Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Зовох үед Ехова намайг тайвшруулдаг

Зовох үед Ехова намайг тайвшруулдаг

Инд мөрний баруун эрэгт, одоогийн Пакистаны нутаг дэвсгэр дээр эртний Суккур хот оршдог байв. Би тэр хотод 1929 оны 11 дүгээр сарын 9-нд төрсөн. Тэр үед аав ээж хоёр маань нэг англи миссионероос өнгө өнгийн ном авчээ. Библид үндэслэсэн тэр номнууд Еховагийн Гэрч болоход минь их үүрэг гүйцэтгэсэн юм.

ТЭДГЭЭР номыг солонгон багц гэдэг байв. Би бүр жаахан байхдаа л гоё зургуудыг нь үзэж ухаан санаандаа ургуулан боддог сон. Яваандаа Библийн тухай мэдэх хүсэл оргилж билээ.

Дэлхийн ІІ дайны аюул Энэтхэгт заналхийлж байх үед амьдрал минь орвонгоороо эргэх шиг болов. Эцэг эх минь тусдаа амьдарч байснаа бүр салчихав. Хайртай хоёр хүн минь яагаад салсныг ойлгосонгүй. Би шоконд орж, үнсэнд хаягдсан шалз шиг боллоо. Хүний ганц хүү намайг тайвшруулж, надад санаа тавих хэн ч байсангүй!

Ээж бид хоёр тэр үед Карачи хотод амьдарч байв. Нэг өдөр Еховагийн Гэрч Фрэд Хардэйкэр гэдэг настай эмч манай хаалгыг тогшсон юм. Тэр хүн болон нөгөө ном өгсөн миссионер адилхан зүйлд итгэдэг болж таарлаа. Тэрээр ээжээс Библийн хичээл хийх эсэхийг асуув. Ээж татгалзсан ч намайг сонирхож магадгүй гэж хэлж л дээ. Ингээд би дараагийнх нь 7 хоногоос Хардэйкэр ахаар Библийн хичээл заалгадаг боллоо.

Хардэйкэр ахын эмнэлэгт болдог цуглаанд хэдэн 7 хоногийн дараа очив. Ойролцоогоор 12 Гэрч цуглаанд ирдэг байлаа. Бүгдээрээ ахимаг насны хүмүүс. Тэд надад хүү шигээ санаа тавьж, тайвшруулна. Над дээр хүрч ирээд явган сууж өөдөөс минь хараад жинхэнэ найзууд шиг ярилцдаг байсныг эргээд дурсахад сайхан санагддаг. Тухайн үед энэ л надад хэрэгтэй байлаа.

Удалгүй Хардэйкэр ах намайг дэлгэрүүлэх ажилд дагуулж явдаг болов. Пянз тоглуулагч яаж ажиллуулдгийг зааж өглөө. Бид хүмүүст Библид үндэслэсэн богино хэмжээний илтгэлийн бичлэг сонсгодог байв. Зарим илтгэгчийн яриа хэтэрхий шулуухан болохоор айлын хүмүүс таашаахгүй. Гэсэн ч би дэлгэрүүлэх ажлын амтанд орсон учраас Библийн үнэн зөв сургаалыг хүмүүст хүргэх дуртай, их ч зүтгэлтэй байлаа.

Японы арми Энэтхэг рүү довтлоход Британийн эрх баригчид Еховагийн Гэрчүүдийг улам их дарамтлах болов. Үүнийг би 1943 оны 7 дугаар сард өөрийн биеэр амссан. Манай сургуулийн захирал англикан сүмийн санваартан байлаа. Тэрээр намайг «хачин зан авиртай» гээд сургуулиас хөөчихөв. Еховагийн Гэрчүүдтэй нийлж сурагчдад муу үлгэр дуурайл болж байна гэж ээжид хэлжээ. Ээж үүнийг сонсоод их цочирдож, намайг Гэрчүүдтэй уулзахыг хориглов. Дараа нь намайг хойд зүгт 1 370 километрт байдаг Пешавар гэдэг жижиг хотод амьдардаг аав руу явуулав. Ном хэвлэл, итгэл нэгтнүүдээсээ хагацсан би Еховагаас хөндийрлөө.

ЕХОВАТАЙ ДАХИН ДОТНОССОН МИНЬ

Би 1947 онд ажил хайж Карачид буцаж ирэв. Тэгээд нэг удаа Хардэйкэр эмчийн эмнэлэгт очлоо. Намайг найртай сайхнаар угтаж авав.

«Юу чинь өвдөж байна?» гэж тэрээр асуулаа. Эмчийн зөвлөгөө авах нь гэж бодсон бололтой.

«Эмч ээ, бие минь зүгээр, харин сэтгэл өвдөөд байна. Би Библи судалъя» гэж хариулав.

«Хэзээ эхлэх вэ?» гэхэд нь

«Боломжтой бол, яг одоо» гэлээ.

Орой нь Библийн хичээл хийв. Гэртээ эргээд ирсэн юм шиг л санагдаж байлаа. Ээж намайг Гэрчүүдээс салгах гэж хэчнээн хичээсэн ч Еховад үйлчлэх хүслийг минь унтрааж чадсангүй. Ингээд би өөрөө шийдэж 1947 оны 8 дугаар сарын 31-нд баптисм хүртлээ. Удаа ч үгүй, 17-тойдоо байнгын эхлэгч болов.

ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧЛЭХИЙН БАЯР ХӨӨР

Урьд нь Британийн хилийн застав байсан Кветтад эхлэгчээр үйлчлэх анхны томилолтоо авав. 1947 онд манай улс Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс болж хуваагдсан юм. * Энэ үйл явдлаас болж гарсан шашинтнуудын мөргөлдөөн газар авч, улмаар хамгийн олон буюу 14 сая хүн дүрвэсэн түүхтэй. Энэтхэгийн мусульманууд Пакистан руу нүүж, Пакистаны хиндүчүүд, сикхүүд Энэтхэгт очиж суурьшсан. Энэ үймээний үед би Карачи орох, пиг хүнтэй галт тэрэгний шатны бариулаас зуураад ихэнх замыг туулж явлаа.

1948 онд Энэтхэгт болсон дүүргийн чуулганы үеэр

Кветтад очоод 20 гаруй насны Жорж Син гэдэг тусгай эхлэгчтэй танилцав. Тэрээр надад хуучин унадаг дугуй өгч, би түүнийг нь унаад (түрээд) уулархаг газруудаар явна. Ихэнхдээ ганцаараа дэлгэрүүлнэ. Зургаан сарын дотор 17 Библийн хичээлтэй болсон байв. Зарим суралцагч маань Гэрч болсон. Тэдний нэг нь Садик Маси гэдэг офицер байв. Жорж бид хоёр түүний тусламжаар Библид үндэслэсэн ном хэвлэлийг Пакистаны үндэсний хэл болох урдугаар орчуулсан. Яваандаа Садик сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдэг болсон.

«Хатан хаан Элизабет» усан онгоцоор Гилеад сургуульд сурахаар явж байхдаа

Дараа нь би Карачид буцаж ирээд Гилеад сургуулийн төгсөгч Хенри Финч, Харри Форрест гэдэг шинэхэн хоёр миссионертой хамт үйлчлэх болов. Тэднээс их ч юм сурсан! Нэг удаа би Финч ахтай хамт Пакистаны хойд хэсэгт өндөр уул нуруудын бэлд амьдардаг тосгоныхонд дэлгэрүүлсэн юм. Библийн үнэнээр өлсөж цангаж явдаг урду хэлтэй даруу хүн олон байж билээ. Хоёр жилийн дараа Гилеад сургуульд сурах завшаан надад тохиов. Сургуулиа дүүргээд Пакистанд бүрэн бус цагийн дүүрэг хариуцагчаар томилогдсон. Лахорт байдаг миссионерын байранд 3 миссионер ахтай хамт амьдардаг болов.

ДАХИАД БАЯР ХӨӨРТЭЙ БОЛСОН МИНЬ

1954 онд Лахорын миссионерууд хоорондоо таарахаа больсон харамсалтай явдал гарлаа. Салбар энэ асуудлыг зохицуулав. Би мунхаглаж буруу талд орсны гайгаар хатуу зэмлэл хүртэв. Өөрийгөө Бурхнаас холдсон гэж дүгнэн сэтгэлээр навс унасан. Карачи руу буцаж, тэндээсээ Английн Лондонд нүүж очив. Бүхнийг шинээр эхэлье гэж бодсон хэрэг л дээ.

Лондон дахь хуралд Лондонгийн Бетелийн гишүүд олон байдаг байв. Салбарын үйлчлэгч Прайс Хьюз ах надад санаа тавьж, зааж сургадаг байсан. Нэг удаа тэрээр өөртөө тохиолдсон явдлыг ярьсан юм. Дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг хариуцдаг байсан Жосеф Рүтэрфордоос хатуу сануулга аваад өөрийгөө өмөөрөхийг оролджээ. Гэтэл үүнээсээ болоод Рүтэрфорд ахад айхавтар зэмлүүлсэн байна. Энэ түүхийг ярьж байхдаа инээмсэглэж байхыг нь хараад би үнэхээр их гайхсан. Хьюз ах эхлээд сэтгэлээр унасан ч дараа нь, өөрт нь хатуу сануулга хэрэгтэй байсныг, энэ нь Еховагийн хайрын илрэл байсныг ойлгожээ (Евр. 12:6). Би үүнийг сонсоод сэтгэл хөдөлж дахин баяр хөөртэй үйлчлэх хүсэлтэй болсон.

Тэр үед ээж маань Лондонд нүүж ирээд Жон Барр ахаар Библийн хичээл заалгав. Хожим нь Барр ах Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилогдсон юм. Ээж минь тууштай явсаар 1957 онд баптисм хүртсэн. Аав минь нас барахаасаа өмнө Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж байсныг хожим нь би сонссон.

Лондонд амьдардаг, Лене гэдэг дани Гэрч эмэгтэйтэй би 1958 онд гэрлэж, дараа жил нь охинтой болов. Охин Жэйнээс хойш дөрвөн хүүхэд төрсөн. Би Фүлам хуралд ахлагчаар үйлчлэх боллоо. Яваандаа эхнэрийнхээ эрүүл мэндийн байдлаас болоод дулаан уур амьсгалтай газар нүүх шаардлагатай болсон. Ингээд бид 1967 онд Австралийн Адилаидад суурьшсан.

БИДЭНД ТОХИОЛДСОН ЭМГЭНЭЛТ ЯВДАЛ

Адилаид дахь хуралд, тослогдсон 12 Гэрч байв. Тэд дэлгэрүүлэх ажилд манлайлан оролцоно. Манай гэрийнхэн ч нэг их удалгүй хуучин янзаараа идэвхтэй дэлгэрүүлдэг болсон.

1979 онд бага хүү Даниел төрөв. Хүнд хэлбэрийн Дауны хам шинжтэй төрсөн хүүг маань урт наслахгүй гэж эмч нар хэлсэн. Ямар их шаналж байснаа одоо ч үгээр илэрхийлж чадахгүй. Даниелынхаа төлөө чадах бүхнээ хийхийн зэрэгцээ дөрвөн хүүхдээ ч анхаарлын гадна орхихгүйг хичээж байлаа. Зүрхэндээ хоёр цоорхойтой болохоор заримдаа хүчилтөрөгчийн дутагдлаас болоод хамаг бие нь хөхөрчихнө. Ийм үед эмнэлэгт бушуухан аваачна. Хэчнээн бие муутай байсан ч хүү маань ухаантай, төрөлхийн зөөлөн ааштай хүүхэд байлаа. Бас Еховад их хайртай. Гэр бүлээрээ хоол идэхээсээ өмнө залбирахад хүү маань бяцхан хоёр гараа атгаад, толгой дохин, чин сэтгэлээсээ «Амен!» гэж хэлснийхээ дараа л хоолоо иддэг байв.

Даниел 4-тэй байхдаа цусны хорт хавдартай (лейкеми) болов. Лене бид хоёр бие, сэтгэлээрээ асар их ядарсан. Би ч галзуурах шахаж байлаа. Тэгтэл яг ийм үед дүүрэг хариуцагч Нэвил Бромич манайд ирэв. Тэрээр биднийг тэврэн авч уйллаа. Бүгдээрээ уйлав. Нинжин сэтгэлийн угаас хэлсэн зөөлөн үг нь биднийг тайвшруулсан даа. Тэрээр шөнийн 1 цаг хүртэл сууж байгаад явж билээ. Удаа ч үгүй, Даниел нас барсан. Хүүгээ алдсан маань бидний амьдралд тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал байлаа. Гэлээ ч бид энэ зовлонгоо тэвчсэн. Хүүг маань Еховагийн хайраас юу ч, үхэл ч салгаж чадахгүй гэдэгт итгэлтэй байсан (Ром 8:38, 39). Бурхны байгуулах шинэ ертөнцөд Даниелтайгаа уулзахыг мөн ч их хүсэж байна даа! (Ёох. 5:28, 29).

БУСДАД ТУСЛАХЫН БАЯР БАЯСГАЛАН

Би ийм хоёр хүнд сорилтыг давсан. Одоо ч ахлагчаар үйлчилж байна. Хүмүүсийг, ялангуяа зовлон амсаж яваа хүмүүсийг өрөвдөх хэрэгтэйг амьдралын туршлагаасаа ойлгосон. Би тэднийг шүүхгүй байхыг хичээдэг. Харин «Өнгөрсөн амьдрал нь тэдний үзэл бодол, сэтгэл санаанд яаж нөлөөлсөн бэ? Тэдэнд хэрхэн санаа тавих вэ? Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхэд нь яаж туслах вэ?» гэж өөрөөсөө асуудаг. Би хоньчны ажил хийж хурлынхаа гишүүдэд санаа тавих үнэхээр дуртай. Үнэндээ бусдыг тайвшруулж, сэргээхлээр би өөрөө тайвширч, сэргэдэг.

Би одоо ч хоньчны эргэлт хийх дуртай

«Миний дотор санаа зовсон бодлууд олшироход [Еховагийн] тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» гэж дуулалчийн хэлсэнтэй би санал нэг байдаг (Дуу. 94:19). Гэр бүлийн асуудал, шашныхны эсэргүүцэл, гуньж цөхрөх, сэтгэл хямрах гээд зовлон үзэх бүрд Ехова намайг тэтгэж байсан. Үнэхээр Ехова миний жинхэнэ Эцэг!

^ д/м 19 Пакистан улс Баруун (одоогийн Пакистан) ба Зүүн (одоогийн Бангладеш) Пакистанаас бүрддэг байжээ.