Skip to content

Гарчиг руу орох

Жинхэнэ ёсоор чөлөөлөгдөх нь

Жинхэнэ ёсоор чөлөөлөгдөх нь

«Хүү та нарыг чөлөөлбөл та нар жинхэнэ ёсоор чөлөөлөгдөнө» (ЁОХ. 8:36).

ДУУ: 32, 52

1, 2. а) Хүмүүс эрх чөлөөнийхөө төлөө хэрхэн тэмцдэг вэ? б) Тэмцлийн үр дүн нь юү вэ?

ӨНӨӨДӨР тэгш эрх, эрх чөлөө гэж их ярих болжээ. Дарлал, гадуурхал, ядуурлаас чөлөөлөгдөхийг хүсдэг хүн дэлхийн өнцөг булан бүрд бий. Зарим хүн үг хэлэх, сонгох, өөрөө шийдэх эрх чөлөө олгохыг шаарддаг. Хүссэнээ хийх, дур зоргоороо амьдрах хүсэлтэй хүн хаа сайгүй байдаг.

2 Хүмүүс эрх чөлөөтэй болохын тулд жагсаал цуглаан, тэр бүү хэл хувьсгал хийдэг. Ингэлээ гээд үр дүнд хүрдэг үү? Үгүй. Харин ч бүр, амь насаа алдах гэх мэтийн эмгэнэлт явдлаар төгсдөг. Энэ бүхэн Соломон хааны хэлсэн үг үнэн болохыг баталдаг. Тэрээр: «Бусдыг хорлох замаар эрх мэдлийг хэрэгжүүлдэг хүн ч байдаг» гэж бичжээ (Ном. 8:9).

3. Жинхэнэ ёсоор жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд яах хэрэгтэй вэ?

3 Жинхэнэ ёсоор жаргалтай, эрх чөлөөтэй болох нууцыг Христийн шавь Яаков хэлж өгсөн. Тэрээр: «Эрх чөлөөний төгс хуулийг нарийн судалдаг, хэрэгжүүлдэг хүн ... жаргалтай» хэмээн бичжээ (Яак. 1:25). Туйлын жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахын тулд юү хийх хэрэгтэйг төгс хууль өгсөн Ехова Бурхан хамгийн сайн мэддэг. Тэрээр анхны хоёр хүнд жаргалтай байх бүх зүйлийг, тухайлбал жинхэнэ эрх чөлөөг өгсөн.

ХҮМҮҮС ЖИНХЭНЭ ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА

4. Адам Ева хоёр ямар эрх чөлөө эдэлдэг байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

4 «Эхлэл» номны эхний хоёр бүлгийг уншихаар Адам Ева хоёр өнөөгийн хүмүүсийн хүсэл мөрөөдөл болсон эрх чөлөөг эдэлж байсныг хялбархан ойлгож болно. Анхны хос гачигдал, айдас, дарлалаас бүрэн ангид байв. Хоол хүнс, ажил алба, өвчин эмгэг, үхэл хагацлаас болж санаа зовох гэдгийг мэддэггүй байсан (Эх. 1:27–29; 2:8, 9, 15). Тэгвэл Адам Ева хоёр хязгааргүй эрх чөлөөтэй байсан хэрэг үү?

5. Хүмүүст эрх чөлөөг нь эдлүүлэхийн тулд яах шаардлагатай вэ?

5 Ямар үр дагавар гарахыг бодохгүйгээр хүссэн бүхнээ хийхийг жинхэнэ эрх чөлөө гэж боддог хүн өнөөдөр олон байдаг. «Дэлхийн нэвтэрхий толь»-д эрх чөлөөтэй байх гэдгийг тодорхойлохдоо «сонгох, сонгосноо ажил хэрэг болгох чадвартай байх» гэжээ. Тэгээд цааш нь «Хууль зүйн үүднээс авч үзвэл, нийгмийн зүгээс шударга бус, ашиг тусгүй, үндэслэлгүй хязгаар тогтоохгүй л бол хүмүүс эрх чөлөөтэй байна» хэмээн бичжээ. Тэгэхээр, нийгмийн зүгээс тодорхой хориг тавивал хүн болгон өөрт оногдсон эрх чөлөөгөө эдлэх нь ээ. Тэгвэл шударга, ашиг тустай, үндэслэлтэй хоригийг хэн тавих эрхтэй вэ?

6. а) Ехова яагаад ганцаараа хязгааргүй эрх чөлөө эдэлдэг вэ? б) Хүн төрөлхтөн ямар эрх чөлөө эдэлдэг вэ? Яагаад?

6 Ехова Бурхан л ганцаараа хязгааргүй эрх чөлөө эдэлдэг. Яагаад гэвэл тэрээр бүх юмыг бүтээсэн Бүтээгч, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт, төгс хүчит Эзэн билээ (1 Тим. 1:17; Илч. 4:11). Зөвхөн Еховагийн хосгүй, сүр жавхлант байр суурийн талаар Давид хаан хэчнээн уран яруу хэлснийг санаарай (Шастирын дээд 29:11, 12-ыг уншина). Энд бичсэнээр, тэнгэр газар дээрх бүх бүтээл хязгаарлагдмал эрх чөлөөтэй. Ехова Бурхан шударга, ашиг тустай, үндэслэлтэй хязгаарыг тогтоох эрх мэдэлтэй. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөх ёстой. Ехова анхны хүмүүсийг бүтээгээд л ийм хязгаар тогтоосон билээ.

7. Ехова хязгаар тогтоосноороо хүний эрх чөлөөг хааж боосон уу? Тайлбарлана уу.

7 Адам Ева хоёр эрх чөлөөтэй байсан ч зарим зүйлийг хийх ёстой, зарим зүйлийг хийх ёсгүй байв. Энэ нь Бурхны тогтоож өгсөн хязгаар юм. Жишээ нь хүн заавал амьсгалах, идэх, унтах ёстой. Үүнийг үл тоомсорловол амьд байж чадахгүй. Тэглээ гээд Адам Ева хоёр эрх чөлөөгүй болсон уу? Үгүй. Харин ч иймэрхүү хязгаар тогтоогоогүй бол хүн баяр хөөртэй, сэтгэл хангалуун байж чадахгүй гэдгийг Бурхан мэдэж байв (Дуу. 104:14, 15; Ном. 3:12, 13). Цэвэр агаар амьсгалах, дуртай хоолоо идэх эсвэл шөнө сайхан унтаж амрахаараа баярладаггүй хүн гэж байхгүй биз дээ? Энэ бүхэн зайлшгүй шаардлагатай бөгөөд эрх чөлөөгүй болсон эсвэл дарамттай юм шиг санагддаггүй шүү дээ. Адам Ева хоёрт ч ингэж санагддаггүй байсан нь лавтай.

8. Бурхан анхны хосод ямар тушаал өгсөн бэ? Яагаад?

8 Ехова Адам Ева хоёрт дэлхийг хүнээр дүүргэ, арчилж торд гэсэн тодорхой тушаал өгсөн (Эх. 1:28). Энэ тушаалаас болоод тэд эрх чөлөөгөө эдэлж чадаагүй юү? Яалаа гэж дээ! Харин ч Бурхны санаа зорилго биелэхэд хувь нэмэр оруулах боломж олджээ. Дэлхийг төгс хүмүүсийн мөнхийн гэр болгох нь Бүтээгчийн маань санаа зорилго байв (Ис. 45:18). Өнөөдөр зарим хүн ганц бие байхаар эсвэл гэрлэсэн ч хүүхэд төрүүлэхгүй байхаар шийддэг. Энэ нь Еховад дуулгаваргүй байгаа хэрэг биш юм. Зарим хүн бэрхшээлийг тоолгүй гэрлэж, үр хүүхэд төрүүлдэг (1 Кор. 7:36–38). Яагаад? Аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг учраас тэр юм (Дуу. 127:3). Адам Ева хоёр Еховад дуулгавартай байсан бол гэр бүлийн амьдрал нь үүрд аз жаргалаар бялхах байсан.

ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АЛДСАН НЬ

9. Эхлэл 2:17-д байдаг Бурхны тушаалыг яагаад шударга, ашиг тустай, үндэслэлтэй гэж хэлж болох вэ?

9 Бурхан анхны хосод бас нэг тушаал өгчээ. Тэр тушаалыг зөрчвөл шийтгэхээ ч тодорхой хэлсэн. «Чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхнэ!» хэмээжээ (Эх. 2:17). Энэ тушаал шударга бус, ашиг тусгүй эсвэл үндэслэлгүй байсан уу? Адам Ева хоёрын эрх чөлөөг хааж боосон уу? Үгүй. Олон эрдэмтэн үүнийг утга учиртай, зөв тушаал гэдэг. Жишээ нь «[Эхлэл 2:16, 17]-д байдаг Бурхны тушаалыг дүгнэж хэлбэл, хүн төрөлхтөнд юу сайн болохыг Бурхан л мэднэ, бас юу муу болохыг Бурхан л мэднэ. “Сайн” гэсэн юмыг амсаж үзье гэвэл Бурханд найдаж, үг тушаалыг нь дагах ёстой. Эс тэгвэл сайн муугийн хэм хэмжээг өөрсдөө л тогтоох хэрэг гарна» гэж нэг эрдэмтэн тэмдэглэжээ. Харамсалтай нь бие даагаад сайн муугийн хэм хэмжээг тогтоох чадвар хүнд байхгүй шүү дээ.

Адам Ева хоёрын гаргасан шийдвэр гай тарьсан! (9–12-р догол мөрийг үзээрэй)

10. Сонгох эрх чөлөө бол сайн муугийн хэм хэмжээг тогтоох эрх мэдэл биш гэхийн учир юү вэ?

10 Ехова Адамд хүссэнээ хийх эрх чөлөө өгөөгүй шүү дээ гэж зарим хүн бодож магадгүй. Энэ нь хувь хүний сонгох эрхийг сайн муугийн хэм хэмжээг тогтоох Бурхны эрх мэдэлтэй хольж хутгасантай холбоотой. Адам Ева хоёр Бурханд дуулгавартай байх уу, үгүй юү гэдгээ сонгох эрхтэй байсан. Харин сайн муугийн хэм хэмжээг тогтоох бүрэн эрх мэдэл зөвхөн Еховад байдаг. Үүнийг Еден цэцэрлэгт байсан «сайн мууг мэдүүлэгч модоор» бэлгэджээ (Эх. 2:9). Гаргасан шийдвэрийн маань үр дүн ямар болохыг бид мэдэхгүй. Бас дандаа сайн үр дүнд хүрнэ гэсэн баталгаа байхгүй. Хүмүүс сайн үр дүнд хүрнэ гэж горьдоод шийдвэр гаргадаг ч зовлон, гамшиг, муу муухай явдлаар дуусах нь их байдаг (Сур. 14:12). Тийм ээ, хүний хийж чадах юм хязгаартай. Ехова, Адам Ева хоёрт тушаал өгсөн нь жинхэнэ эрх чөлөөг хэрхэн эдлэхийг хайрандаа хөтлөгдөн хэлж өгсөн хэрэг байлаа. Тэр хоёр яахаар шийдсэн бэ?

11, 12. Адам Ева хоёрын гаргасан шийдвэрийн үр дүн юү вэ? Жишээгээр тайлбарлана уу.

11 Харамсалтай нь, анхны өвөг дээдэс маань Еховагийн үгэнд орохгүй байхаар шийдсэн. Сатан: «Нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно» гэж хэлэхэд Ева итгэжээ (Эх. 3:5). Адам Ева хоёр ийм шийдвэр гаргаад илүү эрх чөлөөтэй болсон уу? Үгүй. Сатан худлаа хэлсэн байлаа. Еховагийн удирдлага зааврыг үл тоомсорлож, өөрийнхөөрөө явбал зовлон эдэлдгийг тэд удалгүй ойлгожээ (Эх. 3:16–19). Яагаад гэвэл Еховагаас өөр хэн ч сайн муугийн хэм хэмжээг тогтоох эрхгүй (Сургаалт үгс 20:24; Иеремиа 10:23-ыг уншина).

12 Адам Ева хоёрыг онгоцны нисгэгчтэй зүйрлэж болно. Нисгэгч зорьсон газраа аюулгүй хүрэхийн тулд албан ёсоор зөвшөөрсөн агаарын замаар нисэх ёстой. Онгоцны удирдлагын системийг ашиглан хяналтын диспетчерүүдтэй байнга холбоотой байвал зорьсон газраа саадгүй хүрнэ. Харин нислэгийг удирдах газрын зааврыг үл тоомсорлон хүссэн замаараа явбал аюул тулгарна. Үүнтэй адил, Адам Ева хоёр хүссэн замаараа явахаар шийдэж, Бурхнаар удирдуулахаас татгалзсан. Үр дүн нь юу байсан бэ? Дур зоргоороо авирладаг нисгэгч осолд ордог шиг тэд нүгэлтэй болж үхсэн. Түүгээр ч зогсохгүй, ирээдүйд төрөх үр удамдаа гай тарьсан (Ром 5:12). Ийнхүү дур мэдэн шийдсэнээрээ эдлэх ёстой эрх чөлөөгөө алджээ.

АЛДСАН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?

13, 14. Жинхэнэ эрх чөлөөг хэрхэн олж авах вэ?

13 Эрх чөлөөтэй байх тусам сайн сайхан амьдарна гэж хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хязгааргүй эрх чөлөө нь хоёр талдаа иртэй илд лүгээ адил юм. Эрх чөлөөтэй байх нь олон талын ач тустай нь үнэн. Гэхдээ эрх чөлөөнд хэмжээ хязгаар байхгүй бол нийгэм ямар байхыг төсөөлөхөд ч аймшигтай. Тийм учраас «Дэлхийн нэвтэрхий толь»-д бичсэнээр зохион байгуулалт сайтай нийгмийн тогтолцоо бүхий улс орны хууль нь хүний эрхийг хамгаалах ч, хязгаарлах ч ёстой учраас маш ярвигтай байдаг гэж бичжээ. Үнэндээ хүний зохиосон өчнөөн боть хуулийг тайлбарлаж, хэрэгжүүлэхийн тулд хуульч, шүүгчдийн бүхэл бүтэн арми хэрэгтэй болно.

14 Харин Есүс Христ жинхэнэ ёсоор чөлөөлөгдөх энгийн аргыг зааж өгсөн. Тэрээр: «Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол миний дагалдагч үнэхээр мөн бөгөөд үнэнийг ойлгож, үнэн та нарыг чөлөөлнө» гэж хэлжээ (Ёох. 8:31, 32). Алдсан эрх чөлөөгөө эргүүлж авах хоёр аргыг хэлж өгсөн байна. Нэгд, заасан сургаалыг нь хүлээн зөвшөөрөх, хоёрт шавь нь болох. Ингэснээр жинхэнэ ёсоор эрх чөлөөтэй болно. Юунаас чөлөөлөгдөх вэ? Есүс үүнийг тайлбарлан: «Нүгэл үйлддэг хүн бүр нүглийн боол. ... Хүү та нарыг чөлөөлбөл та нар жинхэнэ ёсоор чөлөөлөгдөнө» гэжээ (Ёох. 8:34, 36).

15. Есүсийн амласан эрх чөлөө яагаад хамаагүй давуу вэ?

15 Есүсийн амласан эрх чөлөө нь ихэнх хүний олж авахыг хүсдэг иргэний болон улс төрийн эрх чөлөөнөөс хамаагүй давуу юм. Яагаад гэвэл Есүс хүн төрөлхтнийг хамгийн аймшигтай боолчлол буюу нүглийн боолчлолоос чөлөөлөх ажээ. Тийм ч учраас «Хүү та нарыг чөлөөлбөл та нар жинхэнэ ёсоор чөлөөлөгдөнө» гэж хэлсэн. Хүмүүс нүгэлтэйгээсээ болоод муу юм хийдэг. Түүнчлэн зөв гэж мэддэг юмаа хийхэд эсвэл чадах бүхнээ хийхэд нүгэл саад болдог. Биднийг нүглийн боол гэсэн нь ийм учиртай. Нүглийн үр дагавар нь гуниг цөхрөл, зовлон шаналал, үхэл хагацал юм (Ром 6:23). Элч Паул энэ зовлонг яс махандаа шингэтэл ойлгожээ (Ром 7:21–25-ыг уншина). Бид нүглийн гав гинжнээс бүрмөсөн чөлөөлөгдсөн цагт л анхны хосын эдэлж байсан эрх чөлөөг жинхэнэ ёсоор эдэлнэ.

16. Яавал «жинхэнэ ёсоор чөлөөлөгдөх» вэ?

16 Есүс: «Хэрэв та нар хэлснийг минь биелүүлдэг бол» гэсэн нь тодорхой шаардлага тавих буюу хязгаарлалт тогтоосон хэрэг юм. Христийн дагалдагч бид өөрийнхөө дураар биш, Христийн сургаалын дагуу амьдрахаар шийдсэн (Мат. 16:24). Золиост итгэдгээ үйл хэргээрээ баталдаг бол Есүсийн амласны дагуу жинхэнэ ёсоор чөлөөлөгдөнө.

17. а) Яавал жинхэнэ ёсоор утга учиртай, сэтгэл хангалуун амьдрах вэ? б) Дараагийн өгүүллээр юү үзэх вэ?

17 Христийг дагадаг бид сургаалыг нь чанд баримталдаг бол жинхэнэ ёсоор утга учиртай, сэтгэл хангалуун амьдарна. Ингэвэл нүгэл, үхлийн боолчлолоос бүрмөсөн чөлөөлөгдөх үүд хаалга нээгдэнэ (Ром 8:1, 2, 20, 21-ийг уншина). Жинхэнэ эрх чөлөөний Бурхан Еховагаа үүрд алдаршуулахын тулд одоогийнхоо эрх чөлөөг хэрхэн зөв эдлэхийг дараагийн өгүүллээр үзье.