Skip to content

Гарчиг руу орох

«Миний Хаант төр энэ ертөнцийнх биш»

«Миний Хаант төр энэ ертөнцийнх биш»

«Үнэний тухай гэрчлэхийн тулд би ... ертөнцөд ирсэн» (ЁОХ. 18:37).

ДУУ: 5, 28

1, 2. а) Дэлхий ертөнц хэрхэн улам бүр хуваагдаж байна вэ? б) Энэ өгүүллээр ямар гурван асуултыг авч үзэх вэ?

«БИ ЗӨВХӨН шударга бус явдлыг харж өссөн болохоор төр засгийг эсэргүүцэж, нийгмийг эрс өөрчлөх радикал үзлийг дэмждэг байв. Бүр алан хядагч залуутай үерхэж байсан» гэж өмнөд Европт амьдардаг Гэрч эмэгтэй дурссан юм. Африкийн өмнөд нутгийн Гэрч эрэгтэй урьд нь хүчирхийллийг зөв гэж үздэг байжээ. Тэрээр: «Өөрийнхөө овгийг хамгийн шилдэг нь гэж боддог байлаа. Би намын гишүүн байсан. Сөрөг хүчнийхнийг, тэр байтугай өөр намыг дэмждэг өөрийнхөө овгийн хүнийг ч жадалж алах ёстой гэж заалгасан» гэжээ. Төв Европт амьдардаг Гэрч эмэгтэй: «Би хүмүүсийг арьсны өнгөөр ялгаварладаг байсан. Өөр үндэстэн, өөр шашинтнуудыг үзэн яддаг байв» хэмээн үнэнээ хэлсэн.

2 Ийм үзэлтэй хүн өнөөдөр улам бүр олширч байна. Хүч хэрэглэн тусгаар тогтнох явдал газар авч, улс төрчид талцан хуваагдах нь нэмэгдэж, гадаадынхныг үзэн ядах хандлага олон улс оронд ихсэж байна. Библийн зөгнөл биелж, эцсийн энэ өдрүүдэд хүмүүс «эвлэршгүй» болжээ (2 Тим. 3:1, 3). Дэлхий ертөнц улам бүр хуваагдаж буй энэ үед Христийн дагалдагчид эв нэгдлээ хэрхэн хадгалах вэ? Нэгдүгээр зууны үед улс төрийн байдал тогтворгүй, хүмүүс нь үзэл бодлоороо хуваагдсан байв. Есүс тухайн нөхцөл байдалд хэрхэн зохицож чадсан нь бидний хувьд дуурайвал зохих жишээ юм. Энэ өгүүллээр гурван асуултыг авч үзье. Есүс яагаад салан тусгаарлах хөдөлгөөнүүдэд оролцдоггүй байсан бэ? Бурхны ард түмэн улс төрийн асуудлаар аль нэг талыг дэмжих ёсгүйг Есүс хэрхэн ойлгуулсан бэ? Хүч хэрэглэж болохгүйг Есүс хэрхэн заасан бэ?

САЛАН ТУСГААРЛАХ ХӨДӨЛГӨӨН БА ЕСҮСИЙН ҮЗЭЛ БОДОЛ

3, 4. а) Есүсийн үеийн иудейчүүд юуг хүсэн хүлээж байсан бэ? б) Есүсийн шавь нар ямар бодолтой байсан бэ?

3 Есүсийн сургаалыг сонсож байсан олон иудейчүүд Ромоос салан тусгаарлах хүсэлтэй байсан. Иудейн хэт даврагчид энэ үзлийг дэвэргэжээ. Галилын Юудас гэгч этгээдийн үзэл сургаалыг баримтлагчид тэдний дунд олон байв. Юудас өөрийгөө Мессиа гэж хэлэн хүмүүсийг мэхэлжээ. Иудейн түүхч Ёосефын бичсэнээр, энэ этгээд иудейчүүдийг Ромын эсрэг тэмцэхийг уриалж, ромчуудад татвар төлөхийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг «хулчгарууд» гэдэг байв. Ромчууд түүнийг цаазалжээ (Үйлс 5:37). Зарим хэт даврагчид зорилгоо биелүүлэхийн тулд хүч хэрэглэдэг болсон.

4 Хэт даврагчдаас гадна жирийн иудейчүүд ч Мессиаг ирнэ гээд хүлээж байв. Тэднийхээр бол, Мессиа ирээд Израйлыг Ромын буулганаас чөлөөлж, агуу үндэстэн болгох ажээ (Лук 2:38; 3:15). Бас Израйлд Хаант төр байгуулна гэж горьдож байсан хүн олон. Хэрэв тэгвэл дэлхий даяар тархан суурьшсан олон сая иудейчүүд Израйлд буцаж ирэх боломжтой болох байлаа. Баптисм хүртээгч Ёохан хүртэл Есүсээс «Та ирэх ёстой Нэгэн мөн үү? Танаас өөр нэгнийг бид бас хүлээх үү?» хэмээн асууж байсан удаатай (Мат. 11:2, 3). Өөр хүн ирж иудейчүүдийн итгэл найдварыг биелүүлэх юм болов уу гэж Ёохан бодсон байж болох юм. Емау тосгон руу явж байсан Есүсийн хоёр шавь ч бас тийн бодож байв. Тэд амилсан Есүстэй тааралдаж, Мессиагийн талаар юу бодож явснаа хэлжээ (Лук 24:21-ийг уншина). Үүний дараахан элчүүд Есүсээс «Эзэн, та одоо Бурхны Хаант төрийг Израйлд сэргээх үү?» гэж асуусан (Үйлс 1:6).

5. а) Галилчууд Есүсийг яагаад хаан болгохыг хүссэн бэ? б) Есүс тэдний ойлголтыг хэрхэн залруулсан бэ?

5 Мессиа л бүх асуудлыг шийдвэрлэнэ гэж иудейчүүд бодож байсан. Тийм учраас Галилын оршин суугчид Есүсийг хаан болгохыг оролдсон байх. Хамгийн сайн удирдагч болно гэж бодсон нь лавтай. Үнэхээр ч тэрээр гайхалтай уран илтгэгч байв. Түүгээр ч зогсохгүй өвчтэйг нь эдгээж, өлссөнийг нь хооллож байлаа. Нэг удаа Есүс 5 000 эрэгтэйд хоол өгснийхөө дараа юу хүсээд байгааг нь ойлгожээ. «Тэд өөрийг нь хүчээр хаан болгохоор ирэх гэж байгааг мэдээд Есүс дахин уул руу ганцаараа явлаа» гэж Библид байдаг (Ёох. 6:10–15). Тэдний оволзсон хүсэл маргааш нь бага зэрэг дарагдсан бололтой. Дараа нь Есүс ямар зорилгоор ирснээ тайлбарласан. Ард түмнийг хоол унд, эд юмаар хангахаар бус, Бурхны Хаант төрийн тухай зааж сургахаар ирснээ хэлээд «Мууддаг хоолны төлөө биш, мөнх амьтай болгох хоолны төлөө ажилла» гэжээ (Ёох. 6:25–27).

6. Есүс улс төрд оролцох зорилгогүйгээ хэрхэн тодорхой хэлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

6 Өөрийг нь Иерусалимд хаант төр байгуулна гэж зарим дагалдагч нь бодож байгааг Есүс нас барахаасаа өмнө мэджээ. Ийм явдал болохгүй гэдгийг ойлгуулахын тулд минагийн тухай ёгт үлгэр ярьж өгсөн. Үлгэрт, алсыг зорьсон «язгууртан хүн» гардаг. Тэр нь Есүс юм (Лук 19:11–13, 15). Түүнээс гадна Есүс төвийг сахидгаа Ромын эрх баригчдад хэлсэн. Понти Пилат: «Та иудейчүүдийн Хаан юм уу?» гэж асуудаг (Ёох. 18:33). Ромын эсрэг үймээн самуун дэгдээх вий гэж айсан байж болох юм. Тэгэхэд нь Есүс: «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж хариулдаг (Ёох. 18:36). Хаант төр нь тэнгэрт байгуулагдах учраас Есүс улс төрд оролцоогүй. Дэлхийд ирсэн зорилго нь «үнэний тухай гэрчлэх» явдал гэдгийг тэрээр Пилатад хэлсэн (Ёохан 18:37-г уншина).

Та дэлхий дахины асуудлыг анхаардаг уу, Бурхны Хаант төрийг анхаардаг уу? (7-р догол мөрийг үзээрэй)

7. Улс төрийн нам, эвслийг ямар ч байдлаар дэмжихгүй байх нь яагаад амаргүй вэ?

7 Есүс үүргээ сайтар ухамсарлаж байв. Бид тэгдэг бол улс төрийн аливаа нам, эвслийг ямар ч байдлаар дэмжихгүй. Энэ нь амаргүй байж мэднэ. Нэгэн дүүрэг хариуцагч: «Манай нутгийн хүмүүс улам бүр радикал үзэлтэй болж байгаа. Үндсэрхэг үзэл газар авч байна. Тусгаар тогтновол манай ард түмний амьдрал дээшилнэ гэж олон хүн боддог. Харин итгэл нэгтнүүд маань Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлэх ажилд анхаарлаа төвлөрүүлдэг учраас эв нэгдлээ хадгалж чаддаг нь сайшаалтай. Тэд шударга бус явдал болон тулгардаг бүх асуудлыг Бурхан шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байдаг» хэмээн тэмдэглэжээ.

ЕСҮС ЯМАР Ч ҮЕД ТӨВИЙГ САХИДАГ БАЙСАН

8. І зуунд ямар шударга бус явдал гардаг байсан бэ?

8 Хүмүүс шударга бус явдлаас болж улс төрд татагдан орох нь их байдаг. Есүсийн үеийн хүмүүс татварын асуудлаас болоод улс төртэй холбогддог байв. Ромын засгийн газар ард түмнээс татвар авахын тулд хүн амын тооллого явуулжээ. Үүнээс болж дээр өгүүлсэн Галилын Юудас бослого гаргасан. Эд хогшил, эдлэн газар, орон байрны гээд янз бүрийн татвар авдаг байв. Ядахад, шунахай татвар хураагчид ард түмний ачааг бүр ч хүнд болгожээ. Тэд нээлттэй дуудлага худалдаагаар эрх мэдлийг худалдан авдаг бөгөөд түүгээрээ далайлгаж их мөнгө олдог байв. Жишээлбэл Иерихогийн татвар хураагчдын ахлагч Закхай хүмүүсээс мөнгө салгаж баяжсан нэгэн ажээ (Лук 19:2, 8).

9, 10. а)Дайснууд Есүсийг улс төрд татан оруулах гэж хэрхэн оролдсон бэ? б) Есүсийн өгсөн хариунаас бид юу ойлгож болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

9 Дайснууд Есүсийг татварын асуудлаар урхидахыг оролдсон. Тэд иудей хүн бүрийн төлөх ёстой нэг денарын татварын талаар Есүсээс асуудаг (Матай 22:16–18-ыг уншина). Иудейчүүд энэ татварыг төлөх тун дургүй байжээ. Ромд захирагдах ёстойг нь сануулдаг байсан учраас тэр юм. Есүсээс энэ асуултыг асуусан «Херодын талынхан» татвар төлөх хэрэггүй гэсэн хариу сонсоно гэж боджээ. Хэрэв тэгж хариулсан бол Есүсийг Ромын эзэнт гүрний дайсан гэж буруутгах байв. Харин татвар төлөх хэрэгтэй гэсэн бол Есүс дагалдагчдаа алдах байлаа.

10 Есүс татварын асуудлаар төвийг сахихын тулд маш болгоомжтой байсан. «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэжээ (Мат. 22:21). Татвар хураагчдын дунд авлига газар авсныг мэддэг байсан ч үүнийг тоолгүй, илүү чухал асуудлыг анхаарчээ. Тэр нь бүхнийг төгс шийдэх Бурхны Хаант төр байлаа. Бид Есүсийг дуурайх учиртай. Улс төрийн аль нэг нам, эвсэл зөв бөгөөд шударга юм шиг санагдлаа ч дэмжих ёсгүй. Христийн дагалдагчид бид Хаант төрийг дэмжиж, Бурхны зөв гэж үздэг бүхнийг эн тэргүүнд тавьдаг. Тийм учраас улс төртэй холбоотой шударга бус явдлын талаар сайнаар ч, муугаар ч ярьдаггүй, боддоггүй (Мат. 6:33).

11. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг хэрхэн арилгах вэ?

11 Улс төрийг дэмжихээ больсон хүн Еховагийн Гэрчүүдийн дунд олон бий. Их Британид амьдардаг Гэрч эмэгтэй: «Их сургуульд нийгмийн ухааны хичээлүүд ордог байсан болохоор би радикал үзэлтэй болсон. Хар арьстнуудынхаа эрхийг хамгаалахыг хүсдэг байв. Учир нь бид шударга бус явдлаас болж маш их зовсон. Би мэтгэлцээнд голдуу ялдаг ч амьдрал дээр юу ч өөрчилж чаддаггүй болохоор бухимдаад л дуусдаг байлаа. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг хүмүүсийн зүрх сэтгэлээс авч хаях ёстойг мэддэггүй байсан хэрэг. Харин Библи судлаад л үүнийг өөрөөсөө эхлэх ёстойг ойлгосон. Үзэл бодлоо өөрчлөхөд минь цагаан арьстай эгч тэвчээртэй тусалсан. Одоо би дохионы хэлний хуралд байнгын эхлэгчээр үйлчилж, янз бүрийн хүнд туслахыг хичээж явна» гэж ярьсан юм.

«ИЛДЭЭ ХУЙНД НЬ ХИЙ»

12. Есүс шавь нараа ямар «хөрөнгөнөөс» сэрэмжлүүлсэн бэ?

12 Есүсийн үед шашны болон улс төрийн удирдагчид нэг нэгнээ дэмждэг байжээ. Нэг номонд тэмдэглэснээр, «жүүдүүдийг эв нэгдэлгүй болгосон шашны бүлэглэлүүд улс төрийн намуудтай их бага ямар нэгэн хэмжээгээр холбоо сүлбээтэй байв» («Daily Life in Palestine at the Time of Christ»). Есүс шавь нартаа «Сонор сэрэмжтэй байж, фарисайчууд болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил» хэмээн сэрэмжлүүлсэн нь ийм учиртай (Марк 8:15). Херод гэдгээр Херодын талынхныг хэлсэн бололтой. Сөрөг хүчин болох фарисайчууд тусгаар тогтнохыг дэмждэг байв. Матайн бичсэнээс үзэхэд Есүс шавь нараа садукайчуудаас бас сэрэмжлүүлжээ. Тэд эрх мэдэл, албан тушаалаа алдахгүйн тулд Ромын засаглалыг дэмждэг байв. Есүс шавь нартаа энэ гурван бүлэглэлийн «хөрөнгө» буюу сургаалыг сонсохгүй байхыг анхааруулсан (Мат. 16:6, 12). Сонирхолтой нь, хүмүүс өөрийг нь хаан болгох гэж оролдсоны дараа Есүс шавь нартаа энэ сэрэмжлүүлгийг өгчээ.

13, 14. а) Шашин улс төртэй хутгалдахаараа хүчирхийлэл, шударга бус явдлыг бий болгодгийн нэг жишээ юу вэ? б) Бид яагаад шударга бус явдалтай тэмцэх ёсгүй вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).

13 Шашин улс төртэй хутгалдахаараа хүчирхийллийг бий болгодог. Ямар ч үед төвийг сахих хэрэгтэйг Есүс шавь нартаа заадаг байв. Тахилчид болон фарисайчууд Есүсийн амийг бүрэлгэхээр төлөвлөсөн нэг шалтгаан нь энэ юм. Тэд шашин, улс төрийн эрх мэдлээ алдахаас айсан ажээ. «Энэ хүнийг зүгээр орхивол хүмүүс бүгдээрээ түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, сүм болон үндэстнийг маань эзэлнэ» гэж өөр хоорондоо ярилцжээ (Ёох. 11:48). Ингээд тэргүүн тахилч Каяаф Есүсийг алах хуйвалдааныг удирдан зохион байгуулав (Ёох. 11:49–53; 18:14).

14 Шөнө болоход Каяаф Есүсийг бариулахаар цэргүүдийг явуулжээ. Тэдний бузар төлөвлөгөөг Есүс мэдэж байсан тул илд авахыг захив. Элчүүдэд ердөө 2-хон илд байсан ч нэг чухал зүйлийг ойлгуулахад хангалттай байв (Лук 22:36–38). Тэр шөнө Есүс элчүүдтэйгээ эцсийн удаа зоог барьсан. Дараа нь түүнийг баривчлахаар олон хүн ирэв. Петр шударга бус энэ явдлыг хараад уурандаа илдээ сугалж тэдний нэг рүү дайрчээ (Ёох. 18:10). Харин Есүс түүнд «Илдээ хуйнд нь хий. Учир нь илд агсагч бүхэн илдээр хөнөөгдөнө» гэж хэлдэг (Мат. 26:52, 53). Есүс шавь нартаа ямар чухал зүйлийг заасан бэ? Тэд ертөнцийнх биш байх ёстой. Есүс тэр үдэш энэ талаар залбирсан билээ (Ёохан 17:16-г уншина). Шударга бус явдалтай тэмцэх эрх зөвхөн Бурханд л бий.

15, 16. а) Зөрчил мөргөлдөөнөөс хол байхад Бурхны Үг тусалдаг гэхийн учир юу вэ? б) Ехова эрс ялгаатай юуг олж хардаг вэ?

15 Өгүүллийн эхэнд дурдсан, өмнөд Европт амьдардаг Гэрч эмэгтэй бас үүнийг ойлгожээ. Тэрээр: «Хүч хэрэглэсэн ч шударга ёсыг тогтоож чаддаггүй юм билээ. Шударга ёсыг хүчээр тогтоох гэсэн хүмүүс ихэнхдээ амиа алддаг. Бас олон хүн уур уцаартай болдгийг би харсан. Бурхан л дэлхий дээр шударга ёсыг тогтооно гэдгийг Библиэс мэдээд үнэхээр их баярласан. Энэ л мэдээг сүүлийн 25 жил түгээж явна» хэмээн ярьжээ. Африкийн өмнөд хэсэгт амьдардаг Гэрч эрэгтэй жадаа «Бурхны үгээр» сольж, ямар ч овгийн хүнийг ялгалгүй амар тайвны сайн мэдээг дэлгэрүүлдэг болжээ (Эф. 6:17). Төв Европт амьдардаг эмэгтэй Еховагийн Гэрч болсныхоо дараа үзэн яддаг байсан үндэстнийхээ Гэрч залуутай гэрлэсэн байна. Энэ гурав Христийг дуурайдаг учраас ийнхүү өөрчлөгджээ.

16 Ингэж өөрчлөгдөх нь маш чухал! Библид хүн төрөлхтнийг, шидлэн давалгаалах далайтай зүйрлэсэн байдаг (Ис. 17:12; 57:20, 21; Илч. 13:1). Хүмүүс улс төрийн асуудлаас болоод уурлан хилэгнэж, хүч хэрэглэж талцан хуваагддаг. Харин бид амар тайван, эв нэгдэлтэй явдаг. Хуваагдмал ертөнцөд амьдардаг ард түмэн нь эв нэгдэлтэй байгааг Ехова хараад баярладаг нь эргэлзээгүй (Зефаниа 3:17-г уншина).

17. а) Эв нэгдлийг батжуулах ямар 3 арга байдаг вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Эв нэгдлээ батжуулахын тулд 1) Бурхны Хаант төр шударга бус явдлыг арилгана гэдэгт итгэх, 2) улс төрийн асуудлаар аль нэг талыг дэмжихгүй байх, 3) хүч хэрэглэхээс эрс татгалзах хэрэгтэйг энэ өгүүллээс мэдэж авлаа. Дараагийн өгүүллээр, бидний эв нэгдэлд заналхийлдэг алагчлах үзлийн талаар ярилцана. Христийн нэгдүгээр зууны дагалдагчид энэ дутагдлаа засаж чадсан. Тэднийг хэрхэн дуурайх вэ?