Skip to content

Гарчиг руу орох

Мэндлэхийн ач тус

Мэндлэхийн ач тус

«САЙН байна уу? Сонин сайхан юу байна?»

Та хүнтэй голдуу ингэж мэндэлдэг байх. Мэндийг нь асуухын сацуу гар барих юм уу тэвэрдэг ч байж болох юм. Мэндлэх ёс, үг хэллэг газар газар өөр боловч мэндлэх арга нь үндсэндээ адилхан байдаг. Мэнд мэдэхгүй эсвэл хариу мэндлэхгүй бол хайрлах сэтгэлгүй, хүйтэн хөндий, соёлгүйн шинж болно.

Гэхдээ бүх хүнийг мэндэлдэг гэж хэлэх аргагүй. Зарим хүн ичимхий юм уу өөрийгөө дорд үздэгээсээ болоод мэндэлдэггүй. Яс үндэс, ахуй соёл, нийгмийн байдал нь ялгаатай учраас мэндэлж чаддаггүй хүмүүс ч бий. Гэхдээ товчхон ч гэсэн мэндлэх нь тустай.

«Мэндлэх нь ямар үр дүнтэй вэ? Мэндлэх талаар Бурхны Үгэнд юу гэж байдаг вэ?» гэж өөрөөсөө асуугаарай.

«ЯМАР Ч ХҮНТЭЙ» МЭНДЭЛ

Элч Петр Христийн дагалдагчдын эгнээнд элсэж буй анхны харь үндэстэн Корнелд «Бурхан хэнийг ч алаг үздэггүй» гэж хэлжээ (Үйлс 10:34). Бурхан «бүх хүнд гэмших боломж олгодог» гэж хожим нь бичсэн (2 Петр 3:9). Энэ нь Бурхны тухай үнэнийг анх удаа судалж байгаа хүмүүст хамаатай гэж бодогдож болох юм. Гэхдээ Петр итгэл нэгтнүүддээ «Ямар ч хүнийг хүндэл. Ах дүүгийн барилдлагыг хайрла» гэж уриалсан (1 Петр 2:17). Тэгвэл бусдыг яс үндэс, ахуй соёл, нийгмийн байдлаар нь ялгаварлахгүйгээр мэндлэх нь бүр ч чухал биз дээ? Ингэх нь тэднийг хүндэлж, хайрлаж байгаа хэрэг юм.

Элч Паул: «Христ та нарыг хүлээж авсан шиг бие биеэ хүлээн ав» гэж зөвлөжээ (Ром 15:7). Тэгээд өөрт нь «түшиг тулгуур болдог» эрчүүдийг онцгойлон дурдсан. Сатаны довтолгоо улам ширүүсэж буй өнөө үед итгэл нэгтнүүдэд маань түшиг тулгуур бүр ч их хэрэгтэй (Кол. 4:11, зүүлт; Илч. 12:12, 17).

Мэндлэх нь угтаж авахаас ч илүү сайхан сэтгэгдэл төрүүлдгийг Сударт байдаг жишээнүүд баталдаг.

ЗОРИГЖУУЛАХ, УРАМШУУЛАХ, ХАЙРЛАХ

Хүүгийнхээ амийг Мариагийн хэвлийд шилжүүлэх цаг болоход Бурхан тэнгэрийн элчээ дэлхий рүү илгээв. Тэнгэрийн элч Мариа дээр очоод «Бурхны таалалд нийцдэг бүсгүй минь, амар байна уу? Ехова чамтай хамт байна» гэлээ. Тэнгэрийн элч яагаад өөртэй нь ярьж байгааг ойлгоогүй тул Мариа «түгшжээ». Үүнийг хараад тэнгэрийн элч: «Мариа, айх хэрэггүй. Яагаад гэвэл чи Бурхны таалалд нийцжээ» гэж хэлээд Бурхны санаа зорилгын дагуу Мессиаг төрүүлэх учиртай болсныг нь тайлбарлаж өгөв. Мариа айж түгшихээ больж, «Би бол Еховагийн зарц охин билээ! Таны хэлснээр болог» хэмээн хэлжээ (Лук 1:26–38).

Тэнгэрийн элчийн хувьд Еховагийн мэдээг хүргэх нь завшаан байлаа. Гэхдээ төгс бус хүнтэй уулзах ёстой болсон. Тэгсэн хэдий ч өөрийгөө дорд үзэгдсэн гэж бодоогүй. Эхлээд мэндэлсэн. Эндээс бид юу сурч болох вэ? Хүмүүсийн мэндийг мэдэж, урмыг нь сэргээдэг байх хэрэгтэй. Үнэхээр Еховагийн ард түмний дунд байгааг хэдхэн үгээр мэдрүүлж болно.

Паул Бага Ази, Европ дахь хурлуудын олон гишүүнтэй танилцжээ. Захидлууддаа олон хүний нэрийг дурдан мэнд хүргэсэн байдаг. Үүнийг «Ром» номны 16 дугаар бүлгээс мэдэж болно. Паул Фойбыг «итгэл нэгт эмэгтэй» хэмээн танилцуулаад «Эзний дагалдагч түүнийг ариун хүмүүстэй адил хүлээж аваад хэрэгтэй бүхнээр нь туслаарай» гэж захижээ. Мөн Приска Акул нарт мэнд хүргээд «Миний төлөө амь насаараа дэнчин тавьж байсан тэдэнд зөвхөн би биш, харь үндэстний бүх хурлынхан талархаж явдаг» гэсэн. Тэрээр бидний таньдаггүй хүмүүст, тухайлбал «хайрт Епайнет» болон «Эзний үйл хэрэгт хичээнгүй эмэгтэй Труфайна Труфоса хоёрт» мэнд дамжуулсан. Ийнхүү ах дүү нарынхаа мэндийг мэддэг байжээ (Ром 16:1–16).

Өөрсдийг нь хайрлан дурсдагийг мэдээд тэд ямар их баярласан бол оо! Паулыг болон бие биеэ улам их хайрладаг болсон нь лавтай. Хайрын сэтгэлээр илгээсэн ийм сайхан мэндчилгээг бусад нь сонсоод бас урамшиж, цаг үргэлж бат итгэлтэй байхаар шийдсэн биз ээ. Тийм ээ, мэндэлнэ гэдэг бол хүн бүрд чин сэтгэлээсээ санаа тавьж, магтан урамшуулж буйн илрэл юм. Энэ нь Бурхны үнэнч үйлчлэгчдийн эв нэгдлийг батжуулдаг.

Паулыг Путиол гэдэг боомтод хүрч, дараа нь Ром руу явах болоход тэндхийн итгэл нэгтнүүд нь түүнтэй уулзахаар өмнө зүгээс хүрч иржээ. Паул тэднийг холоос хараад «Бурханд талархаж, зоригтой болов» (Үйлс 28:13–15). Заримдаа инээмсэглэх юм уу гараараа даллахаас өөр юу ч хийх боломжгүй үе бий. Гэхдээ энэ нь сэтгэлээр унасан, уй гашууд автсан хүнийг сэргээдэг.

САНАА ТАВИАРАЙ

Христийн зарим дагалдагч «ертөнцтэй нөхөрлөн» бэлгэдлийн утгаар завхайрчээ. Тиймд шавь Яаков тэднийг хатуу зэмлэх шаардлагатай болсон (Яак. 4:4). Захидлаа хэрхэн эхэлснийг нь анхаараарай.

«Бурхан болон Эзэн Есүс Христийн боол Яаков би харь газар тархан суурьшсан 12 овгийнхны амар мэндийг асууж байна» гэжээ (Яак. 1:1). Яаков өөрийгөө «боол» гэсэн нь бусадтайгаа л адилхан гэсэн үг байлаа. Тиймээс уг захидлыг уншсан хүмүүс зөвлөгөөг нь дургүйцэлгүй хүлээж авсан биз ээ. Тэгэхээр, мэндэлбэл ноцтой асуудлыг ч эвтэйхэн хэлэлцэх боломж бүрддэг.

Товчхон хэдэн үг хэлээд мэндэлсэн ч үр дүнтэй. Хамгийн гол нь ямар ч тохиолдолд хайраа илэрхийлж, чин сэтгэлээсээ мэндлэх нь чухал (Мат. 22:39). Ирландад амьдардаг Гэрч эмэгтэй нэг удаа цуглаан эхлэхтэй зэрэгцэн санд мэнд орж иржээ. Яарч сандарч явахад нь нэг Гэрч эрэгтэй эргэж хараад инээмсэглэн «Сайн байна уу? Тантай уулзах сайхан байна шүү» гэж мэндлэв. Өнөөх эмэгтэй ч суудалдаа суужээ.

Хэдэн 7 хоногийн дараа тэрээр нөгөө мэндэлсэн эрэгтэй дээр очоод, гэрт нь нэг хэсэг хэцүү асуудал тулгарсан тухай ярив. «Би тэр орой сэтгэлээр их унасан байсан. Цуглаанд очиж чадахгүй байх гэж бодож байлаа. Цуглаан дээр юу болсныг ч санахгүй байна. Харин надтай мэндэлснийг чинь л санаж байна. Үнэхээр сайхан санагдсан шүү. Баярлалаа» гэж хэлжээ.

Тэр Гэрч эрэгтэй товчхон мэндэлснийгээ тийм их үр дүнд хүрнэ гэж огт санаагүй ажээ. «Миний хэлсэн хэдхэн үг ямар их үнэ цэнтэй байсныг тэгэхэд л би мэдсэн. Тэгээд мэндэлсэндээ баярласан» гэсэн юм.

Соломон: «Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ» хэмээн бичжээ (Ном. 11:1). Ялангуяа итгэл нэгтнүүдтэйгээ байнга мэндэлдэг бол өөрсдөө ч сэргэнэ, бусдыг ч сэргээнэ. Тиймээс мэндлэх нь ямар ач тустайг санаж явцгаая.