Skip to content

Гарчиг руу орох

Урам хайрладаг Бурхан Еховаг дуурайя

Урам хайрладаг Бурхан Еховаг дуурайя

«Ямар ч үед тайвшруулдаг * Бурхан магтагдах болтугай» (2 КОР. 1:3, 4).

ДУУ: 23, 152

1. Еденд тэрс явдал гарахад Ехова хүн төрөлхтөнд хэрхэн урам хайрлаж, найдвар төрүүлсэн бэ?

ЕХОВА бол урам хайрладаг Бурхан юм. Үүнийгээ хүн төрөлхтнийг нүгэлтэй, төгс бус болсон цагаас эхлэн баталсаар иржээ. Еденд тэрс явдал гарсан даруйд Бурхан нэг зөгнөл хэлсэн. Энэ нь Адамын ирээдүйн үр удамд урам хайрлаж, найдвар төрүүлэх учиртай байв. «Эртний могой» буюу Сатан Диаволыг бузар үйлстэй нь хамт устгана гэж Бурхан амлажээ. Үүнийг Эхлэл 3:15-д байдаг зөгнөлөөс мэдэж болно (Илч. 12:9; 1 Ёох. 3:8).

ЕХОВА ЭРТНИЙ ҮЙЛЧЛЭГЧДЭДЭЭ УРАМ ХАЙРЛАДАГ БАЙСАН

2. Ехова Ноад хэрхэн урам хайрласан бэ?

2 Еховагийн үйлчлэгч Ноа завхран гажуудсан ертөнцөд амьдарч байжээ. Зөвхөн Ноагийн гэр бүлийнхэн л Еховаг шүтдэг байв. Хүчирхийлэл, садар самуун явдал гаарсан болохоор Ноа сэтгэлээр унаад цөхрөнгөө барж болох л байсан (Эх. 6:4, 5, 11; Юуд. 6). Гэвч тэгээгүй. Ехова түүнд зөв юм хийх урам зориг хайрласан. Тийм учраас Ноа «Бурхантай хамт» тууштай явж чадсан (Эх. 6:9, 10). Ехова Ноад бузар муу ертөнцийг устгах гэж байгаагаа хэлж, гэр бүлээрээ эсэн мэнд үлдэхийн тулд юү хийх ёстойг зааварлан зааж өгчээ (Эх. 6:13–18). Ийнхүү урам хайрладаг Бурхан гэдгээ баталсан.

3. Ехова Иошуад хэрхэн урам хайрласан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

3 Хожим нь Ехова өөрийн үйлчлэгч Иошуад урам хайрласан. Иошуа, Бурхны ард түмнийг Амласан газар луу авч орох яггүй бэрх даалгавар авчээ. Энэ даалгаврыг биелүүлэхийн тулд тэнд амьдардаг хүчирхэг үндэстнүүдтэй тулалдах ёстой болов. Иошуа айж болгоомжлохоос ч өөр аргагүй байлаа. Тиймд Ехова Мосед «Чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ» гэжээ (Д.хууль 3:28). Бас Иошуаг зоригжуулан «Би чамд тушаагаагүй гэж үү? Тууштай бөгөөд зоригтой бай! Хаана явсан газарт чинь чиний Бурхан ЭЗЭН чамтай хамт байх учраас бүү чичирч айгтун» гэсэн (Иош. 1:1, 9). Иошуа урамшин зоригжсон биз ээ.

4, 5. а) Ехова эртний үйлчлэгчдэдээ хэрхэн урам хайрладаг байсан бэ? б) Ехова Хүүдээ хэрхэн урам хайрласан бэ?

4 Ехова ганц нэг хүнд ч, хэсэг бүлэг хүнд ч урам хайрладаг. Жишээлбэл Вавилонд олзлогдсон иудейчүүдийг тайвшруулах хэрэгтэй байсан тул нэгэн амлалт өгч урмыг нь сэргээсэн. Тэрээр: «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» гэжээ (Ис. 41:10). Хожим нь Христийн эртний дагалдагчдад урам хайрласан. Бидэнд ч урам хайрладаг (2 Коринт 1:3, 4-ийг уншина).

5 Ехова Хүүдээ бас урам хайрладаг байсан. Есүс баптисм хүртээд уснаас гарахдаа «Энэ бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэх дуу тэнгэрээс гарахыг сонсжээ (Мат. 3:17). Тэрээр дэлхий дээр үйлчилж байхдаа энэ үгийг санаад эрч хүчтэй болдог байсан нь лавтай!

ЕСҮС ХҮМҮҮСТ УРАМ ХАЙРЛАДАГ БАЙСАН

6. Талантын тухай ёгт үлгэрийг яагаад урам сэргээм гэж хэлж болох вэ?

6 Есүс Эцгийгээ дуурайн бусдад урам хайрладаг байсан. Тэрээр өнөөгийн тогтолцооны төгсгөлийн талаар зөгнөхдөө талантын тухай ёгт үлгэр ярьж, үнэнч байхыг уриалсан. Уг үлгэрт гардаг эзэн үнэнч боол бүрээ сайшаан «Сайн байна! Сайн, итгэмжит боол минь. Чи бага юманд итгэмжтэй байсан учир чамд ихийг хариуцуулъя. Эзэнтэйгээ хамт баярла» гэж хэлдэг (Мат. 25:21, 23). Есүсийн шавь нар энэ үлгэрийг сонсоод урамшиж Еховад цаг үргэлж үнэнч үйлчлэхээр шийдсэн биз ээ!

7. Есүс элчүүддээ, ялангуяа Петрт хэрхэн урам хайрласан бэ?

7 Хамгийн агуу нь болох гэж элчүүдээ олон удаа маргалдахад Есүс тэвчээр алдаагүй. Харин ч даруу байхыг уриалж удирдагч болохыг бус, үйлчлэгч байхыг захижээ (Лук 22:24–26). Петр бол Есүсийн урмыг бусдаасаа олон удаа хугалж явсан элч (Мат. 16:21–23; 26:31–35, 75). Гэсэн хэдий ч Есүс түүнийг голоогүй, харин урам хайрлажээ. Түүгээр ч үл барам, ах дүүдээ тусалж дэмжихийг үүрэг болгосон (Ёох. 21:16).

ЭРТ ЦАГТ БИЕ БИЕДЭЭ УРАМ ХАЙРЛАДАГ БАЙСАН

8. Хезекиа цэргийн удирдагчид болон Иудагийн ард түмнийг хэрхэн зоригжуулсан бэ?

8 Есүсийг дэлхийд ирэхээс бүр өмнө Еховагийн үнэнч үйлчлэгчид бие биедээ урам хайрлаж сэтгэлийн дэм өгдөг байжээ. Жишээ нь ассиричуудыг Иуда руу довтлохоор заналхийлэхэд Хезекиа цэргийн удирдагчид болон ард түмнийг цуглуулж урам сэргээм үг хэлсэн. Ард түмэн үгэнд нь урамшин зоригжжээ (Шастирын дэд 32:6–8-ыг уншина).

9. Бусдад урам хайрлах талаар Иовоос юу сурч болох вэ?

9 Бусдад хэрхэн урам хайрлахыг Иовоос сурч болно. Уг нь өөрт нь тайтгарал хэрэгтэй байсан. Гэхдээ хуурамч гурван найздаа урам хайрлах аргыг зааж өгчээ. «Би ... та нарын оронд байсан бол ... та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан» гэсэн (Иов 16:1–5). Хожим нь Ехова Елиху хоёр Иовд урам хайрлажээ (Иов 33:24, 25; 36:1, 11; 42:7, 10).

10, 11. а) Иефтагийн охины урмыг сэргээх хэрэгтэй байсны учир юү вэ? б) Өнөөдөр ямар хүмүүст урам хайрлах хэрэгтэй вэ?

10 Иефтагийн охинд бас урам зориг хэрэгтэй байв. Шүүгч Иефта аммончуудтай байлдахаар явахаасаа өмнө Еховад ам тангараг өгчээ. Аммончуудыг ялахад тусалбал өөрийг нь угтахаар гарч ирэх эхний хүнийг Еховагийн асарт үйлчлүүлнэ гэж амласан. Израйл ялж, Иефтаг тулалдаанаас буцаж ирэхэд газар дээрх ганц охин нь угтахаар гэрээсээ гарч ирэв. Иефта уй гашууд автжээ. Гэхдээ насан туршид нь мөргөлийн асарт үйлчлүүлнэ гэж амласнаа биелүүлж охиноо Шило руу явуулсан (Шүү. 11:30–35).

11 Энэ амлалтаас болоод Иефта ганцаараа зовсон юм биш. Охинд нь илүү хэцүү байсан биз ээ. Гэвч тэрээр аавынхаа шийдвэрийг дуртайяа дэмжсэн (Шүү. 11:36, 37). Хүнтэй сууж, удам залгах үр хүүхэд төрүүлэх аргагүй болсон түүнийг ямар ч хүнээс илүүгээр тайвшруулж, урамшуулах хэрэгтэй байлаа. «Израильд нэгэн заншил бий болсон билээ. Жил бүрийн дөрвөн өдөр Израилийн охид явж, Гилеад хүн Иефтагийн охиныг дурсан гашууддаг [«магтдаг байв», ШЕ]» гэж Библид бичжээ (Шүү. 11:39, 40). «Эзний үйл хэрэгт» түлхүү оролцох гэсэндээ гэрлэхийг хойш нь тавьдаг Гэрчүүдийг магтаж, урмаар тэтгэх хэрэгтэй (1 Кор. 7:32–35).

ЭЛЧҮҮД АХ ДҮҮ НАРТ УРАМ ХАЙРЛАДАГ БАЙСАН

12, 13. «Ах дүүгээ батжуул» гэсэн даалгаврыг Петр хэрхэн биелүүлсэн бэ?

12 Есүс амиа алдахынхаа өмнөх шөнө элч Петрт «Симон оо, Симон оо! Сатан чамайг тариа шиг шигшихийн тулд зөвшөөрөл гуйсан. Итгэлээ бүү алдаасай гэж би чиний төлөө Бурханд залбирч, шаргуу гуйсан юм. Харин чи эргэж ирээд ах дүүгээ батжуул» гэж захижээ (Лук 22:31, 32).

Элчүүдийн захидлууд нэгдүгээр зууны дагалдагчдад ч, бидэнд ч урам хайрладаг (12–17-р догол мөрийг үзээрэй)

13 Петр Христийн нэгдүгээр зууны дагалдагчдын хурлын багана байв (Гал. 2:9). Тэрээр Тавь дахь өдрийн баяраар, мөн түүнээс хойш ч зоригтой байхын үлгэр жишээ үзүүлж ах дүү нарынхаа урмыг бадраасан. Олон жил үйлчилснийхээ эцэст итгэл нэгтнүүддээ «Та нарыгаа урамшуулан зоригжуулж, Бурхан та нарыг үнэхээр энэрэн нигүүлссэнийг ойлгуулахын тулд би ... хэдэн үг бичлээ. Бурхны нигүүлслийг хүртэн бат зогсогтун» хэмээн бичжээ (1 Петр 5:12). Петрийн захидлууд Христийн үе үеийн дагалдагчдад урам зориг хайрладаг. Еховагийн амлалт биелэх цагийг хүлээж буй бидэнд ийм сайхан урамтай үг бүр ч их хэрэгтэй! (2 Петр 3:13).

14, 15. Элч Ёоханы бичсэн номнууд биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?

14 Тэр үеийн хурлын бас нэг багана нь элч Ёохан байв. Есүс хэрхэн үйлчилж байсныг номондоо бичсэн нь Христийн дагалдагчдын урмыг хэдэн зууны турш сэргээж иржээ. Одоо ч бидний урмыг сэргээдэг. Жишээ нь, хайр бол жинхэнэ шавь нарыг таних тэмдэг гэж Есүсийн хэлснийг зөвхөн «Ёохан» номонд бичсэн байдаг (Ёохан 13:34, 35-ыг уншина).

15 Ёоханы бичсэн гурван захидалд өөр олон эрдэнэ бий. Та нүгэл үйлдсэнээсээ болоод шаналж байхдаа «Бурхан Хүү Есүсийнхээ цусанд үндэслэн бүх нүглийг маань уучилдаг» гэж уншвал тайвшрах нь дамжиггүй (1 Ёох. 1:7). Хэрвээ өөрийгөө буруутгахаа болихгүй бол яах вэ? «Бурхан бидний зүрхнээс агуу» гэдгийг уншаад тайвшраарай (1 Ёох. 3:20). «Бурхан бол хайр» гэж Ёохан л бичсэн (1 Ёох. 4:8, 16). Тэрээр «үнэний дагуу амьдарч байгаа» итгэл нэгтнүүдээ хоёр, гурав дахь захидалдаа магтаж бичсэн байдаг (2 Ёох. 4; 3 Ёох. 3, 4).

16, 17. Элч Паул ах дүүдээ хэрхэн урам хайрласан бэ?

16 Элч Паулыг ах дүүдээ хамгийн их урам хайрласан хүн гэж хэлэхэд буруудахгүй. Есүсийг нас бараад удаагүй байхад элчүүдийн ихэнх нь Иерусалимд амьдарч байжээ. Учир нь тэнд удирдах зөвлөл байв (Үйлс 8:14; 15:2). Иудей дэх дагалдагчид Ехова гэдэг ганц Бурхныг шүтдэг хүмүүст Христийн тухай дэлгэрүүлдэг байсан. Харин элч Паул Бурхны агуу хүчээр удирдуулан, олон янзын бурхан шүтдэг грекчүүд, ромчууд гэх зэргийн үндэстнүүдэд дэлгэрүүлж байжээ (Гал. 2:7–9; 1 Тим. 2:7).

17 Паул одоогийн Турк, Грек, Италийн нутгаар хөндлөн гулд явж харь үндэстнээс бүрдсэн хурлуудыг үүсгэн байгуулсан. Христийн шинэхэн дагалдагч болсон энэ хүмүүс «нутаг нэгтнийхээ гарт зовж» байсан тул тэдэнд урам хайрлах хэрэгтэй болжээ (1 Тес. 2:14). МЭ 50-аад онд Паул: «Бид та нарын төлөө залбирахдаа Бурханд үргэлж талархдаг. Учир нь ... итгэл хайрандаа хөтлөгдөн тууштай үйлчилдгийг тань санадаг» гэж Тесалоникийн шинэхэн хуралд бичсэн (1 Тес. 1:2, 3). Бас нэг нэгнээ дэмжихийг уриалж «Бие биеийнхээ урам зоригийг бадрааж, Бурхантай дотносоход нь тусалж байгаа шигээ цаашдаа ч тийм байгаарай» гэж захижээ (1 Тес. 5:11).

УДИРДАХ ЗӨВЛӨЛ УРАМ ХАЙРЛАДАГ

18. I зууны удирдах зөвлөл Филипт хэрхэн урам хайрласан бэ?

18 Нэгдүгээр зууны удирдах зөвлөл хариуцлагатай үүрэгтэй итгэл нэгтнүүддээ ч, нийт ах дүүдээ ч урам хайрладаг байжээ. Филип самаричуудад Христийн тухай дэлгэрүүлсэн. Тэгэхэд нь удирдах зөвлөлийн гишүүд түүнийг дэмжиж Петр Ёохан хоёрыг явуулжээ. Тэд шинэ итгэгчдэд Бурхны агуу хүчийг өгүүлэхийн тулд залбирсан (Үйлс 8:5, 14–17). Удирдах зөвлөлөөс ийм тусламж авсан Филип болон шинэ дагалдагчид хэчнээн их урамшсан бол оо!

19. Удирдах зөвлөлийн захидлыг уншаад I зууны үеийн дагалдагчид яасан бэ?

19 Удирдах зөвлөл нэг чухал асуудлыг шийдэх шаардлагатай болжээ. Харь үндэстэн дагалдагчид Мосегийн хуулийн дагуу хөвч таслуулах ёстой юу, үгүй юү гэсэн асуудал байв (Үйлс 15:1, 2). Бурхны агуу хүчээр удирдуулан, бас Судрыг нухацтай авч үзсэний эцэст хөвч таслуулах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаж, хурлуудад захидал бичжээ. Тэгээд захидал хүргэх төлөөлөгчдийг хурлууд руу илгээсэн. Үр дүн нь юу байсан бэ? «Дагалдагчид урмын үгтэй захидал уншаад баяр хөөр болов» (Үйлс 15:27–32).

20. а) Удирдах Зөвлөл бүх итгэл нэгтэндээ хэрхэн урам хайрладаг вэ? б) Дараагийн өгүүллээс ямар асуултын хариуг авах вэ?

20 Өнөөдөр Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл бетелчдэд, тусгай бүрэн цагийн үйлчлэгчдэд, дэлхий даяар буй итгэл нэгтнүүддээ урам хайрладаг. Үр дүн нь нэгдүгээр зууныхтай адил байдаг. Бүгд урамшин зоригжиж, баяр хөөр болдог. Түүнээс гадна Удирдах Зөвлөл үнэний замаас гарсан хүмүүсийн урмыг бадраахын тулд «Еховадаа эргээд ир» гэдэг товхимлыг 2015 онд гаргасан. Тэгвэл хариуцлагатай үүрэг гүйцэтгэдэг эрчүүд л бусдад урам хайрлах ёстой юу? Дараагийн өгүүллээс энэ асуултын хариуг авцгаая.

^ д/м 2 Эсвэл «урам хайрладаг».