Skip to content

Гарчиг руу орох

Ехова Есүс хоёр шиг эвтэй байцгаая

Ехова Есүс хоёр шиг эвтэй байцгаая

«Би ... залбирч байна. ... Эцэг та надтай ... санаа нийлдэг шиг тэд бүгдээрээ эвтэй байгаасай» (ЁОХ. 17:20, 21).

ДУУ: 16, 31

1, 2. а) Есүс юу гэж залбирсан бэ? б) Есүс яагаад эв нэгдлийн талаар онцлон ярьсан бэ?

ЕСҮС элчүүдтэйгээ сүүлчийн удаа хооллож байхдаа тэдний төлөө санаа зовж суув. Тиймд тэрээр: «Эцэг та надтай, би тантай санаа нийлдэг шиг тэд бүгдээрээ эвтэй байгаасай» гэж залбирчээ (Ёохан 17:20, 21-ийг уншина). «Тэгвэл та намайг илгээсэн гэдэгт ертөнц итгэнэ» гэж цааш нь хэлсэн. Эв нэгдэлтэй байхад хайр чухал үүрэгтэй. Есүсийн жинхэнэ шавь нар хайраараа танигдах учиртай (Ёох. 13:34, 35).

2 Есүс тэр үдэш эв нэгдлийн талаар онцлон ярьсан. Учир нь элчүүд эв түнжингүй байлаа. Жишээлбэл элчүүд Есүстэй сүүлчийн удаа хамт зоог барихдаа «хэн нь хамгийн агуу нь болох талаар ширүүн маргалджээ» (Лук 22:24–27; Марк 9:33, 34). Бас нэг удаа Яаков Ёохан хоёр: «Хаант төрөө захирахаараа бид хоёрыг баруун, зүүн талдаа суулгаач» гэж Есүсээс гуйсан (Марк 10:35–40).

3. Христийн шавь нар юунаас болоод түнжин муутай байсан бэ? Ямар асуултуудыг авч үзэх вэ?

3 Гэхдээ Христийн шавь нар илүү эрх мэдэлтэй байхыг хүссэн учраас л түнжин муутай байсан юм биш ээ. Тэр үеийн хүмүүс өшөө хорсол, алагчлах үзлээс болоод талцан хуваагдсан байсан. Есүсийн шавь нар ийм дутагдлаа засах шаардлагатай байв. Энэ өгүүллээр дараах асуултыг авч үзнэ. Есүс хүмүүсийг ялгаварладаг байсан уу? Алагчлахаа больж, эвтэй явахад нь дагалдагчдадаа хэрхэн тусалсан бэ? Дандаа эвтэй байхын тулд бид Есүсийг хэрхэн дуурайх вэ?

ЕСҮС БА ТҮҮНИЙ ДАГАЛДАГЧИД ГАДУУРХАГДСАН НЬ

4. Хүмүүс Есүсийг хэрхэн гадуурхаж байсан бэ?

4 Хүмүүс Есүсийг гадуурхаж байсан. Филип Мессиаг олсноо хэлэхэд Натанел: «Назараас ийм хүн гарна гэж үү?» хэмээн асуудаг (Ёох. 1:46). Мика 5:2-т байдаг зөгнөлийг мэддэг байсан тэрээр Мессиаг Назар мэтийн өчүүхэн хотод төрсөн байж таарахгүй гэж бодсон байх. Дээгүүр зиндааны иудейчүүд ч бас Есүсийг Галилынх хэмээн үл тоомсорлосон (Ёох. 7:52). Ер нь иудейчүүд галилчуудыг дорд үздэг байв. Есүсийг самари хүн гэж доромжилдог иудейчүүд ч байлаа (Ёох. 8:48). Самаричууд бол иудейчүүдээс үндэс угсаа, шашин шүтлэгээрээ ялгаатай хүмүүс юм. Иудейчүүд, галилчуудын аль аль нь самаричуудыг хүндэлдэггүй, тэдэнтэй харьцдаггүй байсан (Ёох. 4:9).

5. Хүмүүс Есүсийн дагалдагчдыг хэрхэн гадуурхаж байсан бэ?

5 Иудейн удирдагчид Есүсийн дагалдагчдыг бас дорд үздэг байв. Фарисайчууд тэднийг «хараагдсан» гэдэг байсан (Ёох. 7:47–49). Иудейн шашны сургуульд сураагүй, ёс заншлыг нь сахидаггүй ямар ч хүнийг үнэ хүндгүй, эгэл дорд гэж үздэг байжээ (Үйлс 4:13, зүүлт). Хүмүүс шашин шүтлэг, нийгмийн байдал, үндэс угсаагаараа бахархаж бардамнадгаасаа болоод Есүсийг, шавь нарыг нь ялгаварладаг байсан. Эв нэгдэлтэй байхын тулд шавь нар үзэл бодлоо өөрчлөх шаардлагатай байжээ.

6. Алагчлах үзэл хүмүүст хэрхэн нөлөөлдгийг харуулах жишээ хэлнэ үү.

6 Өнөөдөр алагчлах үзэл хаа сайгүй тархжээ. Бусад хүн биднийг эсвэл бид бусдыг ялгаварладаг байж магадгүй. Австралид амьдардаг эхлэгч эмэгтэй: «Цагаан арьстнууд нутгийн уугуул иргэдэд шударга бусаар хандаж ирснийг бодохоор үзэн ядах сэтгэл төрдөг байсан. Харин тийм юмыг биеэрээ үзсэнээсээ хойш тэднийг бүр ч их үзэн яддаг болсон» гэж ярьсан юм. Канад Гэрч эрэгтэй: «Би франц хэлтнүүдийг л дээд зэргийн хүмүүс гэж боддог байсан болохоор англи хэлтнүүдийг нэг нүдээр үздэггүй байсан» гэж үнэнээ хэлжээ.

7. Есүс хүмүүсийг ялгаварладаг байсан уу?

7 Алагчлах үзэл маш хүчтэй. Бусдыг ялгаварлахгүй байх амархан биш. Есүсийн үед ч тийм байсан, одоо ч ялгаагүй. Есүс яадаг байсан бэ? Нэгд, ямар ч хүнийг ялгаварладаггүй байсан. Баян, ядуу, фарисай, самари, татвар хураагч, нүгэлтний хэнийг ч алаг үзэлгүй дэлгэрүүлдэг байв. Хоёрт, бусдыг хардан сэжиглэж, ялгаварлаж болохгүйг шавь нартаа үг хэлээрээ төдийгүй үйл хэргээрээ зааж сургадаг байсан.

АЛАГЧЛАХ ҮЗЛИЙГ ЯЛАХАД ХАЙР, ДАРУУ ЗАН ЧУХАЛ

8. Эв нэгдэлтэй байхын үндсийг Есүс юу гэж хэлсэн бэ? Тайлбарлана уу.

8 Эв нэгдэлтэй байхын үндсийг Есүс дагалдагчдадаа хэлж өгчээ. Тэрээр: «Та нар бүгдээрээ ах дүү» гэсэн (Матай 23:8, 9-ийг уншина). Нэгд, бид бүгдээрээ Адамын үр удам учраас «ах дүү» гэдэг нь үнэн (Үйлс 17:26). Хоёрт, Еховаг тэнгэрийн Эцгээ гэж хүлээн зөвшөөрсөн учраас ах, эгч, дүү нар болсон гэдгийг Есүс тайлбарласан (Мат. 12:50). Гуравт, бид итгэл, хайраар нэгдсэн Бурхны гэр бүлийн гишүүд болсон билээ. Тийм учраас элчүүд итгэл нэгтнүүддээ бичсэн захидалдаа «ах дүү нар» гэдэг үгийг олонтоо хэрэглэжээ (Ром 1:13; 1 Петр 2:17; 1 Ёох. 3:13). *

9, 10. а) Иудейчүүд яагаад үндэс угсаагаараа бахархах ёсгүй байсан бэ? б) Яс үндсээр ялгаварлах нь буруу гэдгийг Есүс хэрхэн тайлбарласан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

9 Бие биеэ ах, эгч, дүү гэж үзэх хэрэгтэйг Есүс шавь нартаа хэлснийхээ дараа даруу байхын чухлыг онцлон тэмдэглэжээ (Матай 23:11, 12-ыг уншина). Элчүүд нь бардам зангаасаа болоод эв эвдрэлцэхэд хүрснийг бид дээр ярилцсан. Үндэс угсаагаараа бахархах нь ч ноцтой асуудал үүсгэдэг. Иудейчүүд Абрахамын үр удам гэдгээрээ бахархаж, өөрсдийгөө бусдаас илүү гэж үздэг байжээ. Гэтэл баптисм хүртээгч Ёохан: «Бурхан энэ чулуугаар ч Абрахамын үр садыг бүтээж чадна» гэж хэлсэн байдаг (Лук 3:8).

10 Есүс үндэс угсаагаараа бахархахыг буруушаадаг байв. «Хөрш гэж хэнийг хэлсэн бэ?» гэж нэг багшийг асуухад Есүс сайхан сэтгэлтэй самари хүний жишээг ярьж өгчээ. Дээрэмчдэд зодуулсан нэгэн иудей хүнийг замаар яваа иудейчүүд харсан ч хажуугаар нь тоохгүй өнгөрч байхад, самари хүн ихэд өрөвдөн асардаг. Есүс энэ жишээг хэлснийхээ дараа самари хүн шиг байхыг тэр багшид захисан (Лук 10:25–37). Бусдыг хайрлана гэж юу гэсэн үг болохыг иудейчүүд самари хүнээс сурч болох байлаа.

11. Христийн дагалдагчид харийн хүмүүсийг яагаад ялгаварлах ёсгүй байсан бэ? Есүс үүнийг хэрхэн ойлгуулсан бэ?

11 Есүс тэнгэрт гарахаасаа өмнө шавь нартаа «Иудей болон Самари, тэгээд дэлхий даяар гэрчил» гэсэн даалгавар өгчээ (Үйлс 1:8). Шавь нар даалгавраа биелүүлэхийн тулд бардам зан, алагчлах үзлээ таягдан хаях шаардлагатай болов. Есүс бүх үндэстэнд тунхаглах ажилд шавь нараа эртнээс бэлдэж иудей биш хүмүүсийн сайн талыг байнга ярьдаг байв. Жишээ нь нэгэн зуутын даргын гайхалтай итгэлийг магтсан (Мат. 8:5–10). Финики нутгийн Зарефат хотын бэлэвсэн эмэгтэй болон уяман өвчтэй сири хүн Нааманыг Ехова хэрхэн ивээснийг Есүс өсөж өндийсөн хот Назарт байхдаа ярьжээ (Лук 4:25–27). Түүнээс гадна тэрээр самари эмэгтэйд дэлгэрүүлсэн төдийгүй яриаг нь сонсохыг хүссэн хүмүүсийн төлөө Самарийн нэг хотод хоёр хоносон (Ёох. 4:21–24, 40).

АЛАГЧЛАХ ҮЗЭЛТЭЙГЭЭ ТЭМЦСЭН НЬ

12, 13. а) Есүс самари эмэгтэйд сургаал зааж байгааг хараад элчүүд яасан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Яаков Ёохан хоёр Есүсийн заасныг ойлгоогүй нь юунаас харагддаг вэ?

12 Алагчлах үзлээ таягдан хаях нь элчүүдэд амархан биш байв. Самари эмэгтэйд сургаалаа дуртайяа зааж буй Есүсийг хараад тэд үнэхээр их гайхжээ (Ёох. 4:9, 27). Яагаад гэвэл Иудейн шашны удирдагчид олон нийтийн газар эмэгтэй хүнтэй харьцдаггүй байв. Тэгэх тусмаа муу нэртэй самари эмэгтэйтэй ярихгүй нь бүр ч ойлгомжтой. Элчүүд Есүст идэх юм өгөх гэсэн боловч тэрээр өлссөнөө тоосон шинжгүй, самари эмэгтэйтэй маш чухал зүйлийг шимтэн ярьж суулаа. Бүх хүнд, түүгээр барахгүй самари эмэгтэйд дэлгэрүүлэх нь Бурхны хүсэл байв. Эцгийнхээ хүслийг биелүүлэхийг Есүс хоол идэхтэй зүйрлэсэн (Ёох. 4:31–34).

13 Яаков Ёохан хоёр энэ чухал зүйлийг ойлгоогүй нь хожим болсон явдлаас харагддаг. Нэг удаа шавь нар Есүстэй цуг Самарийн нутгаар явж байхдаа хоног төөрүүлэх газар хайжээ. Тэгтэл самаричууд тэднийг хүлээж авсангүй. Яаков Ёохан хоёр уурлан, тэнгэрээс гал буулгаж тосгоныг устгая гэхэд Есүс тэднийг зэмлэсэн (Лук 9:51–56). Хэрвээ өөрсдийнх нь төрсөн нутаг Галилд ийм явдал болсон бол тэр хоёр ингэж уурлах байсан болов уу? Самаричуудад гадуурхагдсандаа уурласан байх. Хожим нь Ёохан самаричуудад дэлгэрүүлэхэд олон хүн дуртайяа сонсжээ. Тэгэхэд тэрээр болчимгүй загнаж байсныгаа санаад ичсэн байх (Үйлс 8:14, 25).

14. Хэлнээс болсон байж болох асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

14 МЭ 33 оны Тавь дахь өдрийн баярын дараахан Христийн дагалдагчдын дунд алагчлах үзэлтэй холбоотой асуудал гарчээ. Ядуу бэлэвсэн эмэгтэйчүүдэд хоол хүнс тараахдаа грек хэлтэй эмэгтэйчүүдийг хайхраагүй ажээ (Үйлс 6:1). Хэлнээс нь болсон байж болох юм. Элчүүд шуурхай арга хэмжээ авч хоол хүнс тараах ажлыг шаардлага хангасан эрчүүдэд даалгасан. Тэр эрчүүд бүгдээрээ грек нэртэй байсан нь гомдол гаргасан бэлэвсэн эмэгтэйчүүдийг бүр ч их тайвшруулсан биз ээ.

15. Петр юу сурсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

15 Есүсийн шавь нар МЭ 36 оноос бүх үндэстэнд дэлгэрүүлж эхлэв. Өмнө нь элч Петр зөвхөн иудейчүүдтэй харьцдаг байлаа. Харин Христийн дагалдагчид бусдыг алагчлах ёсгүйг Бурхан тодорхой болгосны дараа Ромын цэргийн дарга Корнелд дэлгэрүүлсэн (Үйлс 10:28, 34, 35-ыг уншина). Тэр цагаас хойш Петр харь үндэстэн итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөн, хамт хооллодог болов. Гэвч хожим Антиохт байхдаа гэв гэнэт иудей биш дагалдагчидтай цуг хооллохоо больчихжээ (Гал. 2:11–14). Гэхдээ Паулд зэмлүүлээд алдаагаа зассан. Тэрээр Бага Ази дахь иудей болон харь үндэстэн дагалдагчдад бичсэн эхний захидалдаа ах дүү нараа бүгдийг нь хайрлахын чухлыг дурджээ (1 Петр 1:1; 2:17).

16. Христийн эртний дагалдагчид юугаараа алдаршсан бэ?

16 «Янз янзын хүнийг» хайрлах талаар элчүүд Есүсээс суралцсан нь тодорхой байна (Ёох. 12:32; 1 Тим. 4:10). Тэр дор нь сураагүй ч үзэл бодлоо өөрчилж чаджээ. Христийн эртний дагалдагчид бие биеэ хайрладгаараа алдаршсан. Хоёрдугаар зууны зохиолч Тертуллиан жирийн олны яриаг эш татан: «Тэд бие биеэ хайрладаг. ... Нэгнийхээ төлөө амиа өгөхөд ч бэлэн байдаг» гэж бичжээ. Христийн эртний дагалдагчид «шинэ хүнийг өмсдөг» байсан учраас Бурхныг дуурайн бүх хүнийг тэгш эрхтэй гэж үздэг болсон (Кол. 3:10, 11).

17. Алагчлах үзлээ хэрхэн таягдан хаях вэ? Жишээ хэлнэ үү.

17 Алагчлах үзлээ таягдан хаяхад бидэнд ч хугацаа хэрэгтэй. Франц Гэрч эмэгтэй: «Ехова надад хайр гэж юу болох, байгаа юмаа хуваалцана гэж яахыг хэлдэг, ямар ч хүнийг хайрлана гэж юу гэсэн үг болохыг байнга заадаг. Гэхдээ би одоо ч алагчлах үзэлтэйгээ тэмцэж байна. Амаргүй учраас би тасралтгүй залбирдаг» гэжээ. Испанид амьдардаг Гэрч эмэгтэй: «Би нэг үндэстнийг үзэн яддаг байсан. Одоо ч тэр үзэлтэйгээ тэмцдэг. Ихэнхдээ ялдаг. Гэхдээ тэмцлээ зогсоож болохгүйгээ ойлгосон. Еховагийн ачаар эв нэгдэлтэй гэр бүлийн гишүүн болсондоо баярлаж явдаг» хэмээн ярьсан. Бид дор бүрнээ өөрийгөө сайтар шалгах нь зүйтэй. Алагчлах үзэлтэйгээ энэ хоёр эмэгтэй шиг тэмцэх хэрэгтэй юм биш биз?

ХАЙРЛАХ ТУСАМ ЯЛГАВАРЛАХАА БОЛИНО

18, 19. а) Хүн болгоныг хүлээж авах ямар шалтгаан байдаг вэ? б) Үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ?

18 Урьд нь Бурхнаас хол хөндий «харийн хүн» байснаа мартахгүй байцгаая (Эф. 2:12). Ехова биднийг «хайрын уяагаар» өөртөө татсан билээ (Хос. 11:4; Ёох. 6:44). Христ ч дуртайяа хүлээн авч Бурхны гэр бүлийн гишүүн болгосон (Ром 15:7-г уншина). Есүс төгс бус биднийг халуун дотноор хүлээн авч байхад, бид бусдыг ад шоо үзэх тухай бодох ч ёсгүй!

Бид «дээрээс ирдэг мэргэн ухаантай» болохыг хичээдэг учраас бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй байдаг (19-р догол мөрийг үзээрэй)

19 Бузар муу энэ тогтолцоо төгсгөл рүүгээ ойртох тусам талцан хуваагдах, хавчин гадуурхах, дайсагнан муудалцах явдал улам бүр гаарах нь дамжиггүй (Гал. 5:19–21; 2 Тим. 3:13). Харин Еховагийн үйлчлэгч бид бусдыг алаг үзэхгүй, эв эеийг эрхэмлэдэг байхын тулд дээрээс ирдэг мэргэн ухаантай болохыг хичээдэг (Яак. 3:17, 18). Бид газар газрын хүмүүстэй анд нөхөр бололцож, ахуй соёлыг нь хүлээн зөвшөөрч, тэр байтугай хэлийг нь сурдаг. Үүний ачаар «энх амгалан байдал гол мэт» урсаж, «үнэн зөв нь далайн давалгаа мэт байдаг» (Ис. 48:17, 18).

20. Зүрх сэтгэл, үзэл бодлоо өөрчилбөл ямар болох вэ?

20 Дээр дурдсан австрали Гэрч эмэгтэй Библи судлаад бусдыг хайрлаж сурснаар зүрх сэтгэл, үзэл бодлоо өөрчилжээ. Үүний дүнд алагчлах үзлээ таягдан хаясан байна. «Арьсны өнгөөр ялгаварладгийн гол шалтгаан нь тухайн хүнийг мэдэхгүйтэй холбоотой» байдгийг франц хэлтэй канад Гэрч эрэгтэй хүлээн зөвшөөрдөг болжээ. «Хүний зан чанар хаана төрснөөс нь шалтгаалдаггүйг» тэрээр ойлгосон байна. Түүгээр ч барахгүй англи хэлтэй Гэрч бүсгүйтэй гэрлэжээ! Алагчлах үзлийг хайр ялдгийг эдгээр жишээ баталж байна. Хайр биднийг нэгтгэдэг (Кол. 3:14).

^ д/м 8 «Ах дүү» гэдэгт хурлын эмэгтэй гишүүд ч орно. Паул Ром дахь «ах дүү нарт» бичсэн захидалдаа зарим эмэгтэйн нэрийг дурдсанаас үзэхэд эмэгтэйчүүдийг оруулсан нь тодорхой байдаг (Ром 16:1, 3, 6, 12). «Харуулын цамхаг» сэтгүүлд Христийн дагалдагчдыг «ах дүү нар» гэж дуудсаар ирсэн.