Skip to content

Гарчиг руу орох

Томилогдсон эрчүүд ээ, Тимотоос суралцаарай

Томилогдсон эрчүүд ээ, Тимотоос суралцаарай

ДЭЛХИЙ даяар буй олон мянган Гэрч эрчүүд өнгөрсөн жил ахлагч, туслах үйлчлэгчээр томилогдсон билээ. Та тэдний нэг бол шинэ үүргээ баяр хөөртэй биелүүлж байгаа биз ээ.

Гэхдээ үүний зэрэгцээ санаа зовж байгаа байх. Жэйсон гэдэг залуу ахлагч: «Томилогдсон даруйдаа ажилдаа түүртэж байсан» гэж ярьсан юм. Ехова, Мосе Иеремиа хоёрт даалгавар өгөхөд тэд өөрсдийгөө голж байсан (Ег. 4:10; Иер. 1:6). Та бас тэгдэг үү? Өөрийгөө ялж, ахиц гаргахын тулд яах хэрэгтэй вэ? Христийн дагалдагч Тимотын тухай ярилцъя (Үйлс 16:1–3).

ТИМОТЫГ ДУУРАЙ

Тимот Паулын урилгыг хүлээн авч миссионерын аялалд хамт явахдаа 20-оод настай байсан бололтой. Залуу байсан болохоор энэ үүргийг биелүүлж чадах эсэхдээ эхлээд эргэлзэж байсан байх (1 Тим. 4:11, 12; 2 Тим. 1:1, 2, 7). Түүнээс хойш хэдэн жилийн дараа Паул Филиппой дахь дагалдагчдад «Эзэн Есүс таалан соёрхвол би Тимотыг та нар луу удахгүй явуулах санаатай байна. ... Та нарт санаа тавьдаг Тимот шиг хүн надад алга» гэж бичжээ (Флп. 2:19, 20).

Тимот ямар учраас тийм сайн ахлагч болсон бэ? Тимотоос сурах 6 зүйлийг авч үзье.

1. Тимот хүмүүст үнэн сэтгэлээсээ санаа тавьдаг байсан. Паул: «Та нарт санаа тавьдаг Тимот шиг хүн надад алга» гэж Филиппой дахь итгэл нэгтнүүддээ бичжээ (Флп. 2:20). Тимот хүмүүст үнэхээр санаа тавьдаг байсан учраас Еховатай дотно болоосой гэсэн хүсэлдээ хөтлөгдөн тэдний төлөө өөрийгөө дуртайяа зориулдаг байв.

Зогсоол болгон дээр цагтаа очихыг чухалчилдаг хэр нь зорчигчдоо авахгүй явчихдаг автобусны жолооч шиг байж болохгүй шүү. Ахлагчийн үүргийг 20 гаруй жил нэр төртэй биелүүлж буй Вийлям: «Ах дүү нарыг хайрлаарай. Байгууллагаас даалгасан үүргийг биелүүлэх ёстой гэхээсээ илүү, ах дүү нарт юү хэрэгтэй байгааг голлон анхаараарай» хэмээн шинэхэн ахлагчдад зөвлөж байна.

2. Дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавьдаг байсан. Паул Тимотыг бусад дагалдагчтай харьцуулан «Бусад нь бүгдээрээ Есүс Христийнхийг биш, хувийн ашиг сонирхлоо боддог» гэсэн (Флп. 2:21). Паул энэ захиаг Ромд байхдаа бичжээ. Эндхийн ах дүү нар ажил амьжиргаагаа хэтэрхий их анхаардгийг тэрээр анзаарчээ. Тэд Бурхны үйл хэрэгт өөрсдийгөө бүрэн дайчилдаггүй байв. Харин Тимот өөр байлаа! Сайн мэдээ дэлгэрүүлэх боломж гарвал «Би энд байна. Намайг явуулаач» гэж хэлсэн Исаиа шиг байжээ (Ис. 6:8).

Хүлээсэн үүргээ ч, Бурхнаас авсан даалгавраа ч сайн биелүүлье гэвэл яах хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, ажлаа эрэмбэлээрэй. «Илүү чухал юмыг магадал» гэж Паул зөвлөсөн (Флп. 1:10). Бурхны чухал гэж үздэг юмыг чухал гэж үзээрэй. Хоёрдугаарт, түвэг чирэгдэл багатай амьдраарай. Цаг, хүч их шаарддаг бүхнийг үгүй хийгээрэй. Паул Тимотод «Залуу насны хүсэл тачаалаас зугт. Харин ... итгэл, хайр ба амар тайвныг мөшгө» гэж зөвлөжээ (2 Тим. 2:22).

3. Бурхны үйл хэрэгт биеэ бүрэн дайчилдаг байсан. Паул: «Тимот эцэгтэйгээ хамт зүтгэдэг хүү шиг сайн мэдээг түгээхийн тулд надтай хамт зүтгэж, ямар хүн гэдгээ баталсныг та нар мэднэ шүү дээ» хэмээн филиппойчуудад сануулсан (Флп. 2:22). Тимот залхуурахыг мэддэггүй байв. Паултай хамт нөр их хөдөлмөрлөдөг байсан учраас тэд бие биедээ улам хайртай болжээ.

Бурхны үйлчлэгчдийн ажил мундахгүй их ээ. Энэ ажлын үрээр бид сэтгэл дүүрэн байж, итгэл нэгтнүүдтэйгээ улам дотносдог. Тиймээс «Эзний үйл хэргээр үргэлж бялхах» зорилго тавиарай (1 Кор. 15:58).

4. Сурсан зүйлээ хэрэгжүүлдэг байсан. Паул Тимотод «Чи миний заасныг сурч, намайг дуурайж амьдарсан, зорилго тавьсан, итгэсэн, тэвчсэн, хайрласан, тууштай явсан» гэж бичжээ (2 Тим. 3:10). Тимот сурснаа ажил болгодог байсан учраас илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэхэд бэлэн болсон (1 Кор. 4:17).

Үлгэр дуурайл үзүүлдэг, ахмад, туршлагатай найз танд бий юү? Байхгүй бол тийм хүнийг хайгаарай. Олон жил ахлагчаар үйлчилж ирсэн Том: «Туршлагатай нэг ахлагч надад санаа тавьж, маш сайн сургасан. Би хэрэгтэй зүйлээ байнга асууж, зөвлөгөөг нь дагадаг байсан учраас авсан үүргээ итгэлтэй биелүүлдэг болсон» хэмээн дурсжээ.

5. Тимот зүтгэлтэй хүн байсан. Паул Тимотод «Бурханд үнэнч байхыг зорилго болгон зүтгэл гарга» хэмээн зөвлөсөн (1 Тим. 4:7). Хөнгөн атлетикийн тамирчин дасгалжуулагчтай хэдий ч өөрөө бас зүтгэл гаргах ёстой. Паул Тимотод «Ариун судрыг олны өмнө унших, бусдыг ятгах, зааж сургахыг анхаарч байгаарай. ... Ахиц гаргаж байгаа чинь бүх хүнд илэрхий болохын тулд эдгээрийг эргэцүүлэн бодож, өөрийгөө бүрэн зориул» гэж зөвлөжээ (1 Тим. 4:13–15).

Та ч бас чадвараа сайжруулж байгаарай. Библи болон ном хэвлэлийг хичээнгүйлэн судалж байгаарай. Байгууллагын сүүлийн үеийн зааврыг дагахаас бүү хоцроорой. Түүнээс гадна өөртөө хэтэрхий их итгэхээс болгоомжлоорой. Учир нь ямар ч асуудлыг шийдэж сурсан юм чинь тэгтлээ их судлах шаардлагагүй гэж бодож магадгүй. Тимотыг дуурайн «ямар байдгаа, юу заадгаа үргэлж анхаарч» яваарай (1 Тим. 4:16).

6. Еховагийн агуу хүчинд найддаг байсан. Паул Тимотод «Чамд даалгасан энэ эрдэнэсийг бидэнд байдаг Бурхны агуу хүчээр удирдуулан хамгаал» гэж зөвлөжээ (2 Тим. 1:14). Тимот дэлгэрүүлэх ажлыг эрдэнэс мэт хамгаалахын тулд Бурхны агуу хүчинд найдах ёстой байлаа.

Олон арван жилийн туршлагатай Дооналд гэдэг ахлагч: «Томилогдсон эрчүүд Бурхантай тогтоосон харьцаагаа нандигнах ёстой. Тэгдэг бол Ехова хүч тэнхээтэй болгоно. Бурхны агуу хүчийг гуйн залбирч, энэ хүчний нөлөөгөөр бий болдог зан чанарыг төлөвшүүлэх гэж хичээдэг бол итгэл нэгтнүүддээ түшиг болж чадна» гэсэн юм (Дуу. 84:7; 1 Петр 4:11).

ЗАВШААНАА ЭРХЭМЛЭ

Тан шиг олон шинэ ахлагч Еховагийн үйл хэргийн төлөө ахиц гаргаж байгааг харах хэчнээн урамтай вэ! Өгүүллийн эхэнд гарсан Жэйсон: «Би ахлагч болсноосоо хойш их юм сурч, өөртөө улам бүр итгэлтэй болж байна. Одоо би үүргээ завшаан гэж үзэн дуртайяа биелүүлдэг болсон» гэжээ.

Та Еховагийн үйл хэргийн төлөө ахиц гаргасаар байх уу? Тимотоос суралцаарай. Тэгвэл та Бурхны ард түмэнд түшиг болж чадна.