Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Эхэндээ ядуу ч эцэстээ баян

Эхэндээ ядуу ч эцэстээ баян

Би АНУ-ын Индиана мужийн Либерти гэдэг жижиг хотод, нэг муу дүнзэн байшинд төрсөн. Би нэг ах, хоёр эгчтэй. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй.

Миний төрж өссөн дүнзэн байшин

СУРГУУЛИЙН он жилүүд гойд юмгүй өнгөрсөн. Нэгдүгээр ангид орсон тэр л хүүхдүүдтэйгээ хамт сургуулиа дүүргэсэн. Ер нь манай хотынхон бие биеэ андахгүй. Би бараг бүх хүнийг танина, тэд ч намайг танина.

Би 7 хүүхэдтэй айлд төрсөн, багаасаа л фермчний ажил хийж сурсан

Либерти хотыг тойроод жижиг фермүүд бий. Эрдэнэ шиш голдуу тариална. Намайг төрөх үед аав маань нутгийн нэг фермчнийд ажилладаг байв. Би арван хэдтэйдээ трактор барьж, фермчин хүний хийдэг болгоныг хийж сурсан.

Аав минь залуудаа ямар хүн байсныг мэдэхгүй. Би аавыгаа 56 -тай, ээжийгээ 35 -тай байхад төрсөн юм. Аав залуу биш ч гоолиг, эрүүл, бяр чадалтай, ажилд махруу хүн байж билээ. Бүх хүүхдэдээ хөдөлмөрч байхыг захидаг байсан. Тийм их мөнгөтэй байгаагүй ч хэдэн хүүхдээ орох оронтой, мөр бүтэн, гэдэс цатгалан өсгөсөн. Хүүхдүүдтэйгээ л бужигнаж явсан хүн. Аав маань 93 насалсан. Ээж маань 86 хүрээд нас барсан. Тэр хоёрын хэн нь ч Еховад үйлчилж байгаагүй. Нэг эрэгтэй дүү бид хоёр л Гэрч. 1970 -аад оны эхээр ахлагчдын зөвлөл хурлыг удирддаг болсон тэр үеэс дүү маань ахлагч болсон бөгөөд одоо хүртэл үнэнч үйлчилж байна.

ХҮҮХЭД НАС

Ээж минь их сүсэгтэй хүн байв. Биднийг ням гараг бүр Баптист сүмд авч очно. Би 12 -тойдоо Гурвалын тухай анх сонссон юм. Сониуч зан хөдөлж ээжээс «Есүс яаж нэг зэрэг Хүү, тэгээд Эцэг байж болдог юм бэ?» гэж асуув. «Хүү минь, энэ бол тайлагдашгүй нууц. Ойлгох гэсний ч хэрэггүй» гэж ээж минь хариулж байсныг санаж байна. Миний хувьд үнэхээр л тайлагдашгүй нууц байлаа. Тэгсэн хэр нь би 14 -тэйдөө баптисм хүртсэн. Намайг нэг горхинд Гурвалын төлөө гурван удаа булхаж билээ.

1952 он—17-тойдоо, цэрэгт явахын өмнө

Ахлах сургуульд байхдаа мэргэжлийн боксчин найзтай болов. Тэрээр намайг боксоор хичээллэхийг ятгасан юм. Үгэнд нь ч орлоо. «Алтан бээлий» гэдэг боксын байгууллагад элсэв. Сайн боксчин байгаагүй болохоор хэдэн тулааны дараа боксыг орхисон. Дараа нь АНУ-ын армид ортол намайг Герман руу явуулав. Тэнд алба хааж байх үед дарга нар намайг удирдан зохион байгуулах авьяастай гээд Бага түрүүчийн академид сургахаар явууллаа. Цэргийн байгууллагад карьер хөөг гэж бодож л дээ. Харин би армид удаан байхыг хүсээгүй учир хоёр жилээ гүйцээгээд 1956 онд цэргийн албанаас их л хүндэтгэлтэй чөлөөлөгдөж билээ. Төд удалгүй өөр нэгэн армид элссэн юм даа.

1954-1956 он—АНУ-ын армид 2 жил алба хаасан

ШИНЭ АМЬДРАЛ ЭХЭЛСЭН НЬ

Булчин шөрмөс нь зангирсан булиа чийрэг хүнийг л эр хүн гэж боддог байлаа. Яагаад гэвэл бараг кино болгоноор тийм эрэгтэйг харуулна, нийгэм нь тэгж сурталчилдаг байсан юм чинь. Тийм болохоор шашны номлогчид эр хүний шинжгүй юм шиг л санагддаг байв. Гэтэл шинээр сурсан зүйл амьдралыг минь тэр чигээр нь өөрчилсөн юм. Нэг өдөр би дээвэр нь сөхөгддөг улаан машинаараа хот дундуур давхиж явтал хоёр залуухан бүсгүй над руу даллаж байна. Том хүргэн ахын маань дүү нар байв. Тэр хоёр Еховагийн Гэрчүүд л дээ. Өмнө нь тэд надад «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл өгч байсан. «Харуулын цамхаг» надад арай л ахадсан сэтгүүл юм шиг санагдсан юм. Харин энэ удаа тэд намайг Ном судлалын цуглаан гэдэг жижиг цуглаандаа урив. Гэрт нь болдог тэр цуглаанаар Библийг судалж, асуулт хариултын журмаар хэлэлцдэг ажээ. Очихыг бодно оо гэж би хариулав. «Амласан биз?» гэж инээмсэглэн асуухад нь би: «Амлаж байна» гэж хариулсан юм.

Амласандаа харамссан ч хэлснээсээ буцаж болохгүй гэж бодов. Тэгээд орой нь очлоо. Хүүхдүүдийг хараад маш их гайхав. Библийн тухай ямар их юм мэддэг юм бэ! Ёстой итгэмээргүй. Би ээжтэйгээ хамт бүтэн сайн болгонд сүмд очдог байсан атлаа Библийн мэдлэг гэхээр юмгүй. Ингээд би их юм мэдэж авахаар шийдлээ. Библийн хичээл хийхээр болов. Төгс хүчит Бурхны нэрийг Ехова гэдгийг би бүр эртнээс мэддэг байсан юм. Хэдэн жилийн өмнө би ээжээсээ Еховагийн Гэрчүүдийн тухай асуухад «Аан, тэр хүмүүс Ехова гэдэг нэртэй өвгөнийг шүтдэг байхгүй юү» гэж хариулж билээ. Харин энэ удаа нүд минь нээгдэж байгааг мэдэрсэн!

Би үнэнийг олсноо ойлгосон учраас маш хурдан ахиц гаргав. Тэр цуглаанд сууснаас хойш 9 сарын дараа, 1957 оны 3 дугаар сард баптисм хүртсэн. Амьдралыг үзэх үзэл ч өөрчлөгдөв. Эр хүн булчин шөрмөстэй байх ёстой гэж боддог байсан бол, жинхэнэ эр хүн ямар байх ёстойг Библиэс мэдэж авсандаа үнэхээр баярласан. Есүс төгс хүн байсан. Ямар ч булиа эрийг дагуулахгүй бяр чадалтай, эрч хүчтэй хүн байсан. Тэгсэн хэр нь хэнтэй ч тэмцэлдэж байгаагүй. Харин ч зөгнөсөн ёсоор тамлагдан зовсон (Ис. 53:2, 7). Есүсийн жинхэнэ дагалдагч «бүх хүнтэй эелдэг харьцдаг» байх ёстойг би ойлгосон (2 Тим. 2:24).

Хойтон жил нь, 1958 онд эхлэгч болов. Гэхдээ удалгүй эхлэгчийн үйлчлэлээ түр зогсоосон. Яагаад? Намайг цуглаанд урьдаг хоёр охины нэг, Глориаг гэргийгээ болгохоор шийдсэн хэрэг. Энэ шийдвэрийг гаргасандаа хэзээ ч харамсаж байгаагүй. Глориа тэр үед эрдэнийн чулуу байсан, одоо ч хэвээрээ. Музейд байдаг ховор нандин, асар үнэтэй алмаас эрдэнэ шиг түүнийгээ шилэн хоргоны цаанаас зүгээр л хараад суухыг хүсээгүй юм. Ингээд түүнтэйгээ гэрлэлээ! Глориа та бүхэнд өөрийгөө танилцуулаг.

«Бид эцэг эхээс 17 -лаа. Ээж маань үнэнч Гэрч байв. Намайг 14-тэй байхад өнгөрсөн. Тэр үед аав маань Библи судлаад эхэлчихсэн байсан юм. Ээжийг өнгөрөхөд аав манай сургуулийн захиралтай ярьж, эгч бид хоёрыг сургуульд маань өөр өөр өдөр явуулж байхыг гуйсан юм. Эгч ахлах сургуулийн сурагч байлаа. Эгч бид хоёр ээлжилбэл хичээлдээ яваагүй нь дүү нараа асарч, гэр орны ажлаа хийж, аавыг ажлаасаа ирэхэд нь хоол цай бэлэн байлгаж чадах байлаа. Захирал зөвшөөрсөн тул эгчийг сургуулиа төгстөл энэ байдал үргэлжилсэн. Хүүхэд бидэнд Библийн хичээлийг хоёр гэр бүл заадаг байв. Бидний 11 нь Еховагийн Гэрч болсон. Би их ичимхий хүүхэд байсан ч дэлгэрүүлэх ажилд дуртай байж билээ. Ичимхий зангаа ялахад минь Сэм надад олон жил тусалж байна».

Глориа бид хоёр 1959 оны 2 дугаар сард гэрлээд хоёулаа эхлэгч болсон. Байгууллагын төвд үйлчлэхийг хүсэж мөрөөддөг байсан учраас тэр жилийнхээ 7 дугаар сард Бетелийн анкет бөглөв. Гэр бүлтэй хүмүүсийг Бетелд авахгүй байгаа талаар Саймон Крэйкэр ах бидэнд хэлсэн юм. Тэглээ ч Бетелд үйлчлэх хүсэл маань ерөөсөө унтраагүй. Харин олон жил хүлээх хэрэгтэй болсон!

Бид хоёр, дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар явуулж өгөөч гэсэн хүсэлтээ байгууллагын төвд илгээв. Арканзас мужийн Пайн Блафф хотод үйлчилж болно гэсэн хариу ирлээ. Тэр үед Пайн Блаффт цагаан, «өнгөт» (буюу хар) гэсэн хоёрхон хурал байв. Биднийг 14 -хөн дэлгэрүүлэгчтэй «өнгөт» хуралд томилсон.

АРЬСНЫ ӨНГӨӨР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ ЯВДЛЫГ ТЭВЧСЭН МИНЬ

Еховагийн Гэрчүүд яагаад хар цагаанаараа ялгардаг байсан юм бол оо гэж та гайхах байх. Тэр үеийн хууль тийм байсан болохоор өөр яах ч билээ? Хар цагаан арьстнууд нэг дор цуглах нь хууль зөрчсөн хэрэг бөгөөд маш аюултай. Цуглааны танхимыг сүйтгэх явдал гарч байсан болохоор болгоомжлохоос ч биш яах вэ. Хар арьстай Гэрчүүд цагаан арьстнуудад дэлгэрүүлбэл цагдаад баригдана. Тэр ч байтугай зодуулж ч магадгүй. Тийм болохоор бид дэлгэрүүлэх ажлаа чөлөөтэй хийхийн тулд хуулийг дагадаг байлаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт байдал дээрдэх байх гэж найддаг байв.

Дэлгэрүүлж явахад бэрхшээл тулгарна. Хар арьстнуудын хэсгээр дэлгэрүүлж байгаад заримдаа цагаан арьстнууд байдгийг мэдэлгүй хаалгыг нь тогшчихно. Ийм үед товчхон оршил хэлэх үү эсвэл андуурснаа хэлж уучлал гуйгаад явах уу гэдгээ даруйхан шийдэх хэрэгтэй. Ийм л юм болдог байлаа шүү дээ.

Эхлэгчээр үйлчлэхийн тулд ажил хийх шаардлагатай. Ихэнх ажлын хөлс өдрийн 3 доллар. Глориа хоёр гурван газар гэрийн үйлчлэгч хийдэг байв. Би нэг газраас нь эхнэртээ туслах зөвшөөрөл авсан юм. Эхнэрээ хагас өдөр ажиллуулах гэсэндээ тэр л дээ. Өдрийн хоолтой. Саванд хийж хөлдөөсөн багц хоол өгдөг байлаа. Глориа бид хоёр ажил тарахаас өмнө хувааж иднэ. Эхнэр маань 7 хоног бүр нэг гэр бүлийн хувцас хунарыг индүүднэ. Би гадаа хашаанд нь ажиллаж, цонх угаах гэх мэтийн хар бор ажил хийнэ. Нэг удаа цагаан арьстан гэр бүлийн байшингийн цонхыг Глориа дотор талаас нь, би гадна талаас нь угаах гэж бүтэн өдөр болж билээ. Өдрийн хоол өгөв. Глориа байшин дотор, гэхдээ тэднээс тусдаа хооллосон. Би гараашид нь хоол идэв. Ер нь хаана ч хоол идсэн яах вэ дээ. Хачин сайхан хоол байлаа. Айлын хүмүүс ч сайхан зантай улс юм. Хууль дүрэмдээ баригдаад л ингэсэн хэрэг. Өөр нэг явдлыг санаж байна. Глориа бид хоёр шатахуун түгээх станц дээр зогсож шатахуун авав. Банкаа дүүргэчихээд бие засах газар асуутал тэндхийн ажилтан над руу хяламхийснээ «Цоожтой» гэж билээ.

САЙН ҮЙЛ САНААНААС ГАРДАГГҮЙ

Дурсамжтай сайхан цаг мөчүүд ч бас байсан. Итгэл нэгтнүүдтэйгээ дотносож, дэлгэрүүлэх ажлаа баяртай хийдэг байлаа! Анх Пайн Блаффт ирээд хурлын үйлчлэгч ахынд хэсэг амьдарсан. Эхнэр нь Гэрч биш байв. Глориа түүнтэй Библи судалж эхэлсэн. Харин би охин, хүргэн хоёртой нь хичээл хийдэг болов. Ээж охин хоёр яваандаа Еховад үйлчлэхээр шийдэж баптисм хүртсэн.

Цагаан хурлын итгэл нэгтнүүдтэй ч сайхан найзалсан. Тэд биднийг харанхуй болохоор оройн хоолонд урьдаг байлаа. Тэгэхэд хар арьстнуудыг үзэн яддаг, хүчирхийллийг хөхүүлэн дэмждэг Кү Клакс Клэн (ККК) гэдэг байгууллагын үйл ажиллагаа ид өрнөж байсан үе. Халловийны нэг үдэш ККК-гийнхантай адилхан, орны цагаан даавуу нөмөрч, шовх оройтой малгай өмссөн хүнийг довжоон дээрээ маадгар сууж байхыг харснаа санаж байна. Тэглээ ч гэсэн цагаан арьстай ах дүү нар маань тэднээс айлгүй сайхан сэтгэл гаргасаар байсан. Нэг зун чуулганд очих гэтэл эхнэр бид хоёрт мөнгө байсангүй. Тэгтэл нэг ах бидэнд туслахын тулд 1950 оны Фордыг маань худалдаж авахаар болов. Түүнээс хойш сарын дараа Глориа бид хоёр зуны халуунд явган явж айлаар дэлгэрүүлэн, Библийн хичээл хийгээд ядарчихсан гэртээ очтол байшингийн маань өмнө манай машин зогсож байх нь тэр! «Та хоёр машинаа ав. Би бэлэглэж байгаа юм. Итгэл нэгтэн чинь» гэсэн бичиг салхины шилэн дээр нь байв.

Бас нэг явдал санаанаас ер гардаггүй юм. Надад 1962 онд Нью-Йоркийн Өмнөд Лансинг хотод Ахлагч, туслах үйлчлэгчийн сургуульд сурах урилга ирэв. Хурал, дүүрэг, муж хариуцдаг хүмүүсийг бүтэн сар сургадаг байлаа. Урилга ирэх үед би ажилгүй, мөнгө муутай байв. Пайн Блаффт байдаг утасны компани надаас ажлын ярилцлага авсан юм. Хэрвээ намайг ажилд авбал би анхны хар арьст ажилчин нь болох байлаа. Тэд намайг авах гэж байгаагаа хэлэв. Одоо яах вэ? Нью-Йорк руу явах мөнгө байдаггүй! Би сургуулийн урилгыг авалгүй, ажилд ордог юм билүү гэж бодлоо. Тэгээд урилга авахаас татгалзаж байгаагаа бичих гэтэл хэзээ ч мартагдашгүй нэг явдал болсон юм.

Хурлын маань нэг Гэрч эмэгтэй өглөө хаалга тогшиж байна. Онгойлготол дүүрэн мөнгөтэй дугтуй өгөв. Гэрч биш нөхөртэй тэрээр өглөө эрт хэдэн жаахан хүүхдээ дагуулж хөвөнгийн талбай дээр очоод зэрлэг түүдэг байсан гэнэ. Ийнхүү зүтгэсээр намайг Нью-Йорк руу явуулах хангалттай мөнгө олсон юм байжээ. Тэрээр: «Сургуульдаа яваад, их юм сурч ирээд бидэнд зааж өгөөрэй!» гэлээ. Би нөгөө утасны компанитай ярьж, тохирсон хугацаанаас таван 7 хоногийн дараа ажлаа эхэлж болох уу гэж асуулаа. Шууд л «Үгүй!» гэсэн хариу сонсов. Би ч тоосонгүй. Шийдвэрээ ч гаргав. Тэр ажилд ороогүйдээ баяртай байна!

Пайн Блаффт байх үеэ Глориа маань ийн дурсаж байна: «Би тэр хэсэгт маш их хайртай байсан! 15–20 хичээл хийнэ. Өглөө нь айлаар дэлгэрүүлчихээд, үдээс хойш нь хичээлүүдээ хийнэ. Заримдаа шөнийн 11 хүртэл хийнэ гээч. Үнэхээр сайхан байлаа! Дандаа л тэнд байгаад баймаар. Үнэнийг хэлэхэд, томилолт өөрчлөгдөж дүүрэг хариуцах болоход би дуртай байгаагүй. Гэвч Ехова өөр бодолтой байсан юм билээ».

ЯВУУЛЫН АМЬДРАЛ

Бид хоёр Пайн Блаффт эхлэгчээр үйлчилж байхдаа тусгай эхлэгчийн анкет бөглөсөн юм. Муж хариуцагч маань Техаст байдаг хуралд тусгай эхлэгчээр очиж туслах талаар бодоорой гэсэн болохоор ийм томилолт авна гэдэгтээ бид хоёр итгэлтэй ч байв, дуртай ч байв. Нийгэмлэгээс хариу ирнэ гээд хүлээгээд л байдаг, хүлээгээд л байдаг, шуудангийн хайрцгаа үзэхээр дандаа хоосон. Эцэст нь нэг захиа ирлээ. Намайг явуулын үйлчлэлд томилжээ! 1965 оны 1 дүгээр сар байлаа. АНУ дахь салбарт одоо зохицуулагчаар ажиллаж буй Леон Вивен бид хоёр дүүрэг хариуцагчаар зэрэг томилогдсон юм.

Дүүрэг хариуцна гэж бодохоор сандарч байлаа. Шаардлага хангах эсэхийг минь муж хариуцагч Жеймс Томпсон ах жил орчмын өмнө магадалсан юм. Сайн дүүрэг хариуцагчид ямар ур чадвар хэрэгтэйг дурдаж, юугаа сайжруулах шаардлагатайг минь сайхан сэтгэлийн үүднээс хэлж өгч билээ. Дүүрэг хариуцагчийн ажлыг аваад удаагүй байхдаа л Томпсон ахын зөвлөгөө үнэхээр чухал байсныг ойлгосон доо. Томилолт аваад анх хамтарч ажилласан хүн бол муж хариуцагч Томпсон ах байв. Бурхантай дотно, үнэнч энэ ахаас их юм сурсан.

Бурхантай дотно, үнэнч ах нарын тусламж надад үнэ цэнтэй

Тэр үед дүүрэг хариуцагчийг тусгайлан сургаж бэлтгэдэггүй байв. Дүүрэг хариуцагчийг эргэлт хийх 7 хоногт нь би ажиглан суралцаж, дараагийн 7 хоногт нь дүүрэг хариуцагч намайг хянаж ажиглаад заавар зөвлөгөө өгөв. Үүнээс хойш бие даах ёстой боллоо. Би Глориад «Ингээд л болчихлоо гэж үү?» гэж хэлснээ санаж байна. Харин яваандаа нэг чухал зүйлийг ойлгосон. Тусалъя гэсэн сайхан сэтгэлтэй ах нар хэзээд байдаг. Гагцхүү тусламжийг нь дуртайяа авах хэрэгтэй. Тэр үед явуулын ахлагч байсан Ж. Браун, бетелчин Фрэд Раск нарын туршлагатай ах нарын тусламж миний хувьд одоо ч үнэ цэнтэй.

Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл газар авсан байв. Бид нэг удаа Теннесси мужид эргэлтээр очих үед ККК-гийнхан жагсаал хийсэн. Өөр нэг явдлыг санаж байна. Манайхан дэлгэрүүлж явахдаа түр завсарлан түргэн хоолны газар цай уухаар болсон юм. Би эрэгтэйчүүдийн бие засах газар луу явж байхдаа, цагаан талыг дэмжсэн шивээстэй, ширүүн царайтай, бүдүүлэг байрын нэг нөхөр босоод араас минь дагахыг анзаарав. Тэгтэл надаас ч, тэр эрээс ч хавьгүй том биетэй цагаан арьст итгэл нэгтэн маань бидэн дээр хүрч ирээд «Хөрд ах аа, бүх юм зүгээр үү?» гэж надаас асуулаа. Нөгөө эр ч жорлонд оролгүй бушуухан яваад өгөв. Арьсны өнгөөр ялгаварлах энэ үзэл үнэндээ арьсны өнгөтэй биш, харин бүх хүнд Адамаас өвлөсөн нүгэлтэй холбоотой байдгийг олон жил харж байна. Арьсны өнгө нь ямар ч бай, ах дүү л бол ах дүү. Шаардлага гарвал тэд чиний төлөө үхэхэд бэлэн байдаг.

ИВЭЭЛЭЭР БАЯН

Эхнэр бид хоёр явуулын үйлчлэлд 33 жилийг зориулснаас сүүлийн 21 жил муж хариуцан ажиллажээ. Урам сэргээм явдал, ивээлээр баян он жилүүдийг үдсэн. Ивээл үүгээр дуусаагүй байжээ. Аль эртний мөрөөдөл маань 1997 оны 8 дугаар сард биелсэн. Анх удаа анкет бөглөснөөс хойш 38 жилийн дараа АНУ дахь Бетелд үйлчлэх урилга авсан. Дараагийн сараас нь Бетелийн ажилдаа орсон. Хариуцлагатай үүрэгтэй ах нар намайг түр ажиллуулах байх гэж бодсон минь эндүүрэл байжээ.

Гэрлэх үед Глориа маань эрдэнийн чулуу байсан, одоо ч хэвээрээ

Намайг эхлээд Үйлчлэлийн хэлтэст томиллоо. Тэнд ажиллахдаа их ч юм сурсан. АНУ даяар буй дүүрэг хариуцагчид, ахлагчдын зөвлөлөөс ирсэн эмзэг, ярвигтай олон асуудлыг шийддэг юм билээ. Энэ хэлтсийн ах нар намайг сургах гэж маш их тэвчээр гаргаж тусалсан даа. Дахиад энд томилогдвол сурах юм мундахгүй их гэж боддог.

Глориа бид хоёр Бетелийн амьдралд дуртай. Хэзээнээс нааш эрт босоод сурчихсан маань энд их хэрэг болдог. Бетелд ирээд бараг жил болсны дараа Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн Үйлчлэлийн хорооны туслахаар томилогдсон. Дараа нь 1999 онд намайг Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсон. Энэ томилолтыг аваад их юм сурч байна. Хамгийн гол нь, хэн нэгэн хүн биш, Есүс Христ л хурлын тэргүүн гэдгийг бүр ч сайн ойлгож байна даа.

Би 1999 онд Удирдах Зөвлөлд орсон

Өнгөрсөн амьдралаа эргээд харахаар би өөрийгөө зөнч Амостой зарим нэг талаараа төстэй юм болов уу гэж боддог. Ехова эгэл даруухан энэ хоньчинг олж харсан. Ядуус л иддэг инжир гэдэг жимсийг Амос түүдэг байв. Энэ нь улирлын чанартай, хар бор ажилд тооцогддог. Ийм хүнийг Бурхан зөнчөө болгож агуу ажлаа хийлгэсэн шүү дээ (Ам. 7:14, 15). Индианагийн Либертийн ядуу фермчний хүү намайг ч бас Ехова олж хараад, тоочиж барамгүй их ивээлийг над дээр асгасан! (Сур. 10:22). Амьдралын минь эхлэл ядуу байсан ч төгсгөл нь төсөөлөхийн аргагүй ивээлээр бялхаж байна!