Skip to content

Гарчиг руу орох

Эрх чөлөөний Бурханд үйлчилье

Эрх чөлөөний Бурханд үйлчилье

«Еховагийн агуу хүч хаана байна, тэнд эрх чөлөө байна» (2 КОР. 3:17).

ДУУ: 11, 137

1, 2. а) Элч Паулын үеийн хүмүүс яагаад боолчлол, эрх чөлөөний талаар их ярьдаг байсан бэ? б) Жинхэнэ эрх чөлөөтэй болоход нь туслахын тулд Паул хүмүүсийн анхаарлыг хэнд хандуулдаг байсан бэ?

ХРИСТИЙН эртний дагалдагчдын амьдарч байсан Ромын эзэнт гүрний иргэд хууль дүрэм, шударга ёсыг хамгаалдаг, эрх чөлөөтэй ард түмэн гэдгээрээ бахархдаг байжээ. Гэвч үнэндээ Ромын эзэнт гүрэн боолын хөдөлмөрөөр л сүр хүч, алдар суутай болсон. Нэгэн үе хүн амынх нь 30 хувь нь боол байжээ. Боолчлол ба эрх чөлөөний талаар энгийн ард, түүний дотор Христийн дагалдагчид их ярьдаг, боддог байсан нь лавтай.

2 Элч Паулын захидалд эрх чөлөөний тухай олон удаа бичсэн байдаг. Гэхдээ тухайн үеийн хүмүүс шиг нийгэм, улс төрийг шинэчлэхийг оролдож байсангүй. Харин Паул болон тэр үеийн дагалдагчид хүмүүст Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг тунхаглан, Есүс Христийн золиосын үнэ цэнг ойлгуулахын тулд нөр их хөдөлмөрлөдөг байв. Тэрээр жинхэнэ эрх чөлөөг хаанаас олохыг итгэл нэгтнүүддээ хэлдэг байжээ. Жишээлбэл Коринтынхонд бичсэн хоёр дахь захидалдаа «Ехова бол үл үзэгдэх нэгэн. Еховагийн агуу хүч хаана байна, тэнд эрх чөлөө байна» гэжээ (2 Кор. 3:17).

3, 4. а) Паул 2 Коринт 3:17-гийн өмнөх зүйлүүдэд юуны тухай бичсэн бэ? б) Еховагийн өгдөг эрх чөлөөг эдэлье гэвэл яах ёстой вэ?

3 Паул Коринтынхонд илгээсэн хоёр дахь захидалдаа Мосегийн тухай бичжээ. Синаи уулан дээр гарч Еховагийн илгээсэн тэнгэрийн элчтэй ярилцаад бууж ирсэн Мосегийн нүүрнээс гэрэл цацарч байлаа! Израйлчууд айсан тул Мосе нүүрээ алчуураар бүтээсэн (Ег. 34:29, 30, 33; 2 Кор. 3:7, 13). «Харин Ехова руу эргэвэл бүтээлэг авагддаг» гэж Паул тайлбарлажээ (2 Кор. 3:16). Энэ нь юү гэсэн үг вэ?

4 Бүх юмыг бүтээсэн Ехова Бурхан ганцаараа хязгааргүй эрх чөлөө эдэлдгийг бид өмнөх өгүүллээр үзсэн билээ. Тэгэхээр Ехова болон «Еховагийн агуу хүч хаана байна», тэнд эрх чөлөө байдаг гэсэн үг. Тэр эрх чөлөөг эдэлж, ач тусыг нь хүртье гэвэл «Ехова руу эргэх» буюу түүнтэй дотносох хэрэгтэй. Харин израйлчууд цөлд байхдаа аливаа зүйлд Бурхны бус, хүний үзэл бодлоор хандаж байсан. Зүйрлэвэл, зүрх сэтгэл, оюун бодол нь алчуураар бүтээсэн мэт байсан. Тэд махан биеийнхээ хүслийг хангахыг чухал гэж үзэн, шинээр олж авсан эрх чөлөөгөө буруу эдэлжээ (Евр. 3:8–10).

5. а) Еховагийн ариун хүч ямар эрх чөлөө өгдөг вэ? б) Боол хүн ч, шоронд байгаа хүн ч Еховагийн өгдөг эрх чөлөөг эдлэх боломжтой гэхийн учир юү вэ? в) Ямар асуултуудын хариуг мэдэх хэрэгтэй вэ?

5 Еховагийн ариун хүчний өгдөг эрх чөлөө бол хамгийн агуу эрх чөлөө юм. Хүний хүч хүрэхгүй зүйлийг Бурхны агуу хүч хийдэг. Энэ хүч биднийг хуурамч шашин ба түүний зан үйлээс төдийгүй нүгэл үхлийн боолчлолоос чөлөөлж чадна (Ром 6:23; 8:2). Гайхалтай биш гэж үү? Боол хүн ч, шоронд байгаа хүн ч ийм эрх чөлөөг эдэлж, сэтгэл санаа өөдрөг байх боломжтой (Эх. 39:20–23). Итгэл үнэмшлээсээ болж олон жил шоронд хоригдсон Нээнси Юүэн эгч, Харолд Кинг ах нарын түүх үүнийг баталдаг. Тэдний яриаг JW телевизээс үзэж болно (INTERVIEWS AND EXPERIENCES > ENDURING TRIALS гэж орно уу). Одоо дараах хоёр асуултын хариуг авцгаая. «Эрх чөлөөгөө эрхэмлэдгээ хэрхэн харуулах вэ? Эрх чөлөөгөө хэрхэн зөв эдлэх вэ?».

БУРХНЫ ӨГДӨГ ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХЭМЛЭХ

6. Израйлчууд Еховагийн өгсөн эрх чөлөөг дутуу үнэлсэн нь юунаас харагддаг вэ?

6 Хүн танд үнэтэй бэлэг өглөө гэж бодъё. Та тэр хүний өгсөн бэлгийн үнэ цэнг ойлгож ухаарвал чин сэтгэлээсээ талархах нь дамжиггүй. Харин израйлчууд Египетийн боолчлолоос чөлөөлсөн Еховад талархаагүй. Чөлөөлөгдөөд хэдхэн сар болж байхдаа Еховагийн өгсөн маннаг голж, Египетэд идэж ууж байсан хоол ундаа санагалзаж эхэлсэн. Тэр байтугай Египет рүү буцахыг хүсжээ. «Загас, өргөст хэмх, тарвас, зэрлэг сонгино, сонгино, сармисыг» Бурхны өгсөн эрх чөлөө буюу жинхэнэ Бурхан Еховаг шүтэх эрх чөлөөнөөс дээгүүр тавьсан гээд бод доо. Ийм ард түмэнд Ехова уурлахаас ч яах вэ дээ! (Тоол. 11:5, 6, 10; 14:3, 4). Энэ явдал бидэнд сургамжтай!

7. 2 Коринт 6:1-д бичсэн зөвлөгөөгөө Паул өөрөө хэрхэн ажил хэрэг болгосон бэ? Бид хэрхэн дуурайх вэ?

7 Ехова өөрийн Хүү Есүс Христийг илгээж биднийг чөлөөлсөн билээ. Энэ эрх чөлөөг дутуу үнэлэхгүй байхыг элч Паул бүх итгэл нэгтэндээ уриалжээ (2 Коринт 6:1-ийг уншина). Паул нүгэл, үхлийн боолчлолоос болж зовж шаналж байсан. Гэлээ ч тэрээр: «Бидний Эзэн Есүс Христээр дамжуулан намайг аврах Бурхандаа талархаж байна!» хэмээн баярлан хэлжээ. Яагаад? «Яагаад гэвэл Христ Есүсээр дамжуулан амь өгдөг агуу хүчний хууль та нарыг нүгэл, үхлийн хуулиас чөлөөлсөн» гэж Паул тайлбарласан (Ром 7:24, 25; 8:2). Бид бас нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлсөн Еховад үргэлж талархах учиртай. Есүс амиа золиосолсноор сэтгэл зовох юмгүй цэвэр мөс чанартайгаар Бурхандаа үйлчилж, баяр баясгалан эдлэх боломж бидэнд олдсон билээ (Дуу. 40:8).

Та эрх чөлөөгөө хэрхэн эдэлдэг вэ? Хаант төрийн ажлыг урагшлуулахын тулд уу, хүслээ хангахын тулд уу? (8–10-р догол мөрийг үзээрэй)

8, 9. а) Элч Петр юү гэж анхааруулсан бэ? б) Бидэнд ямар аюул тулгардаг вэ?

8 Бид Еховад талархлаа илэрхийлээд зогсохгүй эрх чөлөөгөө буруу эдлэхээс сэрэмжлэх учиртай. Жишээ нь эрх чөлөөгөө буруу эдлэн хүслээ хангахгүй байхыг элч Петр анхааруулсан (1 Петр 2:16-г уншина). Энэ анхааруулга цөлд байсан израйлчуудад тохиолдсон явдлыг сануулдаг. Өнөөдөр биднийг ч бас ийм аюул отож байгаа. Магадгүй израйлчуудад тохиолдсоноос ч илүү хэцүү байж болох юм. Сатан болон түүний ертөнц өмсөж зүүх, идэж уух, зугаацаж цэнгэх гэх мэтийн олон янзын чамин зүйлээр биднийг татах гэж оролддог. Зар сурталчилгаа эрхлэгчид ямар ч хэрэггүй юмыг царайлаг хүмүүсээр сурталчлуулан, худалдаж авахгүй бол алдана гэсэн бодол төрүүлдэг. Эрх чөлөөгөө буруу ашиглавал эдгээр урхинд амархан орно!

9 Петрийн өгсөн зөвлөгөөг илүү чухал асуудлыг шийдэхэд, тухайлбал сургууль соёл, ажил мэргэжил, амьдралын зам сонгохдоо хэрэгжүүлж болно. Жишээ нь хүүхдүүд хамгийн нэр хүндтэй их сургуульд орохын тулд хичээлдээ шамдан суралц гэсэн дарамт шахалтад ордог. Хэрэв дээд боловсрол эзэмшчихвэл сайн ажилд орно, их мөнгө олно, алдар хүндтэй болно гэж олон хүн зөвлөдөг. Дээд боловсролтой хүмүүс ерөнхий боловсролтой хүмүүсийг бодвол илүү их мөнгө олдог гэж батлахыг оролдож болох юм. Тийм учраас амьдралаа юунд зориулахаа шийдэх цаг болоход их сургуульд сурах нь дээр юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ охид хөвгүүд болон эцэг эх нь юуг санах хэрэгтэй вэ?

10. Хувийн асуудлаа шийдэхдээ юу санах хэрэгтэй вэ?

10 Иймэрхүү асуудал нь хувийн хэрэг учраас мөс чанар өвдөхгүй л бол хүссэн юмаа хийх нь сонгох эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн үг гэж зарим хүн үздэг. Тэд Коринт дахь дагалдагчдад бичсэн Паулын үгийг санадаг биз ээ. Паул: «Яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ?» гэжээ (1 Кор. 10:29, АББН). Боловсрол эзэмших, карьер хөөх эсэхээ хувь хүн өөрөө шийдэх эрхтэй нь үнэн. Гэхдээ эрх чөлөө хязгаартай, гаргасан шийдвэр үр дагавартай гэдгийг санах нь зүйтэй. Ийм шалтгааны улмаас Паул: «Би бүх юмыг хийж болох ч бүх юм тустай биш. Би бүх юмыг хийж болох ч бүх юм Бурхантай дотносоход тус болохгүй» хэмээн бичжээ (1 Кор. 10:23). Хувийн асуудлаа өөрөө шийдэх эрхтэй ч хүслээ биелүүлэх нь хамгийн гол зүйл биш ээ.

ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ЗӨВ ЭДЛЭХ

11. Биднийг яагаад чөлөөлсөн бэ?

11 Петр эрх чөлөөгөө буруу эдлэхийн аюулаас сэрэмжлүүлэхийн зэрэгцээ зөв эдлэх аргыг хэлж өгсөн. Бид «эрх чөлөөгөө Бурхны боол шиг эдлэх» учиртай ажээ. Тэгэхээр Ехова биднийг нүгэл, үхлийн боолчлолоос Есүсийн оролцоотой чөлөөлсөн гол шалтгаан нь Бурхны боол шиг амьдраасай гэсэнд байгаа юм.

12. Ноа ба гэр бүлийнхэн нь дуурайвал зохих ямар жишээ үлдээсэн бэ?

12 Ертөнцийнхний зорилго болон өөрийнхөө хүслийг амьдралынхаа эн тэргүүнд тавихаас сэргийлэх хамгийн сайн арга нь цаг зав, хүч чадлаа Бурхны үйл хэрэгт бүрэн зориулах явдал юм (Гал. 5:16). Ноа болон түүний гэр бүлийнхнийг жишээ болгон авъя. Тэд хүчирхийлэл, садар самуун явдлаар дүүрсэн ертөнцөд амьдарч байсан ч эргэн тойрныхоо хүмүүсийн үйл хэрэгт оролцоогүй. Учир нь Еховагийн даалгасан ажлыг хийгээд завгүй байсан. Хөвөгч авдар хийх, өөрсдөдөө болон амьтдад хоол хүнс нөөцлөх, хүмүүст сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг Ехова тэдэнд оноосон билээ. «Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» (Эх. 6:22). Үр дүн нь юу байсан бэ? Ноагийн гэрийнхэн бүгдээрээ тэр үеийн ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давсан (Евр. 11:7).

13. Ехова бидэнд ямар тушаал өгсөн бэ?

13 Ехова бидэнд ямар тушаал өгсөн бэ? Бид Есүсийн шавь учраас Бурхны өгсөн тушаалыг сайн мэддэг (Лук 4:18, 19-ийг уншина). Өнөөдөр Сатан ихэнх хүнийг харалган болгосон. Тиймд тэд хуурамч шашин, эд баялаг, улс төрийн тогтолцооны боол гэдгээ мэддэггүй (2 Кор. 4:4). Бид Есүсийн жишээг дагаж хүмүүст эрх чөлөөний Бурхан Еховаг таниулах, шүтдэг болоход нь туслах завшаан эдэлдэг (Мат. 28:19, 20). Энэ нь тийм ч амар ажил биш. Зарим хүн огт сонирхохгүй байхад зарим нь биднийг дайсан шиг үздэг. Гэхдээ Ехова тушаасан учраас бид дор бүрнээ «Би эрх чөлөөгөө ашиглаад Хаант төрийн үйл хэргийг илүү их дэмжиж чадах уу?» гэж бодох учиртай.

14, 15. Еховагийн олон үйлчлэгч эрх чөлөөгөө хэрхэн зөв эдэлдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

14 Еховагийн олон үйлчлэгч энэ тогтолцооны төгсгөл ойртсоныг ухаараад түвэг чирэгдэл багатай амьдрах болж, эхлэгчийн эгнээнд элсэн орж байгаа нь хэчнээн урамтай вэ! (1 Кор. 9:19, 23). Зарим нь нутагтаа үйлчилж байхад, зарим нь хэрэгцээ ихтэй газар луу нүүдэг. Сүүлийн таван жилд 250 000 гаруй хүн эхлэгч болсон бөгөөд одоо дэлхий даяар 1 100 000 гаруй хүн байнгын эхлэгчээр үйлчилж байна. Еховад үйлчлэхийн тулд эрх чөлөөгөө ийнхүү зөв эдэлж буй хүмүүс олон байгаа нь бахархууштай! (Дуу. 110:3).

15 Эрх чөлөөгөө зөв эдлэхэд нь тэдэнд юу тус болсон бол? Сүүлийн 30 гаруй жил янз бүрийн улсад үйлчилж буй Жон Жүүдит хоёрыг жишээ болгон авъя. Тэднийг анхны Эхлэгчийн сургуульд 1977 онд сурч байхад хэрэгцээ ихтэй газар үйлчлэхийг багш нар нь уриалжээ. Энэ уриалгыг хүлээж аваад энгийн амьдрахын тулд Жон ажлаа олон удаа сольсон гэнэ. Сүүлдээ тэднийх гадаад руу нүүв. Хэлний бэрхшээл, ахуй соёл, цаг уурын хэцүү нөхцөл гэх мэтийн саадыг хэрхэн давсан бэ? Ехова тусална гэж найдаад залбирдаг байжээ. Энэ хугацаанд тэд юу ойлгосон бол? Жон: «Би хамгийн сайн үйлст оролцож байгаагаа ойлгодог. Ехова миний хувьд илүү бодитой, яг л халамжтай аав шиг санагддаг болсон. Одоо би Яаков 4:8-д байдаг “Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно” гэдэг үгийн утгыг илүү сайн ойлгодог болсон. Амьдралд дутагдаад байсан юмаа олсон» гэсэн юм.

16. Олон мянган Гэрч эрх чөлөөгөө хэрхэн зөв эдэлдэг вэ?

16 Жон Жүүдит хоёр шиг удаан хугацаагаар эхлэгчээр үйлчилдэг хүмүүс байхад, заримд нь тийм боломж олддоггүй. Гэхдээ л дэлхий дахинд өрнөж буй барилгын ажилд сайн дураараа оролцдог хүн олон байдаг. Жишээ нь Нью-Йоркийн Уорвикт манай байгууллагын төвийн барилгын ажилд 27 мянган итгэл нэгтэн маань хоёр 7 хоногоос 1 жил, бүр түүнээс ч удаан хугацаагаар сайн дураараа оролцсон. Үүний тулд янз бүрийн юмаа золиосолсон хүн олон бий. Тэд эрх чөлөөгөө эдлэх талаар гайхалтай сайхан жишээ үзүүлж эрх чөлөөний Бурхан Еховаг магтан алдаршуулдаг!

17. Бурхны өгсөн эрх чөлөөг зөв эдэлдэг хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?

17 Бид Еховатай танилцаж, түүнийг шүтдэг болсны үрээр эрх чөлөөтэй болсон. Үүний төлөө талархаж явдаг. Энэ эрх чөлөөгөө эрхэмлэдгээ баталж зөв шийдвэр гаргацгаая. Эрх чөлөөгөө буруу эдлэхгүй байцгаая. Яаж зөв эдлэх вэ? Еховад чадлынхаа хэрээр үйлчилцгээе. Ийм байдаг бол «Бүтээл ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурхны хүүхдийн эдлэх эрх чөлөөг эдэлнэ» гэсэн зөгнөл биелэхийг үзэж Еховагийн амласан ивээлийг хүртэнэ (Ром 8:21).