (охин) маань Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртэх хэмжээний мэдлэгтэй болсон уу?» гэж асуух нь зүйтэй.

ХҮҮХДИЙН МААНЬ МЭДЛЭГ ХАНГАЛТТАЙ ЮУ?

7. Баптисм хүртэхээсээ өмнө Библийн сургаалыг нэг бүрчлэн мэдсэн байх ёстой юу? Тайлбарлана уу.

7 Эцэг эх нь хүүхдэдээ Бурхны талаар их юм мэдүүлчих юм сан гэж боддог. Мэдлэгтэй болсон хүүхэд Бурханд өөрийгөө зориулах хүсэлтэй болно. Гэхдээ Библийн сургаалыг нэг бүрчлэн мэдэж байж баптисм хүртэх ёстой гэсэн үг биш ээ. Баптисм хүртсэнийхээ дараа үнэн зөв мэдлэгээ гүнзгийрүүлсээр байх хэрэгтэй (Колосай 1:9, 10-ыг уншина). Тэгвэл эхлээд хэр их зүйлийг мэдсэн байх шаардлагатай вэ?

8, 9. Паул болон шоронгийн хуягт тохиолдсон явдлаас юү мэдэж болох вэ?

8 Нэгдүгээр зуунд амьдарч байсан нэгэн гэр бүлд тохиолдсон явдал өнөөгийн эцэг эхчүүдэд сургамжтай (Үйлс 16:25–33). Паул МЭ 50-аад онд миссионерын хоёр дахь аяллаараа Филиппой хотод очжээ. Тэнд байхдаа Паул Силас хоёр хилс хэргээр баривчлагдан, шоронд орсон. Шөнө нь газар хөдлөхөд шоронгийн бүх хаалга нээгджээ. Шоронгийн хуяг хоригдлуудыг оргосон гэж бодоод амиа хорлохыг завдтал Паул хориглож болиулав. Дараа нь Паул Силас хоёр тэр хуягийн гэр бүлд сайн мэдээ дэлгэрүүлжээ. Есүсийн тухай үнэнийг мэдэж, дуулгавартай байх нь хэчнээн чухал гэдгийг хуяг болон түүний гэр бүлийнхэн ойлгоод тэр даруй баптисм хүртсэн. Энэ үйл явдлаас юу ойлгож болох вэ?

9 Ромын заншлыг бодож үзвэл, тэр хуяг чөлөөнд гарсан цэрэг байсан байх. Тэрээр Бурхны Үгийг мэддэггүй байв. Тиймд Христийн дагалдагч болохын тулд Судрын үндсэн сургаалыг мэдэж, Еховагийн үйлчлэгч хүн ямар байх ёстойг ойлгож, Есүсийн зааснаар явах шаардлагатай болсон. Богинохон хугацаанд мэдэж авсан зүйлдээ үндэслээд баптисм хүртэх хүсэлтэй болжээ. Баптисм хүртсэнийхээ дараа ч мэдлэгээ гүнзгийрүүлж байсан нь эргэлзээгүй. Хэрэв хүүхэд тань Библийн үндсэн сургаал, түүний дотор Еховад өөрийгөө зориулж баптисм хүртэхийн утга учир, ач холбогдлыг ойлгоод, чин сэтгэлээсээ талархаж, баптисм хүртэх хүслээ илэрхийлбэл та дээрх жишээг санаад яах хэрэгтэй вэ? Хурлын ахлагчидтай уулзахыг зөвлөөрэй. Тэгвэл тэд баптисм хүртэх шаардлага хангасан эсэхээ мэдэж авна. * Хүүхэд тань баптисм хүртсэнийхээ дараа Еховагийн санаа зорилгын тухай мэдлэгээ бусад Гэрчтэй адил насан туршдаа, тэр битгий хэл үүрд мөнхөд гүнзгийрүүлсээр байна (Ром 11:33, 34).

ХҮҮХЭД МААНЬ ЯМАР БОЛОВСРОЛ ЭЗЭМШВЭЛ АМЖИЛТ ОЛОХ ВЭ?

10, 11. а) Зарим эцэг эх юү хүсдэг вэ? б) Ямар хүүхэд жинхэнэ ёсоор хамгаалагдах вэ?

10 Хүү юм уу охин нь баптисм хүртье гэхэд нь зарим эцэг эх түр азнахыг зөвлөдөг. Энэ нь боловсрол эзэмшүүлж, карьер хөөлгөхийг хүсдэгтэй холбоотой. Сайн санасандаа ингэж боддог байх л даа. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Хүүхэд маань утга учиртай амьдарч чадах уу? Хамгийн гол нь Библиэс сурсан зүйлтэй маань нийцэх үү? Ехова биднийг амь амьдралаа юунд зориулаасай гэж хүсдэг билээ? (Номлогчийн үгс 12:1-ийг уншина).

11 Энэ ертөнц болон ертөнцөд байгаа бүхэн Еховагийн хүсэл сонирхол, үзэл бодлын эсрэг байдгийг санаж явах нь маш чухал (Яак. 4:7, 8; 1 Ёох. 2:15–17; 5:19). Хүүхэд тань Еховатай дотно байх тусам Сатан, түүний ертөнц, буруу үзэл бодлоос хамгаалагдана. Хэрэв эцэг эх нь сургууль соёл, алба ажлыг чухалчилбал хүүхэд ертөнцийн юмыг Еховагаас илүү чухал гэж үздэг болно. Хүүхэд маань амжилт ололтыг энэ ертөнцийнхний хэмжүүрээр хэмжиж сураасай гэж халамжтай эцэг эх хүсэх үү? Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан цагт л жинхэнэ баяр баясгалан эдэлж, амжилт олно (Дуулал 1:2, 3-ыг уншина).

ХҮҮХЭД МААНЬ НҮГЭЛ ҮЙЛДВЭЛ ЯАХ ВЭ?

12. Хүүхэд нь баптисм хүртэх гэхэд зарим эцэг эх яагаад хойшлуулдаг вэ?

12 Охин нь баптисм хүртэх хүсэлтэйгээ хэлэхэд ээж нь хэсэг азнахыг зөвлөжээ. Тэр Гэрч үүнийхээ учрыг тайлбарлан: «Хэлэхээс ичмээр юм. Гэхдээ гол нь хурлаас хасах арга хэмжээнээс болсон» гэж ярьжээ. Хүүхэд маань арай том болбол алдаа гаргахгүй гэж бодоод баптисм хүртэхийг нь хойшлуулдаг эцэг эх байдаг байх нь ээ (Эх. 8:21; Сур. 22:15). Тэд: «Хүүхэд маань баптисм хүртээгүй юм чинь хасагдахгүй шүү дээ» гэж боддог. Ингэж бодох нь яагаад буруу вэ? (Яак. 1:22).

13. Баптисм хүртээгүй хүн Еховагийн өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү? Тайлбарлана уу.

13 Хүүхэд нь Еховад өөрийгөө зориулахад бэлэн биш бол эцэг эхчүүд баптисм хүртэхийг нь хойшлуулах нь зүйн хэрэг. Харин баптисм хүртээгүй хүн Еховагийн өмнө хариуцлага хүлээхгүй гэж бодох нь буруу. Яагаад? Хэрэв хүүхэд нь баптисм хүртээгүй ч, Еховагийн тогтоосон зөв буруугийн хэм хэмжээг мэддэг бол Еховагийн өмнө хариуцлага хүлээнэ (Яаков 4:17-г уншина). Тиймд ухаалаг эцэг эхчүүд хүүхдээ баптисм хүртэхийг нь хойшлуулдаггүй. Харин бага балчраас нь сургаж, Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг баримталдаг болгохыг хичээдэг. Өөрсдөө ч үлгэр дуурайл болдог (Лук 6:40). Танай хүүхэд Еховаг хайрладаг бөгөөд зөв гэсэн болгоныг нь хийхийг хүсдэг бол ноцтой нүгэл үйлдэх аюулаас хол байна (Ис. 35:8).

БУСАД ХҮН ТУСАЛНА

14. Ахлагчид эцэг эхчүүдэд хэрхэн дэм болох вэ?

14 Ахлагчид эцэг эхчүүдэд дэм болох хэрэгтэй. Яаж? Бурханд үйлчлэх зорилго тавихыг талаар хүүхэдтэй нь ярилцаж болно. Зургаан настай байхад нь Чарлз Раасел ах өөртэй нь ярьсныг нэг Гэрч эмэгтэй дурсан: «Бурханд үйлчлэх зорилго тавих талаар надтай 15 минут ярьсан» гэжээ. Үр дүн нь юу байсан бэ? Тэр эгч хожим нь эхлэгч болоод 70 гаруй жил үйлчилжээ. Урам сэргээм яриа хүний амьдралд хүчтэй нөлөөлдөг нь харагдаж байна (Сур. 25:11). Ахлагчид эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь хамт цуглааны танхим барих, засах ажилд оролцуулж болно. Ингэхдээ хүүхдийн нас, чадварт тохируулан даалгавар өгөх нь зүйтэй.

15. Хурлынхан нь охид хөвгүүдийг хэрхэн урамшуулан зоригжуулж болох вэ?

15 Хурлын бусад гишүүн хэрхэн туслах вэ? Охид хөвгүүдэд зохих ёсоор анхаарал тавьж байх хэрэгтэй. Жишээ нь Еховатай дотносож байгаа эсэхийг нь ажиглаж болно. Цуглаан дээр өөрийнхөө үгээр чин сэтгэлээсээ хариулсан уу? Ажлын өдөр болдог цуглаанд оролцсон уу? Итгэлийн сорилтыг амжилттай давсан уу? Эсвэл ангийнхандаа, багшдаа дэлгэрүүлэх боломжийг ашигласан уу? Тийм бол чин сэтгэлээсээ магтаарай. Цуглааны өмнө юм уу дараа охид хөвгүүдтэй ярилцах зорилго тавивал ямар вэ? Ийнхүү санаа тавьдаг бол тэд «их чуулган»-ы нэгээхэн хэсэг гэдгээ ойлгоно (Дуу. 35:18).

БАПТИСМ ХҮРТЭХЭД БЭЛЭН БОЛОХОД НЬ ХҮҮХДЭДЭЭ ТУСЛААРАЙ

16, 17. а) Баптисм хүртэх нь яагаад чухал бэ? б) Гэрч эцэг эхчүүд яагаад баярладаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

16 Гэрч эцэг эхчүүдийн хувьд «Еховагийн зааж сургасны дагуу хүүхдүүдээ хүмүүжүүлэх» нь нэр төрийн хэрэг юм (Эф. 6:4; Дуу. 127:3). Эртний израйл хүүхдүүд төрөнгүүтээ л Еховагийнх болдог байсан. Харин Гэрч гэр бүлд төрсөн өнөөгийн хүүхдүүд тэдэнтэй адилгүй. Түүнээс гадна эцэг эх нь Еховаг, үнэнийг хайрладаг бол хүүхэд нь тэдэн шигээ болох ёстой гэсэн үг биш. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдээ Христийн шавь болгох зорилго тавьж төрсөн цагаас нь зааж сургах хэрэгтэй. Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртээд Бурхны үнэнч үйлчлэгч болбол ирээдүйд ямар ач тустай вэ? Агуу гамшгийн үед аврагдах боломжтой болно (Мат. 24:13).

Эцэг эхчүүд ээ, хүүхдээ Христийн шавь болгох зорилго тавиарай (16, 17-р догол мөрийг үзээрэй)

17 Блоосом Брантыг баптисм хүртэх шийдвэр гаргахад эцэг эх нь амьдралын хамгийн чухал алхам хийхэд бэлэн эсэхийг нь мэдэхийг хүсжээ. Бэлэн гэдгийг нь ойлгоод баптисм хүртэхийг нь дэмжсэн байна. Охиноо баптисм хүртэхийн урьд орой аав нь нэг чухал юм хийжээ. Блоосом: «Бид бүгдээрээ аавын хэлснээр сөхөрч суулаа. Тэгээд аав маань Еховад залбирч: “Бяцхан охин минь танд өөрийгөө зориулахаар шийдсэнийг дуулаад баяртай байна” гэж билээ» хэмээн дурссан юм. Тэр цагаас хойш 60 гаран жилийн дараа Блоосом: «Хэдэн зуун жил өнгөрсөн ч би тэр оройг хэзээ ч мартахгүй!» гэжээ. Эцэг эхчүүд ээ, хүүхэд тань Еховад өөрийгөө зориулан, баптисм хүртэж та нарт баяр баясгалан, аз жаргалыг бэлэглэх болтугай!

^ д/м 9 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 3 дахь дугаарын 3–7; 8–12-р хуудсанд буй цуврал өгүүллийг хүүхэдтэйгээ хамт судлах нь тустай.