Skip to content

Гарчиг руу орох

Охид хөвгүүд ээ, Бурхантай дотносохыг голлон анхаарч байна уу?

Охид хөвгүүд ээ, Бурхантай дотносохыг голлон анхаарч байна уу?

«Ажил үйлсээ ЭЗЭНд даатга, тэгвэл бодсон санасан чинь биелнэ» (СУР. 16:3).

ДУУ: 11, 24

1-3. а) Охид хөвгүүд юү шийдэх хэрэгтэй вэ? Үүнийг жишээгээр тайлбарлана уу (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Зөв шийдвэр гаргах хамгийн сайн арга юү вэ?

НЭГ хотод болох маш чухал үйл явдалд оролцохоор холын замд гарах гэж байна гээд төсөөл дөө. Тэр хотод очихын тулд автобусаар олон цаг явна. Авто вокзал дээр очиход толгой эргэм олон автобус эгнэн зогсож, түм түжигнэж бум бужигнаж байлаа. Гэхдээ чи зорилгоо тод санаж байгаа. Тийм учраас зорьсон газарт хүргэх унаагаа л олж сууна. Өөр чиглэлийн автобусанд суучихвал буруу зүг рүү явна шүү дээ.

2 Амьдрал гэдэг их замд хөл тавьж буй охид хөвгүүд та нарыг авто вокзал дээр буй зорчигчидтой зүйрлэж болно. Та нарт толгой эргэм олон асуудлыг шийдэх шаардлага гарна. Харин зөв шийдвэрийг хэрхэн гаргах вэ? Хаашаа явахаа сайн мэдэж байгаа бол зөв шийдвэр гаргаж чадна. Тэгвэл чухам хаашаа явах нь зүйтэй вэ?

3 Охид хөвгүүд та нар энэ өгүүллээс хариуг нь мэдэж аваад Еховаг баярлуулах зорилго тавиарай. Энэ нь сургуульд сурах, ажил хийх, гэрлэх, хүүхэд хүмүүжүүлэх гэх мэтийн асуудлыг Еховагийн зөвлөсний дагуу шийднэ гэсэн үг. Бас Бурхантай дотно болоход тустай зорилгоо биелүүлнэ гэсэн үг. Хэрэв Еховад үйлчлэхийг голлон анхаардаг бол ивээл хүртэж, сайн сайхан амьдарна гэдэгтээ итгэлтэй байж болно (Сургаалт үгс 16:3-ыг уншина).

ЯАГААД БУРХАНД ҮЙЛЧЛЭХ ЗОРИЛГО ТАВИХ ЁСТОЙ ГЭЖ?

4. Энэ өгүүллээр юү үзэх вэ?

4 Бурханд үйлчлэх зорилго тавих нь маш сайн. Яагаад? Гурван шалтгааныг ярилцъя. Тавьсан зорилгоо биелүүлэх гэж мэрийвэл Еховатай улам дотносдогийг эхний хоёр шалтгаанаас, Бурханд аль болох эртнээс үйлчлэх нь ач тустайг гурав дахь шалтгаанаас ойлгож аваарай.

5. Бурханд үйлчлэх зорилго тавих гол шалтгаан нь юү вэ?

5 Бурханд үйлчлэх зорилго тавих гол шалтгаан нь бидэнд хайртай, бидний төлөө олон зүйлийг хийсэн Еховад талархлаа илэрхийлэхтэй холбоотой. Дуулалч: «ЭЗЭНд талархлыг өргө[х] нь сайн юм. Учир нь ЭЗЭН Та хийсэн зүйлсээрээ намайг баярлуулсан бөгөөд би Таны гарын үйлсийн улмаас баясгалантайгаар дуулна» гэжээ (Дуу. 92:1, 4). Еховад ямар их өртэйгөө бод доо. Чамд амь, итгэл, Библи, хурал, ирээдүйн гайхамшигт найдварыг өгсөн шүү дээ. Бурхныг эн тэргүүнд тавих нь энэ бүх ивээлийн төлөө талархлаа илэрхийлж буй арга юм. Үүний үрээр чи Бурхантайгаа улам дотносно.

6. а) Бурханд үйлчлэх зорилго тавих нь ямар ач тустай вэ? б) Ямар ямар зорилго тавьж болох вэ?

6 Бурханд үйлчлэх зорилго тавих хоёр дахь шалтгаан юү вэ? Энэ зорилгоо биелүүлье гээд мэрийвэл Ехова чамайг хамгийн сайн ажил хийж байна гэж үзнэ. Тэгээд чи Еховатай улам дотносно. Элч Паул: «Шударга Бурхан та бүхний үйл хэрэг, тэр хайрыг мартахгүй» гэж амласан (Евр. 6:10). Зорилго тавихад эртдэхгүй. Кристинэ гэдэг охин 10 настай байхдаа үнэнч Гэрчүүдийн намтрыг тогтмол уншиж байхаар шийджээ. Тооби гэдэг хүү баптисм хүртэхээсээ өмнө Библийг уншиж дуусгах зорилго тавихдаа 12-той байв. Максим 11-тэй, дүү Ноэми нь 10-тай байхдаа баптисм хүртжээ. Дараа нь хоёулаа Бетелд үйлчлэх зорилго тавьж, түүнийгээ биелүүлэх гэж хичээдэг болов. Зорилгоо мартахгүйн тулд Бетелийн анкетыг ханандаа хаджээ. Чи ямар зорилго тавихыг хүсдэгээ бодож үзээд зорилгоо биелүүлэхийн төлөө мэрийгээд үзвэл ямар вэ? (Филиппой 1:10, 11-ийг уншина).

7, 8. а) Зорилго тавивал яагаад шийдвэр гаргахад илүү хялбар байдаг вэ? б) Өсвөр насны нэг охин яагаад их сургуульд ороогүй вэ?

7 Аль болох эрт зорилго тавих гурав дахь шалтгаан нь юү вэ? Ямар боловсрол эзэмших, ямар ажил хийх гэх мэтийн шийдвэрийг өсвөр насандаа гаргах хэрэгтэй болдог. Энэ нь салаа замын уулзвар дээр ирсэнтэй адил юм. Очих газраа мэдэж байвал зөв замаа сонгоход ядах юмгүй. Үүн шиг, зорилгоо мэдэж байвал зөв шийдвэр гаргахад хэцүү биш. Сургаалт үгс 21:5-д «Хичээл зүтгэлтэй хүний төлөвлөгөөнүүд үнэхээр ашиг тусаа өгнө» гэж байдаг. Зөв зорилгыг хэдийчинээ эрт тавина, төдийчинээ хурдан амжилт олно. Дамаарис гэдэг бүсгүй үүнийг биеэрээ үзжээ. Тэрээр өсвөр насандаа чухал асуудлыг шийдэх болсон байна.

8 Дамаарис дунд сургуулиа онц төгсжээ. Их сургуульд хуулийн мэргэжлээр тэтгэлэгтэй сурах санал ирсэн ч банкинд ажиллахаар шийдэв. Яагаад? «Би бүр багаасаа л эхлэгчээр үйлчилнэ гэж боддог байлаа. Энэ нь цагийн ажил хийнэ гэсэн үг. Их сургуульд сурч хуулийн мэргэжил эзэмшвэл их мөнгө олно л доо. Гэхдээ цагийн ажил бараг олдохгүй». Дамаарис эхлэгчээр үйлчлээд 20 жил болж байна. Хүүхэд байхдаа зөв шийдвэр гаргаж, зөв зорилго тавьсан гэж боддог болов уу? «Би одоо хуулийн мэргэжилтэй олон хүнтэй ажил хэргийн холбоотой байдаг. Хэрэв би их сургуульд орсон бол тэдний хийдэг ажлыг л хийх байсан. Харамсалтай нь олон хүн ажлаа ямар ч баяр баясгалангүй хийдэг. Би эхлэгч болох шийдвэр гаргаснаар ажлаас болж шаналж цөхрөхийн зовлонг амсаж үзээгүй. Харин ч Еховад олон жил баяр хөөртэй үйлчилж байна».

9. Бид яагаад охид хөвгүүдээрээ бахархдаг вэ?

9 Дэлхий даяар буй олон мянган охид хөвгүүд ажил үйлсээ Еховад даатгаж, Еховад үйлчлэхийг амьдралынхаа гол зорилго болгодог учир магтаал хүлээх зүй ёсны эрхтэй. Тэд амьдралдаа сэтгэл хангалуун байхын зэрэгцээ сургууль соёл, алба ажил, гэр бүл гээд бүх асуудлыг шийдэхдээ Еховагаар удирдуулдаг. «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. ... Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж Соломон бичжээ (Сур. 3:5, 6). Ехова охид хөвгүүдийг үнэ цэнтэй гэж үздэг. Та бүгдэд хайртай учраас харж хамгаалан, удирдан чиглүүлж, ивээлээ хүртээдэг.

ДЭЛГЭРҮҮЛЭХЭД БЭЛЭН БАЙ

10. а) Хийх ёстой зүйлийн жагсаалтын эхэнд яагаад дэлгэрүүлэх ажлыг тавих ёстой вэ? б) Дэлгэрүүлэх ажлаа яавал үр бүтээлтэй хийх вэ?

10 Еховаг баярлуулахыг голлон анхаардаг охид хөвгүүд дэлгэрүүлэх ажлыг чухалд үздэг. Есүс Христ: «Эхлээд сайн мэдээ ... тунхаглагдсан байх ёстой» гэжээ (Марк 13:10). Дэлгэрүүлэх ажил хойшлуулшгүй чухал учраас хийх ёстой зүйлийн жагсаалтын эхэнд байх учиртай. Чи дэлгэрүүлэх ажилд өмнөхөөсөө олон удаа оролцож чадах уу? Эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? Гэхдээ дэлгэрүүлэхдээ тийм ч дуртай биш бол яах вэ? Илүү үр бүтээлтэй дэлгэрүүлэхийн тулд юү хийх вэ? Чамд хоёр зүйл тус болно. Сайн бэлдэх, мэддэг юмаа ярихаас халгахгүй байх. Хэрэв чи энэ хоёрыг ажил болговол дэлгэрүүлэх ажлын сайхныг мэдрээд гайхна даа.

Чи Еховагийн тухай хүмүүст ярихын тулд хэрхэн бэлддэг вэ? (11, 12-р догол мөрийг үзээрэй)

11, 12. а) Дэлгэрүүлэхэд хэрхэн бэлдэх вэ? б) Нэг хөвгүүн боломжийг ашиглан ангийнхандаа хэрхэн дэлгэрүүлсэн бэ?

11 Эхлээд ангийнхаа хүүхдийн байнга асуудаг асуултад хариулахад бэлдээрэй. Жишээ нь «Чи яагаад Бурханд итгэдэг юм бэ?» гэсэн асуултад хэрхэн бэлдэх вэ? Энэ асуултад хариулахад тус болох өгүүллүүд манай байгууллагын jw.org саитад бий. БИБЛИЙН СУРГААЛ > ӨСВӨР НАСНЫХАН гэж орвол «Би яагаад Бурханд итгэдэг вэ?» гэсэн дасгал ажил байгаа. Өөрийнхөө үгээр хариулж сурахад чинь энэ дасгал ажил тустай. Еврей 3:4; Ром 1:20; Дуулал 139:14-ийг ашиглаад итгэл үнэмшлээ тайлбарлаарай гэж бичжээ. Энэ мэтээр дасгал ажлыг хийгээд байвал ямар ч асуултад хариулж чаддаг болно (1 Петр 3:15-ыг уншина).

12 Боломж олдвол ангийнхаа хүүхдүүдэд jw.org-т орохыг зөвлөөрэй. Лүүка гэдэг хүү энэ аргыг хэрэглэжээ. Янз бүрийн шашны тухай хичээл орж байв. Тэгтэл сурах бичиг дээр Еховагийн Гэрчүүдийн талаар буруу мэдээлэл бичсэнийг Лүүка анзаарчээ. Хэдийгээр сандарч байсан ч буруу мэдээллийг залруулъя гэхэд багш нь зөвшөөрөв. Лүүка итгэл үнэмшлээ тайлбарлаад зогссонгүй байгууллагынхаа саитыг бүх хүүхдэд үзүүлсэн байна. Багш нь сурагчдадаа «Хүүхдүүд чамайг дээрэлхдэг бол» гэдэг зурган кино үзэх даалгавар өгчээ. Лүүка дэлгэрүүлж чадсандаа үнэхээр их баярласан гэнэ.

13. Хүнд байдалд орвол яагаад бууж өгч болохгүй вэ?

13 Хүнд байдалд орвол битгий бууж өгөөрэй (2 Тим. 4:2). Зорилгынхоо төлөө зүтгэлтэй байгаарай. Катарина 17-той байхдаа ажлынхаа хүн болгонд дэлгэрүүлэх зорилго тавьжээ. Нэг хүн нэлээн хэдэн удаа хэл амаар доромжилсон ч Катарина зүрх алдсангүй. Биеэ зөв зохистой авч явж байгааг нь Хаанс гэдэг өөр нэг хүн хараад биширсэндээ манай ном хэвлэлийг уншиж, Библийн хичээл хийдэг болж, яваандаа баптисм хүртжээ. Катарина өөр газар нүүсэн учраас энэ тухай мэдээгүй ажээ. Түүнээс хойш 13 жилийн дараа гэрийнхэнтэйгээ хамт цуглаанд очтол, зочин илтгэгч нь Хаанс байж таарав! Зорилгоо марталгүй ажлынхандаа Еховаг гэрчилж байсандаа үнэхээр их баярлажээ.

ЗОРИЛГОО БҮҮ МАРТААРАЙ

14, 15. а) Үеийнхэн чинь дарамталбал юу санах хэрэгтэй вэ? б) Үе тэнгийнхний нөлөөнд автахгүйн тулд яах вэ?

14 Еховаг баярлуулж, түүнд үйлчлэхийг гол зорилгоо болгохыг энэ өгүүллээр уриалж байгааг охид хөвгүүд та нар ойлгосон байх. Гэхдээ та нарын насны олон хүүхэд зугаацаж цэнгэхийг л боддог. Тиймээс та нарыг уруу татаж хамт зугаацъя гэж магадгүй. Гаргасан шийдвэрээ хэр зэрэг тууштай баримталдгаа батлах цаг та нарт ирнэ. Үе тэнгийнхнийхээ нөлөөнд бүү автаарай. Зорилгоо бүү мартаарай. Автобусны жишээг эргэн саная. Хөгжилтэй мэт харагдах зорчигчдод татагдаад л хаашаа явахыг нь магадлалгүй ямар ч хамаагүй автобусанд суухгүй биз дээ?

15 Үе тэнгийнхний нөлөөнд автахгүй байх олон арга бий. Жишээлбэл хорхой хүрч магадгүй гэж бодсон бол тийшээ бүү зүглээрэй (Сур. 22:3). Биеэ зохисгүй авч явдаг хүүхдүүдтэй нийлбэл ямар гашуун үр дагавар амсахыг бодоорой (Гал. 6:7). Цаашлаад, зөв зөвлөгөө шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрөөрэй. Даруу байвал эцэг эхийнхээ, төлөвшсөн итгэл нэгтнийхээ үгийг дуртайяа сонсоно (1 Петр 5:5, 6-ыг уншина).

16. Даруу байхын ач тусыг харуулсан жишээ хэлнэ үү.

16 Даруу учраас зөвлөгөөг хүлээж авсан Кристофын тухай ярилцъя. Тэрээр баптисм хүртсэнийхээ дараахан фитнессээр хичээллэж эхлэв. Тэгтэл тэндхийн залуучууд түүнийг спорт клубтээ урьжээ. Кристоф энэ тухай ахлагчид хэлэв. Шийдвэр гаргахаасаа өмнө ямар аюул байгааг бодоорой гэж ахлагч зөвлөжээ. Тухайлбал өрсөлдөөнч болж болзошгүйг сануулсан байна. Гэсэн ч Кристоф спорт клубт явахаар шийдэв. Хүчирхийллийн шинжтэй аюултай спортоор хичээллэж байгаагаа яваандаа ойлгожээ. Дахиад л ахлагчидтай уулзахад тэд бүгдээрээ Библид үндэслэсэн зөвлөгөө өгөв. «Ехова над руу сайн зөвлөгчдийг явуулсан. Хугацаа алдсан ч би Еховагийн үгэнд орсон» гэж Кристоф хэлсэн. Чи зөв зөвлөгөөг хүлээж авах даруу хүн мөн үү?

17, 18. а) Ехова охид хөвгүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? б) Том хүмүүс яагаад харамсдаг вэ? Тэдний алдааг давтахгүйн тулд яах вэ? Жишээ хэлнэ үү.

17 «Залуу [эсвэл бүсгүй] минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга» (Ном. 11:9). Ехова чамайг баяр баясгалантай байгаасай гэж хүсдэг. Нэг аргыг энэ өгүүлэлд онцолж байна. Энэ нь Еховад үйлчлэхийг голлон анхаарч, ямар ч төлөвлөгөө, шийдвэр гаргасан зөвлөгөөг нь дагах юм. Хэдийчинээ эртнээс Еховад үйлчилж эхэлнэ, Ехова удирдаж, хамгаалж, ивээж байгааг төдийчинээ хурдан мэдэрнэ. Бурхны Үгэнд байдаг бүх зөвлөгөөг бодож үзээрэй. Тэгээд «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» гэсэн зөвлөгөөг дагаарай (Ном. 12:1).

18 Та нар дандаа л хүүхэд хэвээрээ байхгүй. Нэг л мэдэхэд том болно. Олон хүн та нар шиг байхдаа буруу зорилго тавьсандаа эсвэл ямар ч зорилгогүй явсандаа харамсдаг. Харин Бурханд үйлчлэхийг голлон анхаардаг охид хөвгүүд зөв шийдвэр гаргасандаа хожим нь сэтгэл хангалуун байна. Мирянад яг ийм явдал тохиолджээ. Тэрээр спортын авьяастай охин байсан ч Өвлийн олимпод оролцох урилгыг хүлээж аваагүй ажээ. Харин Еховад бүрэн цагаар үйлчлэхээр шийдсэн байна. Тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. Одоо ч гэсэн Миряна нөхөртэйгөө хамт бүрэн цагаар үйлчилсээр байна. «Нэр алдар, эрх мэдэл, эд баялагтай болно гэдэг нь зуурдынх бөгөөд сайн зорилго биш. Жинхэнэ утга учиртай, үүрдийн зорилго бол Бурханд үйлчилж, Бурхны тухай мэдэхэд нь хүмүүст бага ч гэсэн туслах явдал юм» гэж Миряна ярьжээ.

19. Бурханд үйлчлэх зорилгыг эртнээс тавих нь яагаад ач тустай вэ?

19 Иймэрхүү бэрхшээлийг үл тоон Еховад үйлчлэхийг гол зорилгоо болгосон охид хөвгүүд та нарыг магтъя. Та нар энэ зорилгоо марталгүй дэлгэрүүлэх ажлыг чухалд үздэг. Түүнээс гадна энэ ертөнцийн нөлөөнд автахгүй байх гэж их хичээдэг. Хичээл зүтгэл тань хэзээ ч талаар болохгүй. Та нарт хайртай, тусалж дэмждэг итгэл нэгт ах эгч нар бий. Тиймээс ажил үйлсээ Еховад даатгавал санасан хэрэг чинь сэтгэлчлэн бүтнэ.